2015/06/30

Баярын Миса

 Уламжлал ёсоор “Гэгээн Петр ба Паулын баяр”ын өдөрт буюу 6.28нд бүх паришийн итгэгч нар Катедралд (их сүмд) хамтдаа цуглаж, баярын миса өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ үеэр Солонгос улсад суугаа төлөөлөгч Ниюнсо хүрэлцэн ирж баярын мисанд оролцохоор товлосон боловч, харамсалтай нь мерс өвчний улмаас айлчлалаа түр хойшлуулсан юм. Гэсэн хэдий ч элчин сайд Ниюнсо өөрийн захиагаар уламжлан итгэгч ахан дүүс нартаа хандаж баярын мэнд дэвшүүлэн, чин сэтгэлийн үгээ илэрхийлж буйг Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла уншиж танилцуулсан билээ. Хамба лам номлолдоо: Өнөөдөр дэлхий даяар, бүх сүмүүдэд Гэгээн Петр ба Паулын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Жил бүрийн энэ өдөр бид Пап лам Ариун Эцэгийн баяр буюу Гэгээн Петр ба Паулын баярыг ёслон тэмдэглэдэг юм. Энэ өдрийг тохиолдуулан Петр нь сүмийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болохыг ойлгож болно. Эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Петрийг өнөөг хүртэл Пап лам залгамжилж ирсэн билээ. Мөн бид бүхэн Пап ламаар уламжлан эвлэн нэгдэж, сайн мэдээний тунхаглалд урин дуудагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Тиймээс бид бүхэн Пап ламын хамт Тэнгэрлэг Эзэн Есүсийн айлдсан өнөөдрийн айлдалд хариуцлагатай хандах учиртай. Бид өөрсдөө Тэнгэрлэг Эзэн, Тэнгэрбурханыг тунхаглаж байна. 
Өнөөдөр бид Ариун Эцэгтээ талархаж, ялангуяа Петрээс залгамжилж ирсэн даатгалт мутрын төлөө залбирах хэрэгтэй. Бидний хайр хүндлэл болон залбирал нь маш чухал билээ. Бид өөрсдийнхөө төлөө, бид Тэнгэрбурханы өмнө зохистой нэгэн байж, энэхүү ажлыг хийж чадахын төлөө залбирах хэрэгтэй. Бүх хүмүүсийн төлөө ялангуяа удирдагч нарын, өөрсдийн хамба ламын төлөө, бүх санваартнуудын төлөө, сүсэгтнүүдийн төлөө залбираарай. Та бүхэндээ Гэгээн Петр ба Паулын баярын мэнд хүргэж байна хэмээн Хамба лам Венсэслао Падилла номлолоо өндөрлөв. Ийнхүү Мисаны дараа паришийн хүүхэд залуучууд өөрсдийн бэлтгэсэн тоглолтоо сонирхуулж, итгэгч ахан дүүсээ баярлуулсан билээ. Энэ бүхнийг бэлтгэсэн Гэгээн Петр ба Паул паришийн хамт олон, бүх хүмүүст талархаж байна.



2015/06/23

Пап лам Францисын уриалгаас


06/19/2015
Тэнгэрлэг Эзэн минь, биднийг өөрийн хүч чадал болоод гэрэл гэгээгээр барьж авна уу. Бид илүү сайн ирээдүйн төлөө бэлтгэж, бүхий л амьдралаа хамгаалахад бидэнд туслана уу.

06/19/2015
Бүгдээрэй алхаж буйн нэгэн адил дуулцгаая. Энэ дэлхий дээрх тэмцэл болон санаа зовоож буй зүйлс нь бидний итгэл найдварын баяр хөөрийг маань хэзээ ч бүү арилгах болтугай.

06/19/2015
Хуваагдашгүй нэгдмэл байглийн ухаан нь биднийг өөрсдийн амьдралын хэв маяг болон өөрсдийн бодол санаандаа эргэцүүлэл хийх цагийг багтааж өгдөг. 

06/19/2015
Христчин хүний сүнслэг амьдрал нь амьдралын мөн чанарын хувьд шинэлэг ойлголтыг санал болгодог.

06/19/2015

Бид өөрийн авьяас чадвараар амьдарч буй Тэнгэрбурханы гараар урлагдсан хамгаалагч байна гэдэг нь бидний Христчин амьдралын туршлага дахь хоёрдогч нүүр царай биш юм. 

2015/06/15

Пап лам Францисын уриалгаас


06/13/2015
Өнөөгийн Шашин бол итгэл бишрэлийнхээ төлөө амиа золиослогчдын маш олон баатарлаг гэрчлэлүүдээс бий болсон Шашин юм. Бид тэдний урам зоригоос суралцах болтугай.

06/11/2015
Ажил хөдөлмөр байхгүй газар сүр хүч үгүй.

06/09/2015
Эвхаристын Ариун ёслолоор бид нар өөрийгөө өгч буй Тэнгэрбурханыг олдог билээ.

06/04/2015
Бид Тэнгэрбурханы Ерөөлийн гэрлээр нийгмийг босгон байгуулж, өөрсдийн дунд буй Хаанчлалыг зорин алхах хэрэгтэй.

06/02/2015
Айлдлын гэрэл нь хайрын соёл иргэншилд үйлчлэхээр өөрсдийгөө зориулж буй бүх хүнийг удирдан дагуулдаг юм.

