Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээлэл. Show all posts

2017/03/26

Эвлэрэл үндсэн ёслолын тухай хичээл заалаа.



Сар бүрийн сүүлийн Эзэний өдөр сүмийн бүх сүсэгтэн хамтдаа цуглан мөргөлийн дараа бясалгал залбирал үйлддэг билээ. Энэ 3-р сарын бясалгалаар фр.Томас бидэнд дөч хоногт цаг улирлын хамгийн гол сэдэв болох гэмшлийн тухай хичээл заалаа. Гэмшилтэй холбоотой сүмийн үндсэн ёслолыг Эвлэрэл сакрамэнт буюу эвлэрэл үндсэн ёслол гэдэг.

 Эвлэрэл үндсэн ёслол сүсэгтэн бидэнд хэрэгтэй байдаг гол шалтгаан бол Тэнгэрбурхан бидний гэм нүглийг уучлах улмаар Түүнээс холдон Түүнийг умартсан тэр харилцааг ахин сэргээн эвлэрүүлэхэд оршино.


Гэм нүгэл нь муу үйлдэл бөгөөд Тэнгэрбурхантай тогтоосон бидний харилцааг тасалдаг. Энэ харилцаа таслагдах үед бид муу үр жимс болох уур хилэн үл тоомсорлол зэрэг таагүй харилцааг үүсгэдэг. Улмаар бид гуйхад, ярилцахад, хамт байхад эвгүй болдог. Энэ эвгүй таагүй байдлыг хэрхэн зогсоох вэ? Яаж үгүй болгох вэ?

Хариулт нь ЭВЛЭРЭЛ юм.  Эвлэрэл биднийг Тэнгэрбурхантай төдийгүй хайртай хүмүүс, гэр бүл найз нөхөд болон хөршүүдтэй тогтооосон харилцааг сэргээн өгдөг.
Үүний тулд өөрийн гэм нүгэл, буруу үйлдлийг гэмшин ахин үйлдэхгүй гэх шийдэл ухамсар хэрэгтэй. Үүнд тандТэнгэрбурханы өмнө зогсон үйлдэх эвлэрэл үндсэн ёслол туслах юм.

Итгэгч та хэрвээ эвлэрэл үндсэн ёслолд орж амжаагүй бол Амилалтын баярын өмнө заавал ороорой.


2017/03/17

Санваартны сургууль дахь баярт өдөр

Ламын сургуулийн оюутан. Гэгээн Эх Мариа сүмийн итгэгч хэн бүхэн ламын сургуулийн оюутан гэгч хэн болохыг мэднэ. Санваартны сургуульд сурдаг сахил хүртэхээр бэлтгэх урт аян замыг туулан буй Эзэний дуудлагатай хүнийг бид "Ламын сургуулийн оюутан" гэдэг. Жил бүр тодорхой хугацаагаар итгэгчдийн хамт дадлагын хугацаагаа өнгөрүүлдэг тул дурсамжтай мөчүүд хадгалагдан үлддэг. 


Бидний сайн таних фадэр Б.Энх Иосеф-ийн төгссөн Дэжон дахь уг сургуульд одоо Ц.Санжаажав Петр үргэлжлүүлэн суралцаж байгаа бол энэ жил Оюунболд Бенжамин элсэн орлоо. Сургуулийн нээлтийн баярт өдөр бүхий л Шашны хүрээнээс өөрийн суралцагч нартаа баяр хүргэхээр цугладаг. Энэ өдөр манай Гэгээн Эх Мариа сүмийн ахлах фадэр Франциско Хо болон солонгост байгаа монгол итгэгч нар нээлтийн ёслолд оролцлоо. 
Солонгос руу сурахаар явахын өмнө уг 2 оюутан маань итгэгч ахан дүүс нартаа хандан: -Тэнгэрбурханы дуудлагын дагуу амьдрах хүсэлтэй байна. Үүнд итгэгч ахан дүүс та бүхний залбирал их чухал хэмээсэн. Тиймээс бид бүхэн үргэлж Эзэний дотор нэг тул Эзэнд хандах залбирал дотор үргэлж бие биенийхээ төлөө залбирах нь чухал юм. 

