2013/07/19

Бэсрэг наадам

Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс жил бүр “бэсрэг наадам” зохион байгуулдаг уламжлалтай билээ. Наадам нь манай ард түмний өвөрмөц ахуй соёлыг илэрхийлдэг том баяр билээ. Бидэнтэй салшгүй холбоотой малчны уламжлалаа үнэлж цэгнэн, өөрсдийн амьдралдаа хүндэтгэн хадгалж явахыг зоридог юм. Энэ жилийн Бэсрэг наадам 7 сарын 14ны 13 цагт Мисаны дараа сүмийн хашаан дотор зохион байгуулсан бөгөөд паришийн бүх итгэгч нар, мишинерүүд, амралтаараа туслахаар ирсэн Солонгос ламын сургуулийн оюутнууд болон бусад паришийн ахан дүүс маань хүрэлцэн ирсэн байлаа. фр. Франциско залбиран, итгэгч нартаа хандаж сайхан наадахыг хүсээд, Бэсрэг Наадмын үйл ажиллагааг нээж буйгаа зарласан билээ. Ийнхүү наадам маань бөхийн барилдаан, шагайн харваа, морь /шагайн/ уралдаан болон дэмбээ гэсэн төрлөөр явагдаж, итгэгчид маань маш идэвхитэй уралдацгаасан билээ. Наадамчид уртын дуугаа сонсох зуураа хуушуур болон айргаа амтархан идэж уун, сайхан наадаж байсан юм. Наадам маш сонирхолтой болсон ба бөхийн барилдаанд Отгонтөгс, шагайн харваанд Үүрцайх Николас, морь уралдаанд /шагай/ Солонго, дэмбээнд Бямбадаш нар түрүүлж наадамчин олноо баярлуулсан билээ. Хэдийгээр өглөө маш их бороо орж талбайд ус тогтсон ч манай семинаристууд болон итгэгч нар бүгдийг янзлан өдөр гэхэд наадмын талбай бэлэн болсон байлаа. Бямбаа Иосэф тэргүүтэй зохион байгуулах хорооны итгэгч нартаа бүх итгэгчдийн зүгээс талархал илэрхийлье. Мөн Тэнгэрбурханы нэрээр хамтдаа цуглан, баяр хөөрөө хуваалцсан бүх итгэгч нартаа баярлаж сайхан наадахыг хүсэж байна.

2013/07/03

Баярын Миса ба Пап ламын мэндчилгээ



“Гэгээн Петр ба Паул”-н баяр буюу Катедралын баярыг 6 сарын 30-ны өдөр манай бүх паришийн итгэгчид тэмдэглэн, баярын Миса өргөсөн билээ. Мисанд Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла болон бусад санваартнууд, мөн эрхэм хүндэт Apostolic Nuncio Освалдо Падилла Монголд хүрэлцэн ирж Мисаг удирдсан юм. Тэрээр Ватиканд суугаа Католик шашны тэргүүн Пап лам Францистай уулзаад ирсэн бөгөөд түүний Монгол итгэгч нартаа зориулсан мэндчилгээ болоод адислалыг бидэнд уламжилж байгаадаа баяртай байлаа. Эрхэм хүндэт Nuncio Освалдо Падилла номлолдоо: Есүсийн томилолт болоод Ариун Сүнсний хүчээр Гэгээн Петрийн залгамж үе болсон Пап лам Францисын төлөө Тэнгэрбурхандаа талархаад, түүний төлөө залбирхыг хүсэж, пап ламын үгийг уламжилан: “Ариун сүнсний хүчээр Монголд Католик сүм болон Хамба лам байгаад талархаж байна. Тэнгэрбурхан бол хайр, энэрэл нигүүсэл тул бид бүхэнд үргэлж урам зориг өгч байдаг юм. Тиймээс бид бүхэн өөрсдийн амьдралаараа Есүстэй илүү ойр байхыг бүх мишинерүүд, сүсэгтэн та бүхэндээ уриалж байна. Би хүндлүүлэхийн тулд биш, харин та бүхэнд үйлчлэхийн төлөө Пап лам болсон билээ. Та бүхэн итгэлийн амьдралдаа чухам юу хүсэж буйгаа тунгаан бодоорой” хэмээн айлдаад Мисаны төгсгөлд Пап лам Францисын адислалыг бидэнд хүртээсэн юм.  Мөн энэ өдөр итгэгч дундаас хоёр хүн бататгах ёслолд орж, Тайванаас ирсэн итгэгч залуус маань бидэнд баярын мэндчилгээ дэвшүүлэн, бас Монгол дахь Консулата байгууллагын 10 жилийн ой гээд олон баяр давхацсан сайхан өдөр байлаа. Эдгээр бүх хүмүүст итгэгчдийнхээ өмнөөс баярын мэнд хүргэж байна. Ялангуяа “Гэгээн Петр ба Паул” паришийн хамт олондоо биднийг урьж хамтдаа баяраа хуваалцан, олон зүйлийг  бэлтгэсэн та бүхэнд талархлаа илэрхийлье.