2015/06/02

Бататгах ёслол

Манай "Гэгээн Мариа Сүм" дээр 5.31 ний ням гаригт буюу "Туйлын Ариун Нандин Гурвал" Их баяр тохиосон давхар баярын өдөр манай итгэгч нар Бататгах ёслолд орсон билээ. Энэ өдөр Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла, фр.Эрнесто нар хүрэлцэн ирж, паришын ахлах лам фр.Франциско болон фр.Томас нарын хамт миса удирдсан юм. Хамба лам номлолдоо: хамтдаа Туйлын Ариун Нандин Гурвалын баяр буюу Эцэг Хүү Ариун Сүнсний баярын миса тэмдэглэж буйг илэрхийлээд, бид бүхэнд Ариун Гурвал буюу ганц Тэнгэрбурханы тухай маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн билээ. Мөн Бататгах ёслол буюу тосон адислалаар уламжлан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг учир бүгд Ариун Сүнсэнд итгэл бишрэлтэй байхыг хүссэн юм. Тэрээр үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд өөрт тохиолдсон зүйлийн талаар бидэнтэй хуваалцаж байгаад талархаж байлаа. Мөн өөрийнх нь төлөө залбирч байсан хүмүүст талархаж байв. Хамба лам биеэ эмчлүүлэхээр Солонгос улсад байх хугацаанд өөртөө санаа зовж, айдас төрж байсан хэдий ч уйгагүй залбирсны хүчээр хэрхэн итгэл бишрэлээ улам батжуулж болохыг бид бүхэнд сургасан юм. Мөн юу хийдэг, хэн байх нь хамаагүй өөрийн айдсаа нууж дарах бус харин ил гарган даван туулахын тулд хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гарган залбирснаар Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авах боломжтой болохыг номлосон билээ. Мисаны үеэр Монгол болон Солонгос итгэгч нар бататгах ёслолд орсон бөгөөд ёслолыг Хамба лам Венсэслао Падилла удирдан явуулсан билээ. Мисаны төгсгөлд фр.Франциско сүмийн зөвлөлийн гишүүдийг шинээр томилж байгааг зарлаж, тэдэнд томилолт гардуулах ёслол болсон юм.  Энэ өдөр мисандаа идэвхитэй оролцсон бүх итгэгч нар, ялангуяа шинээр Бататгах ёслолд орсон хүмүүст баяр хүргэж байна.
           

2015/06/01

Мариагийн шөнө


Манай "Гэгээн Мариа Сүм" дээр жил бүр Мариагийн шөнө буюу Мариа Элизабетэд зочилсон өдрийг  тэмдэглэдэг бөгөөд 5.30нд орой 8.00 цагаас тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Уламжлал ёсоор бүх сүсэгтнүүд сүмийн гадаа Мариагийн баримлын өмнө цуглаж, бүлгэм бүр Мариа Эхэд зориулан цэцэг өргөн хамтдаа сарнайн эрхин залбирлаа залбирч дуусаад, дараа нь бүлгэм бүрээс бэлтгэсэн бяцхан тоглолтоо үзүүлсэн билээ. Комбинат бүлгэмийн ахан дүүс маань өөрсдийн бэлтгэсэн бүжгээ сонирхуулж, Зуун мод бүлгэмээс шүлэг уншиж үзүүлсэн бол, Нисэх болон Яармаг бүлгэмээс өөрсдийн бэлтгэсэн дуугаа дуулж үзүүлсэн нь хүн бүрийг баярлуулсан билээ. Гэхдээ энэ удаагийн Мариагийн шөнийн залбиралд Солонгос улсаас ирсэн жаз хөгжимчин Шин Квон Вү оролцсон нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, тэдний итгэлд их хувь нэмэр оруулсан юм. Тэрээр паришийн ахлах лам фр.Францискогийн урилгаар Монголд хүрэлцэн ирсэн бөгөөд итгэгч хүний хувьд бусад ахан дүүстээ өөрийн авьяас билгээ хуваалцахаар ирсэн билээ. Мариагийн шөнийн залбирлын өмнө хөгжимчин Шин Квон Вү нь Мариад хүндэтгэл үзүүлэн залбирлын аянуудыг тоглосон нь итгэгч ахан дүүсийг Мариагийн энэрэл нигүүлсэл ба тайтгарлыг хүлээн авч, түүнтэй хамт залбирах боломж өгсөн юм. Хэдийгээр богино хугацаанд тоглосон хэдий ч итгэгчид сэтгэлдээ бясалгаж, баяртайгаар хүлээн авч байлаа. Мариагийн шөнийн залбиралдаа хүрэлцэн ирж идэвхитэй оролцсон бүх бүлгэмийн ахан дүүстээ талархаж буйгаа илэрхийлж байна. Ялангуяа хөгжимчин Шин Квон Вү танд өөрийн авьяас билгээ хуваалцаж, итгэгчдийн итгэлийн амьдралд хувь нэмэр оруулсанд талархаж байна.

Пап лам Францисын уриалгаас


05/30/2015
Тэнгэрлэг Эзэн минь, биднийг Өөртэйгөө уулзуулдаг гайхамшигт бэлгийг соёрхоно уу.

05/28/2015
Христчин хүмүүс онолын мэдлэгт бус харин Хүнд хандаж: Христ бол амилсан бөгөөд амьд, бүхний Аврагч нэгэн билээ хэмээн гэрчилдэг.

 
 
05/26/2015
Бид хөгширсөөр байгаа өөрийн өвөө эмээдээ айлчилснаар Дөрөв дэх Хуулиа сахих боломжтой юм.

05/23/2015
Ариун Сүнс өдөр бүр бидний сэрээх болтугай: Тэрээр Христийн дагалдагчдын замд биднийг удирдан дагуулдаг билээ.

05/22/2015
Тэнгэрлэг Эзэн минь, дарамтанд орсон Христчин хүмүүст өөрийн Ариун Сүнсийг илгээж, тайтгарал ба хүч чадлыг авчирч өгнө үү.