"Ургац арвин ч ажилчид цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа." Матай 9,37






2017/03/05

Санваартан Бернард манай сүмд анхны мөргөлөө өргөлөө.

CICM бүлгэмийн санваартан Бернард 2 сарын 19-нд Сахил санваарын хэргэм хүртсэн ба энхүү санваарын хэргэм хүртэх ёслол Петр Паул гэгээнтнүүдийн сүм дээр ёслол төгөлдөр болж өнгөрсөн юм.

Эзэний сайн мэдээ дэлгэрүүлэх ажил үүрэгт өөрийн амь амьдрал өргөдөг санваартан нь Эзэний хоньчны ёсоор Шашны сүсэгтнүүдийг халамжлах үүрэгтэй билээ.

Эзэнд дахин тариаланч илгээсэнд талархан Монгол дахь бүх католик сүмээр яван бүх католик сүсэгтнүүдийн хамт миса мөргөл өргөдөг уламжлалтай.

Энэ удаа манай Гэгээн эх Мариа сүмд айлчлан ирж итгэгч нарын хамт анхны миса мөргөлийг өргөлөө. Тэрээр санваартан тул миса мөргөл болон бусад зүйлээр дуртайяа туслахаа амласан юм. Бид бүхэн шинэ санваартандаа баяр хүргэхийн хамт түүний адислалыг хүлээн авсан билээ.

2016/12/06

Нисэх, яармагт өдөр өнжүүлэх нээгдлээ


Сургуулийн насны хүүхдүүдийн ирээдүйн төлөө тэдний хичээл хийх орчинг бүрдүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 6 болон 16-р хороонд өдөр өнжүүлэх хичээлийн танхимыг нээн адислалаа.


Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээл хийх таатай орчинг бүрдүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд нь туслах зорилготой энэхүү хичээлийн байр нь  10:00-16:30 гэсэн цагийн хуваарьтайгаар ажиллаж эхэлсэн байна. 

Багш болон харилцан бие биенээ хүндэтгэх ганцхан дүрэм бүхий энэ танхим нь хүүхдүүдийн боловсролд багахан боловч тус болохын тулд гэрийн даалгавар хийхэд нь туслах ба цаашдаа хүүхдийн идэвхи болон сурах байдлыг харгалзан англи болон солонгос хэлний сургалт явуулах төлөвлөгөөтэй байгаа юм. 


Сүсэгтэн ахан дүүс та бүхэн энэхүү үйл ажиллагааг дэмжин сайн дурын үйлчлэл хийхийг хүсвэл сүмийн нийгмийн ажилтантай холбоо барина уу. 


Өдөр өнжүүлэх хаяг:
  1. ХУД Нисэх 16-р хороо Тайнийн 1-24
  2. ХУД Яармаг 6-р хороо Нүхт29 ХБЗ 3-1
Холбоо барих: 9993-4992 /Н.Отгонгэрэл Нийгмийн ажилтан/


2016/08/11

Амар амгалан та нартай хамт байх болтугай. Жу ХэЮн Иосеф

Жил бүр бидний дотноор хүлээн авдаг Дэжон католик дээд сургуулийн оюутнууд маань өөрсдийн сургуулийн дэмжигч гишүүдэд зориулан гаргадаг '하늘 가는 길'  буюу Тэнгэр лүү явах замд мэдээний 2016 оны 8-р сарын дугаарт Монголын маань тухай бичжээ. Бидэнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа болон дурсамж бүхэн сүмийн итгэгч ахан дүүсийн итгэл, нэгдэл болон хайрыг улам бэхжүүлж байхыг ерөөе. 

Хүндэт Дэжон Католик дээд сургуулийн дэмжигч гишүүд ээ

Сайн байцгаана уу? Жу Хэ Юн Иосеф гэдэг, Би одоогоор 4-р курсээ дуусгаад түр хугацаагаар сургуулиа орхин Муратуриум гэх шашны туршлагажилтын хугацааг өнгөрүүлж байна.
Санваартны сургуулийн Муратуриум оюутнууд нь одоо ганцаар эсхүл бүлгээр тархан сүм болон дэлхийтэй өөрийн биеэр танилцаж байна. Мөн тэрхүү туршлагаар Есүсийн санваартны үүргийг мэдрэн харж, тэр үүрэгт бэлтгэгдэж байна.

