Showing posts with label Баяр. Show all posts
Showing posts with label Баяр. Show all posts

2016/05/15

Пэнтэкост буюу Ариун Сүнс бууж ирсэн баярын өдөр

       
     

     Ариун Сүнс бууж ирсэн баярын өдөр


    Ариун Сүнс бууж ирсэн баярын өдөр бол сүмийн бүх итгэгчдийн хувьд томоохон баярын нэг юм. Ариун Сүнс бууж ирсэн баярын өдөр бусад өдрүүдээс нэгэн зүйлээс онцгой нь энэ өдөр Тэнгэрбурханы 7 билигт хишиг, мөн 12 үр жимс нэгэн дор хүн бүхэнд түгээгддэг юм. Мөн энэ өдөр бусад өдрүүдээс илүү Тэнгэрбурханаас хайр ивээлийг бусад хүмүүст түгээхийг гуйх нь маш тохиромжтой гэж үздэг.


Пэнтэкост

1.     Пэнтэкостийн баяр гэж юу вэ?
  Ариун сүнсний бууж ирсэн баярын өдөр. Мөн энэ нь Есүс үргэлж бидэнтэй хамт байна гэсэн амлалтаа биелүүлэн Туслагчийг илгээсэн өдөр юм.

2.     Пэнтэкостийн баяр нь таны хувьд ямар учир утгатай вэ?
 Энэ өдөр чуулганы эхлэл тавигдсан Сүмийн ойн баяр бөгөөд Есүс бидэнд өгсөн тушаалыг сэргээх болон биелүүлэх гэсэн томоохон утга учрыг агуулсан баяр юм.

3.     Өнөөдөр Ариун Сүнс буусан баярын өдрийг хэрхэн өнгөрүүлэв?
Манай итгэгчид баярын өдрийн тухай илүү сайн ойлгож Тэнгэрбурханы билигт хишиг  үр жимсийг дүүрэн хүлээн аваад явсан гэж бодож байна. 
                                                                            /Гэгээн Эх Мариа сүмийн ахлах лам Фр.Хо/

2015/11/22

Христ Хааны баярын өдөр

Литургийн хуанлийн дагуу жирийн цаг улирлын сүүлийн бүтэн сайн өдөр бол Христ Хааны баярын өдөр юм. Баярын өдрийн нэрийн дагуу, хүн төрөлхтнийг аврахаар ирсэн Есүс Христ нь “Хаан” болохыг дурсан санадаг өдөр юм. Есүс нь улс төрийн эрх мэдлийг гартаа аван ард олныг барьдаг хаан бус, Өөрийн амийг золиослон ард олныг хүндэлсэн Аврагчийн төрхөөр иржээ. Өөрийгөө даруу байлгаснаар өргөмжлөгдсөн юм. 1925 онд Пап 11-р Пиу жирийн цаг улирлын сүүлийн бүтэн сайныг "Христ Хааны баярын өдөр” болгон тогтоожээ.

 Дорнодын мэргэд Иерусалимд ирж "Саяхан мэндэлсэн Иудейчүүдийн Хаан хаана байна?"(Матай 2,2) гэж асуухад Херод бас нэгэн хаан төрсөн гэж ойлгон ихэд айдаг. 
Пилат Есүсээс 
-Та Иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд Тэр "Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш." гэж хариулдаг. Иудейчүүд "Цезариас өөр хаан бидэнд байхгүй" хэмээн эзэн хааны өмнө Өөрийгөө хаан гэгч энэ Хүнийг суллавал тэр хүн Цезарийн анд нөхөр биш гэж Пилатыг тас хорьдог. (Иохан 19 бүлэг)
Үүний дүнд Есүсийг "Иудейчүүдийн Хаан Назарын Есүс" гэсэн пайзтайгаар загалмайд цовдолдог. Үүний адил бидний илчилдэг "Христ Хаан" нь энэ ертөнцийн айдаг аюул занал хийгээд эрх хүчний хаан бус, загалмайд Өөрийгөө Өргөл болгон өргөсөн өрөвч зөөлөн, амар амгалангийн Хаан, энэрэл хайр ба үйлчлэлийн Хаан юм. 

