2015/03/31

Бясалгал, Загалмайн зам

Манай "Гэгээн Мариа Сүм" дээр удахгүй баптизм хүртэх гэж буй итгэгч нартаа зориулан бясалгал зохион байгуулсан билээ. Бясалгал 3.27ны оройн Мисагаар эхлээд 28ны өглөө хүртэл үргэлжилсэн бөгөөд 10.30 цагаас бүх итгэгч нар ууланд гарч, загалмайн замын залбирал зохион байгуулсан юм. 
Бясалгал Мисагаар эхлээд шинээр Ариун Угаал Хүртэх гэж буй итгэгч нарт семинар хичээл ба хүндэтгэлийн ёслол зохион байгуулсан билээ. Солонгос итгэгч нарт фр.Томас хичээл орсон бол Монгол итгэгч нарт фр.Франциско хичээл зааж, харин үлдсэн хугацаанд өөрсдийн итгэлийн амьдралаас хуваалцахын хамт бас хүссэн хугацаагаар залбирах боломжтой байсан юм. Ийнхүү өөрсдийн итгэлийн амьдрал болон гэр бүл, ах дүүс, найз нөхөд болон бусад бүх хүмүүсийн төлөө залбирч Тэнгэрбурхантай биечлэн ярих таатай нөхцлийг бүрдүүлсэн нь хүн бүрийн сэтгэлд хүрч байлаа. Мөн энэхүү бясалгалд багш нар маань хамтдаа оролцож, хэрэгтэй бүхнээр туслаж дэмжиж байсан нь энэхүү үйл ажиллагааг амжилттай болоход ихээхэн тус нэмэр болсон байна.
"Загалмайн зам" залбирал
Энэ удаагийн загалмайн замын залбирлаа ууланд хийснээрээ онцлогтой байлаа. Залбирал бүх итгэгч нарт зориулагдсан бөгөөд "Альфа Курс"ын багш нар зохион байгуулсан нь хүн бүрийн талархалыг хүлээж байлаа. Бүгд зогсоол бүрт хамтдаа залбирч байхдаа тунгаан бясалгаж, өөрт тохиолсон саад бэрхшээлийн тоогоор чулуу түүж, хамгийн сүүлд дээр гараад Тэнгэрбурханд  өргөснөөр өндөрлөсөн билээ. Хэдийгээр гадаа цас орсон байсан  ч маш дулаахан, сайхан өдөр байсан тул хүн бүр Тэнгэрбурхандаа талархаж байв. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан бүх хүмүүст болон хүрэлцэн ирж идэвхитэй оролцсон бүх хүмүүст талархаж байна.





    

No comments:

Post a Comment