2016/08/27

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Есдүгээр өдөр

ЕСДҮГЭЭР ӨДӨР
Сайн Мэдээг дэлгэрүүлэгч нарын төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: 2Ко. 11: 23-31;
Дуу 27.
ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм.
Хэнээс би эмээх юм бэ?
ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм.
Хэнээс би айх юм бэ?
Миний өстөн ба дайснууд болох
Бузар мууг үйлдэгчид махан биеийг минь залгихаар над уруу ирэхдээ
Бүдэрч унацгаасан.
Түмэн цэргүүд намайг бүслэвч
Миний зүрх айхгүй.
Миний эсрэг дайн гарсан ч,
Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно.
Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан.
Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж,
Түүний сүмд бясалгахын тулд
Би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан.
Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно.
Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно.
Тэр намайг хадан дээр гаргана.
Тэгээд миний толгой намайг тойрсон дайснуудын минь дээр өргөмжлөгдөж,
Би Түүний майханд баяр хөөртэйгөөр өргөлүүдээ өргөнө.
Би дуулна.
Тийм ээ, би ЭЗЭНд магтаалуудыг дуулна.
ЭЗЭН, намайг дуу хоолойгоороо хашхирахад сонсож,
Намайг нигүүлсэж, надад хариулаач.
Та "Миний царайг эрэн хайгтун" гэхэд Миний зүрх Танд
"ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой" гэж хэлжээ.

Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач.
Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч.

Та миний тусламж байсаар ирсэн.
Миний авралын Тэнгэрбурхан,
Намайг бүү хаяж, бүү орхиоч.
Миний эцэг, эх намайг орхисон,
Харин ЭЗЭН намайг босгоно.
ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж,
Дайснуудын минь учир намайг шулуун жимээр удирдаач.
Хүчирхийллийн амьсгал гаргагчид болон
Худал гэрчлэгчид миний эсрэг боссон тул
Намайг өстөнгүүдийн минь хүсэлд бүү даатгаач.
Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн.
ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.
Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун.
Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул элч гэгээнтэн, Сайн Мэдээний аугаа дэлгэрүүлэгч ээ, хэцүү бэрхийн дундаас хүн төрөлхтөнд Итгэл бишрэл, Горьдол Найдвар ба Хайр Энэрэлийг тунхаглахаар Тэнгэрбурхан таныг сонгон илгээсэн билээ. Аугаа элч ээ, бэрхшээлтэй тулгарч буй шашин дэлгэрүүлэгч нарын төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Христийн сүсэгтэн цөөхөн ба хавчлагад өртөж буй улсуудад Сайн Мэдээг дэлгэрүүлж буй шашин дэлгэрүүлэгч нарыг онцгойлон хамгаална уу. Гурав дахь мянганы үеийнхэнд шашин дэлгэрүүлэгч нарыг хүсэл тэмүүлэлтэйгээр Сайн Мэдээг идэвхтэй тунхаглахын тулд Ариун Сүнс тэдгээрийг урамшуулахын төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй оюун ухааны хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).

2016/08/26

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Наймдугаар өдөр

НАЙМДУГААР ӨДӨР
Тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Флп. 4:9-13;
Дуу 112.
 ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНээс эмээдэг,
Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!
Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно.
Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно.
Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө,
Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг.
Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно.
Тэрээр шүүхэд өөрийн хэргээ батлах болно.
Учир нь тэр хэзээ ч ганхуулагдахгүй.
Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно.
Тэрээр муу мэдээнээс айхгүй.
ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм.
Түүний зүрх гуйвшгүй.
Тэрээр өстнүүд уруугаа бах нь ханан харах хүртэл айхгүй.
Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.
Хорон санаатан хараад унтууцан,
Шүдээ хавиран, устаж үгүй болно.
Хорон муу хүний шунал хүсэл сөнөх болно.


ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул элч гэгээнтэн, хоосон ядуу байдал ч, элбэг баян байсан ч та сахилгадаа үнэнч байж чадсан билээ. Өлсгөлөн байдал ч, цангасан байдал ч, ядуу хоосон байдал ч, Эзэн Есүсийн энэрэл хайраас таныг салгаж чадаагүй юм. Аугаа элч ээ, өлсөж буй, цалин хөлс нь хүрэлцэхгүй ажил хийж буй, орон гэргүй, гудамжаар дэмий сэлгүүцэн буй, ажил хөдөлмөргүй, тусламж хэрэгтэй бүх хүмүүсийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Тэдгээрийг ядуу байдлаас болж Христ дэх итгэл үнэмшилээ үл үгүйсгэхийн тулд хэрэгцээний хомс байдлаас гарах боломжийг олохын төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй дуулгавартай байдлын хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).

2016/08/25

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Долдугаар өдөр

ДОЛООДУГААР ӨДӨР
Хоригдож буй хүмүүсийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Еф. 4:1-6;  
Дуу 77.
Дуу минь Тэнгэрбурханд ханддаг, би чангаар хашхирна.
Дуу минь Тэнгэрбурханд ханддаг, Тэр намайг сонсоно.
Зовлон зүдгүүрийнхээ өдөр би Эзэнийг хайсан.
Шөнөөр ч гар минь ядрахгүйгээр сунгагдсан байдаг.
Сэтгэл минь ч тайвшрахаас татгалздаг.
Би Тэнгэрбурханыг санаад, зовж шаналсан байдаг.
Би санаа алдаад, сүнс минь сульддаг. 
Та миний нүдийг цавчуулаагүй.
Би маш их шаналсан болохоор ярьж ч чадахгүй байна.
Би урьдын өдрүүдийн тухай,
Өмнөх жилүүдийн тухай бодсон.
Би өөрийн дууг шөнө санана.
Би зүрхээрээ бясалгах бөгөөд
Сүнс минь тунгаан боддог.
Эзэн үүрд орхих уу?
Тэр дахин хэзээ ч ивээхгүй гэж үү?
Түүний хайр энэрэл мөнхөд барагдсан уу?
Амлалт мөнхөд үгүй болсон уу?
Тэнгэрбурхан нигүүлсэнгүй байхаа мартсан уу?
Эсвэл Тэр уурандаа өршөөлөө хаасан уу? 
Тэгээд би "Хамгийн Дээд Нэгэний баруун мутар өөрчлөгдсөн нь
Миний уй гашуу билээ" гэв.
Би ЭЗЭНий үйлсийг санана.
Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана.
Би Таны бүх ажлыг тунгаан,
Таны үйлсийг шимтэн бодно.
Тэнгэрбурхан, Таны зам бол ариун.
Ямар бурхан бидний Тэнгэрбурханы адил агуу вэ?

 Та бол гайхамшгуудыг үйлддэг Тэнгэрбурхан.
Та ард түмнүүдийн дунд Өөрийн хүч чадлыг мэдүүлсэн.
Та Өөрийн хүчээр Өөрийн хүмүүсийг буюу
Иаков ба Иосефын хөвгүүдийг зольсон. 
Тэнгэрбурхан, их ус Таныг харсан.
Их ус Таныг харсан бөгөөд тэд ихэд айсан.
Гүн нь ч чичирсэн.
Үүлс усыг асгасан.
Тэнгэрүүд ч дуу гаргасан.
Таны сумнууд ч энд тэнд гялбасан.
Таны аянгын дуу хуй салхин дунд байв.
Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн.
Газар чичрэн хөдөлсөн.
Таны зам далайд,
Таны жимүүд их усанд байсан бөгөөд
Таны мөрүүд ч мэдэгдэхгүй.
Та Өөрийн хүмүүсийг хонин сүрэг мэт
Мосе ба Аароны гараар удирдсан.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул элч гэгээнтэн, шоронгийн харанхуй хонгилд ч таны горьдол найдвар хэвээр тууштай байсан билээ. Номлогч нэгэн гинжлэн хоригдсон ч Сайн Мэдээний айлдлыг эрх чөлөөтэйгээр дэлгэрдэг гэдгийг та ойлгосон юм. Аугаа элч ээ, харгис байдлаар хоригдсон хүмүүс, цаазын ял оноогдсон хүмүүс, шударга бусаар шүүхэд шилжсэн хүмүүсийн төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Тэдгээр хүмүүсийг итгэлээ алдахгүй хийгээд “биеийг хөнөөхөөс, харин зүрх сэтгэлийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай” хэмээсэн Эзэний айлдсан үгийг тэдэнд тус дэмжлэг болохын төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй тэсвэр тэвчээрийн хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).