2015.11.22

2015/09/08

Тэмдэглэлт өдөр

Манай Католик Шашны итгэгч ахан дүүс маань жил бүрийн 9.8ны өдөр буюу Гэгээн Мариагийн төрсөн өдрийг ёслон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр  Есүсийн  Эх  Мариа, Тэнгэрбурханаас сонгогдсон Цэвэр Охин Мариагийн итгэл бишрэлийг бахдан сайшааж,  түүний үлгэр дууриалаас суралцахын зэрэгцээ түүнд талархаж, үргэлжлүүлэн бидний төлөө  залбирхыг гуйж хүсдэг юм. Мариа Эх бидний итгэл бишрэлд их чухал нөлөө үзүүлж байдаг. Тэрээр Гэгээн Иоким болон Анна нарын гэр бүлд төрсөн бөгөөд тэдний итгэл бишрэл, сургамжинд өсөж ториноод, Тэнгэрбурханы дуудлагыг дуулгавартай хүлээн авсан билээ. Гэгээн Мариагийн амьдралаас бид бүхэн Тэнгэрбурханы хайр хишиг ямар агуу бөгөөд гайхамшигтай болохыг мэдэж авдаг. Мөн Тэнгэрбурхан хүн нэг бүрт ямар их хайртай, бас бидэнд тэнгэрлэг баяр хөөрийг хуваалцах боломж хайрласныг ойлгож ухаардаг билээ.  Итгэгч ахан дүүстээ Цэвэр Охин Мариагийн мэндэлсэн өдрийн баярын мэндийг хүргэж байна.

2015/07/21

Бэсрэг Наадам

Жил бүр манай "Гэгээн Мариа Сүм"-ээс итгэгч ахан дүүстээ зориулан Бэсрэг Наадам зохион байгуулдаг уламжлалтай билээ. Наадмын үйл ажиллагаа 7сарын 19нд "Түргэний Гол" хэмээх газар 11 цагт Мисагаар эхлэж, бүх бүлгэмийн итгэгч ахан дүүс маань хүрэлцэн ирсэн байлаа. Баяр наадамд Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж паришийн ахлах лам фр.Франциско болон фр.Томас нарын хамт Миса удирдсан юм. Тэрээр номлолдоо хүрэлцэн ирсэн итгэгч ахан дүүст хандаж өөрсдийн ах дүү, найз нөхдөө урин оролцуулан хамтдаа баярлан наадахыг уриалж байлаа. Мөн "Яваад сайхан амрагтун" хэмээн хүрэлцэн ирсэн бүх хүнд Есүсийн шавь нартаа хэлсэнийг дахин сануулав. Наадамд оролцож буй хүмүүс хоорондоо уралдаж, аль болох түрүүлэхийг эрмэлзэх нь мэдээж хэрэг билээ. Гэхдээ бие биедээ хатуу ширүүн аргаар бус энэрэл нигүүслээр хандаж, баяр хөөрөө хуваалцан сайхан наадахыг итгэгч ахан дүүстээ Хамба лам маань хүсэн ерөөсөн юм. Миса өндөрлөхөд бүгд Монгол
Улсын өрийн далбаагаа өндөрт мандуулан, төрийн дууллаа хүндэтгэлтэйгээр хамтдаа дуулсны дараа фр.Франциско уралдаан тэмцээнээ нээж үг хэлээд, наадамчин олноо хуушуур болон айргаар дайлсан юм. Ийнхүү наадам бөхийн барилдаан, шоо хаяж морь уралдах, шагайн харваа болон дэмбээ гэсэн төрлөөр явагдсан бөгөөд хүүхэд багачуудад зориулан тусгайлан гүйлтийн уралдаан тэмцээн болсон билээ. Бөхийн барилдааны насанд хүрэгчдийн төрөлд Билгүүн түрүүлж Отгонтөгс удаалж, өсвөр насанд Балсан түрүүлж Отгонбаяр удаалсан бол шоо хаяж морь уралдахад Төгсөө түрүүлж, Мөнхтуяа удаалж, дэмбээний төрөлд Төмөрхуяг түрүүлж Бямбадаш ах удаалж, шагай харваанд Үүрцайх түрүүлж наадамчин олноо баярлуулсан юм. Бэсрэг наадмын үеэр гадаа налгар сайхан болсонд хүн бүр Тэнгэрбурхандаа талархаж байлаа. Энэ өдөр хүрэлцэн ирж наадмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон итгэгч ахан дүүс нартаа болон зохион байгуулсан зөвлөлийн гишүүддээ талархаж буйгаа илэрхийлж байна.               

