2014/03/28

Ватиканд болсон уулзалт

2014 оны 3 сарын 27ны өдөр Ватиканд Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Барак Обама Католик Шашны тэргүүн Пап лам Францистай хийсэн түүхэн уулзалт болж өнгөрлөө. Ерөнхийлөгч Обама Пап лам Францисын тухай «...Пап Францисын хайр энэрлийн төлөө хэлсэн үгс, нийгмийн шударга ёсны төлөө хийж буй ажил үйлс нь дэлхийн бүх хүмүүст түүнчлэн надад ч бас урам зориг өгсөн билээ...» хэмээн хэлсэн байна. Уулзалтын бүрэн бичлэгийг дараах линкээр үзнэ үү.

2014/03/26

ТАНГАРГА ӨРГӨХ ЁСЛОЛ

Манай “Гэгээн Мариа Сүм”ийн “Лежио Мариа” буюу “Мариагийн Цэрэг” залбирлын бүлгэмийг та бүхэн сайн мэдэх билээ. “Лежио Мариа” бүлгэмийн гишүүд жил бүр тангарга өргөх ёслолоор гишүүний үүрэг хариуцлагаа улам бүр ухамсарлан, өөрсдийн шинэ гишүүдээ хүлээн авдаг баярын өдөр билээ.  Ёслолыг фр.Франциско удирдан явуулж Монгол ба Солонгос ахан дүүс маань оролцсон юм. Ёслолын үйл ажиллагаа нь 1. өөрсдийн бүлгэмийн гишүүний үүрэг хариуцлага болон итгэл бишрэлийн талаар ярилцаж, 2.Мариа Эхийн хамт “Сарнайн Эрхин Залбирал” залбираад, 3. Тангарга өргөх ёслол гэсэн үе шаттай болсон бөгөөд мисагаар өндөрлөсөн билээ. Энэхүү бүлгэмийн гишүүд маань хэдийгээр ажил төрөл, ар гэртээ анхаарал тавьдаг хэдий ч яг л цэрэг шиг залбирал хэрэгтэй үед үргэлж бэлэн байдаг. Тэд өөрсдийн сайн дурын үндсэн дээр Тэнгэрбурханы энэрэл хайрын сайн мэдээг бусдад хүргэхийн тулд Зуучлагч, Залбирлын Хатан буюу Мариа Эхийн тусламжтайгаар биелүүлдэг билээ. Ингэснээр тэд өөрсдийн сүнслэг амьдралаа бусадтай хуваалцаж, маш их тэвчээр болон золиослолын дүнд тэнгэрлэг баяр хөөрийг хүлээн авч Тэнгэрбурханы сайн мэдээний гэрчлэгч болдог. Лежио Мариа бүлгэмийн гишүүддээ сүмийн бүх гишүүдийн зүгээс баяр хүргээд бидэнд урам зориг өгч байгаад талархаж байна.    

Сонголт хийх Ёслол

Манай “Гэгээн Мариа Сүм” дээр 2014 оны 3 сарын 16нд “Сонгох Ёслол”ын үйл ажиллагаа болсон билээ. Ёслолыг “Гэгээн Мариа Сүм”ийн ахлах лам фр.Франциско удирдан явуулсан бөгөөд 2 дахь удаа зохион байгуулж байна. Эхний ёслолд Бэлгүүн оролцож байсан бол энэ удаа Бямбадорж ах оролцсон бөгөөд одоо Ариун Угаалд Бэлтгэх Сургалтанд сурч байна. Манай Католик Шашны хувьд итгэгч нарынхаа чөлөөт сонголтыг эрхэмлэн хүндэлдэг тул тодорхой хэмжээний мэдлэг олсны дараа өөрсдийн сүнслэг амьдралын талаар тунгаан, дахин бодох боломж өгдөг онцлогтой билээ. Тиймээс энэ бол өөрсдийн Католик Итгэл Бишрэлтэй хамт олны идэвхитэй оролцогч байхыг бүрэн дүүрэн хүсэж эрмэлзэж байгаа албан ёсны тунхаглал билээ. Энэхүү ёслол нь Наминчлалын улирлын эхний ням гаригаас баптизм хүлээн авах хүртэлх хугацаанд багтдаг бөгөөд ариун угаалд бэлтгэх сонголт гэж нэрлэдэг. Сонгох ёслолд оролцсон Бямбадаш ахдаа баяр хүргээд, массанд хүрэлцэн ирсэн бүх итгэгчиддээ сүмийн зүгээс талархаж байна.

