2014/04/30

XXIII Иохан болон II Иохан Паул нар “Гэгээнтнүүдийн Ном”-нд бүртгэгдлээ


Ватикан хотод 2014.04.27ны – энэ өглөө Гэгээн Петрийн талбайд “хоёр гэгээнтэн Пап лам ХХIII Иохан ба II Иохан Паул-ыг гэгээнтэн болохыг батлах ёслолд зориулан хагас сая хүн оролцжээ. Өглөөний 5 цагт энэхүү үйл ажиллагааг нээснээс хойш, бүх дэлхийн сүсэгтэн олон тайлбай болон эргэн тойронд битүү дүүрсэн байжээ. Польш мөргөлчид хамгийн томоохон бүлгүүдийн нэг болон цугласан байв. Үйл ажиллагаанд зуу гаруй орны төлөөлөгч нар оролцон, хорь гаруй Улсын Тэргүүлэгчид болон дэлхийн улс төр, урлаг соёлын ертөнцийн олон дүр зураг болсон Спани улсын Хаан Кинг Жуан Карлос ба Хатан хаан Софиа, Белги улсын Хаан II Алберт ба Хатан хаан Паола, Лихтенштейний Ханхүү II Ханс Адам, Луксенбургийн Гранд Дюк Хэнри, Польш улсын ерөнхийлөгч асан Леч Валеса, Аргентиний ерөнхийлөгч Жулиан Домингуэз ба Европын Холбооны ерөнхийлөгч Хэрман Ван Ромпуи, бас Европын Хорооны ерөнхийлөгч Жоуз Мануел Барросо нар багтжээ.
Ариун Эцэг айлдлаас номлохдоо Гэгээн XXIII Иоханыг “Ариун Сүнсэн дэх нээлттэй Пап лам” хэмээн тодорхойлоод, II Иохан Паулын хүссэнчлэн “Гэр бүлийн Пап лам” хэмээн Эзэний өдрийн зүрх нь болсон Христийн Амилалтын Ариун долоо хоногийн төгсгөлд, амилсан Есүсийн шархны гайхамшигтай, Тэнгэрлэг Ивээлд зориулан,  II Иохан Паулыг санан дууджээ.
Пап лам Францис номлолдоо: XXIII Иохан ба II Иохан Паул нар, түүний урагдсан гар ба жадлагдсан хэсэгт хүрэхдээ Есүсийн шархыг хараад айгаагүй хэмээн Пап лам Францис тайлбарлажээ. “Тэд Христийн бие махбодоос ичээгүй, тэд түүнээс болон түүний загалмайгаас болж гутаан доромжлуулаагүй; тэд өөрсдийн ах дүүгийн бие махбодыг шийтгээгүй, учир нь зовж шаналж байгаа болон доромжлуулж буй хүн бүрийн доторх Есүсийг харсан билээ. Эд нар бол Ариун Сүнсний эрч хүчээр дүүрсэн, эр зоригтой эрс байсан бөгөөд тэд Тэнгэрбурханы сайн сайхан болоод, ивээл хишгийг газар дэлхийн ба Шашны өмнө гэрчлэн харуулсан юм.”

2014/04/29

Пап лам Францисын өдөр тутмын уриалгаас

 04/28/2014
Тэгш бус байдал бол нийгмийн хамаг муу үйлийн үндэс суурь юм.

 04/26/2014
Бидний хэн ч өөрсдийгөө ядуурал болон нийгмийн шударга ёсны төлөөх түгшүүрээс чөлөөлөгдсөн хэмээн бодож чаддаггүй (EG 201).

 04/25/2014
Бид өөрсдийгөө гутранги үзлийн хуй салхинд оруулах ёсгүй. Итгэл уулсыг ч хөдөлгөж чаддаг юм!

04/24/2014
Тэдгээр гачигдсан нэгэнтэй илүү хуваалцахад энгийн амьдралын хэв маяг нь бидэнд тусладаг юм.

04/21/2014
Есүстэй нүүр тулж уулзах бүртээ биднийг баяр хөөр, зөвхөн Тэнгэрбурхан л бидэнд өгч чадах тэрхүү баяр хөөрөөр дүүргэдэг.

