2015/12/22

Үйлчлэл, Уучлал, Талархал, Гэмшил

Ирэлтийн цаг улирлаар Хайрын сургуулийн хүүхдүүд маань "Үйлчлэл, Уучлал, Талархал, Гэмшил" хэмээх дөрвөн долоо хоногийг тэмдэглэн өнгөрөөлөө. 
Эхний долоо хоног болох "Үйлчлэл"-ийн долоо хоногоор бид сайн үйлсийг хийн өргөл болгон өргөсөн бол хоёр дахь "Уучлал" долоо хоногт уучлахад бэрх хэн нэгнийг уучлан, гурав дахь "Талархал" долоо хоногт бусдад баярлан талархсанаа илэрхийлсэн юм. Харин сүүлийн долоо хоногт хамгийн чухал сэтгэлийн бэлтгэл болох гэмшилд өөрсдийгөө дуудан, сайн хүүхэд болно гэсэн амлалтыг Тэнгэрбурхандаа өргөцгөөсөн юм. Дөрвөн долоо хоногт цаг улирал ч хэмээгддэг энэ Ирэлтийн цаг улиралд Хайрын сургуулийн хүүхдүүд дээрх дөрвөн сэдвийн дор хамтран Бяцхан Аврагчаа хүлээн авахад бэлдсэн билээ. 












Нийгмийн ажил үргэлжилсээр...


Ирэлтийн цаг улирлын сайн үйлс маань Төв аймгийн Зуун модонд хүртэл үргэлжилж байна. 

Манай нийгмийн ажлаас амжиргааны түвшин доогуур болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалж буй энэ үйл ажиллагаа маань зөвхөн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг төдийгүй Төв аймаг хүртэл хамран явагдаж байна. Энд одоогоор тус аймгийн нийт 6 багийн 14 айл хамрагдсан байна. 

Халуун хоол, эд зүйлсээс илүүтэйгээр өвлийн хүйтэн цагт гэртээ дулаан байхад тусалж байгаад их баяртай буйгаа олон хүн илэрхийлж байсан юм. Бидний Тэнгэрбурханы энэрэл нигүүлсэл ба хайрын хуваалцал илүү олон хүнд хүрч зөвхөн гэр орон төдийгүй сэтгэлийг дулаацуулах болтугай гэж хүсье. 


 Зураг: Нийгмийн ажилтан Отгонгэрэл Лүчиа, 
төв аймаг дахь сүсэгтнүүдийн төлөөлөгч Бямбацэдэн Иосеф нар иргэдийн хамт


2015/12/17

Назараас Бетлехем рүү "Мариа ба Иосефийн хамтаар"

"Ариун Гэр бүлийн айлчлал"


Бидний Аврагч Эзэн Есүсийн мэндэлсэн баярын өдрийг угтахаар бэлтгэж буй бид Ирэлтийн энэ цаг улиралд Назар хотоос Бетлехем хотыг зорин яваа залуу хос "Мариа ба Иосеф"-тэй уулзаж болох юм.







"Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу, жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бас бүртгүүлэхээр хамт явав."  
Лук 2,4-5










Ивээгдсэн Эмэгтэй ба түүний нөхрийн энэ аян замд хоноглох газар хэрэгтэй байсныг дурсаж бид гэртээ "Мариа ба Иосеф"-ийг урин, тэднээс үлгэр дууриал аван баяр хөөрийг хуваалцдаг юм. Энэхүү "Ариун гэр бүлийн айлчлал" нь 2001 оноос эхлэн 5 дахь жилдээ зохион явагдаж байгаа бөгөөд монгол дахь католик Шашин хийгээд монгол католик гэр бүлүүдийн хувьд утга учиртай өдрүүд билээ.

Зураг: "Ариун Гэр бүлийн айлчлал"ыг харуулсан ханын самбар, 
Гэгээн Эх Мариа Католик сүм, 2015.12.17

Аян замд нь Мариа ба Иосеф-д буудаллах газар ба тусламж хэрэгтэй байсныг дурсан энэ үеэр биднээс тусламж гуйн хандах хэн нэгэнд харамгүйгээр туслах нь Бяцхан Есүсийг хамтдаа хүлээж буй бидний бэлтгэлийн нэгээхэн хэсэг юм.  

Христийн мэндэлсэн баярын өдрийг угтахын өмнө Мариа ба Иосефтэй уулзан, аян замд хамтран явж, сэтгэл зүрхээ бэлтгэх нь энэхүү айлчлалын зорилго юм. 

Эзэний тааллын дагуу амьдарсан Ариун гэр бүл нь бидэнд гэр бүлийн амьдралын бахархал ба үлгэрлэлийг харуулдаг. Тиймээс бид өөрсдийн гэр бүлдээ Эзэн Тэнгэрбурханы ивээлийг хүсэн гэр бүлийн гишүүдийн эв нэгдэл, эрүүл мэнд, сайн сайхны төлөө хамтран залбирдаг.




Зураг: Ариун гэр бүлийн айлчлалын үеэр.
Гэгээн Эх Мариа сүмийн ахлах санваартан Франциско Хо, 
туслах санваартан Томас Ру, итгэгчдийн гэр бүлийн хамт



2015/12/11

Тохижолт үйлчилгээний компаний ажилчидтай уулзлаа.


