2016/04/10

Сэтгэлийн дуудлага

Дуудлагын тухайд

Амьдрал бол дуудлага. Хүнд өгсөн анхны дуудлага бол амьдрал ба үүнд ганцхан шалтгаан бий. Энэ шалтгаан нь таныг хүсэж, бодон, бүтээсэн Тэнгэрбурханы энэрэл хайранд байдаг.

Энэхүү дуудлаганд хүн юуны өмнө амьдралд "тийм" гэж хэлснээр анхныхаа хариултыг өгдөг. Тиймээс энэ дуудлага болон бэлгэний үнэ цэнийг мэдрэн ойлгож, утга учиртай амьдрах нь бид бүгдийн хувьд маш чухал юм.

Мөн түүнчлэн ариун гэгээлгээр амьдарч, Сайн Мэдээг дэлгэрүүлэх нь бүх Ариун угаал хүртэгсдийн дуудлага ба үүрэг билээ. "Та нар бас усан үзмийн талбай руу яв"(Матай 20,4) гэж Есүс сургасны дагуу Эзэний усан үзмийн талбайд ажиллахаар дуудагдсан хүмүүс бол зөвхөн лам гэлэнмаа, сахилт хүмүүс биш юм. Энэ нь бүх сүсэгтний дуудлага ба томилолт билээ. Тэнгэрбурхан хүн бүрийн амьдралд онцгой дуудлага ба төлөвлөгөөг өгдөг бөгөөд Тэнгэрийн Хаанчлалын төлөө хэнээр ч орлуулашгүй зөвхөн та л хийж чадах зүйлс гэж байдаг.

Энэ бол Тэнгэрбурхан танд өгөхийг хүсэж буй онцгой дуудлага томилолт юм. Энэхүү томилолт буюу төлөвлөгөө нь танд тулган шаардаж буй хүнд хүчир даалгавар бус харин танд болон таны эргэн тойронд байгаа хүмүүст аз жаргал бэлэглэх хүчтэй зүйл.



Дуудлагууд 

Хүн бүрийн дуудлагууд өөр байдаг ч дуудлагуудыг ерөнхийд нь гурван төрлөөр ангилж болно.


  1. Гэр бүлийн амьдрал: Гэрлэлт
  2. Сахилт амьдрал: Санваар ба сахил
  3. Ганц бие амьдрал

  • Гэр бүлийн амьдрал: Гэрлэлт
Эцэг эхээс мэндлээгүй хүн гэж байхгүй. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй, аз жаргалтай өсөхийн тулд тэдэнд эцэг эх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр халамж хэрэгтэй байдаг. 
Мөн гэр бүл бол нэгдлийн амьдралын анхны жишээ, итгэлийн хичээлийн анхны сургууль гэдэг утгаараа бяцхан сүм гэж хэлж болох бөгөөд гэрлэлт бол амьдралын маш чухал хариуцлагатай хэсэг юм. 
  • Сахилт амьдрал: Санваар ба сахил
Сахилт амьдрал бол Христээс ирдэг онцгой дуудлага бөгөөд үүнд хариулах нь хүн бүрийн эрх чөлөө билээ. Энэ нь сүм болоод бид бүхэнд хайрласан Тэнгэрбурханы онцгой бэлэг юм. Сахилт амьдралаар амьдрахын тулд бид Сайн Мэдээний зөвлөмжүүд болох бие журамт, ядуу даржин, дуулгавартай байдлыг баримтлах ёстой билээ.
  • Ганц бие амьдрал
Энэхүү амьдралын хэв маяг бол ямар ч шийдвэр гаргахыг хүсээгүй эсвэл шийдвэрээс айсан хүний сонголтоос ялгаатай билээ. Ганц биеэр амьдарч Тэнгэрбурханд үйлчлэх нь өөрийнхөө болон бусдын төлөө юу хийж, хэрхэн амьдрахаа ойлгож мэдсэн ухаалаг шийдвэр байж болно. Ганц бие амьдралын нэг онцлог нь журамт байдал юм. Энэ амьдралыг сонгохын өмнөТэнгэрбурхан үнэхээр надаас юуг хүсэн хүлээж, ямар амьдралаар амьдраасай гэж бодож байгааг асуун мэдэх нь чухал билээ.