2014/10/28

Гэгээн Антониогийн нэрэмжит халамж үйлчилгээний төвийн 5 жилийн ойн баяр

Манай Католик Шашны газраас нийгмийн халамж үйлчилгээний ажлыг ихэд чухалчилж үздэг билээ. Ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүд гээд олон талаар хүмүүнлэгийн ажил явуулж Тэнгэрбурханы хайр ивээлийг хүргэж ирсэн юм. Үүний нэг жишээ бол Ватиканы Төлөөлөгчийн Газрын харьяа, Гэгээн Антониогийн нэрэмжит өндөр настанд зориулсан халамж үйлчилгээний төв бөгөөд Төв аймгийн Зуун Модонд үйл ажиллагаа явуулж эхлээд одоо таван жил болж байна. Тус байгууллага гурван ажилчинтай бөгөөд Жустина болон фр.Франциско нар хариуцан ажилладаг ба 10.5нд баяраа тэмдэглэсэн юм. Тэд  хөдөө орон нутгийн өндөр настан буурлуудаа эмчилгээний дараа хүлээн авч, ая тухтай орчинд амраан, амттай хоол ундаар үйлчилдэг ач буянтай газар болжээ. Таван жилийн ойн баярын үйл ажиллагаа нь Мисагаар эхэлсэн бөгөөд  Ватиканы Төлөөлөгчийн Газрын тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж фр.Францискогийн хамт Мисаг удирдсан юм. Мисаны дараа болсон ёслолын үйл ажиллагаанд Төв аймаг, сум хорооны засаг захиргааны төлөөлөгчид мөн хүрэлцэн ирээд, настан буурлуудын талархлыг хүлээж, иргэдийн хүндэтгэлийг хүртсэн нэр хүндтэй байгууллага болсонд баяр хүргэн, байгууллагын хамт олныг өндрөөр үнэлэн, шагнал гардуулав. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүс тэдэнд талархаж буйгаа илэрхийлж байсан юм. Тэнгэрбурханы хайр ивээлийн дор ажиллаж буй Гэгээн Антониогийн нэрэмжит, халамж үйлчилгээний төвийн хамт олонд талархал илэрхийлээд, энэхүү ач буянтай ажилд тань өндөр амжилт хүсэж байна.      

2014/06/02

Ариун Сүнсний Үдэшлэг


Манай Монгол дахь Католик Шашны бүх залуусын дунд "Ариун Сүсний Үдэшлэг" зохион байгуулсан бөгөөд үүнд бүх паришийн 80 орчим залуус оролцож орой 5.31ний 21 цагаас эхлээд 6.1нд өглөө 6 цагт өндөрлөсөн билээ. Энэхүү үдэшлэг нь Нээлтийн ёслол, Ариун Сүнсний тухай, Бясалгал ба наминчлах ёслол, сэргээх Ариун Ёслол, Хөгжөөнт тоглоом, Миса гэсэн үе шаттай болсон юм.   Залуучууд маань бүтэн шөнийн турш энэ гайхамшигтай үйл ажиллагаанд оролцож байхдаа баяр хөөрөөр дүүрч, огт ядраагүй билээ. Учир нь хүн бүр Тэнгэрбурхантай илүү ойр байж, Ариун Сүнсээр дүүрэн байхын тулд нэгэн сэтгэлээр цуглаад, олон зүйлийг сурч олон чухал ёслолд оролцсон юм. Мөн үйл ажиллагаа бүрийн дундуур тэд байнга л хамтдаа дуулж, бүжиглэж бас амттай хоол цайгаар үйлчлүүлэн үнэхээр доргио сайхан үдэшлэг болж байлаа. Бас оролцсон залуус маань долоон бүлэгт хуваагдаж, Ариун Сүнсний талаар өөрсдийн бодол санааг харуулсан жүжиг үзүүлсэн нь хүн бүрт ухаарал хайрласан билээ. Үүнд бүлгийн гишүүн бүр хамтдаа оролцсон нь залуусын идэвхи санаачлага ямар өндөр байгааг харуулж байв. Спорт тэмцээний дараа Магтаал Талархлын Мөргөлийн үед бүгд хамтдаа нар мандаж байхыг харахад гайхамшигтай сайхан байсан билээ. Ийнхүү Ариун Сүнсний Үдэшлэг өндөрлөж, хэдийгээр залуусын маань  нойр хүрч байсан ч хамтдаа орчноо цэвэрлээд явцгаасан юм. Энэхүү үйл ажиллагаанд манай фр. Эрнесто, фр. Хервэ, бр.Андрей, бр.Саемон, ср.Ними, ср.Таноко, ср.Режина болон залуучуудын бүлгэмийн бусад гишүүд, Пасторал багын хамт олон, үйлчилгээнд тусласан томчууддаа бүх залуусынхаа өмнөөс талархаж байна.  