Христийн мэндэлсэн баярын өмнө бид Ирэлтийн цаг улирлаар Аврагч Эзэнээ хүлээдэг билээ. Энэ жилийн Ирэлтийн баярын ээлжит сайн үйлс маань Хан-Уул дүүргийн тохижолт үйлчилгээний компанийг зорьсон юм. Жил бүр уламжлал болгон нийгмийн ажлаас явагддаг үйл ажиллагаа тул биднийг тухайн байгууллагын ахлагч дотноор угтан авсан юм. 


Манай хотыг эрүүл аюулгүй байлгахын тулд цаг агаарын байдлыг үл тоон өдөр бүр ажиллаж байдаг ах эгч нартаа өдрийн хоол, халуун аарцаар талархсан сэтгэлээ хуваалцан ярилцлаа. 

Хэдий багахан тус боловч сэтгэлийн томоохон хуваалцал ярилцлага байлаа. 







2015/12/09

Хан-Уул дүүргийн 2-р хорооныхоо хүүхдүүдэд туслав.







Манай Гэгээн Эх Мариа сүмийн залуучуудын санаачлагаар өөрсдөдөө байгаа зүйлсээ цуглуулан нийгмийн ажилд оролцлоо.

Тусламжаа хэрэгтэй хүнд нь хүргэхийн тулд тухайн Хан-Уул дүүргийн хорооны нийгмийн ажилтанд хандсан ба нийтдээ 25 хүүхдэд хувцас эд зүйлс ба хичээлийн хэрэглэлээр тусалсан юм. 


Нүүрс тараав.



       Манай Гэгээн Эх Мариа сүмийн нийгмийн ажил нь Ирэлтийн цаг улирлын энэ үеэр уламжлал болгон өрх толгойлсон гэр бүл болон өрхийн орлого доогуур айл өрхүүдэд нүүрсний тусламж үзүүлдэг билээ. 

Энэ жилийн нийгмийн ажлаас одоогийн байдлаар нийт 5 тонн нүүрс тараагаад байгаа бөгөөд нийт 20 гаруй өрх айлуудад тусламж болон очих юм. 

Хүйтний эрч чангарч буй энэ үед гэр бүлд нь багахан боловч тус болно гэж найдаж байна. Мөн энэхүү боломжийг олгосон Тэнгэрбурхандаа талархъя.




2015/12/02

Шашны энэрэл нигүүлслийн үйлчлэл 2015-2016 он

Энэрэл нигүүлслийн үйлчлэл


Эрхэмсэг Венсеслао Падилла, хамба лам, апостолик тэргүүн


Хайрт сүсэгтэн та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

Католик шашны туйлын мөн чанар гурван талт үүрэг хариуцлагаар илэрч байдаг тухай бид өнгөрсөн жил ярьсан билээ. Эдгээр үүрэг хариуцлага нь хайрын, дэг журамтай, бүлгэмийн, итгэл бишрэлийн, зохион байгуулалттай "Үйлчлэл"-ийн хэлбэрээр, эгэл сүсэгтэн, сахилт ах эгч, санваартан лам, хамба лам, пап ламын "Үйлчлэгчид"-ээр үйлдүүлэх "Шашны томилолт, даалгавар, үйлчлэл" байдгыг дахин сануулсан. Энэ нь үнэхээр энэрэл хайранд суурилдаг: "Хэрэв би өөрийн бүх л өмч хөрөнгөө тараан өгч, өөрийн биеийг шатаахаар тушаасан ч надад хайр байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм" (1Коринт 13,3)

Энэр хайр хэмээх нэр үг хүлээн зөвшөөрөх, уучлан өршөөх, дэмжин тэтгэх, чиглүүлэн шулуутгах, өөрчлөн шинэчлэх, зориулах, итгэх, хамт байх, хамааралтай байх, хуваалцах, хамгаалах гэсэн үйл үгийн өргөн утгатай. Хэнийг юуг хүлээн зөвшөөрч, уучлан өршөөж, дэмжин тэтгэж, чиглүүлэн шулуутгаж, өөрчлөн шинэчлэх вэ, хэнд юунд зориулж, итгэх вэ, хэнтэй юутай хамт байх вэ, хэнээс юунаас хамааралтай байх вэ, хэнийг юуг хуваалцаж, хамгаалах вэ гэдэг олон олон асуулт байдаг. Түүнээс гадна хэн юу , хаана, хэзээ, хэрхэн яаж гэх асуултууд ч бий.

Эдгээр олон асуултанд үнэн хариулт өгөх Эцэг, Хүү, Ариун сүнс гэсэн гурван бодгаль биеэс бүрдэх Тэнгэрбурхан билээ. Гэвч түүнтэй харилцах эрхтэй хүн нь ариун Сүнсний дуудлагыг зүрхэндээ хүлээн авч, Христийн амьдралаар Эцэгтэй нэгдэн, хамт амьдрагч Тэнгэрбурханаас нүүр буруулаагүй Христийн сүсэгтэн мөн билээ. Тэр өөрийн мөн чанарыг алдалгүй, бусадтай хамтдаа "нэг" байж, "нэгэн" итгэл үнэмшилийг хуваалцаж, гэм нүглээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө ялан гарахад бэлэн, сайны зүг эргэж чадах, Тэнгэрбурханы амлалт ба үнэнч байдалд горьдол найдвараа алдаагүй Христийн сүсэгтэн байх юм.

Тэнгэрбурханы Үгээр ухаажсан, түүнийг удирдлага болгосон хүмүүн хийгээд Шашны сургаал нь шашин шүтлэгийн дуудлагад зохих хариултуудыг өгч байдаг.