04/20/2014 
Христ амиллаа! Аллелүяа.

04/19/2014 
Та бүхэн надтай нэгдэн Солонгост усан онгоцны гамшигт хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийнхэний төлөө залбирна уу.

04/18/2014 
Есүсийг ойрхон дагаж явах амархан биш, учир нь түүний сонгосон амьдралын жим бол Загалмайн зам билээ.

04/15/2014
Есүстэй уулзаж буй мөч бүхэн бидний амьдралыг өөрчилж байдаг билээ. 

04/14/2014
Ариун долоо хоног бол бидэнд гэм нүглээ наминчилж, дахин зөв замдаа байр сууриа эзэлэх сайхан завшаан юм. 

2014/04/28

Амилалтын Баярын Миса

Христийн Амилалтын баяр гэдэг бол манай Католик Шашин, Христчин хүн бүрийн хувьд маш чухал баярын өдөр билээ. Наминчлалын Улирлаас эхлээд хүн бүр энэ өдрийг хүлээн, өөрсдийн залбирал, золиослол, мацаг барилт, сайн үйлс, наминчлал гээд олон талаар өөрсдийгөө бэлтгэдэг уламжлалтай билээ. Манай “Гэгээн Мариа Сүм” дээр 4.20ны 11цагт Христийн Амилалтын их баярын Мисанд фр.Пиер хүрэлцэн ирж, фр.Франциско-н хамт миса удирдан номлол хийсэн билээ. 4.19 ны бямба гаргийн 20 цагт Христийн Амилалтын Шөнийн Миса эхэлсэн бөгөөд паришийн ахлах лам фр.Франциско удирдаж, Солонгос болон Монгол итгэгч нар хамтран оролцсон юм. Мөн энэ өдөр баяр дээр баяр нэмж нийт арванхоёр итгэгч нар Ариун Угаал Хүртэх болон Тосоор адислах Ёслолд орон, Католик Сүмийн оролцоот гишүүн болсон баяртай мөч байлаа. Бас мисанд хүрэлцэн ирсэн бусад бүх итгэгч нар ч мөн адил өөрсдийн Ариун Угаалыг шинэчлэх ёслолд орж, хамтдаа шинэ амьдралыг хүлээн авах болсон билээ. Мисаны үеэр фр.Франциско Солонгос улсад болсон томоохон усан онгоцны осолд өртөж, нас барсан тэдгээр хүмүүс ч мөн адил энэхүү амилалтын үдэш Христэй хамт, Түүний амар амгаланд хамт байгааг сануулаад, бүгд хамтдаа тэдний болон гэр бүлийнхний төлөө залбирсан юм. Амилалтын баярт зориулан итгэгчид маань өөрсдийн хувь нэмрээ оруулж, сайн дураар сүмийн ёслолд хэрэгтэй олон зүйлээр тусламж үзүүлсэн бүх хүмүүст, ялангуяа Солонгос ахан дүүст Сүмийн зүгээс талархаж байна. Мөн энэ өдөр хамтдаа баяр хөөрөө хуваалцахаар хүрэлцэн ирсэн бүх хүмүүс, Ариун Угаал Хүлээн авсан итгэгч нарт талархаж байна.      