2016/08/24

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Зургаадугаар өдөр

ЗУРГААДУГААР ӨДӨР

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөө.





Тунгаан бодох Библийн хэсэг: Үйлс 19:17-20;
Дуу 8.
ЭЗЭН, бидний Эзэн,
Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!
Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ.
Өөрийн өстнүүдээс болж
Балчир, нярай хүүхдүүдийн амаар
Та хүч чадлыг бататгасан нь
Дайсан болон хонзогногчийг дуугүй байлгахын тулд болой.
Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг,
Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо
Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж,
Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?
Та түүнийг Тэнгэрбурханаас арай дор болгож,
Алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ.
Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг.
Та түүний хөл дор бүх юмсыг тавьсан нь
Бүх хонь ба үхэр,
Мөн хээрийн араатан амьтад,
Тэнгэрийн шувууд болон далайн загас буюу
Усан замаар сэлэгч бүхэн юм.
ЭЗЭН, бидний Эзэн,
Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!


 ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул Элч гэгээнтэн, Ефест дэх ард түмнийг төөрөгдөлд оруулах номнуудыг шатаахад Сайн Мэдээний ариун айлдал хорон муу нөлөөтэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялан дийлсэн ялалтыг та үзсэн билээ. Өнөөдөр ч зарим хүмүүс хорон муу суртал ба гаж буруу үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан тарааж байна. Аугаа элч ээ, тэдгээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж буй хүмүүс буюу сэтгүүлчид, сонсогчид, үзэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хариуцан ажиллаж буй хүмүүсийн төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Сонин, ном, радио, телевиз ба цахим мэдээллийн хэрэгслээр үнэн мэдээлэл ба хүмүүний ​​нэр төрийг өндөрт өргөн суртачилахын төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй хүч чадлын хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).

2016/08/22

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Тавдугаар өдөр

ТАВДУГААР ӨДӨР
Өвчтний төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: 2Ко. 12:7-10;
Дуу 88.

