2017/06/04

Пэнтикостын баярын өдөр

Пэнтикостын баярын өдөр бид бүхэн Тэнгэрбурханы Хүү Христийн амласан Ариун Сүнс буун ирсэн их баярын өдрийг ёслон тэмдэглэдэг. Аврагчийнхаа үхэл ба амилалтыг харсан дагалдагч нар хамтдаа цуглан залбирах үедээ хүлээн авсан Христийн бидэнд илгээсэн Туслагч нь дагалдагчдад үйлдсэний адил бид бүхэнд итгэл бишрэлийн гэрэл сайн мэдээний тунхаглалын хүчийг өгдөг гэдэгт бид итгэн найддаг. 

Сүмийн үүсэн бий болох суурийг тавьсан энэ өдөр сүсэгтэн ахан дүү нар маань ариун Угаал үндсэн ёслолыг хүлээн авч Тэнгэрбурханы хүүхэд болж, Гэгээн Эх Мариа сүмийн гишүүд нэмэгдлээ. 


Католик Шашны сургаал хийгээд Тэнгэрбуханы Үгийг хүлээн авсан эдгээр залуучуудын итгэлийн амьдралд Тэнгэрбурханы Ариун Сүнс үргэлж хамт байн ивээл хайраа дүүргэн өгөхийг хүсье. 


2017/05/31

Мариа Эхийн шөнө

Гэгээн Эх Мариагийн сарын хамгийн сүүлийн өдөр. Мариагийн шөнө. Энэ үдэш бид Тэнгэрбурханы Эх Мариа Елизабетийн гэрт очсон айлчлалыг тунгаан Магнификат буюу Магтагтун хэмээх Мариагийн дууг сонсдог. 

Сүмийн бүхий л бүлгэм цуглан Гэгээн Эхийн хамт сарнайн эрихний залбирал үйлдэн, сүсэгтэн ахан дүүсийнхээ Мариа Эхэд зориулан бэлдсэн урлагийн үзүүлбэрүүдийг үзэн сонирхлоо.






2017/05/20

Багш нарын өдөрлөг

Монгол дахь католик Шашны сургалтын багш нарын нэгдсэн өдөрлөг Монгол дахь католик шашны 25 жилийн ойн хүрээнд 5 сарын 20ны өдөр Петр Паул Гэгээнтнүүдийн катедрал дээр зохион байгуулагдлаа. Уг үйл ажиллагаанд  өмнө болон одоо багшилж байгаа нийт 60 гаруй багш оролцсоноос Гэгээн Эх Мариа сүмээс 22 багш оролцсон юм.

Католик Шашны сургалтын багш гэсэн сайн мэдээний нэгэн дуудлагын дор цуглан сүсэгтэн ахан дүү нартаа сүсэг бишрэлийн тухай заадаг бид өнгөрсөн үеийн туршлага ба өнөөгийн байдлын тухай, ирээдүйд шийдэх асуудлыг ярилцан нэгэн өдрийн хамтдаа өнгөрүүллээ.





2017/03/26

Эвлэрэл үндсэн ёслолын тухай хичээл заалаа.



Сар бүрийн сүүлийн Эзэний өдөр сүмийн бүх сүсэгтэн хамтдаа цуглан мөргөлийн дараа бясалгал залбирал үйлддэг билээ. Энэ 3-р сарын бясалгалаар фр.Томас бидэнд дөч хоногт цаг улирлын хамгийн гол сэдэв болох гэмшлийн тухай хичээл заалаа. Гэмшилтэй холбоотой сүмийн үндсэн ёслолыг Эвлэрэл сакрамэнт буюу эвлэрэл үндсэн ёслол гэдэг.

 Эвлэрэл үндсэн ёслол сүсэгтэн бидэнд хэрэгтэй байдаг гол шалтгаан бол Тэнгэрбурхан бидний гэм нүглийг уучлах улмаар Түүнээс холдон Түүнийг умартсан тэр харилцааг ахин сэргээн эвлэрүүлэхэд оршино.