Би саяхан Муратуриумын нэг хэсэг болох Монгол дахь Шашин дэлгэрүүлэлттэй танилцаад ирлээ. Монгол дахь Шашин дэлгэрүүлэлт нь албан ёсоор 23 жилийн өмнө 3 санваартнаар эхлэн одоог хүртэл янз бүрийн шашны бүлгэм ба Дэжон хүрээний санваартнууд монгол итгэгчдийн хамт Шашныг босгон байгуулж байна. Хэдийгээр Ариун Угаал хүртсэн итгэгч 1200 хүн ч, ариун угаал хүртээгүй олон сонсогчид, хүүхдүүд хамтдаа миса өргөж байна. Мөн 8 сарын сүүл гэхэд Дэжон Католик дээд сургуульд хамтдаа суралцаж байсан Дикон Энх Монголын анхны санваартан болж сахил санваарын ёслолыг хүртэх юм. Ийнхүү Монгол дахь католик Шашин нь аажмаар тасралтгүй өргөжин хөгжиж байна. Би энэхүү Монгол дахь католик Шашны хамт өнгөрүүлсэн 3 сарын хугацаанд олон зүйлийг үзэн, мэдэрч чадсан юм.

Сайн мэдээ дэлгэрүүлэгч гэдэг нь гагцхүү тухайн газрын хүмүүст хайрыг “өгдөг” хүн бус, тэр газарт тэр хүмүүстэй хамт хоорондоо хайрыг “хуваалцдаг” хүн байсан юм. Цаашлаад санваартан нь бусдыг хайрлан, удирдах ёстой оршихуй төдий бус хамтдаа хайрыг хуваалцан тэдний дунд амьдрах ёстой гэдгийг мэдрэн бясалгаж чадсан юм. Надад энэ туршлагыг олж авахыг зөвшөөрсөн Тэнгэрбурханд талархъя. Мөн санваартны сургуулийн оюутан бидэнд энэхүү туршлагыг олж авахад залбирал ба анхаарал халамжаараа тусалсан .дэмжигч та нартаа чин сэтгэлээсээ талархъя. Та бүхний ачийг хүн нэг бүрт хариулж чадахгүй ч сайн санваартан болохыг хичээх болно. Монгол дахь католик Шашны төлөө та бүхний анхаарал ба залбирлыг хүсэхийн хамт бидний болон та бүхний гэр бүлд амар амгалан үргэлж байхын төлөө цаг ямагт залбирах болно. Баярлалаа.


Амар амгалан та нартай хамт байх болтугай. 



орчуулсан: Байгалмаа Марианна 

2016/07/29

Энэ зуны сургалт семинаруудаас ...

 Нарлаг зуны өдрүүд ар араасаа хөвөрсөөр нэг мэдэхэд долоон сар дуусаж байна. Зуны саруудад сүмийн сүсэгтэн ахан дүүс маань ч гэр бүл найз нөхдийн хамт зугаалсаар.

Сүмийн зүгээс зохион байгуулсан хэд хэдэн семинар болон зуслангийн тухай товч танилцуулъя


      1.      Гэгээн Эх Мариа сүм буюу манай сүм 6 сарын 23-26ны хооронд Зуны Хайрын сургуулийн нэрэмжит хүүхэд залуучуудын зуны зусланг Төв аймагт зохион явууллаа. Энэхүү зусланд бид хүүхэд залуусынхаа хамт өөрсдийн итгэл бишрэл хийгээд эв нэгдлийг чухалчлан, хамтдаа дуу шүлэг болон эргэцүүлэл, залбирал, тоглоом гэх мэт  хөгжилтэй хөтөлбөрийн хамт байлаа.
 
