2015/05/27

ПЭНТИКОСТЫН БАЯРЫН МИСА


5 сарын 24ны Ням гаригт манай "Гэгээн Мариа Сүм" дээр  Пентикостын баярын мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Мисанд фр.Эрнесто хүрэлцэн ирж, паришын ахлах лам фр.Франциско ба фр.Томас нар удирдсан юм. Пентикостын баяр бол манай Католик Шашны хувьд том баяр бөгөөд Тэнгэрбурханаас бидэнд хайр хишгээ буулгаж,  Ариун Сүнснийг өгсөн баярын өдөр билээ. Тиймээс энэ онцгой баярыг дэлхийн өнцөн булан бүрт их өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай Монгол итгэгч ахан дүүсийн хувьд ч мөн адил ихэд хүсэн хүлээдэг баярын нэг юм. фр.Франциско номлолдоо мисанд хүрэлцэн ирсэн ахан дүүст, онцгойлон Бататгах ёслолд орох гэж буй хүмүүст зориулан дөрөв дэх удаагийн хичээлээ хүргэсэн билээ. Ариун Сүнсийг хүлээн авахын тулд өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар, Бататгах Ариун ёслолын түүхэн үйл явц болон утга учрыг тайлбарлаж өгөөд, хэрхэн ямар нэг эргэлзээгүйгээр Тэнгэрбурханд итгэл төгс байхын утга чухлыг тайлбарлаж өгсөн билээ. Тэгвэл энэхүү итгэлээ өөрсдийн үйлдэл буюу Хайр, Тусламж, Хуваалцал гурваар илэрхийлдэг бөгөөд үүнд хэрэгтэй туслажийг Тэнгэрбурханаас буюу Ариун Сүнснээс гуйх хэрэгтэй. Тиймээс Ариун Сүнс бол бидний хамгаалагч, туслагч, удирдагч гэдэгт итгэлтэй байж, бие биендээ хуваалцахыг итгэгч ахан дүүстээ уриалсан юм. Энэ бол Бататгах ёслолд зориулсан дөрөв дэх удаагийн хичээл байлаа. Мөн баярын мисаны үеэр Солонгосын Ёоидуугаас ирсэн итгэгч нар өөрсдийн бэлтгэсэн дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Эдгээр итгэгч нар өөрсдийн сүмийн ахан дүүсээ төлөөлж Монголд ирсэн бөгөөд манай сүмийн төлөө "Сарнайн Эрхин залбирал" өргөсөн байлаа. талархал илэрхийлж Энэхүү 5000 удаа залбирсан өргөлөө фр.Францискод гардуулсан өгсөн юм. Энэ нь баяр дээр бас дахин баяр нэмж, итгэгч ахан дүүсийг баярлуулсан үйл явдал болсон билээ. Сэтгэл гарган "Гэгээн Мариа Сүм"-ийн төлөө залбирсан Солонгос ахан дүүстээ талархаж буйгаа илэрхийлж байна. Мөн мисандаа хүрэлцэн ирсэн бүх хүмүүст, бас удахгүй Тосон баталгаа хүлээн авах гэж буй итгэгч нартаа амжилт хүсээд,Тэнгэрбурханы хайр хишиг хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлж байна.  

2015/05/19

Пап лам: Айдастай бас баяр хөөргүй хамт олон бол Христчин биш

Айдастай бас баяр баясалгүй хамт олон өвчилсөн байдаг бөгөөд, тэд нар Христчин хамт олон биш юм. Энэ бол Пап лам Францисын Гэгээн Мартын өргөөнд өргөсөн Мисан дээр хэлсэн захиас юм.