2014/04/18

Ариун Пүрэв Гариг




                                                        Манай Католик Шашинд Ариун долоо хоногийн Пүрэв гаригт "Сүүлчийн Зоог" буюу анхны Магтаал Талархлын Мөргөлийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр манай "Гэгээн Мариа Сүм" дээр хөл угаах ёслол, сүүлчийн зоогийн ёслол болон мисаны дараа "Гетсеманы Цэцэрлэг" дэх залбирал үргэлжилсэн билээ. Мисаг Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла болон фр. Франциско удирдсан бөгөөд Хамба лам итгэгчдээс сонгосон арван хоёр хүний хөлийг угаасан юм. Тэрээр хэлэхдээ Есүс Христ энэхүү ёслолоор дамжуулан бид бүхнийг бие биедээ даруухнаар, энэрэл хайраар үйлчилхийг зааж өгдөг билээ. Ингэснээр гэм нүгэлт хүн бүрийг угааж, шинэ амьдралд бэлтгэж байгаа тул энэхүү ёслолын үеэр хүрэлцэн ирсэн бүх хүмүүс ч бас зүрх сэтгэлээрээ Тэнгэрбурханаас өөрийн хөлийг угааж өгнө үү хэмээн залбираарай гэж хэлсэн юм. Ийнхүү өөрийн гэм нүглээ ухаарсан бусад хүмүүс ч бас хөлөө угаалгаж, гэм нүглээс ангижрах болсон нь гайхалтай байлаа. Хамба лам номлолдоо: хүн нэг бүр хүрэлцэн ирээд Тэнгэрбурхантай холбогдох нь Мисаны утга учир юм. Үүнд аль сүмийн ямар санваартан байх, надад таалагдаж байгаа эсэх нь ялгаагүй бөгөөд хамгийн гол нь та Тэнгэрбурхантай холбогдох нь чухал юм. Ингэснээр бусад ахан дүүстэйгээ энэрэл хайраар холбогдож тэдний төлөө залбирснаар илүү сайн харилцаа тогтдог. Мөн санваартнууд ба сүмийн төлөө үргэлж залбирснаар Мисаны ариун нандин мөн чанар бидний дунд оршиж байх болно. Бид хэдийгээр өөр хүмүүс боловч Мисагаар дамжуулан Тэнгэрбурхантай нэгдсэнээр нэгэн бие болж нэгддэг юм. Ийнхүү Хамба лам айлдалдаа олон зүйлийг зааж сурган, бүгд хамтдаа "Сүүлчийн Зоог" ёслолыг тэмдэглэсэн билээ. Мисаны дараа бүлгэм бүр ээлжээр залбирлын өрөөнд "Гетсеманы Цэцэрлэг"-т Христийг дурсан хамтдаа залбирч байлаа. Ариун Пүрэв гаргийн Мисанд хүрэлцэн ирж хамтдаа итгэл бишрэлээ хуваалцсан бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлж байна. 

"Ариун Нандин Түрхлэг" адислах ёслол

"Ариун Нандин Түрхлэг Адислах Ёслол" бол Католик Шашны хувьд чухал тэмдэглэлт үйл явдлуудын нэг юм. Тиймээс жил бүр манай бүх паришийн итгэгч нар болон мишинерүүд "Гэгээн Петр ба Паул" катедралд цуглан хамтдаа Мисаг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тиймээс Ариун Долоо Хоногийн мягмар гариг буюу 4.15ны өдөр Сахил санваарын ёслол, Өвчтөний түрхлэг, Бататгах ёслолд зориулсан Ариун тосыг адисласан бөгөөд бас энэ үеэр санваартнууд маань тангарга өргөх ёслолд орцгоосон юм. Мисанд Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж ёслолыг удирдаж, бусад санваартнууд болон итгэгчид хүрэлцэн ирсэн байлаа.  Хамба лам Венсэслао Падилла цугласан бүх хүмүүст мэнд хүргээд, ялангуяа хол Дарханаас ирсэн итгэгчиддээ талархаж буйгаа илэрхийлсэн билээ. Тэрээр Наминчлалын улирал бол бидний амьдралд Тэнгэрбурханаас өгөгдсөн хайр ивээл бөгөөд бидний гэм нүглийн өмнөөс зовж шаналж, амилсан Христээр дамжуулан бид шинэ амьдралыг хүлээн авдаг юм. Тиймээс энэхүү Ариун долоо хоногт идэвхитэй оролцон Амилалтын баяраа угтахыг хүсэж байна. 
Есүс Христ бол Тэнгэрбурханаар тослогдсон онцгой нэгэн бөгөөд аливаа санваартны бүлгэмийн тэргүүн ч юмуу хэн ч түүнтэй зэрэгцэж чадахгүй. Харин санваартнууд түүгээр дамжуулан тослогддог бөгөөд ингэснээр түүний ариун нандин мөн чанар, Сайн Мэдээг хүргэдэг билээ. Мэдээж санваартан ч бас бусдын адил хүн учраас сул дорой, алдаа дутагдал байдаг тул бидний төлөө залбирч, өршөөхийг хүсэж байна. Хүн бүр алдаа дутагдлаа гэмшин, шинэ амьдралд орохын төлөө залбирч, сүмд болж буй үйл ажиллагаа болон бусад ёслолд оролцон бясалгах хэрэгтэй. Эдгээр онцгой цаг мөч бид бүхэнд зориулагдсан тул зөвхөн гаднаас ажиглах бус өөрсдийн биеэр амьдралдаа оруулаарай. Инэгснээр Христийн амилалтаар хүн бүр дотроосоо гэрэлтэж, бас бусдыг гэрэлтүүлээрэй. Ийнхүү Хамба лам Венсэслао Падилла бидэнд их зүйлийг ойлгуулж өгөн, маш дэлгэрэнгүй тайлбарлан Сайн мэдээ хүргэж байгаад талархаж байна.    