Өө, ЭЗЭН, миний авралын Тэнгэрбурхан,
Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.
Миний залбирлыг Өөрийнхөө өмнө авчраач.
Миний хашхиралтад чихээ тавиач.
Учир нь миний сэтгэл зовлон бэрхшээлийг хангалттай авсан бөгөөд
Амь минь Үхэгсдийн оронд ойртсон.
Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон.
Би хүч чадалгүй хүнтэй адил,
Үхэгсдийн дунд хаягдсан,
Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон.
Та тэднийг дахин санахгүй бөгөөд
Тэд Таны мутраас таслагдсан.
Та намайг хамгийн гүнзгий нүхэнд,
Харанхуй газруудад, гүнд тавьсан.
Таны уур хилэн намайг хүндээр дарсан бөгөөд
Та Өөрийн бүх давалгаагаар намайг зовоосон. 
Та миний танилуудыг надаас холдуулсан.
Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон.
Би түгжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон.
Гай зовлонгоос болж нүд минь ч сульдсан.
Өө, ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудсан.
Би Тан уруу гараа сунгасан.
Та үхэгсдэд зориулсан гайхамшгуудыг үйлдэх үү?
Үхэгсдийн сүнснүүд босоод, Таныг магтах уу?
Таны хайр энэрэл булшинд,
Таны итгэлтэй байдал сүйрлийн газарт тунхаглагдах уу?
Таны гайхамшгууд харанхуйд мэдэгдэх үү?
Таны зөв шударга байдал марталтын газар мэдэгдэх үү?
Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд
Өглөөд миний залбирал Таны өмнө ирдэг.
Өө, ЭЗЭН, Та юунд сэтгэлийг минь хаяна вэ?
Юунд Та надаас нүүрээ нууна вэ?
Би залуугаасаа зовж, үхэх шахсан.
Би Таны аймшгуудыг амсдаг. Би тэвдэж байна.
Таны шатаж буй уур хилэн миний дээгүүр өнгөрсөн.
Таны аймшгууд намайг сөнөөсөн.
Тэдгээр нь намайг ус мэт өдөржин хүрээлсэн.
Тэд хамтдаа намайг бүсэлсэн.
Та амраг хайрт болон анд нөхрийг надаас холдуулсан.
Танилууд минь ч харанхуйд байна.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул Элч Гэгээнтэн, та өвчтөй байсан үедээ ч Галатчуудад Сайн Мэдээг түгээхдээ эргэлзэн тээнэгэлзэлгүй харин махан бие дэх өргөс мэт байнгын өвчнийг тэвчин тэссэн юм. Аугаа элч ээ, эмнэлэгт хэвтэж буй, эдгэршгүй өвчний улмаас зовж шаналан буй, эмчилгээ хийлгэхэд санхүүгийн эх үүсвэргүй, вакцин ба шинэ эм тариа гаргаж авахаар лабораторид судалгааны ажлыг хийж буй хүмүүс, эмнэлэгт ажилладаг хүмүүсийн төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Тэдгээр хүмүүс жинхэнэ эмч Эзэн Есүсээс тайтгарлыг хүртэхийн төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй амар тайвны хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Дөрөвдүгээр өдөр

ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР
Ард түмний эвлэрлийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Флп. 2:1-11;
Дуу 24.
Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн,
Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.
Учир нь Тэрээр далайнууд дээр түүний эх суурийг тавьж,
Гол мөрнүүд дээр түүнийг байгуулсан юм.
ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ?
Түүний ариун газарт хэн зогсож болох вэ?
Цэвэр гартай, ариун зүрхтэй,
Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй,
Худал тангараг тавиагүй хүн тэгэх юм.
Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг,
Авралынхаа Тэнгэрбурханаас зөвтгөлийг хүртэх болно.
Энэ бол Түүнийг хайгчдын үе юм.
Иаковын Тэнгэрбурхан, Таны нүүрийг хайгчдын үе юм. 
Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд
Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
Сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?
Хүчтэй, чадалтай ЭЗЭН,
Тулалдаанд чадалтай ЭЗЭН юм.
Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд
Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
Тэр сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?
Түмэн цэргийн ЭЗЭН,
Тэр бол сүр жавхлангийн Хаан юм.


ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Еврей гаралтай харь үндэстэн ба Христийн сүсэгтнүүдийн хоорондох эвлэрлийн төлөө хүчин чармайлт гарган, Паул Элч гэгээнтэн, хагарал бутрал, алан хядах үйл ажиллагаа, дайн дажин, үндэстэн хоорондын тэмцэлдээн ба хүч чадалтай нь шалгаран үлдэх нь хууль болсон бидний дэлхийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Аугаа элч ээ, дайн дажин гарч буй улс орнууд, захиран дарангуйлах дэглэм дор зовон байгаа, үндэстэн хоорондын өрсөлдөөнийг намжаахын төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Дайн дажин хийж буй хүмүүсийг эвлэрүүлэх томилогдсон хүмүүсийн төлөө та онцгойлон зуучлан залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй төлөв даруу байдлын хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).