“Айдас” ба “баяр хөөр” – эдгээр үгс нь бүтэн өдрийн ёслолын үгс юм. Айдас бол “биднийг гэмтээдэг хандлага юм гэж Пап лам хэлэв. Энэ нь биднийг сул дорой болгож, энэ нь биднийг гэмтээдэг. Энэ нь бүр биднийг мэдээ алдуулдаг. Айж байгаа хүн “юу ч хийдэггүй, юу хийхээ ч мэддэггүй.” Тэрээр зөвхөн өөртөө төвлөрч, тэгснээр ямар ч муу зүйл тохиолдохгүй. Айдас нь “биднийг өөртөө төвлөрсөн амиа хичээгч болгож, мэдээ алдуулдаг.” Айдастай Христчин хүн бол Есүсийн захиасыг ойлгоогүй хүн хэмээн тэрээр үргэлжлүүлэв.  
“Тийм учраас Есүс Паулд хандаж: ‘Бүү ай. Яриага үргэлжлүүлэгтүн.’ хэмээн хэлдэг. Айдас бол Христчин хүний хандлага биш. Энэ хандлага бол бидний хэлдэгчлэн эрх чөлөөгүй торонд орсон амьтадыг хэлнэ, толгойгоо дээш өргөн ямар нэг зүйл бүтээж, сайн зүйл хийх эрх чөлөөгүй хүн юм..... үргэлж үгүй: ‘Үгүй, гэхдээ энэ аюултай, энэ бол өөр зүйл, өөр...’ Тэгвэл энэ бол дутагдал. Айдас нь хор хөнөөл учруулдаг.”

Мариагийн сар буюу Тавдугаар сард сүсэглэх нь

 
Тавдугаар сар буюу "Мариагийн Сар"-ыг эртнээс тэмдэглэж, сүсэглэж ирсэн уламжлалтай билээ. Мариа бол Есүс Христийн ээж бөгөөд Цэвэр Ариун байдал, өөрийн итгэл бишрэлээр Тэнгэрбурханаас онцгойлон хайр хишиг хүртсэн гэгээн хүн билээ. Тиймээс ч Гэгээн Мариа нь "Залбирлын Хатан", "Шашны Эх" хэмээх нэр алдрыг хүртэж, сүсэгтэн олноо үлгэрлэн Тэнгэрбурханд үйлчилдэг залбирлын зуучлагч юм.  
Манай Католик Шашны хувьд 5-р сард онцгойлон Гэгээн Мариад хүндэтгэл үзүүлдэг. Онцгойлон эргэл мөргөлүүд зохион байгуулж, түүнд зориулан сүмүүдэд зочилж, мөн түүний хүндэтгэлд зориулан бяцхан золиос хийж, суралцах цаг мөчдөө болон амжилттай дууссан ажлаа түүнд өргөж, сарнайн эрхин залбирлын уншлагад илүү санаа тавьдаг билээ. 5-р сарын 31нд буюу сүсэг бишрэлийн сүүлийн өдрийг үргэлж баяр ёслолоор тэмдэглэдэг. Заримдаа Тавдугаар сарын сүсэг бишрэлийг гадагшаа ойд юм уу, онцгой зориулагдсан газар хийж болдог.
Манай "Гэгээн Мариа Сүм"-ийн хувьд жил бүр 'Мариагийн шөнө'-ийг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд 5-р сарын 30ны орой тэмдэглэхээр төлөвлөж байна. Та бүхэн Мариагийн сард идэвхитэй оролцож, залбиралдаа өргөнөөр оролцохыг урьж байна. 
  
  .

   

Пап лам Францисын уриалгаас


05/16/2015
Өөрийн хаагдмал байдлаас болж өвчилсөн Шашин байснаас, гадагш гарч гудамжинд шархалсан Шашин байсан нь илүү дээр.
 
05/14/2015
Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ, та бүхэн сэтгэл зүрхнийхээ гүнээс уучилж өршөөж чаддаг, агуу их тэвчээртэй байгаарай.

 
 
05/12/2015
Яагаад бусдын алдаа дутагдлыг тэвчихэд тийм хэцүү байдаг юм бэ? Бидний гэм нүглээс болж гуниглаж буй Есүсийг бид мартсан юм биш биз?
 
