2012/04/18

СиАйСиЭм бүлгэмийн Бр. Проспер М. Бумба-ын диконы сахил хүртэх ёслол

Христийн амилалтын баярын миса буюу бр. Проспер МБумба-н тахилчийн сахил хүртэх ёслолыг тэмдэглэн оролцохоор бусад паришийн санваартнууд болон итгэгчид нэг дороо Катедралд/төв сүм/ цугласан юм. Мөн манай Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам, Венсеслао Падилла бүх итгэгчиддээ амилалтын баярын мэнд хүргэн мисаг удирдсан бөгөөд энэхүү мисагаар дамжуулан дикон сахил хүртэх гэж буй бр. Проспер түүний эцэг эх нь хүүгийнхээ энэхүү ёслолд оролцохоор нутгаасаа ирсэн болохыг тэмдэглэв. Тэр хэлэхдээ бүх санваартны хувьд хамгийн хүсэн хүлээдэг энэхүү ёслол бол бр.Просперийн хувьд ч хүсэн хүлээсэн үнэ цэнэтэй мөч билээ. Тэрээр энэ мисагаар дамжуулан олон авьяас билэг хүлээн авч бусдад түгээх болтугай, Тэнгэрбурхан түүнийг хүлээн аваасай хэмээн хамба лам залбирлаа.
Тэнгэрбурхан бидний зүрх сэтгэлд орсноороо
Эзэн Есүс амьд байгаа ба дахин амилж байна. Бид Эзэний сайн мэдээг түгээхийн тулд үйлдлээрээ түүнийг гэрчилж байдаг билээ. Бид бүхэн бр.Просперийн дикон сахил хүртэх ёслолд орсноороо Тэнгэрбурханы аврал, нууц болон гайхамшигт тэмдгүүдийг хүлээн авч байгаа юм хэмээн айлдаад Хамба лам маань 2 өдрийн өмнө бр.Проспертай бясалгал хийж байхдаа түүнээс нэрнийх нь утгийг асууж байснаа дурсан ярьж өглөө. Түүний Проспер гэдэг бол мэдээж христчин нэр, хоёр дахь нь өвөг дээдсийх нь нэр ба сүүлийн нэр болох Мбумба бол тэдний нутагт ургадаг модны нэр байлаа. Энэ Мбумба нь жилд нэг удаа үрээ газарт цацдаг бөгөөд дараа жил нь тэр үр мод болон ургадаг гайхамшигтай мод юм. Түүний нэгэн адил Конго улсад нэг сайхан мод ургаад Монголд ирлээ. Тэрээр Тэнгэрбурханы хайрын үрээ Монголд ургуулаасай хэмээн хамба лам айлдав.
Ингээд хамба лам Венсеслао Падилла-н удирдсан сахил хүртэх ёслол болсон ба бр.Проспер Тэнгэрбурханы мэдэлд бүрэн орж бусдад Тэнгэрбурханы хайрыг түгээн дэлгэрүүлэх, сахилаа ариунаар хадгалахаа нэг бүрчлэн дурдан, итгэгчдийнхээ өмнө амласан билээ. Мөн хамтдаа Гэгээнтнүүдийн  дуулалт залбирал, Гэгээн Эх Мариадаа залбиран гуйсан юм. Энэхүү ариун ёслолд оролцон гэрч болж буй бүх санваартан болоод итгэгчид түүнд баяр хүргэн Тэнгэрбурханы хайр ивээлийг хамтдаа хүртсэн билээ.   
 Хамба лам Венсеслао Падилла номлолдоо: “Бид бүгд Есүсийн дахин амилалтын гэрч юм. Есүс дахин амилалтаараа дагалдагч нартаа үзэгдсэн билээ. Та бүхэн амилсан Есүстэй уулзсан уу? Хэрэв уулзаж амжаагүй бол бие биенээрээ дамжуулан уулзаарай. Мөн санваартнууд болоод Мисагаар/мөргөл/ дамжуулан уулзаарай. Баптизм хүртсэнээр бид түүний амилалтын баярыг хамтдаа хуваалцдаг билээ. Эзэн Есүсийн түүх үргэлжилсээр л байна. Бид нар түүнийг дагаж, бас түүний түүхийг бичилцэж байгаа юм. Өнөөдөр дэлхийд Католик итгэгчдийн тоо нь тэр бум гурван зуун сая байдаг. Эзэн Есүс Христийн түүх хэзээ ч дуусаагүй бөгөөд итгэгчдээрээ дамжуулан үргэлж оршдог юм” хэмээн айлдсан билээ.
Сахил хүртсэн дикон Проспер мисанд оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлээд: Тэнгэрбурханы нигүүсэл бол агуу юм. Тэнгэрбурханы нигүүслийг хүлээн авч бусдад түгээх нь бидний үүрэг билээ. Итгэгчид та бүхэн бүх санваартан, шашин дэлгэрүүлэгчдийн төлөө залбирч өгнө үү хэмээн хүссэн юм.                

No comments:

Post a Comment