2015-2016 оны шашны хариуцлагатны жил Монгол дахь Католик Шашин нь шашин дэлгэрүүлэгч, эгэл сүсэгтэн, Хорооллын сүм, Хороо, Католик Шашны сургалтын албаар дамжуулан олон ажил үйлсийг зохион байгуулах юм.  Үүнд:

  • Монгол дахь бүх Католик Шашны амьдралыг хамтдаа илтгэх үйл ажиллагаа, шашны хариуцлагын стратеги зэрэг арга хэмжээг зохион байгуулах
  • Бусад шашны төлөөлөгчидтэй илүү тогтолцоотой, бүтэц бүхий харилцан яриаг өрнүүлэх
  • Монгол дахь Католик Шашны оршихуйн бусад хэлбэрийг эрж хайхдаа илүү ухамсартай байхын тулд шашин дэлгэрүүлэгч нар хэвшин тогтсон боломж бололцоог ашиглах
  • Монгол дахь Католик Шашны нэгж байгууллагуудын дундах хамтын хандлагыг хөхүүлэн дэмжих
  • Монгол дахь Католик Шашин нь Иерусалем, Антиох, Коринт, Ефес, Филипи, Колосай дахь анхны нэгдлүүдийн сайн мэдээний тунхаглалын анхдагч туршлагатай нэгдэх
  • 2009 оноос хойшхи Монгол дахь Католик Шашны сонголт нь "Оролцоот сүм" бөгөөд тэр нь сүмийн үйл ажиллагаа болон үйлчлэлд илүү олон монгол ах дүү нараа оролцохыг шаардах
  • Сүмдээ ирэхээ больсон Ариун Угаал хүртсэн сүсэгтнүүдийн дахин дуудан ирүүлэх
  • Есүс арван хоёр шавиа дуудсанчлан католик хүн бүр тийм тооны хүнийг Сүмдээ авчрах, Сүмтэйгээ холбох 
  • Монгол дахь Католик Шашны бодит байдлыг найз нөхөд, эцэг эх, хамаатан садандаа харуулахын тулд Хорооллудын сүмүүдэд "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулах
  • Хорооллын сүмүүдийн дунд туршлага солилцох
  • Буяны үйл ажиллагааг олшруулах
  • Томилолт, үйлчлэл, энэрэл нигүүлсэл, дуудлагын талаар номлох
  • "Энэрэл нигүүлслийн үүд"-ийг нээх
  • Эргэл мөргөлийн зохион байгуулах
  • Ядуус, залуус, ахмад настан нарт зориулан үйлчлэлийн үйл ажиллагааг санал болгох
  • Энэрэл нигүүлслийн сэдвээр бусад шашны төлөөлөгчидтэй семинар зохион байгуулах
  • Ядууст зориулсан буяны үйл ажиллагааг зохион байгуулах
  • Монгол хэлээрх шинэ Мөргөл бүхий Ромын уламжлалт Судар ном(Roman Missal)-ыг хэвлэх, тараах
  • Шашны хариуцлагатны төлөвлөгөөг тайлбарлах
  • Томилолт, үйлчлэл, энэрэл нигүүлслийн утга, агуулгыг тайлбарлах

Тэнгэрбурхан та бүхнийг ивээх болтугай!

Тэнгэрбурханы өгөөмөр Эх, Хүүгийн сүүлчийн сайн үгээр Шашны энэрэлт эх болсон (Иохан 19,26-27) дуулгавартай охин Мариа бидний төлөө зуучлан залбирах болтугай. 


Шашны ёслол үйлдэх календарь "2015-2016"-аас

2015/11/22

Христ Хааны баярын өдөр

Литургийн хуанлийн дагуу жирийн цаг улирлын сүүлийн бүтэн сайн өдөр бол Христ Хааны баярын өдөр юм. Баярын өдрийн нэрийн дагуу, хүн төрөлхтнийг аврахаар ирсэн Есүс Христ нь “Хаан” болохыг дурсан санадаг өдөр юм. Есүс нь улс төрийн эрх мэдлийг гартаа аван ард олныг барьдаг хаан бус, Өөрийн амийг золиослон ард олныг хүндэлсэн Аврагчийн төрхөөр иржээ. Өөрийгөө даруу байлгаснаар өргөмжлөгдсөн юм. 1925 онд Пап 11-р Пиу жирийн цаг улирлын сүүлийн бүтэн сайныг "Христ Хааны баярын өдөр” болгон тогтоожээ.

 Дорнодын мэргэд Иерусалимд ирж "Саяхан мэндэлсэн Иудейчүүдийн Хаан хаана байна?"(Матай 2,2) гэж асуухад Херод бас нэгэн хаан төрсөн гэж ойлгон ихэд айдаг. 
Пилат Есүсээс 
-Та Иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд Тэр "Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш." гэж хариулдаг. Иудейчүүд "Цезариас өөр хаан бидэнд байхгүй" хэмээн эзэн хааны өмнө Өөрийгөө хаан гэгч энэ Хүнийг суллавал тэр хүн Цезарийн анд нөхөр биш гэж Пилатыг тас хорьдог. (Иохан 19 бүлэг)
Үүний дүнд Есүсийг "Иудейчүүдийн Хаан Назарын Есүс" гэсэн пайзтайгаар загалмайд цовдолдог. Үүний адил бидний илчилдэг "Христ Хаан" нь энэ ертөнцийн айдаг аюул занал хийгээд эрх хүчний хаан бус, загалмайд Өөрийгөө Өргөл болгон өргөсөн өрөвч зөөлөн, амар амгалангийн Хаан, энэрэл хайр ба үйлчлэлийн Хаан юм. 

