2012/07/31

2008 он ба 2009 оны “Их Бясалгал”


7 сарын 28нд болсон “Их Бясалгал”-д 22 итгэгчид оролцсон бөгөөд хамтдаа нэг өдрийг өөрсдийн итгэлийн амьдралдаа зориулсан юм. Итгэгчид фр. Хогоос “Сарнайн эрх”-н залбирал, Кларагийн бэлтгэсэн “Наминчлал”, фр.Кимээс “Мисаны үнэ цэнэ”, “Ёс суртахуунт амьдрал” н талаар сонсож, өөрсдийн гэрчлэлээ хуваалцсан юм. Мөн өөрсдийн итгэлийн амьдралаа хэвээр хадгалахад тохиолддог саад бэрхшээл болоод хэрхэн даван туулах талаар хамтдаа ярилцан Тэнгэрбурхандаа залбирч магтан дуулцгаан илүү баяр хөөртэй явцгаасан билээ.         

"Их Бясалгал"

 "Гэгээн Эх Мариа" сүмээс сар бүрийн сүүлийн бүтэн сайн өдөр Мисаны дараа "Их бясалгал" явагддаг уламжлалтай билээ. 7 сарын 29нд болсон энэ бясалгалд саяхан Арвайхээр яваад ирсэн итгэгчидийг төлөөлөн Мөнхзул /Аманда/ эгч маань Арвайхээр дэх итгэгчдийн итгэлийн амьдралын талаар үзэж харсан зүйлээ хуваалцсан юм. Мөн манай Ганцэцэг /Клара/ итгэгчиддээ зориулан наминчлалын талаар илүү тодорхой тайлбарлан сонирхолтой түүх бэлтгэн үзүүлсэн билээ. Мөн итгэгчид хоорондоо өөрсдийн итгэлийн амьдралын талаар чөлөөтэй хуваалцаж байлаа. Мөн фадер Ким итгэгчид болон тэдний гэр бүлд Тэнгэрбурханы хайр ивээлийг хүлээн авах нь ямар чухал болохыг тайлбарлаж, 10 жилийн ойдоо бүгд цуглаж цаашид хамтдаа хэрхэн нэг гэр бүл мэт гар гараа барин бие биенээ дэмжин амьдрах талаар өөрийн саналаа хуваалцсан юм.

2012/07/26

“Нэг сэтгэл нэг бие” Монголд ирлээ

14 дэх удаагийн “Нэг сэтгэл нэг бие” хөдөлгөөний итгэгч ахан дүүс маань өчигдөрхөн Солонгос улсаас Монголд ирээд Зуун мод хотноо үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. “Нэг сэтгэл нэг бие” хөдөлгөөн бол энэ дэлхий дээр бие биенээ улс орон, шашин шүтлэг, үндэстэн гэж ялгалгүй амьдрах гэсэн үзэл санааны дагуу дэлхий дээрх ядуу хөршүүдтэйгээ  ойр дотно харилцаагаа хуваалцан нэг гэр бүл, нэг ахан дүүс болохын төлөөх сайн дурын хөдөлгөөнийхөө хөтөлбөрөө Диаднүричүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг юм. Энэ 14 хоногийн үйл ажиллагаанд манай Монгол итгэгч залуус хамтран оролцож байгаа билээ. Өнөөдөр тэд бүгд тангаргаа өргөн фр. Кимтэй уулзан түүнээс “Хайрын төвийн түүх болоод үйл ажиллагааг сонсон, "Хайрын төв"н тохижилт, үхрийн фермийн худаг, мод тарьж зүлэгжүүлэх үйл ажиллагаатай танилцсанаар үйл ажиллагаа эхэлж байгаа юм.

2012/07/25

Ламын сургуулийн оюутнуудад баярлалаа


 Жил бүр Солонгос улсаас ламын сургуулийн оюутнууд ирж хүмүүнлэгийн үйл ажиллагаа, сүмийн ажилд тусладаг билээ. Энэ удаа Таэжон дахь манай Энхээ, Санжаа нарын сурдаг  ламын сургуулийн 5-р курсын оюутнууд Баянхошуу болон Гэгээн Эх Мариа сүм дээр ирж өөрсдийн мишинерийн үйл ажиллагаа явуулсан юм. Семинаристууд манай сүмийн 10 жилийн ойг угтсан олон ажилд их идэвхитэй оролцож байлаа. Сүмийн дотоод болон гадаад цэвэрлэгээ, сүмийн компьютер засвар, гадаа хашаанд “Арван бошиг” бичих ажил гэх мэт ер нь ямарч ажлыг тэд гололгүй хийж туслаж байсан юм. Тэд Тэнгэрбурханы хайр хишиг, сайн мэдээг дэлгэрүүлэхэд өөрсдийн итгэл бишрэл болон авьяас чадвараа бүрэн зориулж байгаа нь бид бүхэнд урам зориг өгч өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн билээ. Та бүхний цаашдын ажил амьдралд тань амжилт хүсэж, их баярлаж буйгаа манай итгэгчдийн зүгээс илэрхийлж байна.       