2013/08/01

Дэлхийн Залуучуудын Өдөр өндөрлөв



Манай Католик шашнаас уламжлал болон зохиогддог “Дэлхийн Залуучуудын Өдөр” 2013 онд Бразил улсын Рио хотноо болсон билээ. Энэхүү үйл ажиллагаа 7.23 ~ 7.28 хүртэл үргэлжилсэн бөгөөд Пап лам Францис болон Хамба лам нар, мишинерүүд, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гурван сая мөргөлчид хүрэлцэн ирсэн байлаа. Энэ бүх хүмүүс Есүс Христийн нэрээр цуглан дэлхийн амар тайван байдлын төлөө хамтдаа залбирч өөрсдийн дуу хоолойгоо өргөж байсан юм. Энэ үйл ажиллагаанд манай Монгол Католик залуус ч мөн адил оролцож өөрсдийн дуу хоолойгоо өргөн, Есүс Христийн зааж буй тэнгэрлэг хайр, баяр жаргалын замд бусдыг уриалан дуудахад хувь нэмрээ оруулсанд бид бүхэн талархаж байгаа билээ. Пап лам Францис хаалтын Мисанд хийсэн номлолдоо: Хайрт Залуу Найзууд минь, “Явж бүх  үндэстнийг дагалдагч болгогтун ”. Есүс энэхүү үгээ бидний хүн нэг бүрт хандан хэлжээ: “Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуустай итгэлээрээ хамт байж амьдарч, Дэлхийн Залуучуудын Өдөрт оролцоход гайхамшигтай байлаа. Гэвч бид одоо явах ёстой, одоо та бүхэн энэхүү туршлагаа бусдад дамжуулаарай.” Есүс та бүхнийг сайн мэдээ түгээх шавиа болгохоор дуудаж байна!  Өнөөдөр бидний сонссон Тэнгэрбурханы үгийн гэрлээр Тэнгэрлэг Эзэн бидэнд юу хэлж байна вэ? Гурван энгийн санаа: Явагтун, бүү ай, бас үйлчлэгтүн." хэмээн энэ үгсийг дэлгэрэнгүй тайлбарласан билээ. Энэ үйл ажиллагааг чих тавин дэлхийн улс орон бүрт хүмүүс сэтгэл догдлон хүлээн авч, сэтгэл зүрхээрээ хамт байж сайн мэдээг баяртай хүлээн авч байна. 