Пап лам Францисын уриалгаас

3.25нд
Бид идэвхигүй дагалдагч нар байж болохгүй.  Үнэнийг гэрчлэхийн тулд бидний зориг зүрх Чуулганд хэрэгтэй билээ.


3.24нд
Есүс гэм нүгэлтэн биднээс хэзээ ч хол байдаггүй. Тэр бидний дээр өөрийн бүхий л ивээл хишгээ хязгааргүйгээр цутгахыг хүсдэг билээ.

3.22нд
Есүс бол бидний найдвар. Хэдийгээр муу ёрын сүнс ба үхэл  байсан ч тэр, юу ч Түүний хайрын авралын хүчээс биднийг салгах боломжгүй билээ.

3.21нд
Өвчин болоод үхэл бол хориотой хичээл биш билээ. Бид Есүсийн оршихуйд эдгээр зүйлстэй нүүр тулах ёстой.

3.20нд
Бид Тэнгэрбурхандаа болон бие биедээ “танд баярлалаа” гэж сурч болно. Бид хүүхэддээ ингэж зааж өгдөг, харин өөрсдөө мартдаг.

3.19нд
Нүүр тулан учирхад зориулсан Дэлхийн Сургуулийн Сүлжээнд  би мэндчилж байна. Өнөөдөр энх тайвны төлөө бид анхны оливын модоо тарьсан билээ.

3.18нд
Христчин хүний хайр бол зардал өртгийг тооцолгүй хайрладаг. Энэ бол Сайн Самари хүний хичээл; энэ бол Есүсийн хичээл.

3.17нд
Миний ойн баярт зориулсан халуун дотно ерөөлийн тань төлөө талархаж байна. Миний төлөө үргэлжлүүлэн залбирч өгнө үү.

3.13нд
Миний төлөө залбирхыг гуйж байна.

2014/03/25

Пап лам Францисын Өмнөд Солонгосд болох айлчлал

Пап лам Францис найман сард Өмнөд Солонгосд айлчлах талаар Ватикан мэдээллэсэн билээ. Ватиканы хэвлэл мэдээллийн алба мэдэгдэлдээ: “Солонгосын Ерөнхийлөгч болон Солонгосын хамба лам нарын урилгыг угтаж, Ариун Пап лам Францис нь Даежеон шашны хүрээнээс хариуцаж буй Зургаа дахь  удаагийн Азийн Залуучуудын Өдрийг тохиолдуулан 2014 оны 8 сарын 14 ~ 18 хүртэл Солонгос Улсад Шашны Хариуцлагатны Аян хийх болно. Францис Азийн Залуучуудын Өдрийг тохиолдуулан Даежеон болон Сөүлд  болох анхны айлчлалаа хүлээж байгаа билээ. Мөн тэрээр Солонгос Улс дахь итгэлээс болж тарчлагчид буюу мартирын бүлгийг дуртайяа ерөөх болно хэмээн Католик Мэдээллийн Байгууллага дамжуулсан билээ. Википедиад мэдээлснээр Өмнөд Солонгос дахь Католик Сүмийн “итгэгчдийн тоо сүүлийн 10 жил 70%-аар” өссөн байна.  
Сөүлийн Ахлах Хамба лам, Кардинал Николас Чеонг Жин-сүк 2012 онд сурвалжлагын үеэр “Сүүлийн 10 гаруй жил Солонгос дахь Католик Сүмд 3 саяас 5 сая гишүүд нэмэгдсэн” хэмээн хэлжээ. Сөүл хотод 14 %-г нь эзэлдэг.

Өнгөрсөн сард Кардинал Андрю Иеом Сүү - Жанг, Сөүлийн тухайн үеийн Ахлах Хамба ламыг улаан малгайгаа хүлээн авсны дараа Пап лам түүнд “Би Солонгосд хайртай” хэмээн хэлснийг тэрээр уламжилсан юм. Кардинал хариуд нь “Солонгос хүмүүс Ариун Эцэг танд хайртай” хэмээн түүнд хэлжээ.         
  