05/09/2015
Тэд биднийг хайрлаагүй байсан ч хүн бүрийг хайрлан, сайхан сэтгэлээр амьдарч сурцгаая.

05/07/2015
Бид өөрийн талхны мөнгөө олж чадахгүй тохиолдолд, бид өөрсдийн сүр хүчээ алддаг. Ялангуяа залуучуудын хувьд, энэ бол өнөөгийн эмгэнэлт явдал юм.

2015/05/12

Бататгал ёслолд зориулсан сургалт

Манай "Гэгээн Мариа Сүм"-ээс итгэгч нартаа зориулан Бататгах Ариун Ёслолд зориулж,  гурван удаагийн сургалт зохион явуулж байгаа билээ. Учир нь өнгөрсөн хугацаанд Ариун Угаалын ёслолд оролцсон боловч Бататгах ёслолд орж чадаагүй итгэгч нар олон байгаа тул, 5 сарын 3 наас эхлэн ням гаргийн Мисаны дундуур хичээл зааж байгаа юм. Ингэснээр зөвхөн Бататгах ёслолд орох итгэгч нараас гадна Мисанд хүрэлцэн ирсэн бүх хүмүүс хичээл сонсож, мэдлэгээ дээшлүүлэх боломжтой боллоо. Энэхүү хичээл нь номлолын дараа үргэлжлэн явагддаг бөгөөд эхний хичээлийг фр.Франциско заасан бол энэ удаагийн хичээлийг Ганцэцэг Клара заалаа. Тэрээр үндсэн ёслолын талаар заахдаа PPD ашиглан, Монголын уламжлал ёстой уялдуулан тайлбарлаж өгсөн нь их сонирхолтой болсон билээ. Энэхүү хичээлд идэвхитэй оролцож, мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгч нартаа талархаж байна. Ялангуяа хараахан Бататгах сакрамент хүлээн аваагүй хүмүүсийг хичээлдээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

2015/05/07

Пап лам Францисын "Энэрэл Нигүүслийн Жилд" зориулсан залбирал

Пап лам Францис Энэрэл Нигүүслийн Жилд зориулан залбирал зохиосон билээ. Ариун Эцэг маань залбирлаар уламжлан Энэрэл Нигүүслийн Жилдээ Тэнгэрлэг Эзэнээс ивээл хишгийг гуйж байгаа бөгөөд, ингэснээр Сүм “урам зоригтойгоор дахин шинэчлэгдэж, ядууст сайн мэдээ хүргэн, боолчлол болон дарамт шахалтаас чөлөөлөгдөж, сохор үзэл бодлоос сэргээгдэх болтугай.”

 
 

Пап лам Францисын уриалгаас


 
05/05/2015
Есүсийн харцыг өөртөө мэдэрч, сүм дуганы өмнө цаг өнгөрүүлэх нь бидний хувьд сайн юм.

05/02/2015        
Христийн хайр бидний зүрх сэтгэлийг дүүргэж, биднийг үргэлж уучилж өршөөх боломжтой болгодог.

04/30/2015                                                                                
Бид олон саад бэрхшээл дунд байхдаа, бүр булшинд байхдаа ч Тэнгэрбурханы хязгааргүй энэрэл нигүүсэлд итгэх өөрийн итгэлээ алдахгүй байх болтугай.

04/28/2015                                                                                      
Өөрсдийг нь сонсох ахан дүүсийг олохын тулд, Тэнгэрбурханыг эрж хайж буй  
тэдгээр хүмүүст зориулан бүх Христчин хамт олон тавтай морилхыг урьж байдаг гэр нь байх ёстой.  

04/25/2015
Бид нар өөрөө өөрөөсөө гарч, Тэнгэрбурханы энэрэл нигүүсэл ба хайр энхрийллийг бүгдэд хүргэдэг Христчин хүмүүс билээ.