Гэм нүгэл нь муу үйлдэл бөгөөд Тэнгэрбурхантай тогтоосон бидний харилцааг тасалдаг. Энэ харилцаа таслагдах үед бид муу үр жимс болох уур хилэн үл тоомсорлол зэрэг таагүй харилцааг үүсгэдэг. Улмаар бид гуйхад, ярилцахад, хамт байхад эвгүй болдог. Энэ эвгүй таагүй байдлыг хэрхэн зогсоох вэ? Яаж үгүй болгох вэ?

Хариулт нь ЭВЛЭРЭЛ юм.  Эвлэрэл биднийг Тэнгэрбурхантай төдийгүй хайртай хүмүүс, гэр бүл найз нөхөд болон хөршүүдтэй тогтооосон харилцааг сэргээн өгдөг.
Үүний тулд өөрийн гэм нүгэл, буруу үйлдлийг гэмшин ахин үйлдэхгүй гэх шийдэл ухамсар хэрэгтэй. Үүнд тандТэнгэрбурханы өмнө зогсон үйлдэх эвлэрэл үндсэн ёслол туслах юм.

Итгэгч та хэрвээ эвлэрэл үндсэн ёслолд орж амжаагүй бол Амилалтын баярын өмнө заавал ороорой.


2017/03/17

Санваартны сургууль дахь баярт өдөр

Ламын сургуулийн оюутан. Гэгээн Эх Мариа сүмийн итгэгч хэн бүхэн ламын сургуулийн оюутан гэгч хэн болохыг мэднэ. Санваартны сургуульд сурдаг сахил хүртэхээр бэлтгэх урт аян замыг туулан буй Эзэний дуудлагатай хүнийг бид "Ламын сургуулийн оюутан" гэдэг. Жил бүр тодорхой хугацаагаар итгэгчдийн хамт дадлагын хугацаагаа өнгөрүүлдэг тул дурсамжтай мөчүүд хадгалагдан үлддэг. 


Бидний сайн таних фадэр Б.Энх Иосеф-ийн төгссөн Дэжон дахь уг сургуульд одоо Ц.Санжаажав Петр үргэлжлүүлэн суралцаж байгаа бол энэ жил Оюунболд Бенжамин элсэн орлоо. Сургуулийн нээлтийн баярт өдөр бүхий л Шашны хүрээнээс өөрийн суралцагч нартаа баяр хүргэхээр цугладаг. Энэ өдөр манай Гэгээн Эх Мариа сүмийн ахлах фадэр Франциско Хо болон солонгост байгаа монгол итгэгч нар нээлтийн ёслолд оролцлоо. 
Солонгос руу сурахаар явахын өмнө уг 2 оюутан маань итгэгч ахан дүүс нартаа хандан: -Тэнгэрбурханы дуудлагын дагуу амьдрах хүсэлтэй байна. Үүнд итгэгч ахан дүүс та бүхний залбирал их чухал хэмээсэн. Тиймээс бид бүхэн үргэлж Эзэний дотор нэг тул Эзэнд хандах залбирал дотор үргэлж бие биенийхээ төлөө залбирах нь чухал юм. 

"Ургац арвин ч ажилчид цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа." Матай 9,37






2017/03/05

Санваартан Бернард манай сүмд анхны мөргөлөө өргөлөө.

CICM бүлгэмийн санваартан Бернард 2 сарын 19-нд Сахил санваарын хэргэм хүртсэн ба энхүү санваарын хэргэм хүртэх ёслол Петр Паул гэгээнтнүүдийн сүм дээр ёслол төгөлдөр болж өнгөрсөн юм.

Эзэний сайн мэдээ дэлгэрүүлэх ажил үүрэгт өөрийн амь амьдрал өргөдөг санваартан нь Эзэний хоньчны ёсоор Шашны сүсэгтнүүдийг халамжлах үүрэгтэй билээ.

Эзэнд дахин тариаланч илгээсэнд талархан Монгол дахь бүх католик сүмээр яван бүх католик сүсэгтнүүдийн хамт миса мөргөл өргөдөг уламжлалтай.