2.       Католик Шашны багш нарын сургалт. Энэхүү сургалт семинар нь 7 сарын 1-3ны хооронд Хандгайт зусланд Монгол дахь католик Шашны нийт багш нарын төлөө Шашны хариуцлагатны багийн дор зохион байгуулагдаж өнгөрлөө. Энд бид Эгэл сүсэгтний үйлс гэсэн сэдвийн дор:
a.       Эгэл сүсэгтэн гэж хэн бэ, түүний үүрэг хариуцлага
b.      Шинэ гэрээн дэх эгэл сүсэгтнүүд
c.       Сүмийн үйлчлэл
d.      Монгол дахь католик Шашин
e.      Харилцаа ба заах арга барил
f.        Нийгэм дэх эгэл сүсэгтнүүд гэсэн сэдвүүдээр сургалт явагдав.
Монгол дахь католик шашны томоохон үүрэг хариуцлагыг үүрсэн багш нарын хамт хийсэн семинар маань Эзэний бидэнд өгсөн томилолтыг ахин сануулсан, сэргээн шинэчилсэн арга хэмжээ байсан юм.




3.       Монгол дахь католик Шашны залуучуудын хорооноос өсвөр үеийн залуучуудын төлөө 7 сарын 20-22нд нийт 100 орчим залуусын хамт зуны сургалт зусланг амжилттай зохион байгууллаа. Энд Монгол дахь бүх сүмүүдээс залуучууд маань цуглан уулзаж хамтдаа өөрийн Эзэнд талархал магтаалын залбирлыг өргөн Тэнгэрбурхантай тогтоох харилцаа ба дуудлагын тухай семинар сонссон юм. Хүүхэд залуус маань бие биентэйгээ танилцан нөхөрлөхийн зэрэгцээ авьяас чадвар, инээд хөөрөө хуваалцсан сайхан өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэн юм.


 
4.       Гэгээн Эх Мариа сүм болох манай сүмийн хайрын сургуулийн зүгээс үргэлжлүүлэн  7 сарын 23-24нд өсвөр насны охидынхоо төлөө “Охидын өдөр” өдөрлөгийг явууллаа. Энд манай сүмийн өсвөр насны охид хамрагдсан ба багш нарынхаа хамт өсвөр насны охидын төлөөх хуваалцал ба Би хэн бэ? нэртэй эргэцүүлэл хичээлийг хүлээн авсан юм. Найз нөхөрлөл, үерхэл хайр ба ирээдүйн мэргэжил гэх мэт олон олон зүйлийг багцлан агуулсан богинохон авч хэрэгтэй цагуудыг хамтдаа өнгөрүүлсэн юм.


Энэ бүх үйл ажиллагааг Монгол дахь католик Шашны хороо ба багуудаас мөн манай сүмээс нийт итгэгч ахан дүүсийнхээ төлөө зохион байгуулсан бөгөөд хурэлцэн ирж оролцсон багш, хүүхэд залуучууддаа талархсанаа илэрхийлэхийн хамт биднийг идэвхтэйгээр дэмжин оролцуулсан сүмийнхээ ахлах санваартан Франциско Хо болон туслах санваартан Томас Ру нартаа талархсанаа илэрхийлье. 

Удахгүй ахин хөгжилтэй, дурсамж дүүрэн мөн илүү хөгжин дэвших олон арга хэмжээ та биднийг хүлээж байгаа шүү. 

