2014/07/01

Баярын Миса

Уламжлал ёсоор “Гэгээн Петр болон Гэгээн Паул нарын баяр”-ын өдөр бүх паришийн итгэгч ахан дүүс маань хамтран “Гэгээн Петр ба Паул”-н нэрэмжит Катедрал дээр Магтаал Талархлын Мөргөлөө тэмдэглэдэг уламжлалтай билээ. 6.29ны Баярын мисанд баяр хүргэхээр Солонгос улсад суугаа Нюнсио, ахлах Хамба, эрхэм хүндэт Освалдо Падилла хүрэлцэн ирж Хамба лам Венсэслао Падилла болон бусад лам нарын хамт Миса удирдан, номлол айлдсан билээ. Тэрээр номлолдоо: паришийн баярыг тохиолдуулан бүх хүмүүст, онцгойлон Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падиллад баярын мэнд хүргэлээ. Мөн энэ өдөр Пап ламын өдөр болохыг тэмдэглээд, Пап лам Францисын төлөө хамтдаа залбирхыг уриалж байлаа. Пап лам Францис Сайн мэдээ түгээх үйлсдээ дэлхий дахиныг уриалан дуудаж, өөрийн амьдралаар Тэнгэрбурханы хайр энэрлийг үзүүлснээр түүний нэр алдар өндөрт танигдсан юм. Удахгүй Солонгос улсад болох “Азийн Католик Залуучуудын Наадам”-д Пап лам маань хүрэлцэн ирж, оролцох гэж буйг дурдаад, үргэлж түүний төлөө залбирч байхыг сануулсан билээ. Пап лам бол Есүс Христийн бие төлөөлөгч, гэгээн Петрийн залгамжлагч юм. Бид өөрсдийн амьдралдаа Гэгээн Петр ба Гэгээн Паул нарын итгэл бишрэлээс суралцан, үлгэр дууриал авснаар гэм нүглийн боолчлол болоод гуниг гутралын боолчлолоос чөлөөлөгдөж чаддаг. Тиймээс бидний хүсэн хүлээж байдаг мөнхийн аз жаргал бол өөрийн амьдралаараа Есүс Христтэй хамт байх явдал билээ. Ийнхүү Эрхэм хүндэт Нюнсио номлолдоо олон зүйлийг тайлбарлаж, үүний дараа Хамба лам Веснэслао Падилла шинэхэн мэндэлсэн хүүхдэд Ариун Угаал хүртээх ёслол үйлдэн баяр дээр бас дахин баяр нэмсэн юм. Итгэгч ахан дүүстээ зориулж олон шагнал урамшуулал гардуулан, концерт ба өглөөний цай бэлтгэсэн “Гэгээн Петр ба Паул” паришийн итгэгч ахан дүүстээ талархаж байна.       

No comments:

Post a Comment