2014/10/29

Пап ламын уриалгаас

10/28/2014
Хүмүүс хайр ба энэрэл нигүүслийн захиас болох Хрисчин мэдээний баяр хөөрийг олж нээхэд нь бид туслах болтугай.   

10/25/2014
Есүсийн Загалмай нь муу ёрын бүрэн хүчийг, гэхдээ Тэнгэрбурханы энэрэл  нигүүслийн бүрэн хүчийг ч бас харуулдаг билээ.  

10/23/2014
Гэр бүл бол биднийг иргэнийх нь хувьд төлөвшүүлж өгдөг газар юм. Гэр бүл бүр нийгмийг барьж байгуулдаг тоосго билээ.
   
10/21/2014
Хэрэв итгэлээ хүчирхэг бас эрүүл байлгая гэвэл, тогтмол Тэнгэрбурханы үгээр тэжээгддэг байх ёстой.  
  
10/18/2014

Дэлхий ертөнцийг өөрчлөхийн тулд, бидэнд буцаан төлж чадахгүй байгаа тэдгээр хүмүүст бид сайн хандах ёстой. 

2014/10/28

Гэгээн Антониогийн нэрэмжит халамж үйлчилгээний төвийн 5 жилийн ойн баяр

Манай Католик Шашны газраас нийгмийн халамж үйлчилгээний ажлыг ихэд чухалчилж үздэг билээ. Ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүд гээд олон талаар хүмүүнлэгийн ажил явуулж Тэнгэрбурханы хайр ивээлийг хүргэж ирсэн юм. Үүний нэг жишээ бол Ватиканы Төлөөлөгчийн Газрын харьяа, Гэгээн Антониогийн нэрэмжит өндөр настанд зориулсан халамж үйлчилгээний төв бөгөөд Төв аймгийн Зуун Модонд үйл ажиллагаа явуулж эхлээд одоо таван жил болж байна. Тус байгууллага гурван ажилчинтай бөгөөд Жустина болон фр.Франциско нар хариуцан ажилладаг ба 10.5нд баяраа тэмдэглэсэн юм. Тэд  хөдөө орон нутгийн өндөр настан буурлуудаа эмчилгээний дараа хүлээн авч, ая тухтай орчинд амраан, амттай хоол ундаар үйлчилдэг ач буянтай газар болжээ. Таван жилийн ойн баярын үйл ажиллагаа нь Мисагаар эхэлсэн бөгөөд  Ватиканы Төлөөлөгчийн Газрын тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж фр.Францискогийн хамт Мисаг удирдсан юм. Мисаны дараа болсон ёслолын үйл ажиллагаанд Төв аймаг, сум хорооны засаг захиргааны төлөөлөгчид мөн хүрэлцэн ирээд, настан буурлуудын талархлыг хүлээж, иргэдийн хүндэтгэлийг хүртсэн нэр хүндтэй байгууллага болсонд баяр хүргэн, байгууллагын хамт олныг өндрөөр үнэлэн, шагнал гардуулав. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүс тэдэнд талархаж буйгаа илэрхийлж байсан юм. Тэнгэрбурханы хайр ивээлийн дор ажиллаж буй Гэгээн Антониогийн нэрэмжит, халамж үйлчилгээний төвийн хамт олонд талархал илэрхийлээд, энэхүү ач буянтай ажилд тань өндөр амжилт хүсэж байна.      

2014/10/21

Баярын Миса


10 сарын 19ны өдөр бол Дэлхийн Сайн Мэдээ дэлгэрүүлэх ням гариг билээ. Энэ өдөр дэлхий даяар манай Католик Шашны итгэгч нар өөр хоорондоо итгэл бишрэлээ хуваалцахын хамт энэхүү сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын төлөө хамтдаа нэг сэтгэлээр залбирч, тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Манай "Гэгээн Мариа Сүм"-н баярын мисаг паришийн ахлах лам фр.Франциско Хо удирдан явуулсан бөгөөд манай итгэгч нарын хүүхдүүдэд Ариун Угаал хүртээх ёслолыг гүйцэтгэж, баяр дээр давхар баяр нэмсэн билээ. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй баярын өдөр Баптизм хүлээн авсан бяцхан хүүхдүүддээ хүрэлцэн ирсэн бүх хүмүүс  баяр хүргэн, тэдний төлөө хамтдаа залбирч байлаа.

Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла бүх паришийн итгэгч нартаа хандаж Дэлхийн Сайн Мэдээ дэлгэрүүлэх ням гаригийн баярын мэнд хүргээд, Сайн Мэдээ Дэлгэрүүлэх ажил болон мишинерүүдийн төлөө залбирхыг энэ өдөр уриалсан юм. Монгол  улсад анх мишинерүүд үйл ажиллагаа эрхэлээд 20 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд сүмийн байгууллага, өндөр настанд зориулсан халамжийн төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, сувилал гээд олон талаар ажилласаар ирсэн билээ.
Ариун Эцэг, Пап лам Францис Дэлхийн Сайн Мэдээ дэлгэрүүлэх ням гаригт зориулан дэлхийн бүх итгэгчдэд хандаж: "Тэнгэрлэг Эзэний шавь нар түүний оршихуй болоод тааллыг танин мэдэх үедээ, бусдад өөрсдийн итгэл найдвар болон  буяны үйлсийг  түүний тааллын дагуу баяр хөөртэйгөөр хуваалцахын тулд шаргуу зүтгэдэг билээ." хэмээн бичиж итгээсэн захиаг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. 
Ариун Угаал хүртсэн хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн, бүх мишинерүүддээ баяр хүргэж байна. Мөн Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгчид ба мисаг бэлтгэхэд хариуцсан Комбинат бүлгэмийн ахан дүүстээ талархаж байна.
  

2014/10/15

Пап лам Францисын уриалгаас



2014/10/14
Өө Тэнгэрлэг Эзэн минь, зовж шаналсан хүмүүс ялангуяа өвчтэй, ядуу болон ажилгүй байгаа бүх хүмүүсийг тайтгаруулж өгнө үү.


2014/10/11 
Ариун нандин ёслолын сүнслэг хүч чадал бол эцэс төгсгөлгүй байдаг билээ. Саад бэрхшээл бүрийг бид ивээл хишгийн хамт даван туулж болно.    

2014/10/10 
Эрхэм хүндэт залуучууд аа, Христ та бүхнийг өөрийнх нь найз байж, түүний хязгааргүй хайрын гэрчлэл болж байдаг гэдэгт найдаж байна.   

2014/10/07

Бид бусдад муу үг хэлэхгүй, шүүмжлэхгүй, хов жив хөөцөлдөхгүй харин ч хүн бүрийг хайрлах ивээл хишгийг Тэнгэрлэг Эзэнээс гуйцгаая.

2014/10/08

Хамба ламын номлолоос

Арван сарын тавны ням гаригт манай Гэгээн Мариа сүм дээр Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж Миса удирдсан билээ. Энэ өдрийн Мисанд Солонгос ба Монгол ахан дүүс хамтдаа оролцож буйгаар онцлогтой байлаа. Хамба лам энэ өдрийн номлолдоо маш чухал мэдээллийг та бидэнд хүргэснийг хуваалцаж байгаадаа баяртай байна.