2013/07/19

Бэсрэг наадам

Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс жил бүр “бэсрэг наадам” зохион байгуулдаг уламжлалтай билээ. Наадам нь манай ард түмний өвөрмөц ахуй соёлыг илэрхийлдэг том баяр билээ. Бидэнтэй салшгүй холбоотой малчны уламжлалаа үнэлж цэгнэн, өөрсдийн амьдралдаа хүндэтгэн хадгалж явахыг зоридог юм. Энэ жилийн Бэсрэг наадам 7 сарын 14ны 13 цагт Мисаны дараа сүмийн хашаан дотор зохион байгуулсан бөгөөд паришийн бүх итгэгч нар, мишинерүүд, амралтаараа туслахаар ирсэн Солонгос ламын сургуулийн оюутнууд болон бусад паришийн ахан дүүс маань хүрэлцэн ирсэн байлаа. фр. Франциско залбиран, итгэгч нартаа хандаж сайхан наадахыг хүсээд, Бэсрэг Наадмын үйл ажиллагааг нээж буйгаа зарласан билээ. Ийнхүү наадам маань бөхийн барилдаан, шагайн харваа, морь /шагайн/ уралдаан болон дэмбээ гэсэн төрлөөр явагдаж, итгэгчид маань маш идэвхитэй уралдацгаасан билээ. Наадамчид уртын дуугаа сонсох зуураа хуушуур болон айргаа амтархан идэж уун, сайхан наадаж байсан юм. Наадам маш сонирхолтой болсон ба бөхийн барилдаанд Отгонтөгс, шагайн харваанд Үүрцайх Николас, морь уралдаанд /шагай/ Солонго, дэмбээнд Бямбадаш нар түрүүлж наадамчин олноо баярлуулсан билээ. Хэдийгээр өглөө маш их бороо орж талбайд ус тогтсон ч манай семинаристууд болон итгэгч нар бүгдийг янзлан өдөр гэхэд наадмын талбай бэлэн болсон байлаа. Бямбаа Иосэф тэргүүтэй зохион байгуулах хорооны итгэгч нартаа бүх итгэгчдийн зүгээс талархал илэрхийлье. Мөн Тэнгэрбурханы нэрээр хамтдаа цуглан, баяр хөөрөө хуваалцсан бүх итгэгч нартаа баярлаж сайхан наадахыг хүсэж байна.

2013/01/28

ЦАСНЫ БАЯР



Манай “Хайрын сургууль” -н хүүхдүүд жил бүр Цасны Баярыг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд Яармагт тэмдэглэхээр шийдсэн бөгөөд 1 сарын 26нд үнэхээр сайхан өдөр тохиож хүүхэд багачууд маань баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Цасны баяр бол хүүхдүүдийн хамгийн дуртай баярын нэг бөгөөд хүүхэд бүр хүсэн хүлээдэг билээ. Мөн энэ өдөр зөвхөн тоглоод зогсохгүй хамтдаа хооллож ундлан, Магтаал Талархлын Мөргөлд оролцож баяраа хуваалцсан юм. Энэхүү үйл ажиллагааг манай “Хайрын сургууль”-н багш нар болон мишинерүүд зохион байгуулан үргэлж хүүхдүүдтэй хамтдаа байж тэдэнд анхарал тавин хэрэгтэй бүхнээр нь туслаж дэмжиж байлаа.  

2012/11/03

"Гэрлэсэн хосод зориулсан баярын өдөр"-тэй боллоо

Манай Католик шашны хувьд 11сарын 1нд Гэгээнтнүүдийн баярын өдөр буюу бүх итгэгчдийн төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.Энэ удаа манай "Гэгээн Эх Мариа" сүмийн дөрөв дэх өдөр буюу хосуудад зориулсан Магтаал Талархлын Мөргөл 11 сарын 1нд таарч фадер Ким энэхүү 111 гэсэн бэлэгдэлтэй өдрийг "Хосуудын баярын өдөр" болгосноор давхар баярын өдөртэй боллоо. Иймээс жил бүр хосууд маань баярын өдөр тэмдэглэдэг уламжлалтай болж байгаа юм. Энэхүү хосын баярын өдрөөр нийт 14 хос хүрэлцэн ирж баярын Мисандаа оролцон өөрсдийнхөө болоод бусад хосуудын төлөө хамтдаа залбирснаар баярын үйл ажиллагаа нээсэн билээ. Үүний дараа залуу хосуудын нэг болох Анхмаа-н бэлтгэсэн хоолыг бүгд амтархан идээд, спортын арга хэмжээнд оролцсон юм. Хосууд хуваагдан сагсан бөмбөг, воллейболын тэмцээнд оролцсон нь хамгийн сонирхолтой байлаа. Энэ нь хосуудад хамтдаа цагаа хөгжилтэй өнгөрөөж, эрүүл мэнддээ анхаарахаас гадна стресс тайлах гээд олон давуу талтай сайхан үйл ажиллагаа болсон юм. Итгэгчид та бүхнийг долоо хоног бүрийн дөрөв дэх өдрийн хосуудад зориулсан Миса болон жил бүрийн 11 сарын 1нд "Гэрлэсэн хосын баяр"-ыг сүм дээрээ ирж хамтдаа тэмдэглэхийг урьж байна.
 
