2012/08/09

Зуун мод дахь “Хайрын Төв”-д урьж байна


 Төв аймгийн Зуун мод хотод байршиж буй “Хайрын Төв” нь фр. Ким болон манай итгэгч нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд анх монголчууд бид өөрсдийн хэрэглэж буй хоол хүнс, ойр зуурын хэрэгцээт бүтээгдэхүүнээ өөрсдийн гараар бүтээж сурах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслах зорилготой үүссэн билээ. Одоогоор үхрийн ферм, сүү цагаан идээ боловсруулах цех, ногооны талбай, түлш бэлтгэх цех зэргийг барьж байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай итгэгч Петр ах хариуцан ажиллаж байна.


  Үхрийн ферм:  Үхрийн ферм дээр малын саравч, өвс тэжээл хураах саравч, зойр зэргийг барьж байгуулсан бөгөөд хоёр малчин ажиллаж байна. Одоогоор нийт 12 үхэр, 5 тугалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Олон залуусыг малчдын амьдралд туслах, малчдын амьдралтай танилцах үйл ажиллагаа зохион байгуулснаар тэднийг ажил хөдөлмөрт суралцан монгол ахуй соёлоо ухамсарлан ойлгоход их тус болж байдаг билээ.


Сүү цагаан идээ боловсруулах цех:
Сүү цагаан идээ боловсруулах цехэд тараг, аарц, цөцгий, ааруул, бяслаг зэргийг боловсруулж байсан. Боловсруулсан сүү цагаан идээгээр сургууль, цэцэрлэгүүдийг хангахаас гадна хүмүүнлэгийн үйл ажилд зарцуулж ирсэн юм. 



 Тариан талбай:
Хүсний ногоогоо өөрсдөө тарьж бэлтгэх зорилготой байгуулсан билээ. Одоогийн байдлаар байгаль экологийн асуудлыг арилгах, сэргээн босгох ажлыг дэмжин, хувь нэмрээ оруулах зорилгоор 4 сард мод тарих ажлыг эхлээд байна. Үлдсэн газар нь одоогоор ашиглагдаагүй үлдсэн байгаа юм. Өөрсдийн хүсэл сонирхлоороо тариа ногоо тарьж хүмүүнлэгийн ажил үйлсэд тус нэмэр болох итгэгч нарыг хамтран үйл ажиллагаа явуулахыг урьж байна.    
  

Түлш бэлтгэх цех:
Түлш бэлтгэх цех нь энэ жил үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд түүхий эд бэлтгэх газар, түлш боловсруулах буюу үйлдвэрлэх газар болон түлш хураах газар гэсэн хэсгээс бүрдэнэ. Хаягдал материал ашиглан чанартай, хямд түлш бэлтгэж сурснаар илүү сайн арга технологи олж улмаар бусад ахан дүүстэйгээ хуваалцах зорилготой юм. Энэ түлшний цехэд сайн дураараа ажиллах итгэгчдийг урьж байна.      

No comments:

Post a Comment