2014/03/13

АРИУН ЭЦЭГ ФРАНЦИСЫН “ДӨЧ ХОНОГТ ЦАГ УЛИРАЛД” ЗОРИУЛАН АЙЛДСАН ҮГ 2014



Хайрт ахан дүүс нараа,
миний бие та бүхэндээ Дөч хоногт цаг улирлыг тохиолдуулан эрс өөрчлөлтийн хувийн болон бүлгийн аян замд хэрэгтэй байж болох зарим эргэцүүллийг өргөн барьж байна. Би Гэгээн Паулын хэлсэн үгнээс иш татан эхэлье. «Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний хоосролоор баян болсоноо та нар мэдэх билээ» (2 Коринт 8:9). Элч маань Коринт хотын сүсэгтнүүдийг тарчиг амьдралтай Иерусалимийн итгэгч нарт туслах өгөөмөр сэтгэлтэй байхад урамшуулахаар тэдэнд хандан хэлж байна. Гэгээн Паулын эдгээр үгс өнөөгийн сүсэгтнүүд болох бидэнд юуг хэлж байна вэ? Өнөөдрийн хувьд Сайн Мэдээн дэх ядуу амьдрал, хоосон байдлын уриалга нь бидэнд юу хэлж өгч байна вэ?
Христийн нигүүлсэл
Нэн тэргүүнд бидэнд Тэнгэрбурханы хэв маягийн талаар хэлж өгч байна. Тэнгэрбурхан өөрийгөө ертөнцийн эд баялаг ба хүч чадлаар дамжуулан биш харин хоосон, сул дорой байдлын арга замуудаар илчлэн харуулдаг: «баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон...». Тэнгэрбурханы мөнхийн Хүү, хүч чадал ба сүр жавхлангаараа Эцэгтэйгээ адилхан Христ өөрийгөө ядуу болгож, бидний дунд буун ирж, бидний нэг бүрэнтэй ойртож, бүх зүйлээрээ бидэнтэй адилхан болохын тулд өөрөөсөө тайлсан “хоосолсон” (харьц. Филиппой 2:7; Еврей 4:15). Тэнгэрбурханы бие махбод болсон үйл явдал нь үнэхээр аугаа нууц! Гэхдээ энэ бүхний утга учир нь нэгэн хайр буюу хишиг ивээл, өгөөмөр сэтгэл, ойр дотно байх хүсэл тэмүүлэл ба хайртай бүтээлүүдийнхээ төлөө өөрийгөө өргөх, золиослохоос буцдаггүй тэнгэрлэг энэрэл хайр юм. Энэрэл болон хайр гэдэг нь хайртай нэгнийхээ амьдралд бүх зүйлээрээ нэгдэхийг хэлнэ. Хайр нь аливааг төсөөтэй болгодог, ижил байдлыг бүтээдэг, алслагдсан зай ба ханануудыг нураадаг. Харин Тэнгэрбурхан яг ингэж л бидэнд хандсан. Үнэндээ Есүс «хүний  гараар ажиллаж, хүний оюун ухаанаар бодож, хүний дур зоригоор үйлдэж, хүний зүрх сэтгэлээр хайрласан. Цэвэр Охин Мариагаас мэндэлж гэм нүглээс бусад бүх зүйлээрээ адил үнэхээр бидний нэг болсон» (Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдаан, Баяр баясал ба горьдол найдвар (латинаар Gaudium et spes) хэмээх Ягшмал Үндсэн Хууль, н.22).

Пап лам Францисын өдөр тутмын уриалга

3.8нд
Хрисчин эхнэр нөхрийн төлөө дуудлага бол: хамтдаа байж, хэрхэн бие биенээ үргэлж хайрлахыг мэдэх явдал, ийм замаар өөрсдийн хайрыг өсгөн нэмэгдүүлдэг.  

3.7нд
Түүнтэй байж, түүнтэй алхаж, түүний шавь нартай байснаар бидний хамгийн гүн гүнзгий баяр хөөр маань Христээс ирдэг билээ.