2015.11.22

2015/11/10

Дон Боско Хэвлэлийн газраас Шинэ номнууд ирлээ.




Дон Боско хэвлэлийн газраас номнууд ирлээ. Залуучуудын боловсрол сурган хүмүүжлийн ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг уг хэвлэлийн газар нь энэ удаа бидэнд гадаадын уран зохиолуудаас орчуулан хүргэж байна.

Та уг номнуудаас авахыг хүсвэл Дархан-Уул аймагт байрлах "ДОНБОСКО" медиа-д шууд хандах эсвэл манай сүмд хандаж болох юм.



Энд орчуулагч Б. Наранбулаг-ийн

  1. Тольгүй улс /Ким Юл Хи
  2. Алтан гургалдай /Ханс Кристиан Андерсон
  3. Үнэнч бух /Эрнэст Хэмингуэй
  4. Жинхэнэ ба хуурамч хаан /Мартин Бубер
  5. Зургаан хэрээ /Лео Лионни
  6. Од хүү /Оскар Уайльд
  7. Тико ба алтан далавч  /Лео Лионни
  8. Улаан бөмбөг /Альберт Ламорис
  9. Саран цөөрөм /Иван Канчаев
  10. Миний доторх од /Эда Райнул
  11. Бяцхан хэсэг  /Лео Лионни
  12. Крэдэриг хулгана  /Лео Лионни
  13. Минийх!  /Лео Лионни
  14. Дэлхийн хамгийн том гэр  /Лео Лионни
орчуулагч Т.Баярцэцэг-ийн
  1. Тоонуудын амьдрал /Эхнэр нөхөр Кран
  2. Хэрчим өөдөс том бөөрөнхийтэй уулзсан нь /Шиль Шилвэрштэйн
  3. Шуналтай аварга хүн /Оскар Вайлди
  4. Бяцхан жонглёрчин /Бабара Кооней
  5. Өнгөрөн явсан хүмүүс /Эд Сулливан
  6. Харамгүй өгдөг мод /Шел Силверстей
орчуулагч Л. Ариунтуяа-ийн 
  1. Эртний нэгэн хулгана /Мэрсиа Браун
  2. Найзынхаа эрхэм чанарыг таньсан хаан /Лиус Дэ Хорна
  3. Бремен хотын хөгжимчид /Ах дүү Гримм
  4. Өөр өөрийн өнгө  /Лео Лионни
  5. Цэг ба шугам /Нортон Жастер
орчуулагч А. Гэрэлт-Од
  1. Цэцэгсийн игэл найдвар /Трина Паулус
Перс ардын үлгэр 
  1. Ид шидийн ой


2015/11/04

11 сар нь Насан эцэслэгчдийг тайтгаруулах Ариун сар

11 Сар нь Насан эцэслэгчдийг тайтгаруулах ариун сар бөгөөд энэ сарын 2нд Католик сүмийн итгэгчид бид ХАМАГ ИТГЭЛТ ТАЛИЙГААЧДЫГ ДУРСАХУЙ-н өдрийг тохиолдуулан хамтдаа залбирдаг билээ. 

Энэ залбиралдаа бид талийгчид ялангуяа арилгах оронд байгаа талийгчдийн төлөө залбирдаг. 

Арилгах оронд ариусгагдаж байгаа сүнснүүдэд бид хэрхэн туслаж болох вэ?
Гэгээнтнүүдийн нэгдлийн тусламж дэмжлэгтэйгээр газар дэлхийд түр оршин сууж буй сүсэгтнүүд нь залбирлаар, ялангуяа Эвхаристын золиосоор дамжуулан арилгах оронд буй сүнснүүдэд тусалж болдог. Мөн өглөг, өршөөл, гэмшлийн үйлсээрээ тэдэнд туслах боломжтой. 
 Үхэл гэгч хувь тавилан

"Үхдэггүй хүн, үгүйрдэггүй баян гэж байдаггүй" гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Үхэлтэй хэзээ, хаана, яаж тулгарахаа хэн ч мэддэггүй.  Үхэл нь энэ ертөнцөд хуримтлуулсан эрхэм нандин зүйлс төдийгүй хайртай хүмүүсээс минь ч үүрд хагацахад хүргэдэг зүйл учир үхлийг мэдээж уйтгар гуниг ба зовлон дагадаг. Мөн үхэл бол зөвхөн ганцхан удаа л тохиолддог бөгөөд буцааж үл болох зүйл учир үхлийн дараах явдлыг ярьж өгдөг хүн байдаггүй. Иймд үхлийн тухай хүн төрөлхтөн зөнгөөрөө айдас хүйдэс, түгшүүрт автагддаг. 
Нөгөө талаар, үхэл нь хүн төрөлхтөнд өөрсдийн амьдралаа эргэн харж, гэмшин ухаарах боломжийг олгодог. 



 Энэ дэлхийн амьдрал бол Тэнгэрбурханаас ирсэн зүйл бөгөөд үхэл нь Тэнгэрбурхан руу буцаж буй хэрэг юм. Иймд бид өдөр бүр амьдралаа эргэн харж, Тэнгэрбурханд талархлыг өргөснөөр мөнхийн амийн тухай итгэл найдвар өвөрлөн, үхлээс айлгүй амьдрахыг хичээцгээе. 




Үхлийн дараа...