Дуудлагаа дагах нь 

Та өөрийнхөө амьдралын дуудлагыг мэдэж дагах нь туйлаас чухал боловч сонголт нь таны эрх чөлөө билээ. Гэвч сонголтоо өгөхийн тулд танд арван сэтгэл судлаач хэрэггүй. Учир нь Тэнгэрбурханы дуудлагад өгөөмрөөр өөрийгөө зориулах тусам та эргэлзэлгүйгээр зөв сонголт хийж чадах болно. Хүн бүр амьдралдаа аз жаргал, ариун гэгээн байдлыг эрэн эрмэлздэг. Тэнгэрбурхан бид бүгдийг энэ амьдралд дуудсаны адилаар энэ цаг мөчид ч гэсэн таныг итгэл бишрэл, ариун байдал, мөнхийн амьдрал руу дуудаж байгаа тул сэтгэл зүрхээ нээн Түүний дуудлагад хариу өгцгөөе.

* Энэхүү гарын авлагыг КШСА болон Vocation Animation Team хамтран бэлтгэв.

2016/04/08

Итгэлийн амьдрал гэдэг бол Тэнгэрбурханы амласан газар луу явах нэгэн аян. Ким Peter

Манай Гэгээн Эх Мариа сүмд 2000 оноос хойш ламын сургуулийн оюутнууд хүрэлцэн ирж тодорхой хугацааны турш сүмийн үйл ажиллагаа болон нийгмийн ажилд тусладаг уламжлал тогтсон. Гэхдээ нэгэн өөрчлөлт гарсан нь энэ жил 3 ээлжээр, арай урт 3 сарын хугацаатай сүмд байрлаж үйл ажиллагаанд оролцох юм. Одоо ламын сургуулийн оюутан Ким Peter-тэй хийсэн ярилцлагыг хүргэе.


Сайн байна уу? Тантай багахан ярилцлага хийх гэсэн юм болох уу?
Таатай байна. За баярлалаа.

Монголд ирсэн анхны сэтгэгдэл ямар байсан бэ?
Монголд анх ирээд онгоцны буудлаас гарахад маш хүйтэн байсан. Мөн нэгэн гайхалтай зүйл бол гадаа цагаан, маш үзэсгэлэнтэй харагдаж байсан. Хэдийгээр солонгос улсаас ялгаатай өөр зүйл олон ч мөн адил зүйл их байсан. Анх “Гэгээн Эх Мариа” сүм дээр ирэхэд яг л гэртээ ирж байгаа мэт дотно санагдаж үнэхээр сайхан байсан.

Монголын цаг уураас болоод хүндрэл гарч байна уу?
Надтай ирсэн хоёр семнаристийн хувьд багахан хүндрэлтэй байсан. Харин миний хувьд тийм ч хүндрэлтэй биш байгаа, яагаад гэвэл би Монголын цаг уур болон орчинд амархан дасан зохицож байгаа.

Манай Гэгээн Эх Мариа сүмийн итгэгчдийн харилцаа ямар байна вэ?
Солонгост би Дэжон хотод амьдардаг. Тэнд итгэгчид маань мисанд суугаад л шууд явдаг. Харин Хан-Уул сүмийн итгэгчид маань миса болон мисаны бусад цагаар хоорондоо уулзалдахыг хараад би нэгэн том гэр бүлийг мэдэрсэн. Энэ нь надад үнэхээр гоё санагдсан.