3.6нд
Хавчлаганд нэрвэгдсэн хүмүүсийн төлөө залбирцгаая, тэгснээр тэд муу ёрын зүйлд хэрхэн сайн нөлөө үзүүлхийг мэдэх болтугай.

3.5нд
Наминчлалын улирал бол золиослол хийхэд сайн цаг болдог. Өөрсдийгөө  үгүйсэн, өдөр бүр ямар нэг зүйлээр бусдад туслацгаая.  

3.4нд
Бид амьдралдаа олон алдаа гаргадаг. Өөрсдийн алдаа дутагдлаа санаж уучлалт гуйж сурцгаая.

3.3нд
Хэрхэн сайн гэрлэж амьдрах вэ? Тэнгэрбурхантай нэгдсэнээр, бэрхшээл бүрийг даван туулах бидний хайр ба хүч чадлыг маань үргэлж шинэчилж өгдөг билээ.

3.1нд
Католик сургуулиудад зааж буй бүх хүмүүст талархлаа илэрхийлцгээе. Боловсрол олгоно гэдэг бол хайр энэрлийн үйлс юм; энэ нь яг л амьдрал өгөхтэй адилхан билээ.   

2.28нд
Эвхарист бол бидэнд зориулсан зайлшгүй хэрэгтэй зүйл юм: энэ бол биднийг өөрийн хишиг ивээлээр дүүргэхээр амьдралд маань орж ирэхийг  хүсэж буй Христ билээ.


2014/03/11

Хуримын Ариун Ёслол

Манай “Гэгээн Мариа Сүм” дээр 3 сарын 9нд Мөнхбат Стефано болон Нямсолонго Клара нарын “Гэрлэлтийн Ариун Ёслол”ын үйл ажиллагаа болсон билээ. Мисанд фр.Эрнесто, фр.Пиер болон фр.Чарлис нар хүрэлцэн ирж  оролцон, паришийн ахлах лам фр.Франциско ёслолыг удирдан явуулсан бөгөөд манай итгэгч ахан дүүс нар болон хосуудын ах дүү хамаатан садан бүгд хүрэлцэн ирсэн байв. Хос маань Христчин гэр бүлд зориулсан тусгай хичээлд орж, Тэнгэрбурханы сургаалийн дагуу зөвт амьдралаар хичээн амьдрахаа илэрхийлэн “Гэрлэлтийн Ариун Ёслол”д орсон билээ. фр.Пиер номлолдоо: “Энэ сайхан өдөр Мөнхбат болон Нямсолонго нар нэг гэр бүл болох шийдвэрийг өөрсдөө гаргасан байна, харин бид тэдний төлөө залбирч, тэдний амьдралыг дэмжиж байдаг. Амьд явах гэдэг бол хувь заяа биш, бидний сонгосон зам биш, энэ бол Тэнгэрбурханы гүн их таалал билээ. Бид ямар нэг автомат юмуу машин биш, харин Тэнгэрбурханаас амьд явах амьдралыг хүлээн авсан учраас бид ухаалаг, зөв сонголт хийх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл болон бие биеэ өмчлөх байдлаас болж гэрлэлтээс татгалзаж байна. Манай Католик шашин буюу сүсэгтнүүдийн хувьд хүчирхийлж өмчлөх ёс гэж байдаггүй. Учир нь Тэнгэрбурхан бидэнд үргэлж үнэнч байж үнэнийг сургадаг тул бид үнэн ба үнэнч байдлыг уламжлан авдаг юм. Ер нь амьдрал хэцүү бөгөөд амьдралын зам дээр олон бэрхшээл зовлон байдаг. Иймээс дараах 3 асуулт гардаг. 1. Би юу хийж чадах вэ? 2. Би юу хийх ёстой вэ? 3. Би юунд итгэж, хэнд найдах вэ? Энэхүү асуултад хариулахын тулд бид Есүс Христийн амьдралыг эргэцүүлэх боломжтой. Түүний амьдрал амархан байгаагүй бөгөөд Тэр бидэнд 3 гол зүйлийг зааж өгсөн билээ. 1. “Хайр” гэдэг бол өөрийнхөө төлөө амьд явах бус бусдын төлөө, ялангуяа хайртай хүмүүсийнхээ төлөө амьд явах гэсэн утгатай юм. Учир нь Есүс энэхүүү алтан сургаалийг бидэнд ойлгуулсан билээ. 2. Аз жаргалтай амьдралыг хүсэж байвал бардам зан бус харин даруу зангаар амьдрах хэрэгтэй. Даруу зан бол Тэнгэрбурханы мөн чанар юм. 3. Бусад хүмүүст үйлчлэх ялангуяа өвчтэй, зовлонтой, гэр оронгүй хүмүүст туслах хэрэгтэй. Энэ бол Тэнгэрбурханы зам, Есүс Христийн зам юм. 

