2016/12/24

Христийн мэндэлсэн их баярын өдрийг ёслон тэмдэглэлээ.

Амар тайван болон хайрыг авчрагч дэлхийн гэрэл болсон Есүсийг хүлээн авахын утгыг агуулсан цаг улирлын хамгийн том баяр Христийн мэндэлсэн баярын өдрийг ёслон тэмдэглэлээ. 


Хамгийн энгийн эгэл даруу Түүний мэндлэлт нь бидний итгэл бишрэлийг ахин сэргээх шинэчлэлийг авчирдаг билээ. Тиймээс энэхүү баярын өдөр Тэнгэрбурханы авралын дуудлаганд итгэл бишрэлээр хариулахаар шинэ сүсэгтнүүд мэндлэн гарсан юм. 


Итгэл бишрэлийн гэр бүлд нэгдэн ордог ариун угаал үндсэн ёслолыг хүлээн авсан шинэхэн итгэгч залуус өөрсдийн хүлээн авсан баптизмыг шинэ амьдралын эхлэл болгон хариуцлагатайгаар баяртайгаар батлан амьдрах тухайгаа гэрчлэн амласан юм. 


Мөн Мэндэлсэн баярын мөргөлийн үеэр сүсэгтэн гэр бүлийн эцэг эхийн зөвшөөрлөөр бяцхан сүсэгтнүүд маань ариун угаал үндсэн ёслолыг хүртсэн юм. Тэдний ирээдүйн амьдралд Аврагч Эзэний гэрэл, хайр хамт оршин нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байгаасай хэмээн эцэг эх загалмайлсан гэр бүл нь хүсэн ерөөлөө. 

Бидний дунд оршин байдаг Аврагчийнхаа мэндэлсэн их баяраар сүсэгтэн бүрд, тэдний гэр бүлд бяцхан Христ мэндэлсэн ба тэрхүү Христийн амар тайван, энэрэл хайр дүүрэн хүртэхийн төлөө Түүнд хүндэтгэн мөргөдөг билээ. 

2016/12/23

"Цагаан үдэш" итгэлийн хуваалцлын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.


Итгэл бишрэл нэгт ахан дүүс ах эгч нарынхаа хамт нэгэн үдшийг өнгөрүүллээ. 
Монгол дахь католик Шашны багш нарын зуны сургалт семинарын үеэр томилолт болгон хүлээн авсан уг арга хэмжээ нь гэр бүлтэй залуус хийгээд ахмад үеийнхнийхээ төлөөх үйл ажиллагаа байсан юм. 
Монголчууд бид эрхэмлэн дээдэлдэг бүхнээ цагаан ариун зүйлтэй зүйрлэн хүндэлдэг тул энэ үдэш цагаан хайр, цагаан хүсэл, цагаан мөрөөдөл, цагаан итгэл зэрэг сэдвийн хүрээнд өөрийн нандин дурсамж, гэгээн хүсэл мөрөөдлийн тухай онцгойлон ярилцсан хүндлэлийн үдэш болсон билээ. 
Хүүхэд залуусынхаа үлгэр дуурайл болдог ах эгч нар маань итгэл бишрэлээ хуваалцан хамтдаа талархал, хөөр баярыг шингээсэн өөрийн түүхээ хуваалцан гэрчлэл хийж, хөгжөөнт тоглоом таавар, магтан дуу бүжигтэй дурсамжит "Цагаан үдэш"ийг тэмдэглэн өнгөрүүллээ. 
Уг үйл ажиллагааг 6 сард нэг удаа зохион байгуулахаар шийдсэн ба Цагаан үдэш үйл ажиллагааны таксыг нийгмийн ажилд зориулахаар сүмдээ өргөн барьсан юм. 


2016.12.23

2016/12/06

Нисэх, яармагт өдөр өнжүүлэх нээгдлээ


Сургуулийн насны хүүхдүүдийн ирээдүйн төлөө тэдний хичээл хийх орчинг бүрдүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 6 болон 16-р хороонд өдөр өнжүүлэх хичээлийн танхимыг нээн адислалаа.


Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээл хийх таатай орчинг бүрдүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд нь туслах зорилготой энэхүү хичээлийн байр нь  10:00-16:30 гэсэн цагийн хуваарьтайгаар ажиллаж эхэлсэн байна. 

Багш болон харилцан бие биенээ хүндэтгэх ганцхан дүрэм бүхий энэ танхим нь хүүхдүүдийн боловсролд багахан боловч тус болохын тулд гэрийн даалгавар хийхэд нь туслах ба цаашдаа хүүхдийн идэвхи болон сурах байдлыг харгалзан англи болон солонгос хэлний сургалт явуулах төлөвлөгөөтэй байгаа юм. 