Одоо та бүхэн сүмийн ямар ямар үйл ажиллагаанд түлхүү оролцож байна.
Сүмд болж байгаа бүхий л үйл ажиллагаанд оролцож байгаа. Жишээ нь миний хувьд би хоол хийж үзсэн сонирхолтой байсан. Бид Фр.Хо-гийн удирдлаганд ажиллаж маш олон зүйлийг сурч мэдэж байгаа. Мөн Фр-тай монгол гэрт анх удаа миса хийж үзэхэд сонирхолтой байсан.

Тэнгэрбурханы өгсөн хамгийн том бэлэг таны хувьд юу вэ?
Миний хувьд бол инээмсэглэл, би байнга амархан инээмсэглэдэг. Учир нь би үүгээр бүгдийг мартаж, үргэлж урам зориг авч байдаг.

Таны бодлоор итгэлийн амьдрал гэж юу вэ?
Итгэлийн амьдрал гэдэг бол Тэнгэрбурханы амласан газар луу явах нэгэн аян. Энэ аян үргэлж амархан байдаггүй. Гэхдээ хэцүү үед Тэнгэрбурхан үргэлж тусалж тэрхүү саад бэрхшээлийг даван туулах хүч өгдөг.

Монголд яг хэдий хугацаагаар ирсэн бэ?
Бид 2 сарын 24ний өдөр, 3 сарын хугацаагаар ирсэн. Гэхдээ энэ хугацаа үүгээр дуусахгүй би монголд дахин ирэх болно

§    Бид бүхэнд цаг зав гаргаж, өөрийн үзэл бодлоо хуваалцсан танд баярлалаа.

Бичсэн: Биндэръяа Вероника, ММБ- баг 

2016/04/07

Энэхүү айлдлыг бичих явцад Тэнгэрбурханы Үг бүр маш их утга агуулгатай, үнэтэй байлаа.

 БИБЛИ БИЧИХ УРИАНД НИЙТ 42 ИТГЭГЧИД НЭГДЭЖ БИЧИЖ ЭХЭЛСЭН БӨГӨӨД БИЧИЖ ДУУССАН ИТГЭГЧДИЙН ЯРИЛЦЛАГАД ӨНӨӨДӨР ОДОНЧИМЭГ АНЖЕЛЛА, БОЛОР ГРЕЦИНА, ОТГОНБАЯР НАР ОРОЛЦЛОО.  ТЭД САЙН МЭДЭЭНИЙ НЭГ АЙЛДЛЫГ СОНГОН АВЧ ӨӨРСДИЙН  ГАРААР БИЧСЭН ЮМ.


