2015/11/04

11 сар нь Насан эцэслэгчдийг тайтгаруулах Ариун сар

11 Сар нь Насан эцэслэгчдийг тайтгаруулах ариун сар бөгөөд энэ сарын 2нд Католик сүмийн итгэгчид бид ХАМАГ ИТГЭЛТ ТАЛИЙГААЧДЫГ ДУРСАХУЙ-н өдрийг тохиолдуулан хамтдаа залбирдаг билээ. 

Энэ залбиралдаа бид талийгчид ялангуяа арилгах оронд байгаа талийгчдийн төлөө залбирдаг. 

Арилгах оронд ариусгагдаж байгаа сүнснүүдэд бид хэрхэн туслаж болох вэ?
Гэгээнтнүүдийн нэгдлийн тусламж дэмжлэгтэйгээр газар дэлхийд түр оршин сууж буй сүсэгтнүүд нь залбирлаар, ялангуяа Эвхаристын золиосоор дамжуулан арилгах оронд буй сүнснүүдэд тусалж болдог. Мөн өглөг, өршөөл, гэмшлийн үйлсээрээ тэдэнд туслах боломжтой. 
 Үхэл гэгч хувь тавилан

"Үхдэггүй хүн, үгүйрдэггүй баян гэж байдаггүй" гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Үхэлтэй хэзээ, хаана, яаж тулгарахаа хэн ч мэддэггүй.  Үхэл нь энэ ертөнцөд хуримтлуулсан эрхэм нандин зүйлс төдийгүй хайртай хүмүүсээс минь ч үүрд хагацахад хүргэдэг зүйл учир үхлийг мэдээж уйтгар гуниг ба зовлон дагадаг. Мөн үхэл бол зөвхөн ганцхан удаа л тохиолддог бөгөөд буцааж үл болох зүйл учир үхлийн дараах явдлыг ярьж өгдөг хүн байдаггүй. Иймд үхлийн тухай хүн төрөлхтөн зөнгөөрөө айдас хүйдэс, түгшүүрт автагддаг. 
Нөгөө талаар, үхэл нь хүн төрөлхтөнд өөрсдийн амьдралаа эргэн харж, гэмшин ухаарах боломжийг олгодог. 



 Энэ дэлхийн амьдрал бол Тэнгэрбурханаас ирсэн зүйл бөгөөд үхэл нь Тэнгэрбурхан руу буцаж буй хэрэг юм. Иймд бид өдөр бүр амьдралаа эргэн харж, Тэнгэрбурханд талархлыг өргөснөөр мөнхийн амийн тухай итгэл найдвар өвөрлөн, үхлээс айлгүй амьдрахыг хичээцгээе. 




Үхлийн дараа...

  1. Тэнгэрийн орон -Диваажин 
  2. Арилгах орон -Зуурдын орон
  3. Там
Тэнгэрийн орон - Тэнгэрбурхантай хамт байх ивээгдсэн байдлыг илэрхийлдэг ба бид тэнгэрийн оронд орох нь төгс аз жаргалыг бэлгэддэг.

Арилгах орон - Тэнгэрбурханы ивээл хайран дотор нас барсан боловч бүрэн төгс цэвэршээгүй хүмүүс Тэнгэрбурханы хаанчлалд орохын тулд дамжин өнгөрөх ёстой цэвэршлийн явцыг хэлнэ. 

Там - Хүн төрөлхтний хүсэн мөрөөддөг амь ба аз жаргалыг өгөгч Тэнгэрбурханаас үүрд тусгаарлагдахыг хэлдэг. Тэнгэрбурхан гэмтнийг хаядаг бус харин тэд өөрсдөө Тэнгэрбурханы ивээлээс татгалзсанаас там гэдэг мөнхийн зовлонт байдалд унах болдог. 


No comments:

Post a Comment