1.       Сарнайн Эрхин залбирал
Өнөөдөр бол маш онцгой өдөр бөгөөд Сарнайн Эрхин залбирлын ням гариг, ялангуяа арван сарын эхний долоо хоног нь сарнайн эрхин залбирал уншиж, онцгойлон тэнгэрлэг Эх Мариад хүндэтгэл үзүүлэхэд зориулагдсан байдаг. Тиймээс энэ үед болон таван сар буюу Мариа Эхийн сардаа сарнайн эрхээр залбирснаар Мариа Эхэд хүндэтгэл үзүүлж буй хэрэг билээ. Та бүхэн Амар амгалан Мариа минь залбирлаа уншихдаа Мариа эхийн тухай бодож байгаарай. Ингэснээр та бүхэн залбиралдаа дуртай болж, Тэнгэрлэг Эх Мариад үнэхээр хайртай гэдгээ илэрхийлж байгаа юм. Хэрэв та бүхэн Мариа Эхийн тухай бодолгүй тавин гурван удаа залбирлаа уншвал маш ихээр залхах болно. Та бүхэн залбирч байхдаа болон лам нарын номлолыг сонсохдоо битгий залхаж байгаарай. Амар амгалан Мариа минь залбирлаа дахин дахин давтан уншиснаар Мариа Эхэд хандаж: Мариа Эх минь би тандаа хайртай, намайг хамгаална уу хэмээн хэлдэг билээ. Хэрэв та бүхэн хэтэрхий их ядарснаас болоод унтахын өмнө Амар амгалан Мариа залбирлаа бүхлээр нь унших боломжгүй бол “Тэнгэр дэх Эцэг минь”, “Амар амгалан Мариа” залбирал, Алдаршууллаа нэг нэг удаа уншаарай. Мөн өглөө сэрээд ийнхүү залбирснаар шинэ өдрийн төлөө Тэнгэрбурханаас ивээлийг хүлээн авдаг билээ.
2.       
Гэр бүлийн талаар Зөвлөгөөн                                                                                                     Өнөөдрийн бас нэгэн онцгой үйл явдал бол Ром хотод болж буй “Гэр бүлийн Зөвлөгөөн” бөгөөд үүнд Пап ламын хамт олон Хамба лам нар болоод Кардиналууд оролцож байгаа билээ. Гэр бүл бол нийгмийн үндсэн хэсэг болохыг та бүхэн мэдэж байгаа бизээ. Гэрлэсэн болон шинээр гэрлэгсэд та бүхэн өөрийн гэр бүл хэмээх хамт олныг амжилттай босгоход нь та нараас маш их шалтгаалдаг болохыг ойлгосон бизээ. Хэдийгээр би гэрлээгүй ч гэрлэлтийн амьдрал дахь олон сорилтуудад хичээж байгаатай таарч байсан билээ. Саяхан шинэхэн хос Анна Петр нар бие биедээ олон удаа хайртай гэж хэлдэг хэдий ч хэзээ ч залхдаггүй хэмээн ярихыг сонслоо. Тэгвэл үүний нэгэн адил та бүхэн Мариа Эх минь би танд хайртай гэж дахин дахин хэлээд, та манай гэр бүлийг маань хайрлаж туслах байдлаа үргэлжлүүлж өгнө үү хэмээн давтан хэлээрэй. Гэр бүлийн амьдрал, гэрлэлтийн амьдрал бол манай нийгэмд маш чухал, тиймээс бид энэхүү гэр бүлийн эхнэр нөхрийн харилцаа болон үр хүүхдийн харилцааг амжилттай болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулж, хариуцлагатай хандах хэрэгтэй. Гэхдээ үүнд таны, хүн бүрийн оролцоо шаардлагатай байна. Надад эхнэр нөхөрт зориулсан Ариун Эцэгийн зөвлөмжүүд их таалагддаг, магадгүй та бүхэн бас мэдэж байгаа бизээ. Ариун Эцэг хэлэхдээ: за яахав та нар бүхий л өдөр маргалдаж, эд зүйлсээ эвдсэн байж болох юм. Харин орой болж, унтахын өмнө гэхэд та бүхэн амар амгалан байдлыг олсон байх ёстой. Эдгээр хэрүүлийн шалтгаан болж, хооронд нь яс хаяж буй саад бэрхшээлүүд нь гэр бүл болон эхнэр нөхрийн харилцааг улам сайжруулан, амар тайван байдлаа олохын төлөө тэдэнд тулгардаг юм. Энэхүү Сарнайн Эрхин залбирлын сард та бүхэн гэр бүлүүдийн төлөө залбираарай. 

3.       Усан үзмийн талбай  (Матай 21:33-43)

Өнөөдрийн айлдалтай холбогдуулан та бүхэнд маш чухал номлолыг хэлэх ёстой.