Сүсэгтэн ахан дүүс та бүхэн энэхүү үйл ажиллагааг дэмжин сайн дурын үйлчлэл хийхийг хүсвэл сүмийн нийгмийн ажилтантай холбоо барина уу. 


Өдөр өнжүүлэх хаяг:
  1. ХУД Нисэх 16-р хороо Тайнийн 1-24
  2. ХУД Яармаг 6-р хороо Нүхт29 ХБЗ 3-1
Холбоо барих: 9993-4992 /Н.Отгонгэрэл Нийгмийн ажилтан/


2016/11/02

Хамаг итгэлт талийгаачдыг дурсахуйн өдрийн онцгой залбирал

Хамаг талийгаачдыг дурсахуйн өдөр нь насан эцэслэсэн бүх хүн, ялангуяа зуурдын орон дахь амь сүнснүүд нэг өдрийн өмнө ч болтугай Тэнгэрийн хаанчлалд орж чадахуйц болгохын төлөө залбирдаг өдөр юм. 
Шашин нь Хамаг гэгээнтнүүдийн баярын өдөр болох 11 сарын 1-с 8 өдөр хүртэл чин сэтгэлээсээ оршуулгын газарт очин хорвоог орхисон хүмүүсийн төлөө залбирахыг уриалдаг. 


Энэхүү уриалгын дагуу Гэгээн Эх Мариа сүмийн сүсэгтэн бид нас барсан ахан дүүсийнхээ төлөө залбирахаар хамтдаа "Их наран"оршуулгын газрыг зорьдог билээ. 



Бид Христэд итгэн амьдарч байгаад энэ хорвоогоос хальсан бүх хүмүүс Христийн хамт амилна гэдэгт итгэдэг. Мөн тэдний төлөөх бидний залбирлыг Тэнгэрбурхан сонсож, нас барсан ахан дүүст  минь Өөрийн хаанчлалын үүд хаалгыг нээж өгөхийг хүсэн залбирдаг. Үлдсэн бид хайртай тэдгээр хүмүүстэйгээ Христийн дотор дахин уулзах мөч хүртэл итгэлийн үгээр бие биенээ тайтгаруулан амьдрахад туслахыг Эзэнээс гүйдаг. 





Итгэл бишрэлийн доторх Тэнгэрбурханы агуу бэлэг болсон найдварыг өвөртлөн амьдрах нь итгэл бишрэлт биднийг хүнд хэцүү цаг төдийгүй үхлийн өмнө ч бат зогсоход тусалдаг билээ. 

2016/10/30

Ариун Хаалга-ыг зорин эргэл мөргөл үйлдлээ.



Эргэл мөргөл хэмээх зан үйл нь Өршөөл нигүүлслийн энэхүү онцгой баярт жилийн нэгэн чухал итгэл бишрэлийн аян юм. Энэхүү амьдралдаа туулах ёстой итгэл бишрэлийн аян замыг бэлгэдсэн эргэл мөргөлийг хүн бүр Ром хот дахь Ариун Хаалга эсвэл уугуул нутаг дахь Ариун Хаалга руу зорин үйлдэх ажээ. Ариун Хаалганы босгыг даван орсноор бид Тэнгэрбурханы энэрэл хайраар тэврүүлэх ба Эцэг бидэнд ханддаг шиг бусдад нигүүлсэнгүй хандахад өөрийгөө зориулах зорилготой юм.

Монгол дахь католик Шашны итгэгч болохынхоо хувьд Гэгээн Эх Мариа сүмийн сүсэгтэн бид Петр Паул Гэгээнтнүүдийн Катедрал дээр нээгдсэн Ариун Хаалга руу эргэл мөргөл үйлдлээ.

Эргэл мөргөлийн үйл явц нь Эзэний Дууллын хамт эхэлж Тэнгэрбурханы энэрэл нигүүлслийг хүртэхийг, хэрэгжүүлэхийг бидэнд ахин дахин сануулсан билээ. Бидний итгэл бишрэл Тэнгэрбурханы жинхэнэ нүүр царай болсон Есүс Христийн томилолт болон сүсэгтэн болсон бидний томилолтыг нэгтгэн өгсөн юм.

 Энэхүү Ариун Хаалгаар орсон эргэл мөргөл нь гэм нүгэлээ гэмших ариун ёслол болон итгэл бишрэлийн илэрхийллээр үргэлжлэн Христийн Биеийн хүндэтгэл залбирал дотор өндөрлөлөө.