Ганзаяа Сүсанна       
Тэнгэрбурханы Үгийг бичиж байх явцад төрсөн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач!    
Миний нэрийг Анжелла гэдэг. Би 2016 оны энэ жил Амилалтын баярыг угтан Наманчлалын улирлаар  Ариун библи-ээс Маркийн айлдлыг сонгон бичсэн.  Библийн хэсэг бүр нь урт, бичих явцад цаг хугацаа их хэрэгтэй. Би өдөр ажил төрлөө амжуулан, орой гэртээ ирж хоолоо хийгээд 19-21 цаг хүртэл өдөр бүр 3-4 бүлэг бичдэг байсан. Маргааш маргааш гэж хойш нь тавилгүй аль болох өдөр бүрийн хоол талх шиг библийн Үгийг шимтэрхэн бичдэг байсан. Бичиж байх явцад үйл явдал, утга санаа нь үнэхээр сайхан. Одоо хүртэл бичиж уншиж байсан зүйлүүд сэтгэлд үлдсэн. Энэ нь миний амьдралд маш том бүтээн байгуулалт болж өгсөн. Би хувьдаа Библийг дэлхий дээрх хамгийн эртний ном, урьд хэзээ ч яригдаж байгаагүй хамгийн агуу түүхийг өгүүлдэг гэж боддог . Библийг бичих явцад хүмүүс бид жинхэнэ Тэнгэрбурханыг таньж, дэлхий дээр хэрхэн амьдарч бие биетэйгээ харьцан, ажил төрлөө ялуулж, гэр бүлээ хэрхэн босгон байгуулах мөн Түүний мэргэн ухааныг олж, Түүний хайрын хүчээр ядууст энэрэнгүй хандан, өөрийн хөршөө хэрхэн хайрлах талаар илүү ихийг мэдэж авсан.
 Энэ дундаас миний сэтгэлд хамгийн их буусан зүйл нь Энэрэнгүй сэтгэл байлаа. Хүнд уурлан хилэгнэхээсээ өмнө тунгаан бодож, хүлээцтэй хандаж түүнийг уучилахыг хамгийн түрүүнд тавих ёстой юм гэдгийг ойлгосон.
              Итгэгчдээ хандаж юу хэлмээр байна?
              Наманчлалын энэхүү цаг улирлаар библийн айлдал бичсэн болон шинээр баптисм авах гэж байгаа болон бүх итгэгчиддээ халуун баярын мэнд хүргэе! Та бүхний итгэлийн амьдрал улам гүнзгийрч, үргэлж Тэнгэрбурханы хайрыг улам илүү мэдэрч, Библи байнга уншин өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж байгаасай гэж хүсье! Бид бүхэн Дээдийн Дээд Тэнгэрбурханы хайрыг мэдэрч байгаа азтай хүмүүс шүү!

Болороо эгч та бидэнд мөн библи бичиж байсан сэтгэгдлээ хуваалцаач!
Сайн байна уу? Ахан дүүс нар минь. Амилалтын баярын мэнд хүргэе. Намайг Болор Грецина гэдэг. Би ирж буй Амилалтын баярыг тохиолдуулаад Наминчлалын улиралд Шинэ Гэрээний хамгийн эхний айлдал болох Матай айлдлыг сонгон бичлээ. Энэхүү айлдлыг бичих явцад Тэнгэрбурханы Үг бүр маш их утга агуулгатай, үнэтэй байлаа. Мөн Үг бүр надад хандаж шантралгүй зоригтой, хүчтэй бай гэж хэлж байгаа юм шиг байсан. Ер нь нэг үзэг бариад суухаар дуустал бичмээр санагддаг байлаа. Бичих тусам тэрхүү Үг сэтгэлд бууж Тэнгэрбурхантай илүү ойр дотно юм шиг сэтгэгдэл төрж байсан.
Библийн үйл явдлууд ер нь маш сонирхолтой.  Бичих явцад өөртэйгөө ярьж дотроо бясалгах үе зөндөө гарсан. Мөн бичих тусам Тэнгэрбурханд илүү ойртож, илүү дотно санагдаж байсан. Тэнгэрбурханы хайрыг харуулсан тэрхүү Библийн үг бол надад өгсөн хамгийн том бэлэг байлаа. Матай айлдалын хамгийн сүүлчийн ишлэл болох «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай хамт байх болно» гэсэн үг нь миний сэтгэлд хамгийн их буусан.