Ариун угаалаар уламжлан бид бүгдийг Тэнгэрбурхан усан үзмийн талбайдаа ажиллахыг уридаг билээ. Энд байгаа Солонгос ахан дүүсийн хувьд өөрсдийн эрхэлдэг усан үзмийн талбайтай бол Монголын хувьд хэд хэдэн төрлийн ногоо тарьдаг фирмийн аж ахуй эрхэлдэг онцлогтой. Биднийг Ариун угаал хүртэх үед Тэнгэрбурхан биднийг өөрийн хаанчлалдаа дуудаж, усан үзмийн талбайн ажилчин болохыг урьдаг билээ. Тэгвэл бидэнд өгөдсөн тэрхүү талбайд бид юу хийх вэ? Тэнгэрлэг Эзэний усан үзмийн талбайгаас өөрт ноогдсон бидний ажилладаг тэрхүү хэсэг талбай бол бидний Христчин амьдралыг маань зааж байгаа юм. Та бүхэн Тэнгэрбурханаа хайрлаж байсан уу? Бие биенээ хайрласан уу? Нэг нэгнээ уучилсан гэдэгт итгэлтэй байна уу? Тусламж хэрэгтэй нэгэнд гараа сунгасан билүү? Эдгээр бүх зүйл бол Тэнгэрлэг Эзэний усан үзмийн талбайд ажиллах арга зам билээ. Бид сайн ажиллаж хөдөлмөрлөснөөр, залбирлуудаар уламжлан, ариун ёслолуудыг хүлээн авснаараа усан үзмийн талбай дахь ургацаа услаж тордож байдаг. Бас ургацаа арчилж цэвэрлэдэг байх ёстой, ингэснээр элбэг дэлбэг ургац гардаг. Тийм учраас бидний Хрисчин амьдралд маань наминчлалын ёслол байдаг бөгөөд санваартанд гэм нүглээ илчилснээр Тэнгэрбурханд өршөөгдөхийн тулд бид бүхэн замаа алдсан амьдралыг дамжин өнгөрч байдаг билээ. Иймээс Тэнгэрлэг Эзэний усан үзмийн талбайдаа өөрсдийн чадах бүхнээр шургуу ажиллахыг хичээцгээе. Тэгээд айлдалд: газар эзэмшигчид эзнийхээ хүүг алсаны нэгэн адил Есүсийн арга барилаар ажиллуулагчийг бүү ал, эзэний хүү бол Есүс байсан юм. Өөрсдийн муу үйлдэл болоод гэм нүглээр дамжуулан Христийг хөөн гаргаж, алахгүй байцгаая. Та бүхэнд амжилт хүсэж байна. Та бүхэн Тэнгэрбурханы Хаанчлал дахь Тэнгэрлэг Эзэний усан үзмийн талбайн нэг хэсэг болсон өөрсдийн эзэмшиж буй усан үзмийн талбайдаа сайн ажилчин гэдэгт би найдаж байна.              

2014/10/07

Пап лам Францисын уриалгаас


10/06/2014
Ариун Сүнс минь, ирнэ үү. Сүмийн зөвлөлийн үед бидэн дээр өөрийн бэлгүүдээ хайрлана уу.

10/05/2014
Биднийг Гэр бүлийн төлөөх Зөвлөгөөнөө эхлэхэд, Тэнгэрбурханаас цаашдын арга замыг харуулж өгнө үү хэмээн асууцгаая.  

10/04/2014
Айлдалд Есүс Мартад хэлсэнчлэн, шаардлагатай нэг зүйл бол: залбирал билээ. #бидэнтэй хамт залбирна уу.

10/03/2014
Шашны болон нийгмийн хувьд нэн чухал үндэс бол аз жаргалтай гэр бүлүүд билээ. #зөвлөлийн төлөө залбирна уу.    

10/02/2014
Зөвлөл бол хамтдаа алхаж бас хамтдаа залбирдаг гэсэн утгатай юм. Би бүх итгэгчдийг оролцоосой хэмээн гуйж байна. # бидэнтэй хамт залбирна уу.  


2014/10/01

Бясалгал


Сар бүр манай Гэгээн Мариа Сүм дээр бясалгал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа сарнайн эрхин залбирлын сар болох арван сарыг угтаж Клара Ганцэцэг бясалгал бэлтгэн явуулсан бөгөөд итгэгч нарынхаа сүнслэг амьдралд нь хувь нэмэр оруулах үүднээс залбирал гэж юу болох, сарнайн эрхин залбирлаа хэрхэн залбирхыг зааж өгөн, хамтдаа залбирсан билээ. Мөн сарнайн эрхин залбирлаар уламжлан Тэнгэрбурхантай хэрхэн холбогдож байсан үлгэр жишээ бүхий хүмүүсийн нэг болох гэгээн Карлогийн тухай кино үзүүлэн, түүний амьдралтай танилцсан нь маш сонирхолтой байлаа. Бас бясалгалдаа Лежио Мариа бүлгийн дарга Фелисиа ЭрдэнэӨлзийг урьж, Лежио Мариа бүлгэмийн үйл ажиллагааг таниулан, бүх хүмүүсийг залбирлын бүлэгт нэгдэн орохыг уриалсан юм. Итгэгчид маань олон зүйлийг сурч, сүнслэг амьдралаа хөгжүүлэн, хамтдаа залбирсандаа баяртай байлаа. Энэ өдөр хүрэлцэн ирж бясалгалдаа идэвхитэй оролцсон та бүхэндээ талархаж байна.