2014/04/14

Пап лам Францис: Хүмүүний амьдрал бол ариун бөгөөд халдашгүй

2014 -04-11 Ватикан Радио
Пап лам Францис Баасан гаригт “Үр хөндөлтийн эсрэг Хөдөлгөөн”-тэй хамтарсан уулзалтын үеэр нэмж хэлэхдээ иргэн бүрийн эрх бол ямар ч нөхцөл байдлаас хамаарахгүй, сайн үр дүн, бас эдийн засаг, ямар ч үзэл сурталгүй амьдрал дахь “анхны болоод хамгийн үндсэн эрх” бөгөөд хүмүүний амьдрал бол ариун бөгөөд халдашгүй юм хэмээн давтан хэлжээ. Ариун Эцэг хэлэхдээ орчин үеийн хамгийн эрсдэлтэй зүйл бол эдийн засаг ба ёс суртахуун хоорондоо салсан явдал, үүнээс болж зах зээлийн нийгэм нь бидэнд техникийн шинэ нээлт бүрийг өгч, ёс зүйн үндсэн хэмжүүрийг хамгийн ихээр үгүйсгэж байна.“ Улмаар ямар нэгэн байдлаар амьдралд халз тулгарах хамгийн хүчтэй эсэргүйцэл  дахин гарч ирдэг. Ялангуяа гэм буруугүй буюу хамгаалалтгүй амь болох хэвлий дэх төрөөгүй хүүхэд бол гэм буруугүй байдлын хамгийн бодит жишээ юм” хэмээн Пап лам Францис хэлжээ. Хоёрдугаар Ватиканы Зөвлөлөөс хэлсэн үгийг эргэн санацгаая: “үр тогтох мөчөөс эхлэн амь нь агуу их халамж анхаарлаар хамгаалагдсан байх ёстой, харин үр хөндөлт  болон хүүхдийн аллага бол үгээр хэлшгүй гэмт хэрэг юм.” ( Gaudium et Spes, 51).

Пап лам Францис бүх Хрисчдэд хандаж “энэхүү бүх үе шатны амьдралыг урам зориг ба хайраар хамгаалах нь нэг талаар Айлдалыг гэрчилж буй хэрэг юм” хэмээн хэлжээ. Би та бүхэнд хандаж “эмэгтэй хүн өөрийг нь сонсож, хүлээн зөвшөөрөн, нөхөрлөснөөр талархлыг мэдэрч чадахуйц байдлаар хамгийн ойр, хамгийн дотно байдлаар тэдэнд хандсан үйлсийг үйлдэж байхыг уриалж байна” хэмээн тэр хэлэв. Пап лам Францис “Үр хөндөлтийн эсрэг Хөдөлгөөн”-ий хоёр гол үйл ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлсэн билээ. Энэ бол жирэмслэлтийн хямралтай тулгарсан эмэгтэйчүүдтэй ажиллаж буй “Жэмма Төсөл”, мөн Европын Иргэний Холбоо“-нд санал болгож буй хүний ургийн устгалтай холбоотой, ялангуяа судалгаанд зориулан ургийг ашиглах хөгжлийн хамтарсан ажил ба нийтийн эрүүл мэндийн судалгааны хэсгийн санхүүжүүлж буй үйл ажиллагааг эсэргүүцдэг “Бидний Нэг” Аян байлаа.   

