2014/03/11

Хуримын Ариун Ёслол

Манай “Гэгээн Мариа Сүм” дээр 3 сарын 9нд Мөнхбат Стефано болон Нямсолонго Клара нарын “Гэрлэлтийн Ариун Ёслол”ын үйл ажиллагаа болсон билээ. Мисанд фр.Эрнесто, фр.Пиер болон фр.Чарлис нар хүрэлцэн ирж  оролцон, паришийн ахлах лам фр.Франциско ёслолыг удирдан явуулсан бөгөөд манай итгэгч ахан дүүс нар болон хосуудын ах дүү хамаатан садан бүгд хүрэлцэн ирсэн байв. Хос маань Христчин гэр бүлд зориулсан тусгай хичээлд орж, Тэнгэрбурханы сургаалийн дагуу зөвт амьдралаар хичээн амьдрахаа илэрхийлэн “Гэрлэлтийн Ариун Ёслол”д орсон билээ. фр.Пиер номлолдоо: “Энэ сайхан өдөр Мөнхбат болон Нямсолонго нар нэг гэр бүл болох шийдвэрийг өөрсдөө гаргасан байна, харин бид тэдний төлөө залбирч, тэдний амьдралыг дэмжиж байдаг. Амьд явах гэдэг бол хувь заяа биш, бидний сонгосон зам биш, энэ бол Тэнгэрбурханы гүн их таалал билээ. Бид ямар нэг автомат юмуу машин биш, харин Тэнгэрбурханаас амьд явах амьдралыг хүлээн авсан учраас бид ухаалаг, зөв сонголт хийх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл болон бие биеэ өмчлөх байдлаас болж гэрлэлтээс татгалзаж байна. Манай Католик шашин буюу сүсэгтнүүдийн хувьд хүчирхийлж өмчлөх ёс гэж байдаггүй. Учир нь Тэнгэрбурхан бидэнд үргэлж үнэнч байж үнэнийг сургадаг тул бид үнэн ба үнэнч байдлыг уламжлан авдаг юм. Ер нь амьдрал хэцүү бөгөөд амьдралын зам дээр олон бэрхшээл зовлон байдаг. Иймээс дараах 3 асуулт гардаг. 1. Би юу хийж чадах вэ? 2. Би юу хийх ёстой вэ? 3. Би юунд итгэж, хэнд найдах вэ? Энэхүү асуултад хариулахын тулд бид Есүс Христийн амьдралыг эргэцүүлэх боломжтой. Түүний амьдрал амархан байгаагүй бөгөөд Тэр бидэнд 3 гол зүйлийг зааж өгсөн билээ. 1. “Хайр” гэдэг бол өөрийнхөө төлөө амьд явах бус бусдын төлөө, ялангуяа хайртай хүмүүсийнхээ төлөө амьд явах гэсэн утгатай юм. Учир нь Есүс энэхүүү алтан сургаалийг бидэнд ойлгуулсан билээ. 2. Аз жаргалтай амьдралыг хүсэж байвал бардам зан бус харин даруу зангаар амьдрах хэрэгтэй. Даруу зан бол Тэнгэрбурханы мөн чанар юм. 3. Бусад хүмүүст үйлчлэх ялангуяа өвчтэй, зовлонтой, гэр оронгүй хүмүүст туслах хэрэгтэй. Энэ бол Тэнгэрбурханы зам, Есүс Христийн зам юм. 

Тэнгэрбурхан тэдний дотор оршиж байдаг билээ. Та нарын энэхүү "Гэрлэлтийн Ариун Ёслол"д орох шийдвэр бол Тэнгэрбурханаас хүлээн авсан бэлэг бөгөөд Тэнгэрбурхан үргэлж та нарыг ивээж, хамгаалдаг билээ. Харин нэг зүйлийг битгий мартаарай. Энэ бол үнэн, үнэнч байдал. Бие биедээ үнэнч байгаарай, Тэнгэрбурхандаа үнэнч байгаарай. Энэ бол бидний аз жаргалын зам, алтан зам билээ.”
Ийнхүү фр.Пиер номлолоо өндөрлөөд гэрлэсэн хосын төлөө хамтдаа Тэнгэрбурханаас гуйн залбирсан юм. Энэхүү “Гэрлэлтийн Ариун Ёслол”д хүрэлцэн ирж Мөнхбат Стефано болон Нямсолонго Клара нарын гэр бүлийн төлөө залбирсан та бүхэндээ талархаж байна. Мөн энэ өдөр бидэнд Тэнгэрбурханы сайн мэдээг хүлээн авахад тусласан гэрлэсэн хосдоо талархаж байгааг илэрхийлж байна.   

No comments:

Post a Comment