2016/03/30

Ариун долоо хоног

Дал модны баярын Ням гарагт бид Есүс Иерусалим уруу орж байгаа үйл явцыг тэмдэглэдэг. Энэхүү үйл явдлаар дамжуулан Ариун долоо хоног эхлэх бөгөөд энэ нь биднийг Христийн үхэл, зовлон шаналал мөн амилалтын  үйл явдлууд дунд авч ирдэг. 
 Сүм нь Даваа, Мягмар, Лхагва гарагуудад  Бетан дахь тосон түрхлэг, Иудасийн урвалт мөн  Петрийн үгүйсгэл болон дээгүүр өнгөрөх баярын бэлтгэлийн тухай дурсдаг.
 Ариун Пүрэв гараг. Энэ өдрийн орой Эзэний Оройн Зоогийн миса болдог ба энэ нь Эзэний үхэл болон булшлагдаад амилах хүртлэх үйл явцын эхлэл юм. Иоханы айлдалд Есүс шавь нарынхаа хөлийг угаадаг бөгөөд энэ нь Түүний амьдрал бол өөрийгөө бусдад зориулсан үйлчлэгч гэдгийн харуулсан тэмдэг юм. Үүнийг даган ёслолын удирдагч хөл угаах ёслолыг үйлддэг байна. Евхаристын оролцоо нь Есүсийн үйлчилгээг заавал үйлдэх хэрэгтэйг сануулдаг. 


 Ариун Баасан гарагт Эзэний зовлон шаналалыг тэмдэглэдэг бөгөөд Литургийн Үг үргэлжилсэн урт байдаг ба  Нэгдлэл болон Загалмайн хүндэтгэлийн ёслолыг хийдэг.

Хээрийн загалмайн зам 
Гэгээн Эх Мариа сүм нь гурав дахь жилдээ Морингийн даваанд загалмайн замын залбиралд явж байна. Энэхүү хээрийн загалмайн замаар бидний гэм нүглийн төлөө Христийн үүрсэн зовлон шаналалыг дурсан санаж бид ч бас уул өөд загалмайгаа ээлжлэн үүрч хамтдаа залбирсан юм. Есүс Христээс үлгэр дууриалал аван өөрт тулгарсан загалмайг шантралгүй үүрэн явахын төлөө урам зоригтой байцгаая. Есүс Христ та бидний төлөө зовлон үүрсэн тэрхүү өдрүүдийг эргэн санан, энэ боломжын бидэнд өгсөн Тэнгэрбурхандаа талархья.




 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл2016/03/26 №4

2016/02/04

Гэгээн Венсентийн бүлгэм үйл ажиллагаагаа танилцууллаа.

 Гэгээн Венсентийн үүсгэн байгуулсан уг бүлгэм нь түүний "ядуу зовж шаналсан өвчтэй хүмүүст тусал" гэсэн Тэнгэрбурханы дуудлагад суурилан бий болжээ. Одоогийн байдлаар 142 улсад 1,700,000 гаруй бүлгэм сүм, асрамжийн төв, сургууль цэцэрлэг, эмнэлэгийн байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.

Монголд 2016 оны 9 сарын 2ны өдөр Гэгээн Эх Мариа сүмд Хелена гэх солонгос эмэгтэй тухайн үеийн монгол дахь нийгмийн хүнд хэцүү байдалтай хүмүүст туслах зорилгоор байгуулсан байна. Одоогоор сайн дурын 6 гишүүнтэйгээр ажилладаг ба 2015 оноос бие даасан ТББ болсон.

Бүлгэм нь:

  • Био комбинатын хогийн цэг дээр хагассайн өдөр бүр халуун хоол цай тараан өгөх
  • Тахир соёотын сүрьеэгийн хорих ангид шим тэжээллэг хоол хүнс болон дулаан хувцас өгөх
  • Нисэхийн ядуу айл өрхүүдэд хүнсний тусламж, түлээ нүүрс зэргээр туслах
  • Ерөнхий боловсролын хүүхдүүдэд зориулан номын сангийн үйл ажиллагааг явуулдаг.

Нийгмийн хүнд хэцүү байдалд байгаа ахан дүүст маань үргэлж гараа сунган тусалдаг Гэгээн Венсентийн бүлгэм нь та бүхэнд үргэлж нээлттэй ба хэрхэн буяны үйл хийхээ мэдэхгүй, бусдад туслахыг хүсдэг итгэгч та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж бэлэн байдаг хэмээн онцлон хэлж байлаа.









2015/11/04

11 сар нь Насан эцэслэгчдийг тайтгаруулах Ариун сар

11 Сар нь Насан эцэслэгчдийг тайтгаруулах ариун сар бөгөөд энэ сарын 2нд Католик сүмийн итгэгчид бид ХАМАГ ИТГЭЛТ ТАЛИЙГААЧДЫГ ДУРСАХУЙ-н өдрийг тохиолдуулан хамтдаа залбирдаг билээ. 