2016/10/02

Түүнийг мэдэхийг, Түүнийг дагахыг сур.

 Ариун Угаалын бэлтгэл ангийн сонсогчдыг угтан авлаа. 

Сонсогчдын зөвшөөрлийг хүлээн зөвшөөрөх ёслол гэж нэрлэгддэг энэ ёслол хамгийн чухал. Сүм апостолик шашин дэлгэрүүлэлтийг хэрэгжүүлж, үүний гишүүн болохыг эрмэлзэж буй тэднийг ёслолоор нийтийн өмнө илэрхийлж, хүлээн авдаг.

Уг Ёслолыг манай сүм 9 сарын 25 болон 10 сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Бидний өмнө өөрийн итгэл бишрэлээ үзүүлэн шинэ замыг сонгосон ахан дүүсийнхээ итгэлийг хүлээн авч нэгэн гэр бүл болсондоо таатай байна. 

Ёслол нь нэр дэвшигчдийн хүлээн авалт, Тэнгэрбурханы үгийн ёслол, нэр дэвшигчдийн татгалзал зэргээс бүрэлддэг ба эвхаристийн ёслол дагалдаж болно. Ёслолын удирдагч бол санваартан эсвэл тахилч байна. Ивээн тэтгэгчид/багш болон сахилт ах эгч нар/ ирсэн нэр дэвшигчдийг Сүмд танилцуулах үүднээс мөн оролцох ёстой байдаг



Энэ цаг мөчөөс эхлэн сонсогчдыг эхийн хайр халамжийн адил Сүм тэвэрдэг. Сүмд нэгдсэн эдгээр сонсогчид одоо Христийн гэр бүлийн хэсэг юм. Учир нь, Сүм тэднийг Тэнгэрбурханы үгээр тэтгэж, ёслол үйлдэхийн утга учраар дэмждэг.


Загалмайллыг өгөхдөө ёслолын удирдагч ийнхүү хэлдэг:

Энэ бол Хайрынхаа тэмдгээр чамайг хүчирхэгжүүлж буй Христ юм. Түүнийг мэдэхийг, Түүнийг дагахыг сур. 

СОНСОГЧДЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁСЛОЛ-оос
FIRST STEP: ACCEPTANCE INTO THE ORDER OF CATECHUMENS

2016/09/16

Санваартан Б.Энх Иосеф талархлын мөргөл хийлээ.

Монгол дахь католик Шашин 8 сарын 28ны өдөр анхны монгол санваартнаа угтан авсан билээ. Энэхүү ёслол Гэгээн Петр ба Паулын сүмд монгол дахь бүх католик итгэгчид төдийгүй гадны олон зочид төлөөлөгч, итгэгчдийн хамт ёслол төгөлдөр болж өнгөрсөн юм.


 Үүнтэй холбогдуулан санваартан Энх Иосеф нь монголд буй бүх католик сүмүүдээр явж итгэгчдийнхээ хамт Тэнгэрбурханд талархал өргөх аянаа манай Гэгээн Эх Мариа сүмээр эхэллээ. Миса мөргөл 9 сарын 11ны ням гарагт болсон ба монгол хийгээд солонгос ахан дүүсийн хамт баяр хүргэлт ба талархлын мөргөл үйлдлээ.


Энэхүү ёслолд урьдаас бэлдсэн бидний хувьд ч манай сүмийн итгэгчид өөрсдийн гараар бичиж нэгтгэсэн ариун Библийн Хуучин гэрээс номыг бэлэг болгон гардуулсан юм. Уг Библийн эхний хэсэг болох Шинэ гэрээг бид санваартан Энхийн санваартны сахил санваарын хэргэм хүртэх ёслолын үеэр бэлэглэсэн билээ. Уг библийн гар бичмэлийг бичсэн итгэл нэгт ахан дүүс нартаа идэвхтэй оролцсонд талархъя.


Түүний номлол нь Алдагдсан хүү , алдсан зоос ба хонины тухай сургаалт зүйрлэлийн тухай энгийн бөгөөд маш сайн тайлбар байсан юм. Бид бүхэн, хүн бүр онцгой оршихуй төдийгүй Тэнгэрбурхан хүн нэг бүрд хайртайг ахин дахин сануулсан номлол байлаа. Мөн талархал магтаалын мөргөлд ирсэн бүх итгэгчид бүрийн дээр мутраа сунган онцгой адислал өгсөн билээ. 