  1. Тэнгэрийн орон -Диваажин 
  2. Арилгах орон -Зуурдын орон
  3. Там
Тэнгэрийн орон - Тэнгэрбурхантай хамт байх ивээгдсэн байдлыг илэрхийлдэг ба бид тэнгэрийн оронд орох нь төгс аз жаргалыг бэлгэддэг.

Арилгах орон - Тэнгэрбурханы ивээл хайран дотор нас барсан боловч бүрэн төгс цэвэршээгүй хүмүүс Тэнгэрбурханы хаанчлалд орохын тулд дамжин өнгөрөх ёстой цэвэршлийн явцыг хэлнэ. 

Там - Хүн төрөлхтний хүсэн мөрөөддөг амь ба аз жаргалыг өгөгч Тэнгэрбурханаас үүрд тусгаарлагдахыг хэлдэг. Тэнгэрбурхан гэмтнийг хаядаг бус харин тэд өөрсдөө Тэнгэрбурханы ивээлээс татгалзсанаас там гэдэг мөнхийн зовлонт байдалд унах болдог. 


2015/09/23

Дэлхийн Энх Тайвны өдөр


Уламжлал ёсоор жил бүрийн 9 сарын 21нд хүн төрөлхтний энх тайван амьдран суух язгуур эрхийг тунхагласан Олон улсын Энхтайвны өдөрт манай Католик Шашны хамт олон ёслол төгөлдөр оролцдог билээ. Энэ өдөр Монгол дахь шашны байгууллагууд хамтран “Энх тайвны төлөө Түншлэл-Хүн бүрт Хүндлэл” үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь Дашчойлон хийдэд зохиогдсон бөгөөд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман оролцож НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн Энхтайвны өдөрт хандсан Илгээлтийг хүргэн Энхтайвны хонхыг цохих ёслолын ажиллагааг нээлээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн есдүгээр сарын 21 -нд дэлхий даяар тэмдэглэх Олон улсын энхтайвны өдөрт зориулж илгээлт гаргасан байна. Уг илгээлтэд “Өнөөдөр бид жил бүрийн Олон улсын энхтайвны өдрийг дайны галыг зогсоож, хүчирхийлэл үйлдэхийн эсрэг үзэл санаагаар тэмдэглэж байна. Энхтайван бол юугаар ч худалдан авч болшгүй үнэ цэнэтэй зүйл. Энхтайвныг бид хайрлаж, тордож тэтгэх, хадгалж, хамгаалж байх ёстой. Тиймээс бид жил бүр Олон улсын Энхтайвны өдрийг тэмдэглэх үеэр би НҮБ-ын Төв байгууллага дахь Энхтайвын хонхыг цохидог.                Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөл, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн Газар, Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулга, Зүүн Хүрээ Дашчойлин Хийд, Монгол дахь Католик Сүм (Ватиканы Төлөөлөгчийн Газар), Шинто шашны Оомото байгууллага, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо зэрэг байгууллагууд, иргэд, мөргөлчид, дэмжигч ахан дүүс маань оролцож дэлхийн энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөн барьсан юм. Энэ үеэр манай Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла болон бусад лам нар, итгэгч ахан дүүс маань ч мөн адил өөрсдийн дуу хоолойгоо өргөн барьж Тэнгэрбурхандаа залбирсан билээ. Энэ өдөр хүрэлцэн ирж Олон улсын Энхтайвны төлөө залбирсан бүх ахан дүүстээ талархаж байна.
 
 

 
  

2015/09/22

Пап лам Францисын уриалгаас

 
09/18/2015
Куб болон АНУ-д хийх миний залбирлын аянд та бүхнийг нэгдэхийг хүсэж байна. Надад та бүхний залбирал хэрэгтэй байна.

09/17/2015
Шударга бус байдал болон зовлон шаналалыг үл харгалзан, Тэнгэрлэг Эзэний ялалт бол гарцаагүй билээ.

09/14/2015
Тэнгэрбурхан дорд нэгнийг хайрладаг. Биднийг даруу төлөв амьдрах үед, тэрээр бидний бяцхан хүчин чармайлтыг авч агуу зүйлсийг бүтээдэг билээ.

 

2015/09/16

Пап лам Францисын уриалгаас


09/14/2015
Тэнгэрбурхан зөөлнийг хайрладаг. Бид эгэл даруухан амьдрах үед Тэрээр бидний өчүүхэн хүчин чармайлтыг хүлээн авч, агуу зүйлсийг бүтээдэг билээ.

09/12/2015
Бид цаг үргэлж загалмайн тэмдэг зурсанаар Ариун Гурвалын агуу нууцад илүү ойртож байдаг.

09/10/2015
Бид өдөр бүр Тэнгэрбурхандаа “Танд баярлалаа” хэмээн хэлдэг билүү?

09/08/2015
Европ дахь париш болон хамт олон бүр дүрвэгдсэн гэр бүлийг хөтөч болон хүлээн авах болтугай.

09/07/2015
Бидний эмэгтэйгээс онцгойлон ажилгүйдэлд өртсөн бүх гэр бүлүүдийн төлөө залбирч өгөхийг гуйж байна.