Эзэний Зовлон Шаналалын ням гараг


4.13ны ням гарагт манай Католик Шашны "Дал модны баяр" буюу "Эзэний Зовлон Шаналалын ням гараг" тэмдэглэлт миса болсон билээ.  Гэгээн Мариа Сүм дээр паришийн ахлах лам фр.Франциско болон фр.Эрнесто нар Мисаг удирдсан бөгөөд ёслолыг гадаа цэцэрлэгт Мариа Эхийн баримлын өмнө эхлээд сүмд үргэлжлүүлсэн юм. Энэ өдрөөс хойш "Ариун долоо хоног" эхлэж байгаа тул итгэгчид маань Тэнгэрбурханы хайр энэрлийг хүлээн авч, Христтэй хамт байхаар сүмдээ ирцгээдэг ба өөрсдийн амьдралаа ариунаар өнгөрөөж, наминчлалын ёслолдоо ордог билээ. Мөн нийгмийн ажлын албанаас халуун усаар үйлчлэх ба үс засах үйлчилгээ үзүүлхийн зэрэгцээ, хувцас хунар болон ойр зуурын хэрэгцээт зүйлээр аль болох туслах гээд олон буяны ажил зохиож байна. Итгэгчдийн сүнслэг амьдралд зориулан шинээр баптизм хүртэх итгэгчдэд зориулан Бясалгал зохион байгуулсан юм. Мөн "Нисэх бүлгэм", "Зуун мод бүлгэм", "Винсэнт бүлгэм" болон удахгүй Ариун Угаал хүртэхээр бэлтгэж буй итгэгчид маань хамтдаа ууланд гарч "Загалмайн Зам 14 зогсоолоор" залбирсан байна. Ийнхүү итгэгчид маань өөрсдийн сүнслэг амьдралаа хөгжүүлхээр бүгд хичээж буйн илэрхийлэл юм. Эдгээр үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон та бүхэндээ талархаад Ариун Долоо Хоногт сүмээс зохиогдож буй ёслолууд болон Мисандаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

2014/04/13

Пап лам Францисын өдөр тутмын уриалгаас

04/12/2014
Хайраар дүүрэн байгаа Тэнгэрбурханы харцан доор эгэл жирийнээр, Загалмайн өмнө зогсох хичнээн гайхамшигтай  билээ.  

04/11/2014
Эргэлзээг итгэлтэй байдал руу, муу ёрыг сайн зүйл рүү, шөнийг үүрийн туяа руу хувиргаж чаддаг Тэнгэрбурханд л зөвхөн итгээрэй. 

04/10/2014
Есүс бидэнд: хүмүүний зовлон гунигаас хүрч мэдрэх, зовж шаналж буй ах, эгч дүүсийн маань дотор буй түүний бие махбодийг хүрч мэдрэхээс бүү ичээрэй хэмээн заасан билээ.

04/08/2014
Бидэнд гүн бясалгах сүнс хэрэгтэй, тэгснээр Тэнгэрбурханы хайр бидний зүрх сэтгэлийг дулаацуулах болтугай.   

04/07/2014

Тэнгэрлэг Эзэн бидний хүйтэн хөндий болоод утгагүй амьдралыг маань үймүүлэх нь бидний хувьд хичнээн сайн хэрэг билээ. 