Энэ удаа манай Гэгээн эх Мариа сүмд айлчлан ирж итгэгч нарын хамт анхны миса мөргөлийг өргөлөө. Тэрээр санваартан тул миса мөргөл болон бусад зүйлээр дуртайяа туслахаа амласан юм. Бид бүхэн шинэ санваартандаа баяр хүргэхийн хамт түүний адислалыг хүлээн авсан билээ.

2017/01/26

Аливаа зүйлст санаачлага гаргаж, хийсэн ажлаа дуустал нь хийж, уйгагүй тууштай байвал тэр зүйл чамайг илэрхийлэх болно

Сайн байна уу? Та өөрийгөө бидэнд товч танилцуулаач. Залуучуудын бүлгийг хэдий их хугацаанд удирдаж байна вэ? Мөн Гэгээн Эх Мариа париш дээр өөр ямар ямар сайн дурын ажлуудыг гүйцэтгэж байна вэ? Энэ бүхнийг хийхэд өөрийн ажил цаг зав хувийн амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?
Баярлалаа. Сэтгүүлийн хамт олон болон нийт  уншигчиддаа  Есүс Христийн мэндэлсэн өдрийн мэндийг  хүргэе.
Намайг Жаргалсайханы Одонгоо гэдэг.  2012 онд баптизм авсан. Миний  Баптизмын нэр Анна. Гэгээн Эх Мариа Католик сүмийн үе үеийн залуучууд  удирдах бүлгээ сонгож  үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн. Одоо Залуучуудын  ерөнхий  удирдагчаар Фадер Томас  ажиллаж байгаа ба Петр, Анна, Хатанбаатар Пио болон миний  бие зөвлөх багийг бүрдүүлж  байна. Миний бие залуучуудын  бүлгэмийн туслах гишүүнээр ажиллаад ойролцоогоор 2 жил болж байна. Тухайн үед  зөвлөхийн гишүүд долоо хоног бүр уулзалдаж  ярилцаж  хийх ажлаа  төлөвлөдөг байсан. Би хичээлийн цаг заваараа чадах зүйлээрээ   туслахыг хичээдэг байлаа. Их сургуулиа төгсөж, ажилд орсноор цаг зав эрс багассан. Үүнээс эхэлж залуучуудын үйл ажиллагаанд ойроос биш алсаас туслах  боллоо.
 Энэ  нь ерөнхийдөө интернэтээр, зарим нэг зурагт үзүүлбэр, бичлэг гэх мэт зүйлсийг засварлах, санаа өгөх, дэм болох,  зарим нэг  бичвэр, текстийн алдаа, утгазүйг найруулж засах гэх мэт/Польш хүмүүс маань тэр үед монгол хэл гайгүй сайн мэддэг байсан./ ажил байлаа. Үүндээ ч чадахаараа тусалж, цаг явсаар ажилдаа албан тушаал зэрэг хашихаар болж  бүр ч завгүй болов. Яг үнэндээ энэ бүгдийн сүүлд нэг л зүйлийг ойлгосон. Залуучууддаа хандаж хэлэхэд: Аливаа зүйлст санаачлага гаргаж, хийсэн ажлаа дуустал нь  хийж, уйгагүй тууштай байвал тэр зүйл чамайг илэрхийлэх болно. Аливаа зүйлсээс зугталгүй аль болох санал санаачлагаа тултал нь гаргаж , чин сэтгэлээрээ хандаж чадах юм бол эхлүүлсэн ажил төдий чинээ урагштай  бүтэмжтэй сэтгэл хангалуун байх болно.

Итгэлийн амьдралд хөл тавихад танд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ? Баптизмийн нэрээ хэрхэн сонгосон эсвэл сонирхолтой дурсамж байвал бидэнтэй хуваалцаач.2012 онд Баптизм авахаар  болсон. Амилалтын баярын мисаны өмнөх өдөр  нь нэр сонгох ёстойгоо мэдэж библи эргүүлж эмэгтэй нэр хайж байснаа санаж байна.  Мисаны өмнөх бэлтгэлийн үеэр фадерууд баптизмын ээж аавуудаа сонгосон эсэхийг  асуухад нь  Аугустин ахыг гэж хэлж билээ. Миний бапитзмын ээж талийгаач Болороо Гератина.