2015/09/08

Тэмдэглэлт өдөр

Манай Католик Шашны итгэгч ахан дүүс маань жил бүрийн 9.8ны өдөр буюу Гэгээн Мариагийн төрсөн өдрийг ёслон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр  Есүсийн  Эх  Мариа, Тэнгэрбурханаас сонгогдсон Цэвэр Охин Мариагийн итгэл бишрэлийг бахдан сайшааж,  түүний үлгэр дууриалаас суралцахын зэрэгцээ түүнд талархаж, үргэлжлүүлэн бидний төлөө  залбирхыг гуйж хүсдэг юм. Мариа Эх бидний итгэл бишрэлд их чухал нөлөө үзүүлж байдаг. Тэрээр Гэгээн Иоким болон Анна нарын гэр бүлд төрсөн бөгөөд тэдний итгэл бишрэл, сургамжинд өсөж ториноод, Тэнгэрбурханы дуудлагыг дуулгавартай хүлээн авсан билээ. Гэгээн Мариагийн амьдралаас бид бүхэн Тэнгэрбурханы хайр хишиг ямар агуу бөгөөд гайхамшигтай болохыг мэдэж авдаг. Мөн Тэнгэрбурхан хүн нэг бүрт ямар их хайртай, бас бидэнд тэнгэрлэг баяр хөөрийг хуваалцах боломж хайрласныг ойлгож ухаардаг билээ.  Итгэгч ахан дүүстээ Цэвэр Охин Мариагийн мэндэлсэн өдрийн баярын мэндийг хүргэж байна.

2015/09/01

Пап лам Францисын уриалгаас


08/28/2015
Тэнгэрлэг Эзэн минь, бид үргэлж ядуу гэр бүлүүдэд өгөөмөр хандаж, илүү ойр дотно байхад тусална уу.

08/25/2015
Эд баялагт хэт их татагдсан Христчин хүн өөрийн замаа алдсан байдаг.

08/21/2015
Өдөр бүрийн айлдлыг унших нь бидэнд өөрсдийн хувиа бодсон зан чанараа даван туулж, Багш Есүсээ үнэнчээр дагахад тус болдог билээ.

08/18/2015
Эцэгийн энэрэнгүй хайрыг бид өөрийн биеэр үзэж туулах үедээ, энэ бүхнээ баяртайгаар хөрштэйгөө хуваалцах боломж илүү их байдаг.

08/15/2015
Тэнгэрбурхан хамгийн эгэл даруу нэгнээр дамжуулан өөрийн агуу үйл хэргээ гүйцэлдүүлдэг болохыг Мариагийн амьдрал харуулдаг билээ.

2015/08/18

Гэгээн Мариа Сүмийн баяр

Манай "Гэгээн Мариа Сүм" ойн баяраа жил бүрийн Мариа Эх Тэнгэрт заларсан тэмдэглэлт өдөр тэмдэглэдэг билээ. Энэ жил 8.16ны ням гаригт  тохиосон бөгөөд баярын арга хэмжээг миса болон яармаг худалдаа гэсэн хэлбэрээр явуулсан юм. Баярын миса 10.30д эхлэсэн бөгөөд мисанд Хамба лам Венсэслао Падилла, фр.Пиер болон фр.Иаков нар хүрэлцэн ирж фр.Томасын хамт удирдан явуулсан билээ. Мөн мисанд бүх бүлгэмийн итгэгч нараас гадна бусад паришийн итгэгч ахан дүүс ч мөн адил хүрэлцэн ирж хамтдаа залбирч, баярын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байв. Хамба лам номлолдоо Мариа Эх ямар хүн байсан тухай маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөд  түүнд Христчин хүний сайн сайхан зан чанар шингэсэн байгааг дурдаад, хүн бүр түүнээс үлгэр дуурайл авч амьдрахыг уриалсан билээ. Мариа бол итгэл бишрэлээр Тэнгэрбурхантай ойр дотно байсан учраас Тэнгэрт заларсан бөгөөд бид бүхэнд урам зориг өгч, бас биднийг үргэлж өөрийн Хүүгийн адил анхаарч, бидний төлөө залбирч, тайтгаруулж өгдөг билээ хэмээн бид бүхэнд  сургаалиа олонтаа хайрласан билээ. Мөн паришийн лам фр.Томас итгэгч ахан дүүс нартаа хандаж 2022 он хүртэл хамтдаа алхацгаая гэсэн уриаг дахин сануулж, урам зориг билэглэж байв. Ийнхүү мисаны дараа хүрэлцэн ирсэн итгэгч ахан дүүсээ  баярын бялуугаар дайлж, яармаг худалдаа эхэлсэн билээ. Яармаг худалдаанд итгэгч ахан дүүс маань Солонгос хоол болон бусад хоол, ундааг бэлтгэсэн нь хүрэлцэн ирсэн хүмүүс маш өргөн сонголттой амтархан идэх боломжтой байлаа. Бас нас насны хүмүүст тохирсон хувцасыг төрөл төрлөөр нь зарсан нь сонголт хийхэд хялбар байв. Яармаг худалдаанд оруулж буй энэ бүх орлого нь сүмийн нийгмийн ажилд хувь нэмэр оруулах зорилготой байлаа. Баярын Мисандаа оролцож, яармаг худалдаанд идэвхитэй оролцсон бүх хүмүүст, ялангуяа энэ бүх ажлыг зохион байгуулсан сүмийн хамт олондоо талархаж байна.                  

2015/08/16

Пап лам Францисын уриалгаас


08/15/2015
Тэнгэрбурхан хамгийн эгэл даруу хүмүүсээр дамжуулан агуу их үйл хэргээ гүйцэлдүүлдэг болохыг Мариагийн амьдрал харуулдаг билээ.

08/13/2015
Мариа бол хишиг ивээлээр дүүрэн билээ. Тэрээр биднийг сорилтонд орох үед маань үнэхээр биднийг тайтгаруулдаг.

