2015/06/01

Мариагийн шөнө


Манай "Гэгээн Мариа Сүм" дээр жил бүр Мариагийн шөнө буюу Мариа Элизабетэд зочилсон өдрийг  тэмдэглэдэг бөгөөд 5.30нд орой 8.00 цагаас тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Уламжлал ёсоор бүх сүсэгтнүүд сүмийн гадаа Мариагийн баримлын өмнө цуглаж, бүлгэм бүр Мариа Эхэд зориулан цэцэг өргөн хамтдаа сарнайн эрхин залбирлаа залбирч дуусаад, дараа нь бүлгэм бүрээс бэлтгэсэн бяцхан тоглолтоо үзүүлсэн билээ. Комбинат бүлгэмийн ахан дүүс маань өөрсдийн бэлтгэсэн бүжгээ сонирхуулж, Зуун мод бүлгэмээс шүлэг уншиж үзүүлсэн бол, Нисэх болон Яармаг бүлгэмээс өөрсдийн бэлтгэсэн дуугаа дуулж үзүүлсэн нь хүн бүрийг баярлуулсан билээ. Гэхдээ энэ удаагийн Мариагийн шөнийн залбиралд Солонгос улсаас ирсэн жаз хөгжимчин Шин Квон Вү оролцсон нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, тэдний итгэлд их хувь нэмэр оруулсан юм. Тэрээр паришийн ахлах лам фр.Францискогийн урилгаар Монголд хүрэлцэн ирсэн бөгөөд итгэгч хүний хувьд бусад ахан дүүстээ өөрийн авьяас билгээ хуваалцахаар ирсэн билээ. Мариагийн шөнийн залбирлын өмнө хөгжимчин Шин Квон Вү нь Мариад хүндэтгэл үзүүлэн залбирлын аянуудыг тоглосон нь итгэгч ахан дүүсийг Мариагийн энэрэл нигүүлсэл ба тайтгарлыг хүлээн авч, түүнтэй хамт залбирах боломж өгсөн юм. Хэдийгээр богино хугацаанд тоглосон хэдий ч итгэгчид сэтгэлдээ бясалгаж, баяртайгаар хүлээн авч байлаа. Мариагийн шөнийн залбиралдаа хүрэлцэн ирж идэвхитэй оролцсон бүх бүлгэмийн ахан дүүстээ талархаж буйгаа илэрхийлж байна. Ялангуяа хөгжимчин Шин Квон Вү танд өөрийн авьяас билгээ хуваалцаж, итгэгчдийн итгэлийн амьдралд хувь нэмэр оруулсанд талархаж байна.

No comments:

Post a Comment