         


2012/10/18

Хуримын ёслол

Манай "Гэгээн Эх Мариа" сүм дээр 10 сарын 18нд Хүрэлбаатар болон Ариунтуяа Роза нарын хуримын ёслол болсон билээ. Ёслолыг паришийн ахлах лам фадер Ким удирдаж, хуримын гэрчээр Ганзаяа, Гүррагчаа нар оролцон хосуудад баяр хүргэсэн юм. Хэдийгээр хосууд удахгүй хуримын ордонд хамаатнуудын хамт хурим хийх гэж байгаа боловч өмнө нь сүм дээр "Зөвшөөрсөн Гэрлэлтийн Ёслол"-д орохоор шийдсэн байлаа. Манай Католик шашны хувьд гэрлэлт бол томоохон, чухал ёслолд тооцогддог. Тиймээс ч өөрсдийн итгэлээ гэрчлэн олон хосууд ариун гэр бүлийн үлгэр жишээг даган амьдрахаар шийдэн, Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авдаг билээ. Хүрэлбаатар, Ариунтуяа болон охин Бүжинлхам нарт итгэгчдийн зүгээс баяр хүргэе.  

2012/08/17

“Гэгээн Эх Мариа” сүмийн 10 жилийн ойн баяр


Манай “Гэгээн Эх Мариа” сүм ойн баяраа  Мариа Эх Тэнгэрт Заларсан баярын өдөр буюу 8 сарын 15нд тэмдэглэн өнгөрөөдөг билээ. 2012 онд 10 жилийн ойгоо угтан фр. Ким болон фр. Хо нар олон арга хэмжээ санаачилан зохион байгуулж байгаа билээ. Энэхүү баярын өдрөөр Мисагаа өргөн, Монгол найр зохион байгуулсан нь их өвөрмөц болж олны таашаалд хүрсэн байна. Баярын Мисанд Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам, эрхэм хүндэт Венсэслао Падилла болон бусад санваартан, мишинерүүд хүрэлцэн ирж фр. Ким, фр. Хо болон бүх итгэгчдэд баяр хүргэсэн юм. Мөн энэ өдөр Хамба лам Венсэслао Падилла итгэгчдэд Баптизм хүртээж Миса удирдсан ба тэрээр номлолдоо: “Эргэл Мөргөл”-н үйл ажиллагаа нь итгэгчдэд итгэлийн амьдрал улам бат бэх болгоход нөлөөлсөн тухай, Хар Хорин хотод Миса өргөх ёслолын үед цугласан итгэгчид  Тэнгэрбурхантай хамт байж хэрхэн гайхамшигтайгаар нэг бие болж байсныг дурдаад, цаашид 10 жилийн ойг угтсан 2022 он хүртэл “Гэгээн Эх Мариа” сүмээс гаргасан уриа ч мөн адил бидний эргэл мөргөл болж үргэлжилсээр буйг баяртайгаар тэмдэглэн хэлсэн билээ.  

2012/08/07

Хээрийн Миса


 Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс 10 жилийн ойн хүрээнд “Хайрын Сургууль”-н хүүхдүүддээ зориулан хээрийн Миса зохион байгуулсан билээ. Энэ Мисаг фр. Хо удирдсан бөгөөд багш нар болон мишинерүүд, хүүхдүүд гээд 80 орчим хүн оролцсон юм. Энэ үйл ажиллагааны үеэр хүүхдүүд 10 жилийн дараа буюу 2022 он гэхэд ямар хүн болох, юу хийхийг хүсэж буйгаа бичиж бас зурж үзүүлэн өөрсдийн мөрөөдлөө хуваалцсан нь их сонирхолтой байлаа. Мөн “Хайрын сургууль”-н багш нар олон тэмцээн, уралдаан зохион байгуулсан нь хүүхдүүдэд их хөгжилтэй, баяр хөөртэй өдөр боллоо.        