2014/03/09

НАМИНЧЛАЛЫН УЛИРАЛ


Манай Католик шашны хувьд "Дөч хоногт цаг улирал" бол итгэгчдийг Наминчлалын зам мөрт хөтлөдөг бөгөөд “Гэгээн Мариа Сүм”д 3 сарын 5нд буюу Үнсэн Лхагва гаригт эхэлсэн билээ. Энэ бол гэмшил, залбирал ба эрс өөрчлөлтийн цаг үе тул итгэгчдийн маань хувьд амар тайван зүрх сэтгэлээр гэмшиж, өглөг буян, мацаг барилт, даатгал залбирлын цаг мөч болдог юм. Ингэснээр Есүсийн хайр энэрлийг ухааран, зүрх сэтгэлээрээ Эзэнд өөрчлөгдөж, бусад ахан дүүстэйгээ эвлэрдэг билээ. Энэ хугацаанд итгэгчид маань сүм дээр ирж аль болох Тэнгэрбурхантай ойр байж, тунгаан бясалган, “Лежио Мариа” залбирлын бүлгэмтэй нэгдэн залбирах буюу “Винсэнт” бүлгэмд нэгдэж бусдад туслан сайн үйлсэд гар бие оролцдог. Мөн мацаг барих болон золиослол хийх замаар өөрсдийн хичээл зүтгэлийн дүнд цуглуулсан эд зүйлсээ бусадтай хуваалцдаг. Бас олон итгэгчид сүмийн нийгмийн албаар дамжуулан бусдад туслах нь ч бий. Үүнээс гадна нийгмийн албанаас халуун усаар үйлчилэх болон үсийг засах, хоол хүнсээр тусламж үзүүлэх гэх мэт тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Та бүхнийг сүмээс зохиогдож буй үйл ажиллагаанд хамрагдан, Наминчлалын улиралдаа ивэдхитэй оролцохыг урьж байна.          

2014/03/05

Багш нарын Семинар

Манай Католик шашны сургалтын албанаас Катехист нарт зориулан сар бүр сургалт зохион байгуулдаг билээ. 3-р сарын Семинар “Гэгээн Мариа сүм” дээр зохиогдсон ба фр. Жеоржио хүрэлцэн ирж “Үндсэн Ёслол” сэдвээр хичээл заасан юм. Үндсэн ёслол бол бидний өдөр тутмын амьдралд суулгасан үр бөгөөд Католик шашин 7 үндсэн ёслолоо уламжлал болгон хадгалсаар ирсэн билээ. Энэхүү ёслолоор дамжуулан итгэгчид бид бүхэн Эзэнтэй уулзаж, тэнгэрлэг амьдралаас нь хуваалцдаг. Христ өөрөө үндсэн ёслолоо үйлдэж,  ач холбогдол бүхий хишиг ивээлээ дамжуулдаг. Харин үндсэн ёслолын үр шим нь түүнийг хүртэж буй хүний хандлагаас шууд хамаардаг. Мөн “Ариун Угаал”-ын үндсэн ёслолоор бид Ариун Сүнс ба усаар дахин төрж, жинхэнэ гэгээрэлд хүрдэг хэмээн маш дэлгэрэнгүй, ойлгомжтой тайлбарласан юм. Хичээлд гуч орчим багш нар хамрагдан, хувийн туршлагаа хуваалцаж, өөрсдийн сонирхсон зүйлсээ асууж байлаа. Бидний сүнслэг амьдралд  маш үнэтэй  хувь нэмэр оруулсан фр.Жеоржио болон идэвхитэй оролцсон бүх багш нартаа талархаж байна.