2014/09/09

БАЯРЫН МИСА

9 сарын 8нд Төгс Жаргалант Цэвэр Охин Мариагийн мэндэлсэн баярын өдрөөр ургацын баяр таарсан бөгөөд манай “Гэгээн Мариа Сүм” дээр баярын Мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Мисаг фр.Франциско удирдан явуулсан бөгөөд Солонгос ахан дүүс бэлтгэн явуулж байлаа.   Цэвэр Охин Мариа бол манай Шашны эх буюу бидний үлгэр дууриал, халамжлан хүмүүжүүлэгч юм. Тиймээс энэ баярын өдөр Тэнгэрбурхандаа талархал өргөхөөр олон хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд ургацын баяр тохиосон давхар баярын өдөр болсон билээ. Ургацын баяр бол Тэнгэрбурханы хайрласан арвин их ургац болон хишиг ивээлд талархаж буйгаа илэрхийлэн баяр хөөрөө хуваалцдаг том баярын өдөр билээ. Мөн энэ өдөр Солонгос ахан дүүс маань өвөг дээдэстээ мөргөн, тэдний ач буяныг дурсан санаж хүндэтгэн, сургааль үгсийг нь даган нэр төртэй амьдрахыг эрхэмлэн дээдэлдэг уламжлалтай. Тиймээс Мисаны үеэр тахилын ширээний өмнө ширээ засан, идээ будааныхаа дээжийг Тэнгэрбурхан, өвөг дээдэсдээ өргөн барьж байлаа. Солонгос хүмүүс энэ баярын өдрүүдэд бүгд өөр өөрсдийн нутаг усандаа цуглан, ах дүүстэйгээ хамтдаа энэхүү ургацын баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Монголд амьдарч буй Солонгос итгэгч ахан дүүс маань хэдийгээр төрсөн нутгаасаа хол байгаа ч гэсэн баярын Мисагаар дамжуулан өвөг дээдэстээ зориулан мөргөж, Тэнгэрбурхандаа талархаж байлаа. Энэ баярын өдөр хүрэлцэн ирж өөрсдийн баяр хөөрөө хуваалцсан бүх хүмүүст талархаж байна.         

No comments:

Post a Comment