2012/08/03

“Энэрэлт Мариа Эх” сүмийн баяр


Манай “Энэрэлт Мариа Эх” сүмийн баяр 6 сарын 20нд болсон бөгөөд саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Энэ баярт оролцохоор мишинерүүд болон итгэгчид  “Энэрэлт Мариа Эх” сүмд очиж Арвайхээрийн итгэгч ахан дүүстэйгээ уулзан, тэдний итгэлийн амьдралтай танилцсан билээ. Манай Арвайхээрийн итгэгчид биднийг гэртээ урьж хамт нэг өдрийг өнгөрүүлэн, өөрсдийн амьдралдаа Тэнгэрбурханы ивээлийг хэрхэн хүлээн авч, мөн бусадтайгаа хуваалцдаг тухайгаа бидэнд ярьж өгсөн нь гайхамшигтай байсан юм.  Ийнхүү Арвайхээрт буй итгэгч ахан дүүс маань Тэнгэрбурханы хайр хишгийг баяртайгаар хүлээн авч, хуваалцаж байгааг хараад бид ч мөн адил Тэнгэрбурхандаа талархаж түүний гайхамшигт хайрыг мэдэрсэн билээ. “Энэрэлт Мариа Эх” сүмийн итгэгч та бүхэндээ баярлалаа. 



2012/07/18

Итгэгчид Наадамлав


Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчид “Наадам”-н баяраа хамтдаа тэмдэглэв. Наадам 15 цагаас эхлэсэн бөгөөд 18 цагаас хамт баярын Миса өргөсөн юм. Итгэгчдийн дунд бөх, шагайн харваа, дэмбээдэх, самар чөмөх гэх мэт маш сонирхолтой уралдаан явагдсан билээ. Бас наадамд зориулан манай “Гэгээн Эх Мариа” сүмээс амттай хуушуур, айраг бэлтгэсэн байлаа.  Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярт оролцохоор Солонгос улсаас хүрэлцэн ирсэн Таэжон дахь сүмийн Хамба лам Лаззаро мөн наадамын үйл ажиллагаанд оролцон, уралдаанд түрүүлсэн итгэгчдэд бэлэг гардуулсан билээ.   

Хамба лам Лаззаро номлолдоо: "Тэнгэрбурхан хүмүүст маш их хайртай учраас хүн болоод ирсэн билээ. Тэнгэрбурхан хүн нэг бүрийг хайрладаг шиг бид бие биенээ хайрлах учиртай. Гэхдээ бие биенээ хайрлахад ямар их бэрхшээл тулгардаг, хайр ямар үнэ цэнэтэй  болохыг бид загалмай дээрх Есүсээс харж болно. Ингэхдээ бид Есүсийг санаад энэ бүх бэрхшээлийг даван туулахдаа  баяртайгаар даван туулах ёстой билээ. Үүний тулд бид харилцан бие биенээ хайрлах хэрэгтэй" хэмээн хэллээ.  

