2013/12/30

Ариун Гэр Бүлийн Баяр

Жил бүр манай Католик шашны итгэгчид маань “Гэгээн Петр ба Паул” катедралд бүх паришаар цуглаад хамтдаа Ариун Гэр Бүлийн Баяраа тэмдэглэдэг уламжлалтай билээ. 12.29нд болсон баярын Мисаг Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла удирдсан бөгөөд энэ үеэр ирэх дөрвөн жилийн Пасторал төлөвлөгөөг бүх байгууллагат гардуулж өгсөн онцгой үйл явдал болсон билээ. Хамба лам Венсэслао Падилла номлолдоо: сүсэгтэн олондоо хандаж Христийн мэндэлсэн баярын мэнд хүргээд Ариун гэр бүлийн үлгэр жишээгээр амьдрахыг уриалсан юм. Хэдийгээр Иосэф Мариа нарын гэр бүлд бэрхшээл тохиолдож гэр орон, ах дүүсээ орхин хол газар явсан ч хамтдаа ойр дотно байж, гэр бүл үр хүүхдээ хамгаалж байсан билээ. Бидэнд ч бас гэр бүл, хань ижлээсээ хол амьдрах явдал тохиолддог бөгөөд тэр бүрт ямар хэцүү, хүнд байдгийг ойлгох бизээ. Ийм үед Ариун Гэр Бүлийн жишгээр хоорондоо ойр дотно байж, аав ээж нар бие биенээ хүндлэн үлгэр дуурайл үзүүлэн, үр хүүхдээ хайрлаж тэдний зүрх сэтгэлийг бүү шархлуулаарай. Харин үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ үгэнд дуулгавартай байж, эцэг эхээ хүндлээрэй. Үр хүүхдийнхээ боловсрол ба хүмүүжилд нь анхаарч чадах чинээгээр туслан, сайн иргэн хүн болгоход тэдний хэрэгтэй бүхнээр туслаарай. Мэдээж гэр бүлийн асуудлаас болж олон гэр бүлүүд салахад хүрдэг. Харин ийм аргаар асуудлыг шийдэх бус гэр бүлийн боловсролыг хөгжүүлэн, хүн бүр сурч хөгжин, хичээн амьдрах хэрэгтэй. Ингэснээр сайн үр жимс ургуулагч модны бат бэх үндэстэй адил байх болно. Хүүхдийн хөгжил ба гэр бүлийн боловсролын талаар Монголд ихээхэн анхаарч олон арга хэмжээ зохион явуулж байна. Манай Католик шашны ирэх дөрвөн жилийн пасторал төлөвлөгөөнд боловсролын талаар ялангуяа гэр бүлтэй холбоотой олон арга хэмжээ орсон байгаа билээ. Та бүхнийг эдгээр үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг урьж байна. Ариун Гэр Бүлийн амар тайван болон баяр баяслыг хүсэн ерөөж байна.   

2013/12/26

ХРИСТИЙН МЭНДЭЛСЭН БАЯР

Манай Католик шашны сүсэгтнүүд Христмас буюу Христийн мэндэлсэн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил манай "Гэгээн Мариа Сүм"д 12.24нд 20 цаг, 12.25нд 19 цагт тус тус баярын Миса өргөсөн юм.  Мисаг паришийн ахлах лам фр.Франциско ба фр. Эрнесто, фр. Чарлиз нар удирдсан бөгөөд бүх бүлгэмийн итгэгч нар хүрэлцэн ирсэн байлаа. Мөн Мисаны үеэр залуучууд маань Христмас баярт зориулан өөрсдийн бэлтгэсэн жүжгээ сонирхуулж, бас Солонгос ахан дүүс маань дуу дуулан баяр дээр баяр нэмж байв. Энэ баяр бол Тэнгэрбурхан өөрийн Хүүгээ бидний аврагч болгон хайрласан агуу хайрын баяр юм. Тийм учраас Христийн мэндэлсэн баярын өдрөөр хүн бүр зүрх сэтгэлээ энэрэл хайраар дүүргэн, энэхүү хайраа гэр бүл, найз нөхөд, бусад хөрштэйгөө хуваалцдаг билээ. Мөн Христмас баяраа угтан манай сүмийнхэн буяны ажил, айлуудаар "Ариун Гэр Бүл" аялуулах, наминчлалын ёслол, багш нар болон "Хайрын Сургууль"н Христмас баяр гээд олон үйл ажиллагаа зохион явуулсан юм. Энэ бүх үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон сүсэгтэн олондоо талархаад та бүхэнд Христмас баярын мэнд дэвшүүлж байна.     

