2016/12/24

Христийн мэндэлсэн их баярын өдрийг ёслон тэмдэглэлээ.

Амар тайван болон хайрыг авчрагч дэлхийн гэрэл болсон Есүсийг хүлээн авахын утгыг агуулсан цаг улирлын хамгийн том баяр Христийн мэндэлсэн баярын өдрийг ёслон тэмдэглэлээ. 


Хамгийн энгийн эгэл даруу Түүний мэндлэлт нь бидний итгэл бишрэлийг ахин сэргээх шинэчлэлийг авчирдаг билээ. Тиймээс энэхүү баярын өдөр Тэнгэрбурханы авралын дуудлаганд итгэл бишрэлээр хариулахаар шинэ сүсэгтнүүд мэндлэн гарсан юм. 


Итгэл бишрэлийн гэр бүлд нэгдэн ордог ариун угаал үндсэн ёслолыг хүлээн авсан шинэхэн итгэгч залуус өөрсдийн хүлээн авсан баптизмыг шинэ амьдралын эхлэл болгон хариуцлагатайгаар баяртайгаар батлан амьдрах тухайгаа гэрчлэн амласан юм. 


Мөн Мэндэлсэн баярын мөргөлийн үеэр сүсэгтэн гэр бүлийн эцэг эхийн зөвшөөрлөөр бяцхан сүсэгтнүүд маань ариун угаал үндсэн ёслолыг хүртсэн юм. Тэдний ирээдүйн амьдралд Аврагч Эзэний гэрэл, хайр хамт оршин нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байгаасай хэмээн эцэг эх загалмайлсан гэр бүл нь хүсэн ерөөлөө. 

Бидний дунд оршин байдаг Аврагчийнхаа мэндэлсэн их баяраар сүсэгтэн бүрд, тэдний гэр бүлд бяцхан Христ мэндэлсэн ба тэрхүү Христийн амар тайван, энэрэл хайр дүүрэн хүртэхийн төлөө Түүнд хүндэтгэн мөргөдөг билээ. 

2016/12/23

"Цагаан үдэш" итгэлийн хуваалцлын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.


Итгэл бишрэл нэгт ахан дүүс ах эгч нарынхаа хамт нэгэн үдшийг өнгөрүүллээ. 
Монгол дахь католик Шашны багш нарын зуны сургалт семинарын үеэр томилолт болгон хүлээн авсан уг арга хэмжээ нь гэр бүлтэй залуус хийгээд ахмад үеийнхнийхээ төлөөх үйл ажиллагаа байсан юм. 
Монголчууд бид эрхэмлэн дээдэлдэг бүхнээ цагаан ариун зүйлтэй зүйрлэн хүндэлдэг тул энэ үдэш цагаан хайр, цагаан хүсэл, цагаан мөрөөдөл, цагаан итгэл зэрэг сэдвийн хүрээнд өөрийн нандин дурсамж, гэгээн хүсэл мөрөөдлийн тухай онцгойлон ярилцсан хүндлэлийн үдэш болсон билээ. 
Хүүхэд залуусынхаа үлгэр дуурайл болдог ах эгч нар маань итгэл бишрэлээ хуваалцан хамтдаа талархал, хөөр баярыг шингээсэн өөрийн түүхээ хуваалцан гэрчлэл хийж, хөгжөөнт тоглоом таавар, магтан дуу бүжигтэй дурсамжит "Цагаан үдэш"ийг тэмдэглэн өнгөрүүллээ. 
Уг үйл ажиллагааг 6 сард нэг удаа зохион байгуулахаар шийдсэн ба Цагаан үдэш үйл ажиллагааны таксыг нийгмийн ажилд зориулахаар сүмдээ өргөн барьсан юм. 


2016.12.23

2016/12/06

Нисэх, яармагт өдөр өнжүүлэх нээгдлээ


Сургуулийн насны хүүхдүүдийн ирээдүйн төлөө тэдний хичээл хийх орчинг бүрдүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 6 болон 16-р хороонд өдөр өнжүүлэх хичээлийн танхимыг нээн адислалаа.


Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээл хийх таатай орчинг бүрдүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд нь туслах зорилготой энэхүү хичээлийн байр нь  10:00-16:30 гэсэн цагийн хуваарьтайгаар ажиллаж эхэлсэн байна. 

Багш болон харилцан бие биенээ хүндэтгэх ганцхан дүрэм бүхий энэ танхим нь хүүхдүүдийн боловсролд багахан боловч тус болохын тулд гэрийн даалгавар хийхэд нь туслах ба цаашдаа хүүхдийн идэвхи болон сурах байдлыг харгалзан англи болон солонгос хэлний сургалт явуулах төлөвлөгөөтэй байгаа юм. 


Сүсэгтэн ахан дүүс та бүхэн энэхүү үйл ажиллагааг дэмжин сайн дурын үйлчлэл хийхийг хүсвэл сүмийн нийгмийн ажилтантай холбоо барина уу. 


Өдөр өнжүүлэх хаяг:
  1. ХУД Нисэх 16-р хороо Тайнийн 1-24
  2. ХУД Яармаг 6-р хороо Нүхт29 ХБЗ 3-1
Холбоо барих: 9993-4992 /Н.Отгонгэрэл Нийгмийн ажилтан/