2017/01/17

Хүн зүрх сэтгэлээ нээж үнэн сэтгэлээсээ Тэнгэрбурханд үйлчилбэл Түүний хишиг ивээл дүүрэн ирнэ

АХМАД ИТГЭГЧ Р. ЭРДЭНЭЭ АЛЕКСАНДРТАЙ ЯРИЛЦЛАА 
Сайн байна уу? Юуны өмнө манай сэтгүүлд  ярилцлага өгч байгаад баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач.
Намайг Эрдэнээ Александр гэдэг. Би Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. Эхнэр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2 хүүхэд сургуульд сурч байна. 
  Миний итгэлийн амьдралд хөл тавихад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол Нямсүрэн Тереза билээ. Тэрээр надад анх католик шашны түүх, уламжлал, ёс жаягийг маш тодорхой ойлгомжтойгоор хэлж өгсөн ба тэр цагаас одоог хүртэл өөрийн итгэл бишрэлийнхээ хүчээр сайн сайхан явж байна. Католик шашинд орсноор би амар амгалан, хайр энэрэл, тэсвэр тэвчээр, бусдыг уучлах, хөршөө хайрлах зэрэг, Тэнгэрбурханаас өгсөн ивээлүүдийг авч байгаадаа маш их баяртай байдаг. Миний баптизмын нэрийг Александр гэдэг. Энэ гэгээн хүн нь Италийн нэгэн хамба лам байсан.


 Түүний нэрийн баярын өдөр нь миний төрсөн өдөртэй таардаг тул энэ нэрийг сонгосон. Миний итгэлийн амьдралд тохиолдсон дурсамжтай зүйл нь Монгол дахь Католик шашны 20 жил, Гэгээн Эх Мариа сүмийн 10 жилийн ойд зориулсан Эргэл мөргөл явган аялал байсан. Одоог хүртэл тэр үе сэтгэлд тодхон дурсамж болон үлджээ. Тэр аяллаар бид олон бэрхшээл саадыг огт ажрахгүйгээр давж Тэнгэрбурханы хүчээр зорьсон зорилгоо биелүүлсэндээ сэтгэл хангалуун байдаг. Хүн зүрх сэтгэлээ нээж үнэн сэтгэлээсээ Тэнгэрбурханд үйлчилбэл Түүний хишиг ивээл дүүрэн ирнэ гэж хэлмээр байна.

Та одоогоор ямар ажил эрхэлж байна вэ?
Би одоо өөрийн сүмд аж ахуй, тохижилт хариуцсан менежерээр 4 дэх жилтэйгээ золгож байна. Энэ мөчийг ашиглан сүмийн ахлах санваартан Хо. Францискод баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Анх ажилд орох санал тавьж одоо хүртэл ажиллаж байгаадаа маш их баярлаж байна.


Та мөн сайн дураараа хийж байгаа ажлаа танилцуулна уу?
Би өөрийн итгэл бишрэлийн гол цөм болсон Гэгээн Эх Мариа сүмдээ магтан дууны хөгжимчин бас Альфа бүлэгт сүмийн үйлчлэлийг хийж байна.

Та хэдэн жил Талархал магтаалын мөргөлд хөгжимчний үүрэг гүйцэтгэсэн. Хөгжим анх хаана  сурсан бэ? Сайн дурын энэ ажилдаа сэтгэл хир хангалуун байдаг вэ?
 2012 оны 8-р сараас хойш одоог хүртэл 5 жил хийж байна. Энэ сайн дурын ажлаа би маш их сэтгэл хангалуун баяр хөөртэйгөөр хийдэг.
Би 6-р ангид байхдаа гитар тоглодог ах нарыг харж, тэднийг дуурайн өөрийн авьяасаараа хөгжим тоглож сурсан. Ямар нэгэн багшаар заалгаагүй.




Та залуу хөгжмийн шавьтай юу? Энэ талаар таны бодол юу вэ?
Одоогоор надтай хөгжим заалгах хүсэлтэй хүн нэг ч ирээгүй байна. Үүнд харамсах сэтгэл төрдөг. Миний хүсэл мөрөөдөл бол магтаалын дууны залуучуудаас бүрдсэн амьд хөгжмийн баг бий болгох. Энэ тал дээр анхаарал сайн хандуулаагүй миний буруу их байгаа. Гэхдээ залуучууд маань үнэхээр хүсэл сонирхолтой суръя гээд ирвэл баяртайгаар хүлээн авах болно.

No comments:

Post a Comment