2012/07/24

2006 он, 2007 оны "Их Бясалгал"


Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс 10 жилийн ойн хүрээнд итгэгчиддээ зориулан “Их Бясалгал” зохион байгуулж байгаа билээ. 7 сарын 21нд болсон энэ удаагийн бясалгалд 2006 он, 2007 онд баптизм хүртсэн итгэгчидээс гадна өмнөх бясалгалд оролцож амжаагүй итгэгчид мөн оролцсон юм. Итгэгчид  гэр бүл болон ойр дотны хүмүүсийн төлөө залбирахаас гадна өөрсдийн итгэлийн амьдралын талаар хуваалцан, Тэнгэрбурхантай ойр байж зөвт амьдралаар амьдрах ивээлийг хүлээн авсан билээ.  

2012 оны 7 сарын 22 нд "Жирийн улиралын XVI ням гараг" -н номлол

1-р уншлага: Иер. 23: 1 - 6
2-р уншлага: Еф: 2: 13 - 18
Айлдал: Марк. 6: 30 - 34
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

Номлол сонсох


2012/07/18

2012 оны 7-р сарын 15ны "Жирийн улиралын XV ням гарагийн номлол"


1-р уншлага: Амус. 7:12-15 
2-р уншлага: Еф. 1:3-14/ 1:3-10
Айлдал:Марк. 6:7-13
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

“Их Бясалгал”-д урьж байна


 “Гэгээн Эх Мариа” сүмээс 10 жилийн ойд итгэгчиддээ зориулан “Их Бясалгал” зохион байгуулж байгаа билээ. Энэхүү бясалгалаар дамжуулан итгэгчдийг Тэнгэрбурханы хайр ивээлийг хамтдаа хуваалцаж, Түүний авралыг цаашид гэр бүл, эргэн тойрны хүмүүстээ түгээх боломжийг олгож байгаа юм. Бясалгалыг 7 сарын 7-ноос 8 сарын 12 хүртэл, он оноор явуулж байгаа бөгөөд одоогоор 2005 он хүртэлх баптизм авсан итгэгчид оролцоод байна. Бясалгалын үеэр өөрсдийн итгэлийн амьдралаа хуваалцах, хамтдаа “Сарнайн эрхин залбирал” залбирах, фадер Кимээс “Мисаны үнэ цэнэ” ба “Ёс суртахуунт амьдралаар намайг дага” сэдвээр сонсож, наминчилалд орох, гэр бүлийн гишүүд болон ойр дотны хүмүүсийнхээ төлөө залбирах замаар Тэнгэрбурханы хайр ивээлийг хүлээн авах боломжтой болж байгаа юм. Бясалгал хагас сайн өдөр бүрийн 18 цагаас эхлээд бүтэн сайны Мисаны дараа өндөрлөж байгаа. Энэ долоо хоногийн 21 нд 2006 болон 2007 оны итгэгчид оролцохыг урьж байна. 
       

Итгэгчид Наадамлав


Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчид “Наадам”-н баяраа хамтдаа тэмдэглэв. Наадам 15 цагаас эхлэсэн бөгөөд 18 цагаас хамт баярын Миса өргөсөн юм. Итгэгчдийн дунд бөх, шагайн харваа, дэмбээдэх, самар чөмөх гэх мэт маш сонирхолтой уралдаан явагдсан билээ. Бас наадамд зориулан манай “Гэгээн Эх Мариа” сүмээс амттай хуушуур, айраг бэлтгэсэн байлаа.  Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярт оролцохоор Солонгос улсаас хүрэлцэн ирсэн Таэжон дахь сүмийн Хамба лам Лаззаро мөн наадамын үйл ажиллагаанд оролцон, уралдаанд түрүүлсэн итгэгчдэд бэлэг гардуулсан билээ.   

Хамба лам Лаззаро номлолдоо: "Тэнгэрбурхан хүмүүст маш их хайртай учраас хүн болоод ирсэн билээ. Тэнгэрбурхан хүн нэг бүрийг хайрладаг шиг бид бие биенээ хайрлах учиртай. Гэхдээ бие биенээ хайрлахад ямар их бэрхшээл тулгардаг, хайр ямар үнэ цэнэтэй  болохыг бид загалмай дээрх Есүсээс харж болно. Ингэхдээ бид Есүсийг санаад энэ бүх бэрхшээлийг даван туулахдаа  баяртайгаар даван туулах ёстой билээ. Үүний тулд бид харилцан бие биенээ хайрлах хэрэгтэй" хэмээн хэллээ.  