2012/07/17

Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярын Миса


Монгол дахь Католик шашны газар 20 жилийн ойн баярын хүрээнд “Намайг дага” уриан дор олон арга хэмжээ зохион байгуулсан билээ .
Түүнчлэн 20 жилийн ойн баярын арга хэмжээг хүүхэд, насанд хүрэгчид болон залуучууд гэсэн үе шаттай өргөн тэмдэглэсэн юм. Монгол дахь Католик шашны  20 жилийн ойн баярын Миса 2012 оны 7 сарын 8нд болж  Монгол дахь Католик шашны тэргүүн, Хамба лам эрхэм хүндэт Венсэслао Падилла, бусад лам мишинерүүд болон бүх паришийн итгэгчид хамтдаа Катедриалд цуглан Мисанд оролцсон бөгөөд баяр хүргэхээр Ватикан улсын “Шашин дэлгэрүүлэх Яам”-ны нарийн бичгийн дарга, тэргүүн Хамба лам Савио Хон Ватикан улсаас, Солонгос улсад суугаа Ватикан улсын элчин сайд (Нүүнсио) тэргүүн Хамба лам Освалдо Падилла болон Таэжон дахь сүмийн Хамба лам Лаззаро Солонгос улсаас хүрэлцэн ирсэн билээ. Мөн 20 жилийн өмнө Монголд анх Католик шашныг дэлгэрүүлж байсан гурван мишинер лам бол фадер Гилберт, фадер Роберт болон одоо Монголд амьдарч ажиллаж байгаа Монгол дахь Католик шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла билээ. Энэхүү баярт оролцохоор фадер Гилберт, фадер Роберт нар Монголд хүрэлцэн ирсэн нь бас том баяр болсон юм. Тэргүүн Хамба лам Савио Хон хэлэхдээ Тэнгэрбурханы сайн мэдээ Монгол улсад ирээд 20 жил болсон ба дэлхийн Католик улс орны нэг болсон явдалд баяр хүргэсэн билээ.

2012/07/06

Хар Хорин хотод 800 жилийн дараа дахин Миса өргөлөө

Манай Гэгээн Мариа сүмийн 10 жилийн ойд зориулан санаачилсан  “Эргэл Мөргөл” амжилттай явагдаж Монгол улсын нийслэл байсан Хар Хорин хотод манай бүх паришийн итгэгчид, мишинерүүд хүрэлцэн ирсэн юм. XIII зуунд манай өвөг дээдэс маань Католик шашныг хүндэтгэн хүлээн авч, Хрисчин Монгол итгэгч нар Миса өргөж байсан түүхэн газар 800 жилийн дараа Магтаал Талархлын Мөргөл үйлдэж буйгаараа онцлогтой байлаа. Энэ Мисаг Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам, эрхэм хүндэт Венсэслао Падилла удирдсан бөгөөд бүх паришийн лам нар оролцсон юм. Хамба лам Венсэслао Падилла “Эргэл Мөргөл”д оролцсон итгэгчид болон энэхүү баярт оролцож буй бүх итгэгчиддээ баяр хүргээд хэлэхдээ өнөөдрийн Миса нь Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярын хүрээнд томоохон үйл ажиллагаа болж буйг тэмдэглэн хэлсэн юм. Мөн өнөөдөр 06.24 нд буюу баптизм хүртээгч Иохан Баптистын баярын өдөр тохиож бас Мисаны үеэр бороо орж буй нь Тэнгэрбурханы ивээл гэж хүлээн аваарай хэмээн айлдсан юм. Хэдхэн хормын дараа гэхэд бид ил гадаа байсан боловч хамтдаа байснаар норолгүйгээр Магтаал Талархлын Мөргөлөө өргөсөн нь гайхалтай явдал байсан юм.

2012/06/07

“Мариа Ауксилюм” Паришийн сүмийн нээлт

2012 оны 5 сарын 31 нд манай Монгол дахь Дон Боско байгууллага, салешин санваартнуудын үүсгэн байгуулсан “Мариа Ауксилюм” париш Дархан хотод шинээр үүд хаалгаа нээлээ. Энэ өдөр манай Католик шашны хувьд Мариагийн сарын төгсгөл болох “Мариагийн шөнө”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг давхар баярын өдөр байлаа. “Мариа Ауксилюм” паришийн нээлтийн ёслолд манай Католик шашны тэргүүн хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж сүмийг адислан Мисаг удирдсан билээ. Мөн манай бүх санваартнууд болон бүх паришийн итгэгчид хүрэлцэн ирж энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцсон юм. Мисаны дараа Дарханы итгэгчид баярын мисанд хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан тоглолт үзүүлж сонирхолтой арга хэмжээ зохион явуулсан билээ. Мөн хүн бүрт зориулан Мариа Эхийн адисласан  барималыг гарын бэлэг болгон өгсөнд бүгд баяртай байлаа. Дарханы Паришийн хамт олон болон итгэгчдэд шинэ сүмтэй болсонд баяр хүргэн, бидэнд зориулан бэлтгэсэн бүх зүйлд талархаж байна.