2017/03/26

Эвлэрэл үндсэн ёслолын тухай хичээл заалаа.



Сар бүрийн сүүлийн Эзэний өдөр сүмийн бүх сүсэгтэн хамтдаа цуглан мөргөлийн дараа бясалгал залбирал үйлддэг билээ. Энэ 3-р сарын бясалгалаар фр.Томас бидэнд дөч хоногт цаг улирлын хамгийн гол сэдэв болох гэмшлийн тухай хичээл заалаа. Гэмшилтэй холбоотой сүмийн үндсэн ёслолыг Эвлэрэл сакрамэнт буюу эвлэрэл үндсэн ёслол гэдэг.

 Эвлэрэл үндсэн ёслол сүсэгтэн бидэнд хэрэгтэй байдаг гол шалтгаан бол Тэнгэрбурхан бидний гэм нүглийг уучлах улмаар Түүнээс холдон Түүнийг умартсан тэр харилцааг ахин сэргээн эвлэрүүлэхэд оршино.


Гэм нүгэл нь муу үйлдэл бөгөөд Тэнгэрбурхантай тогтоосон бидний харилцааг тасалдаг. Энэ харилцаа таслагдах үед бид муу үр жимс болох уур хилэн үл тоомсорлол зэрэг таагүй харилцааг үүсгэдэг. Улмаар бид гуйхад, ярилцахад, хамт байхад эвгүй болдог. Энэ эвгүй таагүй байдлыг хэрхэн зогсоох вэ? Яаж үгүй болгох вэ?

Хариулт нь ЭВЛЭРЭЛ юм.  Эвлэрэл биднийг Тэнгэрбурхантай төдийгүй хайртай хүмүүс, гэр бүл найз нөхөд болон хөршүүдтэй тогтооосон харилцааг сэргээн өгдөг.
Үүний тулд өөрийн гэм нүгэл, буруу үйлдлийг гэмшин ахин үйлдэхгүй гэх шийдэл ухамсар хэрэгтэй. Үүнд тандТэнгэрбурханы өмнө зогсон үйлдэх эвлэрэл үндсэн ёслол туслах юм.

Итгэгч та хэрвээ эвлэрэл үндсэн ёслолд орж амжаагүй бол Амилалтын баярын өмнө заавал ороорой.


2017/03/17

Санваартны сургууль дахь баярт өдөр

Ламын сургуулийн оюутан. Гэгээн Эх Мариа сүмийн итгэгч хэн бүхэн ламын сургуулийн оюутан гэгч хэн болохыг мэднэ. Санваартны сургуульд сурдаг сахил хүртэхээр бэлтгэх урт аян замыг туулан буй Эзэний дуудлагатай хүнийг бид "Ламын сургуулийн оюутан" гэдэг. Жил бүр тодорхой хугацаагаар итгэгчдийн хамт дадлагын хугацаагаа өнгөрүүлдэг тул дурсамжтай мөчүүд хадгалагдан үлддэг. 


Бидний сайн таних фадэр Б.Энх Иосеф-ийн төгссөн Дэжон дахь уг сургуульд одоо Ц.Санжаажав Петр үргэлжлүүлэн суралцаж байгаа бол энэ жил Оюунболд Бенжамин элсэн орлоо. Сургуулийн нээлтийн баярт өдөр бүхий л Шашны хүрээнээс өөрийн суралцагч нартаа баяр хүргэхээр цугладаг. Энэ өдөр манай Гэгээн Эх Мариа сүмийн ахлах фадэр Франциско Хо болон солонгост байгаа монгол итгэгч нар нээлтийн ёслолд оролцлоо. 
Солонгос руу сурахаар явахын өмнө уг 2 оюутан маань итгэгч ахан дүүс нартаа хандан: -Тэнгэрбурханы дуудлагын дагуу амьдрах хүсэлтэй байна. Үүнд итгэгч ахан дүүс та бүхний залбирал их чухал хэмээсэн. Тиймээс бид бүхэн үргэлж Эзэний дотор нэг тул Эзэнд хандах залбирал дотор үргэлж бие биенийхээ төлөө залбирах нь чухал юм. 

"Ургац арвин ч ажилчид цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа." Матай 9,37






2017/03/05

Санваартан Бернард манай сүмд анхны мөргөлөө өргөлөө.

CICM бүлгэмийн санваартан Бернард 2 сарын 19-нд Сахил санваарын хэргэм хүртсэн ба энхүү санваарын хэргэм хүртэх ёслол Петр Паул гэгээнтнүүдийн сүм дээр ёслол төгөлдөр болж өнгөрсөн юм.

Эзэний сайн мэдээ дэлгэрүүлэх ажил үүрэгт өөрийн амь амьдрал өргөдөг санваартан нь Эзэний хоньчны ёсоор Шашны сүсэгтнүүдийг халамжлах үүрэгтэй билээ.

Эзэнд дахин тариаланч илгээсэнд талархан Монгол дахь бүх католик сүмээр яван бүх католик сүсэгтнүүдийн хамт миса мөргөл өргөдөг уламжлалтай.

Энэ удаа манай Гэгээн эх Мариа сүмд айлчлан ирж итгэгч нарын хамт анхны миса мөргөлийг өргөлөө. Тэрээр санваартан тул миса мөргөл болон бусад зүйлээр дуртайяа туслахаа амласан юм. Бид бүхэн шинэ санваартандаа баяр хүргэхийн хамт түүний адислалыг хүлээн авсан билээ.