2012/07/17

Монгол дахь Католик “Залуучуудын наадам”

Манай Монгол дахь Католик шашны 20 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Залуучуудын наадам”-ыг 7 сарын 7нд тэмдэглэсэн юм. Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж “Залуучуудын наадам”-ыг нээж, Ватикан улсын “Шашин дэлгэрүүлэх Яам”-ны нарийн бичгийн дарга, тэргүүн Хамба лам Савио Хон, Солонгос улсад суугаа Ватикан улсын элчин сайд (Нүүнсио) тэргүүн Хамба лам Освалдо Падилла болон бусад мишинерүүд бас “Залуучуудын наадам”-д оролцон залуучуудтай хамтран наадсан билээ. Өглөө 9 цагаас орой 18.30 хүртэл үргэлжилсэн энэхүү наадам дээр бүх паришийн итгэгч залуучууд хамтдаа итгэлийн амьдралаа хуваалцах, Миса өргөх, спортын уралдаан тэмцээнд оролцох, “Сарнайн эрхин залбирал” залбирах, дуулж залбирах гэсэн олон үйл ажиллагаа болсон юм. Залуус бүлэгт хуваагдан, бүлэг бүр Монгол дахь Католик шашны байгууллагуудын нэрээр н
уралдаанд оролцсон нь улам их хөгжилтэй болж хамтдаа дуулж залбирсан нь хамгийн их таалагдсан байна. Энэ “Залуучуудын наадам”-н өдөр бүх залуучууд Тэнгэрбурханы нэрээр хамтдаа цуглан нэгдэж, баяр хөөр, эрч хүчээр дүүрэн сайхан өдөр байлаа.   

Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярын Миса


Монгол дахь Католик шашны газар 20 жилийн ойн баярын хүрээнд “Намайг дага” уриан дор олон арга хэмжээ зохион байгуулсан билээ .
Түүнчлэн 20 жилийн ойн баярын арга хэмжээг хүүхэд, насанд хүрэгчид болон залуучууд гэсэн үе шаттай өргөн тэмдэглэсэн юм. Монгол дахь Католик шашны  20 жилийн ойн баярын Миса 2012 оны 7 сарын 8нд болж  Монгол дахь Католик шашны тэргүүн, Хамба лам эрхэм хүндэт Венсэслао Падилла, бусад лам мишинерүүд болон бүх паришийн итгэгчид хамтдаа Катедриалд цуглан Мисанд оролцсон бөгөөд баяр хүргэхээр Ватикан улсын “Шашин дэлгэрүүлэх Яам”-ны нарийн бичгийн дарга, тэргүүн Хамба лам Савио Хон Ватикан улсаас, Солонгос улсад суугаа Ватикан улсын элчин сайд (Нүүнсио) тэргүүн Хамба лам Освалдо Падилла болон Таэжон дахь сүмийн Хамба лам Лаззаро Солонгос улсаас хүрэлцэн ирсэн билээ. Мөн 20 жилийн өмнө Монголд анх Католик шашныг дэлгэрүүлж байсан гурван мишинер лам бол фадер Гилберт, фадер Роберт болон одоо Монголд амьдарч ажиллаж байгаа Монгол дахь Католик шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла билээ. Энэхүү баярт оролцохоор фадер Гилберт, фадер Роберт нар Монголд хүрэлцэн ирсэн нь бас том баяр болсон юм. Тэргүүн Хамба лам Савио Хон хэлэхдээ Тэнгэрбурханы сайн мэдээ Монгол улсад ирээд 20 жил болсон ба дэлхийн Католик улс орны нэг болсон явдалд баяр хүргэсэн билээ.

2012/07/06

Хар Хорин хотод 800 жилийн дараа дахин Миса өргөлөө

Манай Гэгээн Мариа сүмийн 10 жилийн ойд зориулан санаачилсан  “Эргэл Мөргөл” амжилттай явагдаж Монгол улсын нийслэл байсан Хар Хорин хотод манай бүх паришийн итгэгчид, мишинерүүд хүрэлцэн ирсэн юм. XIII зуунд манай өвөг дээдэс маань Католик шашныг хүндэтгэн хүлээн авч, Хрисчин Монгол итгэгч нар Миса өргөж байсан түүхэн газар 800 жилийн дараа Магтаал Талархлын Мөргөл үйлдэж буйгаараа онцлогтой байлаа. Энэ Мисаг Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам, эрхэм хүндэт Венсэслао Падилла удирдсан бөгөөд бүх паришийн лам нар оролцсон юм. Хамба лам Венсэслао Падилла “Эргэл Мөргөл”д оролцсон итгэгчид болон энэхүү баярт оролцож буй бүх итгэгчиддээ баяр хүргээд хэлэхдээ өнөөдрийн Миса нь Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярын хүрээнд томоохон үйл ажиллагаа болж буйг тэмдэглэн хэлсэн юм. Мөн өнөөдөр 06.24 нд буюу баптизм хүртээгч Иохан Баптистын баярын өдөр тохиож бас Мисаны үеэр бороо орж буй нь Тэнгэрбурханы ивээл гэж хүлээн аваарай хэмээн айлдсан юм. Хэдхэн хормын дараа гэхэд бид ил гадаа байсан боловч хамтдаа байснаар норолгүйгээр Магтаал Талархлын Мөргөлөө өргөсөн нь гайхалтай явдал байсан юм.