 Өдөр бүр цайны зааланд нэг ах Библи бичиж суудаг юм. Бид түүний уйгагүй зүтгэл, итгэл бишрэлийг нь хараад ярилцлага авахгүй өнгөрч чадсангүй!
              Намайг Отгонбаяр гэдэг. Би Матайн айлдал бичиж байгаа. Мисан дээр фадер айлдал уншиж номлол хийж байхыг сонссон үеэс эхлэн Тэнгэрбурханы Үг ямар гоё, сайхан гэдгийг ойлгон бодож эхэлсэн. Одоо бол айлдал бичиж байх явцад амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй зүйлүүд энд их байна.
    Би гэр оронгүй хэцүү амьдралтай болохоор хүмүүс надад туслаасай гэж их боддог байсан. Гэтэл Матайн 7-р бүлгийн 12-т алтан дүрмийн тухай айлдахдаа:
«Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд»
гэсэн байна. Хүний хүү үйлчлүүлэхийн тулд биш үйлчлэхийн тулд ирсэн байдаг. Тиймээс бусдад тэгж хандах хэрэгтэйг ухаарсан. Мөн Библийн Үг бүр нь чухал санагдлаа. Очих гэр орон байхгүй  болохоор  СБД-н эмнэлгийн цонхон дээр ч бас бичиж байсан. Тэнд хөл хөдөлгөөн ихтэйгээс гадна зогсоогоороо бичиж байхад хөл өвдөөд бэрхшээлтэй байсан. Харин сүм дээр ирээд бичихээр саад болох зүйлгүй тайван тухтайгаас гадна бичиж дуусаад мисанд суувал бүр илүү сайхан байдаг хэмээн тэрээр яриагаа өндөрлөв. 

Ярилцлага өгсөн итгэгч бүрдээ баярлалаа! Та бүхний маань ажил амьдрал үргэлж өөдрөг байх болтугай!


Ганзаяа Сүсанна
 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл2016/03/26 №4





2016/04/03

Загалмайн зам





Гэгээн Эх Мариа Сүм дээр Дөч хоногт цаг улирлыг тэмдэглэн өнгөрүүллээ. Бид уг цаг улиралд долоо хоног бүрийн баасан гаригт 18.00цагт  Загалмайн зам хийдэг. 



Мөн итгэгч ахан дүүсийн хамт ууланд гарч бидний Эзэний үүрч явсан загалмайг дурсангаа өөрсдийн загалмайг эргэцүүлэн залбирдаг.

Загалмайн замын тухай хүн болгонд өөрийн гэсэн тодорхойлолт байдаг.Лам болохоор бэлтгэж байгаа Дикон Энхээ-ээс загалмайн замын тухай түүний хувийн тодорхойлолтыг хуваалцлаа.
Загалмайн зам гэдэг бол Есүсийн дэлхий дээр Хүн гэдэг утгаараа өнгөрүүлсэн амьдралынх нь сүүлийн мөч гэж хэлж болно. Тэнд байсан хүмүүс Түүн рүү нулимж мөн аймшигтайгаар түүнийг доромжилж байсан ч Есүс тэр хүмүүсийн төлөө

-Ааваа Та энэ хүмүүсийг өршөөгөөч.Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа хэмээн залбирч байсан.Ерөнхийдөө загалмайн зам гэдэг бол Есүс загалмай үүрч Иерусалимаас эхлээд “Гавлын Толгод” уулан дээр цовдлогдож булшлагдах хүртэлх замыг хэлнэ.

            Загалмай дээр цовдлогдсон Есүсийн цусны дусал бүр нь

“Би чамд хайртай,
Би чамд хайртай,
Би чамд маш их хайртай” 

гэж хашхирч байсан.


Бичсэн: Дөлгөөн Треса, ММБаг

2016/04/02

Энхээ Иосеф: Тэнгэрбурхантай насан туршдаа хамт ойрхон амьдрахыг хүссэнээс болсон.


Сайн байна уу? Бидний ярилцлагыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө товчхон танилцуулаач.

Сайн байна уу? Намайг Баатар овогтой Энхээ гэдэг. Монгол олон улсын их сургуульд биотехнологийн мэргэжлээр сурсныхаа дараа Солонгосын Дэжоны Католик Их Сургуульд элсэн орж 7 жил гаруй сураад энэ жил Монголдоо буцаж ирсэн. Удахгүй 2016 оны 8 сарын 28нд ламын сахил хүртэх төлөвлөгөөтэй байгаа. 



Таны итгэлийн амьдралд хөл тавьсан дурсамжид хадгалж үлдсэн сэтгэгдэл байвал бидэнтэй хуваалцаач.