Энэ залбиралдаа бид талийгчид ялангуяа арилгах оронд байгаа талийгчдийн төлөө залбирдаг. 

Арилгах оронд ариусгагдаж байгаа сүнснүүдэд бид хэрхэн туслаж болох вэ?
Гэгээнтнүүдийн нэгдлийн тусламж дэмжлэгтэйгээр газар дэлхийд түр оршин сууж буй сүсэгтнүүд нь залбирлаар, ялангуяа Эвхаристын золиосоор дамжуулан арилгах оронд буй сүнснүүдэд тусалж болдог. Мөн өглөг, өршөөл, гэмшлийн үйлсээрээ тэдэнд туслах боломжтой. 
 Үхэл гэгч хувь тавилан

"Үхдэггүй хүн, үгүйрдэггүй баян гэж байдаггүй" гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Үхэлтэй хэзээ, хаана, яаж тулгарахаа хэн ч мэддэггүй.  Үхэл нь энэ ертөнцөд хуримтлуулсан эрхэм нандин зүйлс төдийгүй хайртай хүмүүсээс минь ч үүрд хагацахад хүргэдэг зүйл учир үхлийг мэдээж уйтгар гуниг ба зовлон дагадаг. Мөн үхэл бол зөвхөн ганцхан удаа л тохиолддог бөгөөд буцааж үл болох зүйл учир үхлийн дараах явдлыг ярьж өгдөг хүн байдаггүй. Иймд үхлийн тухай хүн төрөлхтөн зөнгөөрөө айдас хүйдэс, түгшүүрт автагддаг. 
Нөгөө талаар, үхэл нь хүн төрөлхтөнд өөрсдийн амьдралаа эргэн харж, гэмшин ухаарах боломжийг олгодог. 



 Энэ дэлхийн амьдрал бол Тэнгэрбурханаас ирсэн зүйл бөгөөд үхэл нь Тэнгэрбурхан руу буцаж буй хэрэг юм. Иймд бид өдөр бүр амьдралаа эргэн харж, Тэнгэрбурханд талархлыг өргөснөөр мөнхийн амийн тухай итгэл найдвар өвөрлөн, үхлээс айлгүй амьдрахыг хичээцгээе. 




Үхлийн дараа...

  1. Тэнгэрийн орон -Диваажин 
  2. Арилгах орон -Зуурдын орон
  3. Там
Тэнгэрийн орон - Тэнгэрбурхантай хамт байх ивээгдсэн байдлыг илэрхийлдэг ба бид тэнгэрийн оронд орох нь төгс аз жаргалыг бэлгэддэг.

Арилгах орон - Тэнгэрбурханы ивээл хайран дотор нас барсан боловч бүрэн төгс цэвэршээгүй хүмүүс Тэнгэрбурханы хаанчлалд орохын тулд дамжин өнгөрөх ёстой цэвэршлийн явцыг хэлнэ. 

Там - Хүн төрөлхтний хүсэн мөрөөддөг амь ба аз жаргалыг өгөгч Тэнгэрбурханаас үүрд тусгаарлагдахыг хэлдэг. Тэнгэрбурхан гэмтнийг хаядаг бус харин тэд өөрсдөө Тэнгэрбурханы ивээлээс татгалзсанаас там гэдэг мөнхийн зовлонт байдалд унах болдог. 


