2017/01/26

Аливаа зүйлст санаачлага гаргаж, хийсэн ажлаа дуустал нь хийж, уйгагүй тууштай байвал тэр зүйл чамайг илэрхийлэх болно

Сайн байна уу? Та өөрийгөө бидэнд товч танилцуулаач. Залуучуудын бүлгийг хэдий их хугацаанд удирдаж байна вэ? Мөн Гэгээн Эх Мариа париш дээр өөр ямар ямар сайн дурын ажлуудыг гүйцэтгэж байна вэ? Энэ бүхнийг хийхэд өөрийн ажил цаг зав хувийн амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?
Баярлалаа. Сэтгүүлийн хамт олон болон нийт  уншигчиддаа  Есүс Христийн мэндэлсэн өдрийн мэндийг  хүргэе.
Намайг Жаргалсайханы Одонгоо гэдэг.  2012 онд баптизм авсан. Миний  Баптизмын нэр Анна. Гэгээн Эх Мариа Католик сүмийн үе үеийн залуучууд  удирдах бүлгээ сонгож  үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн. Одоо Залуучуудын  ерөнхий  удирдагчаар Фадер Томас  ажиллаж байгаа ба Петр, Анна, Хатанбаатар Пио болон миний  бие зөвлөх багийг бүрдүүлж  байна. Миний бие залуучуудын  бүлгэмийн туслах гишүүнээр ажиллаад ойролцоогоор 2 жил болж байна. Тухайн үед  зөвлөхийн гишүүд долоо хоног бүр уулзалдаж  ярилцаж  хийх ажлаа  төлөвлөдөг байсан. Би хичээлийн цаг заваараа чадах зүйлээрээ   туслахыг хичээдэг байлаа. Их сургуулиа төгсөж, ажилд орсноор цаг зав эрс багассан. Үүнээс эхэлж залуучуудын үйл ажиллагаанд ойроос биш алсаас туслах  боллоо.
 Энэ  нь ерөнхийдөө интернэтээр, зарим нэг зурагт үзүүлбэр, бичлэг гэх мэт зүйлсийг засварлах, санаа өгөх, дэм болох,  зарим нэг  бичвэр, текстийн алдаа, утгазүйг найруулж засах гэх мэт/Польш хүмүүс маань тэр үед монгол хэл гайгүй сайн мэддэг байсан./ ажил байлаа. Үүндээ ч чадахаараа тусалж, цаг явсаар ажилдаа албан тушаал зэрэг хашихаар болж  бүр ч завгүй болов. Яг үнэндээ энэ бүгдийн сүүлд нэг л зүйлийг ойлгосон. Залуучууддаа хандаж хэлэхэд: Аливаа зүйлст санаачлага гаргаж, хийсэн ажлаа дуустал нь  хийж, уйгагүй тууштай байвал тэр зүйл чамайг илэрхийлэх болно. Аливаа зүйлсээс зугталгүй аль болох санал санаачлагаа тултал нь гаргаж , чин сэтгэлээрээ хандаж чадах юм бол эхлүүлсэн ажил төдий чинээ урагштай  бүтэмжтэй сэтгэл хангалуун байх болно.

Итгэлийн амьдралд хөл тавихад танд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ? Баптизмийн нэрээ хэрхэн сонгосон эсвэл сонирхолтой дурсамж байвал бидэнтэй хуваалцаач.2012 онд Баптизм авахаар  болсон. Амилалтын баярын мисаны өмнөх өдөр  нь нэр сонгох ёстойгоо мэдэж библи эргүүлж эмэгтэй нэр хайж байснаа санаж байна.  Мисаны өмнөх бэлтгэлийн үеэр фадерууд баптизмын ээж аавуудаа сонгосон эсэхийг  асуухад нь  Аугустин ахыг гэж хэлж билээ. Миний бапитзмын ээж талийгаач Болороо Гератина.

Таныг Азийн залуучуудын уулзалтад явж байсан гэж сонссон. Энэ уулзалтаар бусад улс орны залуучуудтай итгэл бишрэлээ хуваалцах тэр агшинд танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?2014 онд Солонгос улсад зохиогдсон Азийн залуучуудын 6-р их наадамд нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн. Тухайн үед анх удаа олон орны /ойролцоогоор 25 гаруй улс/ төрөл бүрийн хэл соёлтой залуучуудтай уулзах, нэг баг хамт олон болох, хоорондоо ойлголцох гэх мэт зүйлсүүд тулгарсан. Гэвч 14 хоног хамт байсны эцэст олон олон найзуудтай болж өөрсдийн багахан ч болов итгэлээ хоорондоо хуваалцаж, түүгээр дамжуулан өөрсдийн итгэлээ улам батжуулсан гэдэгт итгэж байна. Үүний далимд сайн мэддэггүй таньдаггүй байсан монгол ахан дүүстэйгээ илүү ойр  хамтран ажиллах , хамт байх мөч тохиолдсонд маш их баярлаж явдаг

.
Монгол дахь Католик Сүмийн дүр төрх бол итгэгч залуучуудаас их шалтгаалдаг. Энэ талаар таны бодол юу вэ? Миний хувьд Залуучуудын өөрсдийнх нь идэвхи, санаачлага юм. Хамгийн чухал нь тэдний хийх хүсэл эрмэлзэл, хөдөлмөрөөс католик шашны ирээдүй шалтгаалж байна гэж боддог. Бид ямар байна, бидний үр хүүхэд эргэн тойрны найз нөхөд болон сүмд шинээр ирсэн хүмүүст Католик шашныг танилцуулах нүүр царай болно. Тиймээс бүхий л насны бүхий л залуучууд тэр дундаа гэр бүлтэй залуучуудаас бид дүү нартаа үзүүлэх үлгэр дууриалыг авдаг.Залуучуудын үйл ажиллагаанд нас харгалзахгүй бүх хүмүүсийн санал шүүмжлэл, тус дэмийг авах нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Харин түүнийг хүлээн авч хэрэгжүүлэх нь залуучууд бидний эв нэгдлээс шалтгаална. Иймд эв нэгдэл, санал санаачлага, хийж бүтээх хүсэл эрмэлзэл, хөдөлмөр байж л байвал тэр үед  Монголын Католик шашин хөгжсөөр л байна.


Паришд залуучуудын бүлгийг удирдаж байх явцад  ямар ямар асуудалтай тулгарч байв?
Жилийн өмнө би “Үе тэнгийн удирдагч” гэсэн сэдэв дор 2 шөнө, 3 өдрийн семинарт суусан юм. Тэр үеэр ойлгож авсан зүйлийн нэг нь аливаа юмыг эерэгээр харах ухаан. Эхэлж мууг нь биш сайныг нь түрүүлж харах явдал. Ямар ч хүнд асуудал тулгарсан бай арай өөр талаас нь харах шийдэх явдал юм. Бид бүгдээрээ л удирдагч, өөрсдийгөө удирдаж байж өөр хэн нэгний удирдагч байж чадна. Тиймээс залуучууд бид удирдагч хүний ёс суртахуун, мэдлэгийг эзэмшиж хэн нэг удирдагчийн үгийг хүлээх биш, өөрөө бид удирдагч юм шүү хэмээн түрүүлж сэтгэж, түрүүлж бодож, бусдаас түрүүлж хийсэн бүтээсэн үр шимээ харуулах нь таны өөртөө болон бусдад удирдагч байхын нэг гол үндэс болж өгдөг. 

Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл, Залуучуудын дуу хоолой булан




No comments:

Post a Comment