2015/04/01

Ариун Нандин Түрхлэг адислах ёслол

Катедрал буюу Их сүмд 3.31ны мягмар гаригт уламжлал ёсоор Ариун Нандин Түрхлэг адислах ёслол болсон билээ. Ёслолд  Католик шашны бүх мишинерүүд болон итгэгч нар хүрэлцэн ирж оролцсон юм. Мисаг Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла бусад санваартнуудын хамт удирдсан юм. Хамба лам маань саяхан Пап лам Францисын зохион байгуулсан уулзалтанд оролцоод ирснийг та бүхэн санаж байгаа бизээ. Тэрээр номлолдоо: ариун долоо хоногоо хамтдаа угтаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд, Пап лам Францисын бидэнд өгч буй урам зориг, ивээл хишгийг дамжуулж байгаад талархаж байлаа. Мөн ариун долоо хоногтоо Тэнгэрбурхантай илүү ойр байхын тулд ариун амьрал дахь өөрчлөлтийг бий болгож чадах уу хэмээн өөрөөсөө асууцгаая. Хэрэв өөрчлөлтийг өөртөө бий болгохыг хүсэж байвал Тэнгэрбурханы авралд итгэх хэрэгтэй, хэрэв авралд итгэж байвал Түүний дахин амилалтанд ч мөн адил итгэх хэрэгтэй. Тиймээс ариун долоо хоногийн турш Тэнгэрбурханы хайр энэрлээр өөрсдийгөө ариун амьдралаар өөрчилцгөөе хэмээгээд, үргэлжлүүлэн олон сургаалийг Хамба лам маань итгэгч олондоо сургаж, номлосон билээ. Мисаны үеэр сахил санваарын түрхлэг, өвчний түрхлэг болон бататгах ёслолд зориулсан ариун түрхлэг адислах ёслолын үйл ажиллагаа болсон юм. Үүний дараа лам нарын тангараг өргөх ёслол болсон бөгөөд бүх лам нар маань оролцож, өөрсдийн сахил санваарын үүргээ биелүүлэх амлалт өгч байв.
Энэхүү ёслолыг Хамба лам Венсэслао Падилла удирдан явуулсан бөгөөд Тэнгэрбурханы өмнө, бүх итгэгчид ахан дүүсийнхээ өмнө амласан билээ. Мөн Хамба лам итгэгч нарт хандаж "Ариун үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа санваартнуудаа дэмжиж, хайрлаж байгаарай хэмээн Пап лам Францисын уриалгыг дахин уриалсан юм. Энэ өдөр хүрэлцэн ирж Ариун Нандин Түрхлэг адислах ёслолд оролцсон бүх ахан дүүстээ болон Мисаг удирдан явуулсан Хамба лам болон бусад лам нартаа талархаж буйгаа илэрхийлж байна.                    

No comments:

Post a Comment