08/11/2015
Христтэй нүүр тулсан уулзалт нь бидний амьдралыг бүрэн өөрчилж чаддаг билээ.

08/08/2015
Бид бүгд гэм нүгэлтнүүд. Тэнгэрбурханы ивээл хишгээр өөрсдийгөө хувиргацгаая.

08/06/2015
Бид өөрсдийн Христчин амьдралаар уламжлан маш олон эрдэм буяныг сурч авдаг. Бүхнээс дээгүүр, ямар ч хариу нэхэлгүйгээр хайрлахыг бид сурдаг билээ.

2015/08/05

Пап ламын уриалгаас


08/04/2015
Бүгдээрэй Тэнгэрбурханы хайрыг зөвшөөрч өөрсдийн дотор гүн гүнзгий үндэслүүлцгээе.

08/01/2015
Гэр бүл дэх зочломтгой байдал бол өнөө үед, ялангуяа туйлын их ядуурал бий болсон нөхцөл байдалд гол эерэг шинж чанар билээ.

07/30/2015
Гэрлэлтийн хамгийн хүчирхэг гэрчлэл бол Христчин хосын үлгэр дуурайлтай амьдрал юм.

07/28/2015
Эрхэм хүндэт залуу анд нөхөд минь, гэрлэлтээс бүү айгтун: Христ өөртэй нь нэгдэж үлдсэн бүхий л хосуудтай өөрийн ивээл хишгээр хамтдаа алхаж байдаг.

07/25/2015
Христчин хүний гэрчлэл бол бодитой оршдог: үйлс үгүй үгс бол хий хоосон байдаг.

2015/07/21

Бэсрэг Наадам

Жил бүр манай "Гэгээн Мариа Сүм"-ээс итгэгч ахан дүүстээ зориулан Бэсрэг Наадам зохион байгуулдаг уламжлалтай билээ. Наадмын үйл ажиллагаа 7сарын 19нд "Түргэний Гол" хэмээх газар 11 цагт Мисагаар эхлэж, бүх бүлгэмийн итгэгч ахан дүүс маань хүрэлцэн ирсэн байлаа. Баяр наадамд Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж паришийн ахлах лам фр.Франциско болон фр.Томас нарын хамт Миса удирдсан юм. Тэрээр номлолдоо хүрэлцэн ирсэн итгэгч ахан дүүст хандаж өөрсдийн ах дүү, найз нөхдөө урин оролцуулан хамтдаа баярлан наадахыг уриалж байлаа. Мөн "Яваад сайхан амрагтун" хэмээн хүрэлцэн ирсэн бүх хүнд Есүсийн шавь нартаа хэлсэнийг дахин сануулав. Наадамд оролцож буй хүмүүс хоорондоо уралдаж, аль болох түрүүлэхийг эрмэлзэх нь мэдээж хэрэг билээ. Гэхдээ бие биедээ хатуу ширүүн аргаар бус энэрэл нигүүслээр хандаж, баяр хөөрөө хуваалцан сайхан наадахыг итгэгч ахан дүүстээ Хамба лам маань хүсэн ерөөсөн юм. Миса өндөрлөхөд бүгд Монгол
Улсын өрийн далбаагаа өндөрт мандуулан, төрийн дууллаа хүндэтгэлтэйгээр хамтдаа дуулсны дараа фр.Франциско уралдаан тэмцээнээ нээж үг хэлээд, наадамчин олноо хуушуур болон айргаар дайлсан юм. Ийнхүү наадам бөхийн барилдаан, шоо хаяж морь уралдах, шагайн харваа болон дэмбээ гэсэн төрлөөр явагдсан бөгөөд хүүхэд багачуудад зориулан тусгайлан гүйлтийн уралдаан тэмцээн болсон билээ. Бөхийн барилдааны насанд хүрэгчдийн төрөлд Билгүүн түрүүлж Отгонтөгс удаалж, өсвөр насанд Балсан түрүүлж Отгонбаяр удаалсан бол шоо хаяж морь уралдахад Төгсөө түрүүлж, Мөнхтуяа удаалж, дэмбээний төрөлд Төмөрхуяг түрүүлж Бямбадаш ах удаалж, шагай харваанд Үүрцайх түрүүлж наадамчин олноо баярлуулсан юм. Бэсрэг наадмын үеэр гадаа налгар сайхан болсонд хүн бүр Тэнгэрбурхандаа талархаж байлаа. Энэ өдөр хүрэлцэн ирж наадмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон итгэгч ахан дүүс нартаа болон зохион байгуулсан зөвлөлийн гишүүддээ талархаж буйгаа илэрхийлж байна.               