2014/12/02

Гэгээн Мариа Сүмийн

  Мэдээллийн булан


2014.11.30.нд  Яармаг бүлгэм         
2014.12.07.нд   “Нисэх бүлгэм
        /Миса 10.30-аас эхэлнэ/  
  • Мисанд шинээр ирсэн болон бүх итгэгчиддээ баярлалаа.
  • Ирэлтийн улирлын  эхний  Ням гараг эхлэлээ.
  • Мисаны дараа зөвлөлийн гишүүд болон Бүлгэмийн ахлагч нар  түр зуур Оффисийн өрөөнд цугална уу.
  • Өнөөдөр сарын сүүлийн ням гаргийн Их бясалгалтай тул хамтдаа залбирцгаая.
  • Шинэ оны календарь гарсан тул  оффисоос авна уу. Үнэ 2000 төг
  • Ирэх долоо хоногт  Яармаг бүлгэмийн хариуцсан Миса байгаа тул та бүхэнд амжилт хүсье.
      Мисаны уншлага болон айлдалууд /2014.11.30-2014.12.07/

1-р уншлага
Дуулал
Айлдал
Даваа
Исаиа  2:1-5
 Дуулал 122
Матай 8:5-11
Мягмар
Исаиа  11:1-10
Дуулал 72
Лук  10:21-24
Лхагва
Исаиа  25:1-3,4-5,6
Дуулал  23
Матай 15:29-37
Пүрэв
Исаиа 26:1-10
Дуулал  118
Матай 7:21,24-27
Баасан
Исаиа 29:17-24
Дуулал  27
Матай 9:27-31
Бямба
Исаиа 30:19-21,23-26
Дуулал 147
Матай 9:35-10:1.6-8
Ням
Исаиа 40:1-5,9:10,11-12,13-14
2-р унш 2Птер 3:8-14
Дуулал 85
Марк 1:1-8

          

2014/09/30

Мэдээллийн булан

  Миса бэлтгэх хуваарь
    2014.09.28нд  /10:30/   “Зуун мод бүлгэм                                   
    2014.10.05нд  /10:30/   Яармаг бүлгэм”

Эзэний өдрийн Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгчиддээ баярлалаа.
  • Өнөөдөр 9.28нд Хамба лам Венсэслао Падиллагийн төрсөн өдөр тул та бүхэн түүнд залбирал болон мэндчилгээ дэвшүүлнэ үү. 
  • Арван сарын гурав дахь ням гариг буюу 19нд хүүхдийн баптизмын ёслол болох тул та бүхэн бүртгүүлнэ үү..
  • Ирэх долоо хоногт Яармагт Миса байхгүй
  •       Өнөөдөр багш нарын хуралтай тул та бүхэн бясалгалын дараа оффист цуглана уу.
  • Өнөөдөр Мисаны дараа их бясалгалтай тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.Анх удаа сүм дээр ирж буй ахан дүүсээ тавтай морилно уу хэмээн урьж байна.
  • Ирэх долоо хоногийн Миса бэлтгэх хариуцлагатай,  “Яармаг бүлгэм” болон ахан дүүс та бүхэндээ амжилт хүсэж байна.

Мисаны уншлага болон айлдалууд /2014.09.29-2014.10.05/  

1-р уншлага
Дуулал
Айлдал
Даваа
Даниел 7:9-10, 13-14/       Илч 12:7-13
Дуулал 138:1-2, 2-3,4-5
Иохан 1:47-51
Мягмар
Иов 3:1-3, 11-17, 20-23
Дуулал 88:2-3, 4-5, 6, 7-8
Лук 9:51-56 /             2Тимот 3:14-17
Лхагва
Иов 9:1-12, 14-16
Дуулал 88:10-11, 12-13, 14-15
Лук 9:57-62
Пүрэв
Египетээс гарсан нь 23:20-23
Дуулал 91:1-2, 3-4, 5-6, 10-11
Матай 18:1-5, 10
Баасан
Иов 38:1, 12-21;40:3-5
Дуулал 139:1-3, 7-8, 9-10, 13-14
Лук 10:13-16
Бямба
Иов 42:1-3, 5-6, 12-16
Дуулал 119:66, 71, 75, 91, 125, 130
Лук 10:17-24
Ням
Исаиа 5:1-7
Дуулал 80:9, 12, 13-14, 15-16, 19-20
Матай 21:33-43

Та бүхэн "Гэгээн Мариа Сүм"-н цахим хуудстай танилцаж, мэдээлэл болон номлол сонсоно уу.
http://gegeenmariasum.wix.com/gegeenmariasum
http://gegeenmariasum.blogspot.com/