Бясалгал

 Жил бүрийн "Амилалтын Баярын Өдөр" манай Католик Шашны Христчин хамт олонд шинээр элсэн орох итгэгчид маань Ариун Угаалын Ёслолд оролцдог билээ. Энэ жил "Гэгээн Мариа Сүм"-д шинээр элсэн орохоор арванхоёр хүн "Ариун Угаалд Бэлтгэх Сургалт"-нд сурч байна. Манай Католик Шашин бол хувь хүний эрх чөлөөг хүндэтгэн үзэж, тэдэнд шаардлагатай мэдлэг олгох замаар хоёр жилийн хугацаанд зохих ёсны боловсрол олгосны эцэст өөрийнх нь сонгох шийдвэрийн дагуу ёслолд оролцуулан, Католик Сүмийн оролцоот гишүүнээр хүлээн авдаг юм. Тиймээс  "Ариун Угаал Хүртэх Ёслол"-оос өмнө шинээр элсэн орох итгэгчиддээ зориулан фр.Франциско болон багш нар маань Бясалгал зохион байгуулсан билээ. Энэхүү үйл ажиллагаа нь 4 сарын 11ний баасан гаригт, 18 цагаас "Загалмайн Зам" залбирлаар эхлээд,  Магтаал Талархлын Мөргөлөөр үргэлжлэн, оройн хоолоо идсний дараа Бясалгалын үйл ажиллагаандаа оролцсон юм. Бясалгалаар хамтдаа Тэнгэрбурхандаа залбирч, тунгаан бясалгахын хамт Түүний Үгээс хуваалцан, бямба гаргийн өглөө "Загалмайн Зам" залбирлаар нисэхийн чиглэлд алхан залбирснаар үйл ажиллагаа өндөрлөсөн билээ. Энэ өдөр шинээр элсэн орж буй итгэгчид маань сүнслэг амьдралдаа Христийн сайн мэдээний үр жимсийг суулгаж, Тэнгэрбурханы тааллаар тэнгэрлэг амьдралаас хуваалцах ивээл хишгийг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэдэг цаг мөч байлаа. Бясалгалд оролцсон болон зохион байгуулсан бүх хүмүүст "Гэгээн Мариа Сүм"-н зүгээс талархаж байна.



2014/04/02

Пап лам Францисын уриалгаас

2014.04.01нд
Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ, хүүхдүүддээ хэрхэн залбирхыг зааж өгөөрэй. Тэдэнтэй хамт залбираарай.

2014.03.31нд
Наминчлалын Улирал бол муу үйл хэрэг болон ядуурлын бодит байдалд хариу өгөхийн тулд зүг чиглэлээ өөрчлөх цаг мөч билээ.

2014.03.29нд
Тэнгэрбурханд зориулан ямар ч орон зай үлдээдэггүй тийм нийгмийн байгуулалд бид амьдарч байна; энэ нь өдөр өдрөөр биднийг мэдээ алдуулж, хөшүүн болгож байна.

2014.03.28нд
Бид бүгд илүү сайн байдлын төлөө өөрчлөн сайжруулах хэрэгтэй. Наминчлалын Улирал нь өөрсдийн алдаа дутагдлын эсрэг тэмцэхэд бидэнд тусладаг.

2014.03.27нд
Наминчлалын Улирал бол хишиг ивээлийн үе, Ариун Угаалын Ёслолыг бүрэн дүүрэн даван туулж, шинэчлэх цаг хугацаа билээ.    

2014/04/01

Наминчлалын Улирлын Бясалгал

Манай “Гэгээн Мариа Сүм” дээр сар бүрийн сүүлийн бүтэн сайнд бүх итгэгч нартаа зориулан бясалгал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Саяхан 3 сарын 30нд Наминчлалын улиралтай холбогдуулан бүх итгэгч нартаа зориулан бясалгал зохион байгуулсан билээ. Энэхүү бясалгалыг ССМ  буюу манай Католик Шашны хорооноос зохион байгуулсан бөгөөд фр.Эрнесто болон Төгсөө Анастасиа, Чамингэрэл Руфина нар хүрэлцэн ирж удирдсан юм. Мөн манай 50 гаруй итгэгчид оролцож олон зүйлийг сурч, наминчлалын улирлын утга учрыг өөрсдийн биеэр мэдэрч хэрэгжүүлэх цаг байлаа. Бясалгалын орчинг маш сайхан бүрдүүлснээс гадна богино хэмжээний кино бэлтгэсэн нь хүмүүст ихээхэн таалагдсан бөгөөд бидний төлөө гэсэн Тэнгэрбурханы хайр энэрлийг ойлгоход тус нэмэр болсон юм. Мөн хүмүүст тунгаан бодох цаг болон Эвлэрэх ёслолд орох боломж өгсөн нь маш сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Манай “Гэгээн Мариа Сүм”д бясалгал зохион байгуулсан бүх хүмүүст болон хүрэлцэн ирж итгэлийн амьдралаа улам хөгжүүлэн, идэвхитэй оролцсон итгэгч нартаа талархаж буйгаа илэрхийлж байна.