Бага эгч Оюун маань франц хэлний курсэд сууж байх үед франц хэлний багш нь Католик сахилт ах байсан болохоор анх сүмдээ эгчийг урьсан билээ. Тэр үеэс хойш би эгчийгээ даган 7 настайгаасаа сүмд явж эхэлсэн.

Таныг Солонгос улсын Дэжон хотын ламын сургуулийг амжилттай төгсөөд нутагтаа ирж ахан дүүстээ Тэнгэрбурханы Үгийг түгээн дэлгэрүүлж байгаад баяртай байна. Энэхүү 7-н жилийн урт хугацаанд Солонгос дахь сургалтын туршлага мөн тэнд амьдарч байсан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач.

Ер нь бол өөр ямар нэгэн хэлийг судалж, өөр яс үндэстэн, соёл заншилтай танилцана гэдэг бол хүний оюун санааг тэлж, шинэ ертөнцийг нээж өгдөг билээ.

 Мэдээж анхандаа хэлний болоод бусад бэрхшээлүүд байсан боловч Тэнгэрбурхан болоод итгэгч олны тусламжтайгаар маш олон зүйлсийг сурч мэдэрсэн билээ. Ялангуяа ламын сургуульд философи ба теологи(Бурхан судлал) судалснаар Тэнгэрбурхан болоод Католик шашны тухай илүү гүн мэдлэгийг олж авсандаа баяртай байна. 

Энэхүү санваартны амьдралыг та яагаад сонгох болов?, хэн нэгэн танд санал болгосон уу? эсвэл энэ амьдрал таны өөрийн хүсэл сонирхол байв уу? итгэлтэй холбоотой ямар нэгэн зүйлд хөтлөв үү? Энэ талаар бидэнтэй хуваалцаач.

Бага сургуульд байхад Иосеф гэдэг Словак лам надад ирээдүйд лам болохын төлөө залбирч өгнө гэж амласныг санаж байна. Тэр үеэс хойш Тэнгэрбурханы үг болоод сургаалыг сонсож итгэл минь илүү гүнзгийрсэн билээ. Үнэхээр Тэнгэрбурхан байгаа гэдэгт итгэж мэдэрсэн бөгөөд Түүний үг үнэн ба бидний амьдралд утга учир өгдгийг ухаарсан. Лам болохоор шийдсэн хамгийн том шалтгаан бол зүгээр л Тэнгэрбурхантай насан туршдаа хамт ойрхон амьдрахыг хүссэнээс болсон. Мэдээж лам биш байлаа ч гэсэн Тэнгэрбурхантай ойрхон хамт амьдарч болох ч миний хувьд бүх амьдралаа Түүнд зориулахыг хүссэн билээ. Үүнээс гадна миний ойлгож ухаарсан, амсаж мэдэрсэн тэр аз жаргал, үнэнийг бусад хүмүүстэй, ялангуяа сэтгэл ба сүнсээр ядуу хүмүүстэй  хуваалцахыг хүссэн. Мөн түүнчлэн бидний эргэн тойронд байгаа зовж шаналж буй хүмүүсийг хараад тэдний зовлонг үгүй хийхийн тулд би өөрийнхөө хүчээр юу ч хийж чадахгүйгээ мэдэрсэн. Гэсэн хэдий ч үр газарт унаад үхвэл 10, 30, 100 дахин их үр жимс ургуулдгийн адил хэрэв би өөрийгөө золиословол зовж шаналж буй хүмүүст бага ч гэсэн сайн үр жимс, итгэл найдвар өгч болох байх гэдэгт итгэн ламын амьдралыг сонгосон билээ.