Сайн мэдээ дэлгэрүүлж буй санваартан сахилт эгч ах нарын маань үр жимс ийнхүү дэлгэрч эхэлсэн нь баярт мэдээ төдийгүй ирээдүйн итгэл найдварын хүлээлтийг дагуулан ирсэн юм.
Шинэхэн санваартан Энх Иосеф танд Гэгээн Эх Мариа сүмийн санваартан Франциско Хо, санваартан Томас Ру болон итгэгчдийн өмнөөс ахин баяр хүргэе.












2016/08/27

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Есдүгээр өдөр

ЕСДҮГЭЭР ӨДӨР
Сайн Мэдээг дэлгэрүүлэгч нарын төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: 2Ко. 11: 23-31;
Дуу 27.
ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм.
Хэнээс би эмээх юм бэ?
ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм.
Хэнээс би айх юм бэ?
Миний өстөн ба дайснууд болох
Бузар мууг үйлдэгчид махан биеийг минь залгихаар над уруу ирэхдээ
Бүдэрч унацгаасан.
Түмэн цэргүүд намайг бүслэвч
Миний зүрх айхгүй.
Миний эсрэг дайн гарсан ч,
Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно.
Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан.
Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж,
Түүний сүмд бясалгахын тулд
Би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан.
Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно.
Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно.
Тэр намайг хадан дээр гаргана.
Тэгээд миний толгой намайг тойрсон дайснуудын минь дээр өргөмжлөгдөж,
Би Түүний майханд баяр хөөртэйгөөр өргөлүүдээ өргөнө.
Би дуулна.
Тийм ээ, би ЭЗЭНд магтаалуудыг дуулна.
ЭЗЭН, намайг дуу хоолойгоороо хашхирахад сонсож,
Намайг нигүүлсэж, надад хариулаач.
Та "Миний царайг эрэн хайгтун" гэхэд Миний зүрх Танд
"ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой" гэж хэлжээ.

Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач.
Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч.

Та миний тусламж байсаар ирсэн.
Миний авралын Тэнгэрбурхан,
Намайг бүү хаяж, бүү орхиоч.
Миний эцэг, эх намайг орхисон,
Харин ЭЗЭН намайг босгоно.
ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж,
Дайснуудын минь учир намайг шулуун жимээр удирдаач.
Хүчирхийллийн амьсгал гаргагчид болон
Худал гэрчлэгчид миний эсрэг боссон тул
Намайг өстөнгүүдийн минь хүсэлд бүү даатгаач.
Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн.
ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.
Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун.
Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул элч гэгээнтэн, Сайн Мэдээний аугаа дэлгэрүүлэгч ээ, хэцүү бэрхийн дундаас хүн төрөлхтөнд Итгэл бишрэл, Горьдол Найдвар ба Хайр Энэрэлийг тунхаглахаар Тэнгэрбурхан таныг сонгон илгээсэн билээ. Аугаа элч ээ, бэрхшээлтэй тулгарч буй шашин дэлгэрүүлэгч нарын төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Христийн сүсэгтэн цөөхөн ба хавчлагад өртөж буй улсуудад Сайн Мэдээг дэлгэрүүлж буй шашин дэлгэрүүлэгч нарыг онцгойлон хамгаална уу. Гурав дахь мянганы үеийнхэнд шашин дэлгэрүүлэгч нарыг хүсэл тэмүүлэлтэйгээр Сайн Мэдээг идэвхтэй тунхаглахын тулд Ариун Сүнс тэдгээрийг урамшуулахын төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй оюун ухааны хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).

2016/08/26

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Наймдугаар өдөр

НАЙМДУГААР ӨДӨР
Тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Флп. 4:9-13;
Дуу 112.
 ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНээс эмээдэг,
Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!
Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно.
Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно.
Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө,
Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг.
Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно.
Тэрээр шүүхэд өөрийн хэргээ батлах болно.
Учир нь тэр хэзээ ч ганхуулагдахгүй.
Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно.
Тэрээр муу мэдээнээс айхгүй.
ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм.
Түүний зүрх гуйвшгүй.
Тэрээр өстнүүд уруугаа бах нь ханан харах хүртэл айхгүй.
Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.
Хорон санаатан хараад унтууцан,
Шүдээ хавиран, устаж үгүй болно.
Хорон муу хүний шунал хүсэл сөнөх болно.


ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул элч гэгээнтэн, хоосон ядуу байдал ч, элбэг баян байсан ч та сахилгадаа үнэнч байж чадсан билээ. Өлсгөлөн байдал ч, цангасан байдал ч, ядуу хоосон байдал ч, Эзэн Есүсийн энэрэл хайраас таныг салгаж чадаагүй юм. Аугаа элч ээ, өлсөж буй, цалин хөлс нь хүрэлцэхгүй ажил хийж буй, орон гэргүй, гудамжаар дэмий сэлгүүцэн буй, ажил хөдөлмөргүй, тусламж хэрэгтэй бүх хүмүүсийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Тэдгээрийг ядуу байдлаас болж Христ дэх итгэл үнэмшилээ үл үгүйсгэхийн тулд хэрэгцээний хомс байдлаас гарах боломжийг олохын төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй дуулгавартай байдлын хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).

2016/08/25

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Долдугаар өдөр

ДОЛООДУГААР ӨДӨР
Хоригдож буй хүмүүсийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Еф. 4:1-6;  
Дуу 77.
Дуу минь Тэнгэрбурханд ханддаг, би чангаар хашхирна.
Дуу минь Тэнгэрбурханд ханддаг, Тэр намайг сонсоно.
Зовлон зүдгүүрийнхээ өдөр би Эзэнийг хайсан.
Шөнөөр ч гар минь ядрахгүйгээр сунгагдсан байдаг.
Сэтгэл минь ч тайвшрахаас татгалздаг.
Би Тэнгэрбурханыг санаад, зовж шаналсан байдаг.
Би санаа алдаад, сүнс минь сульддаг. 
Та миний нүдийг цавчуулаагүй.
Би маш их шаналсан болохоор ярьж ч чадахгүй байна.
Би урьдын өдрүүдийн тухай,
Өмнөх жилүүдийн тухай бодсон.
Би өөрийн дууг шөнө санана.
Би зүрхээрээ бясалгах бөгөөд
Сүнс минь тунгаан боддог.
Эзэн үүрд орхих уу?
Тэр дахин хэзээ ч ивээхгүй гэж үү?
Түүний хайр энэрэл мөнхөд барагдсан уу?
Амлалт мөнхөд үгүй болсон уу?
Тэнгэрбурхан нигүүлсэнгүй байхаа мартсан уу?
Эсвэл Тэр уурандаа өршөөлөө хаасан уу? 
Тэгээд би "Хамгийн Дээд Нэгэний баруун мутар өөрчлөгдсөн нь
Миний уй гашуу билээ" гэв.
Би ЭЗЭНий үйлсийг санана.
Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана.
Би Таны бүх ажлыг тунгаан,
Таны үйлсийг шимтэн бодно.
Тэнгэрбурхан, Таны зам бол ариун.
Ямар бурхан бидний Тэнгэрбурханы адил агуу вэ?

 Та бол гайхамшгуудыг үйлддэг Тэнгэрбурхан.
Та ард түмнүүдийн дунд Өөрийн хүч чадлыг мэдүүлсэн.
Та Өөрийн хүчээр Өөрийн хүмүүсийг буюу
Иаков ба Иосефын хөвгүүдийг зольсон. 
Тэнгэрбурхан, их ус Таныг харсан.
Их ус Таныг харсан бөгөөд тэд ихэд айсан.
Гүн нь ч чичирсэн.
Үүлс усыг асгасан.
Тэнгэрүүд ч дуу гаргасан.
Таны сумнууд ч энд тэнд гялбасан.
Таны аянгын дуу хуй салхин дунд байв.
Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн.
Газар чичрэн хөдөлсөн.
Таны зам далайд,
Таны жимүүд их усанд байсан бөгөөд
Таны мөрүүд ч мэдэгдэхгүй.
Та Өөрийн хүмүүсийг хонин сүрэг мэт
Мосе ба Аароны гараар удирдсан.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул элч гэгээнтэн, шоронгийн харанхуй хонгилд ч таны горьдол найдвар хэвээр тууштай байсан билээ. Номлогч нэгэн гинжлэн хоригдсон ч Сайн Мэдээний айлдлыг эрх чөлөөтэйгээр дэлгэрдэг гэдгийг та ойлгосон юм. Аугаа элч ээ, харгис байдлаар хоригдсон хүмүүс, цаазын ял оноогдсон хүмүүс, шударга бусаар шүүхэд шилжсэн хүмүүсийн төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Тэдгээр хүмүүсийг итгэлээ алдахгүй хийгээд “биеийг хөнөөхөөс, харин зүрх сэтгэлийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай” хэмээсэн Эзэний айлдсан үгийг тэдэнд тус дэмжлэг болохын төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй тэсвэр тэвчээрийн хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).