2015/04/07

Амилалтын баярын Миса



Манай  "Гэгээн Мариа Сүм" дээр Амилалтын баярын Миса, 4.5ны ням гаригт өглөө эхэлсэн бөгөөд Мисанд Хамба лам Венсэслао Падилла болон фр.Эрнесто, фр.Пиер нар хүрэлцэн ирж, паришийн ахлах лам Франциско болон фр.Томас нар удирдсан билээ. Мисаны үеэр хүүхдийн Баптизм хүртэх ёслол болсон ба нийт долоон хүүхэд хүртсэн юм. Ёслолыг Хамба лам Венсэслао Падилла удирдан явуулсан бөгөөд тэрээр итгэгч нартаа хандаж Амилалтын баярын мэнд хүргээд, өөрийн номлолдоо: Бид Амилалтын баяраар дамжуулан нууцыг тэмдэглэж байхдаа өөрсдөө сайн мэддэггүй билээ. Энэ нь бид нар Ариун долоо хоногийн ёслолууд, үгийн тунхаглалд оролцсоноор өөрсдийн амьдралын утга учрыг эргэцүүлэн бодохыг хэлж байгаа юм. Хэдийгээр бүрэн дүүрэн ойлгоогүй ч, бидэнд өөрийн эрхгүй нөлөөлж байдаг бөгөөд энэ нь биднийг эгэл даруу, хүнлэг байхыг сургадаг. Бид эгэл даруу хүнлэг байснаараа, биднийг гэм нүглээс чөлөөлөхийн тулд зовж шаналан нас барж, дахин амилсан Христийн нууц болон гэрчлэлийг хүлээн зөвшөөрдөг юм. Энэ бүхнээс бид айж эмээх бус харин энэхүү нууцлаг байдлыг мэдэж, өөрийн амьдралын нэг хэсэг болгох зоригтой байх хэрэгтэй. Энэ бол Есүсээр уламжлан өөрсдийн гэм нүглийн хавчлагаас чөлөөлөгдөх явдал билээ. Тиймээс биднийг гэм нүглийн харанхуйгаас чөлөөлөн, Амилалтын сүр жавхлант амьдрал өөд хүргэж буй Есүсийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Хамгийн чухал зүйл бол бид Түүний хэлж, үйлдсэнийг даган дуурайх зоригтой байхыг хэлж байна. Гэхдээ та бүхэн энэхүү нууцыг зөвхөн яриад зогсох бус нүднийхээ өмнө бусдад дэлгэн, хуваалцсан гэдэгт би найдаж байна. Есүсийн хадан булшны дэргэд байсан бүсгүйчүүдийн нэгэн адил  бид Есүс үнэхээр үхлээс амилсан хэмээн сайн мэдээг хүргэдэг байх хэрэгтэй. Тэдгээр эмэгтэйчүүдийн Есүс үнэхээр амилсан, Тэр амьд  хэмээн тунхаглахыг хичээж байсан тэрхүү эр зоргийг нь дуурайн, зарлан тунхаглах учиртай. Тэдний нэгэн адил өөрсдийн эргэн тойронд буй хүмүүст Амилалтын баярын мэндийг хүргэцгээе. Учир нь амилсан Есүс Христ бидэнд энэхүү амьдралыг өгсөн билээ. Тиймээс цааш үргэлжлүүлэн дамжуулаарай хэмээн Хамба лам хэлсэн юм. Тэрээр Ариун угаал хүртэх гэж буй хүүхдүүдийн эцэг эх, загалмайлсан эцэг эхэд хандаж: Эдгээр хүүхдүүдийг гэрэл гэгээтэй амьралд оруулан, гэм нүглийн харанхуйгаас чөлөөлсөн Тэнгэрлэг Эзэний амилалтанд итгэх итгэлийн боловсролд нь та бүхэн хариуцлагатай байгаарай. Тэднийг зөвхөн бие махбодийн хувьд нь өсгөж анхаарал тавих бус бас сэтгэл санааны хувьд нь анхаарал тавьж, тэдэнд итгэлтэй болгож сургахыг хичээгээрэй. Тэнгэрлэг Эзэн Есүс эдгээр хүүхдүүдийг хүлээн авч, гэм нүглийн харанхуйгаас чөлөөлөөсэй хэмээн залбирцгаая хэмээн Хамба лам номлолоо өндөрлөж, Ариун Угаалын ёслолыг үргэлжлүүлсэн билээ. Энэхүү баярын Мисандаа хүрэлцэн ирсэн итгэгч ахан дүүстээ болон миса удирдсан Хамба лам болон бусад лам нартаа талархаж байна. Онцгойлон баптизм хүртсэн бяцхан хүүхдүүд, тэдний гэр бүлийхэнд баяр хүргэж байна. 





      

No comments:

Post a Comment