Таныг Азийн залуучуудын уулзалтад явж байсан гэж сонссон. Энэ уулзалтаар бусад улс орны залуучуудтай итгэл бишрэлээ хуваалцах тэр агшинд танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?2014 онд Солонгос улсад зохиогдсон Азийн залуучуудын 6-р их наадамд нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн. Тухайн үед анх удаа олон орны /ойролцоогоор 25 гаруй улс/ төрөл бүрийн хэл соёлтой залуучуудтай уулзах, нэг баг хамт олон болох, хоорондоо ойлголцох гэх мэт зүйлсүүд тулгарсан. Гэвч 14 хоног хамт байсны эцэст олон олон найзуудтай болж өөрсдийн багахан ч болов итгэлээ хоорондоо хуваалцаж, түүгээр дамжуулан өөрсдийн итгэлээ улам батжуулсан гэдэгт итгэж байна. Үүний далимд сайн мэддэггүй таньдаггүй байсан монгол ахан дүүстэйгээ илүү ойр  хамтран ажиллах , хамт байх мөч тохиолдсонд маш их баярлаж явдаг

.
Монгол дахь Католик Сүмийн дүр төрх бол итгэгч залуучуудаас их шалтгаалдаг. Энэ талаар таны бодол юу вэ? Миний хувьд Залуучуудын өөрсдийнх нь идэвхи, санаачлага юм. Хамгийн чухал нь тэдний хийх хүсэл эрмэлзэл, хөдөлмөрөөс католик шашны ирээдүй шалтгаалж байна гэж боддог. Бид ямар байна, бидний үр хүүхэд эргэн тойрны найз нөхөд болон сүмд шинээр ирсэн хүмүүст Католик шашныг танилцуулах нүүр царай болно. Тиймээс бүхий л насны бүхий л залуучууд тэр дундаа гэр бүлтэй залуучуудаас бид дүү нартаа үзүүлэх үлгэр дууриалыг авдаг.Залуучуудын үйл ажиллагаанд нас харгалзахгүй бүх хүмүүсийн санал шүүмжлэл, тус дэмийг авах нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Харин түүнийг хүлээн авч хэрэгжүүлэх нь залуучууд бидний эв нэгдлээс шалтгаална. Иймд эв нэгдэл, санал санаачлага, хийж бүтээх хүсэл эрмэлзэл, хөдөлмөр байж л байвал тэр үед  Монголын Католик шашин хөгжсөөр л байна.


Паришд залуучуудын бүлгийг удирдаж байх явцад  ямар ямар асуудалтай тулгарч байв?
Жилийн өмнө би “Үе тэнгийн удирдагч” гэсэн сэдэв дор 2 шөнө, 3 өдрийн семинарт суусан юм. Тэр үеэр ойлгож авсан зүйлийн нэг нь аливаа юмыг эерэгээр харах ухаан. Эхэлж мууг нь биш сайныг нь түрүүлж харах явдал. Ямар ч хүнд асуудал тулгарсан бай арай өөр талаас нь харах шийдэх явдал юм. Бид бүгдээрээ л удирдагч, өөрсдийгөө удирдаж байж өөр хэн нэгний удирдагч байж чадна. Тиймээс залуучууд бид удирдагч хүний ёс суртахуун, мэдлэгийг эзэмшиж хэн нэг удирдагчийн үгийг хүлээх биш, өөрөө бид удирдагч юм шүү хэмээн түрүүлж сэтгэж, түрүүлж бодож, бусдаас түрүүлж хийсэн бүтээсэн үр шимээ харуулах нь таны өөртөө болон бусдад удирдагч байхын нэг гол үндэс болж өгдөг. 

Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл, Залуучуудын дуу хоолой булан