Монголд ирсэн анхны сэтгэгдэл мөн Сайн мэдээг түгээхийн тулд хамгийн эхэнд яг юу хийхийг зорьж байна? /Таны өөрийн үзэл бодол/

7 жилийн дараа Монголдоо буцан ирэхэд Монгол улс гаднах төрхөөрөө маш их өөрчлөгдсөн байхыг харлаа. Гэсэн хэдий ч баян ядуугийн ялгаа улам ихсэж, ард түмний амьдрал төдийлөн сайжраагүй байгааг хараад харамсалтай санагдсан. Нийгэм ба ард түмний хөгжил хэр их мөнгөтэй байна, хэр олон өндөр барилга барьсан байна, техник технологи хэр хэмжээгээр хөгжсөнөөс зөвхөн хамаардаггүй билээ. Харин ч үүний зэрэгцээ бид ард түмний оюун ухааны, ёс суртахууны, сэтгэл бодлын дотоод хөгжилд илүү анхаарах ёстой цаг үе ирчихээд байна.

 Үүнд Католик шашны хувь нэмэр маш чухал хэмээн хувьдаа бодож байна. Сайн Мэдээг түгээхийн тулд гаднаас биш дотроосоо эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Есүс дэлхий даяар сайн мэдээг түгээхийн тулд эхлээд 12 шавиа бэлдсэний адил бид эхлээд сүмд ирж буй итгэгчдийнхээ итгэлийн амьдралд анхаарах ёстой. Сайн Мэдээ бол зөвхөн лам гэлэнмаа нарын асуудал биш харин усан баталгаа авсан хүн бүрийн үүрэг бас хариуцлага гэдгийг бид бүхэн сайн ойлгож амьдралдаа  хэрэгжүүлэх нь тун чухал гэж бодож байна.  

Лам болмоор байгаа хүсэл тэмүүлэлтэй залуучуудад хандаж юу хэлмээр байна вэ?
Тэнгэрбурхан та нарыг дуудаж байна. Бүү ай. Тэр туслах бөгөөд үргэлж чамтай хамт байх учраас чи харамсахгүй. Энэхүү амьдрал хэдий хэцүү ба олон золиослолыг шаарддаг ч үнэхээр утга учиртай ба аз жаргалтай амьдрал билээ. Зүрх сэтгэлээ сонсож Тэнгэрбурхан чамаас юу хүсэж байгааг асуун гуйгаарай. Тэгвэл тэр заавал хариу өгөх болно. Тэнгэрбурхан чамайг аз жаргалтай байхыг хүсдэг учраас энэ амьдралдаа хамгийн аз жаргалтай амьдарч болох тэр амьдралыг сонгоорой гэж хэлмээр байна.

Танд дотроо бодож явдаг ч юм уу? эсвэл хэлэх дуртай үг хэллэг бий юу? Таны итгэлтэй холбоотой ч юм уу?
Ялангуяа энэ наманчлалын улирал, ариун долоо хоногийн үеэр үргэлж бодож тунгаасан зүйл бол бид дахин амилахын тулд, шинэ амьдралтай болохын тулд бидэнд заавал загалмай хэрэгтэй зүйл билээ. Загалмайгүй дахин амилалт гэж огт байхгүй. Зовлон жаргал хосолдгийн адил зөвхөн загалмайгаар дамжуулан л бид дахин амилалт ба мөнхийн амьдралд орох боломжтой билээ. Гэхдээ бид өдөр тутмынхаа амьдралд дахин амилалтын алдар хүнд ба аз жаргалыг хүсдэгч жижиг том загалмайнуудаас зугтаж зайлсхийхийг хичээдэг. 
Иймд бидэнд Есүс “Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага” хэмээн айлдаж байна. Энэ нь Эзэний дахин амилалтыг хуваалцаж, Түүний замаар замнах цор ганц зам билээ. Бид загалмайнуудаас зугтаж зайлсхийх бус харин дуулгавартайгаар хүлээн авч, хайрлаж сурах ёстой билээ.

Баярлалаа танд. Таны ажил болон амьдралд чинь чин сэтгэлийн амжилт хүсье!

 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл2016/03/26 №4