2015/07/07

Зуны Сургалт

 
Жил бүр манай Католик шашны сургалтын багш нарт зориулан зуны сургалт зохион байгуулдаг уламжлалтай билээ. Зуны сургалт 7.3~7.5ны хооронд үргэлжилсэн бөгөөд нийт бүх паришийн 24 багш нар оролцсон бөгөөд манай “Гэгээн Мариа Сүм”-ээс 5 багш оролцсон юм. Багш нар маань онцгой жил болох “Энэрэл нигүүслийн жил”-д зориулсан Пап лам Францисын захидалтай танилцаж, хоорондоо ойлгож ухаарсан зүйлсээ хуваалцан, өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн билээ. Ингэснээр өөрсдийн амьдралд энэрэл нигүүслийг хэрэгжүүлж, бусаддаа зааж сургахыг хүсэж буй талаар санал бодлоо хуваалцаж байлаа. Мөн энэхүү сургалтаар уламжлан кшс-ын багш нар маань хамтдаа залбирч, хамтдаа Миса өргөж өөрсдийн итгэл бишрэл болон сүнслэг амьдралаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээс гадна, сургалтын арга барил болон багаар ажиллах талаар сурч авсан билээ. Зуны сургалт үзэсгэлэнт Хандгайтад зохион байгуулсан нь хүн бүр баяртай байсан бөгөөд Хамба лам Венсэслао Падилла болон бусад паришийн лам нар хүрэлцэн ирж өөрсдийн сургаал номлол, чин сэтгэлээ үгээ илэрхийлж байсан нь КШСБагш нарт маш их урам зориг хайрласан билээ. Зуны сургалтанд хүрэлцэн ирж идэвхитэй оролцсон бүх багш нартаа болон зохион байгуулхад оролцсон бүх хүмүүст талархаж байна.

Пап лам Францисын уриалгаас


07/04/2015
Бидэнд жинхэнэ эрх чөлөө болон жинхэнэ аз жаргалыг өгдөг зүйл бол Христийн өрөвч нигүүлсэнгүй хайр билээ.

07/02/2015
Агуу дуудлага: Тэнгэрбурханаас бидэнд итгэмжтэйгээр хүлээлгэн өгсөн цэцэрлэгийн сүйрлийг зогсоох явдал билээ. Тэгснээр бүгд үүнд тааламжтай байх болтугай.

06/30/2015
Бидний амьдралыг утга учиртай болгож, биднийг авардаг Тэнгэрбурханы хайрыг хүн бүрт тунхаглах нь ямар гайхалтай хэрэг билээ.

06/27/2015
Шашин бол зүрх сэтгэлээ нээж бүхий л хүмүүст, ялангуяа хамаг хүчээр хичээж буй хүмүүст туслахад бэлэн байдаг эх хүн билээ.

06/25/2015
Гэмшлээр уламжлан Есүс өөр шигээ хайрлах чадвартай шинэ зүрх сэтгэлийг бидэнд өгөхийн тулд, биднийг бүхий л гэм нүглийн хамт угтан авдаг

06/23/2015
Тэнгэрбурханы хайр бол чөлөөтэй. Тэр хариуд нь юу ч хүсдэггүй; түүний хүсэж буй бүхий л зүйл бол өөрийн хайраа хүлээн зөвшөөрүүлэх юм.
 

2015/06/30

Баярын Миса

 Уламжлал ёсоор “Гэгээн Петр ба Паулын баяр”ын өдөрт буюу 6.28нд бүх паришийн итгэгч нар Катедралд (их сүмд) хамтдаа цуглаж, баярын миса өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ үеэр Солонгос улсад суугаа төлөөлөгч Ниюнсо хүрэлцэн ирж баярын мисанд оролцохоор товлосон боловч, харамсалтай нь мерс өвчний улмаас айлчлалаа түр хойшлуулсан юм. Гэсэн хэдий ч элчин сайд Ниюнсо өөрийн захиагаар уламжлан итгэгч ахан дүүс нартаа хандаж баярын мэнд дэвшүүлэн, чин сэтгэлийн үгээ илэрхийлж буйг Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла уншиж танилцуулсан билээ. Хамба лам номлолдоо: Өнөөдөр дэлхий даяар, бүх сүмүүдэд Гэгээн Петр ба Паулын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Жил бүрийн энэ өдөр бид Пап лам Ариун Эцэгийн баяр буюу Гэгээн Петр ба Паулын баярыг ёслон тэмдэглэдэг юм. Энэ өдрийг тохиолдуулан Петр нь сүмийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болохыг ойлгож болно. Эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Петрийг өнөөг хүртэл Пап лам залгамжилж ирсэн билээ. Мөн бид бүхэн Пап ламаар уламжлан эвлэн нэгдэж, сайн мэдээний тунхаглалд урин дуудагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Тиймээс бид бүхэн Пап ламын хамт Тэнгэрлэг Эзэн Есүсийн айлдсан өнөөдрийн айлдалд хариуцлагатай хандах учиртай. Бид өөрсдөө Тэнгэрлэг Эзэн, Тэнгэрбурханыг тунхаглаж байна. 
Өнөөдөр бид Ариун Эцэгтээ талархаж, ялангуяа Петрээс залгамжилж ирсэн даатгалт мутрын төлөө залбирах хэрэгтэй. Бидний хайр хүндлэл болон залбирал нь маш чухал билээ. Бид өөрсдийнхөө төлөө, бид Тэнгэрбурханы өмнө зохистой нэгэн байж, энэхүү ажлыг хийж чадахын төлөө залбирах хэрэгтэй. Бүх хүмүүсийн төлөө ялангуяа удирдагч нарын, өөрсдийн хамба ламын төлөө, бүх санваартнуудын төлөө, сүсэгтнүүдийн төлөө залбираарай. Та бүхэндээ Гэгээн Петр ба Паулын баярын мэнд хүргэж байна хэмээн Хамба лам Венсэслао Падилла номлолоо өндөрлөв. Ийнхүү Мисаны дараа паришийн хүүхэд залуучууд өөрсдийн бэлтгэсэн тоглолтоо сонирхуулж, итгэгч ахан дүүсээ баярлуулсан билээ. Энэ бүхнийг бэлтгэсэн Гэгээн Петр ба Паул паришийн хамт олон, бүх хүмүүст талархаж байна.