2013/12/11

Сайн Үйлс


Жил бүр манай “Гэгээн Эх Мариа” сүмээс хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан нэн ядуу айлд нүүрс тараах буяны ажил зохион байгуулдаг билээ. 12.10нд болсон энэ бүх ажилд сүмийн ажилчид идэвхитэй оролцож, нүүрс савлах ба хүргэж өгөх ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ бол угтлага улирал буюу Христосын ирэлийг угтан өөрсдийгөө бэлтгэж, Тэнгэрбурханы хайр ивээлийг түгээж буй томоохон үйл хэрэг болсон юм. Энэ удаа ажилчид 5 тн нүүрсийг савлан тэдгээр айл тус бүрт 5 шуудай буюу 250 кг нүүрс хүргэж өгсөн юм. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед хөгшин настан болон бяцхан хүүхдүүдээ дулаан хонуулах болсондоо тэд баяртай байлаа. Ялангуяа нэн ядуу амьдралтай, олон хүүхэдтэй айлууд хог түүж дулаацан өдөр хоногийг өнгөрөөж байгааг олонтаа харсан билээ. Тэдгээр айл өрхүүдэд сэтгэлийн дэм, итгэл найдвар, баяр баяслыг төрүүлсэндээ бид ч бас сэтгэл хангалуун байсан юм.


2013/12/09

Угтлага улирлын үйл явдал



 Угтлага улирал бол хүн бүрт ариусал ба халуун дулаан баяр хөөр, ухамсарт өөрчлөлтийн ивээл хишгийг хайрладаг онцгой мөч билээ. Учир нь угтлага улирлаар дамжуулан Тэнгэрбурханы хайр энэрлийн үнэ цэнийг мэдэрч, тэнгэрлэг баяр жаргалыг хуваалцах боломжтой байдаг. Манай “Гэгээн Мариа Сүм”ээс угтлага улирлаа угтан сүсэгтэн олондоо зориулан Ариун Гэр Бүлийн баримлыг гэрт нь зочлуулах боломжийг олгож байгаа юм. Тиймээс гэр бүлүүд маань Ариун Гэр Бүлийн баримлыг гэртээ баяртайгаар хүлээн авч, хамтдаа залбирч ариун гэр бүлийн жишгээр амьдран Аврагч Эзэнийг хүлээн авахад бэлтгэж байгаа билээ. Мөн дотны хүмүүс болон ойр амьдардаг бусад сүсэгтэн ахан дүүс нараа урин, бие биедээ тусалж энэхүү баяр баяслаа хуваалцахыг хүсэж байна. Ариун гэр бүлийн баримал маань өдөр бүрийн Мисаны дараа нэг айлд айлчилж дараах өдрийн Миса хүртэл гэрт нь хамт байх юм. Христосын ирэлтийн улирлыг угтаж байгаа эдгээр гэр бүлүүд болон бусад бүх ахан дүүс нартаа талархаж байна. Мөн энэ үйл ажиллагаанд хамрагдаж амжаагүй хүмүүс ч бас зүрх сэтгэлээрээ өөрсдийн гэр бүлдээ ийнхүү Ариун Гэр Бүлийн хамт байхыг хүсэж байна.