2013/04/29

Сүм бол хүүхэд асрагч биш



Пап лам Францис  номлолдоо (шавь нарын үйлс номны  8:1-8)
“Тэд гэр орноо орхиж, өөртөө хэдхэн зүйлсийг л авсан байх; тэд ямар ч хамгаалалтгүй боловч нэг газраас нөгөө газарт Үг -ийг тунхаглаж явсан” хэмээн тэрээр хэлсэн юм.
“Тэд дөнгөж баптизм хүртсэн юмуу баптизм хүртээд нэг жил болсон энгийн итгэгчид байлаа. Харин тэдэнд тунхаглахаар явах урам зориг байсан юм. Мөн тэд итгэлтэй байлаа. Бас тэд гайхамшгийг үйлдсэн билээ.”

Пап лам номлолдоо 17-р зуунд Японоос мишинерүүд хөөгдөж гарснаас хойш, хоёр зууны турш ламгүйгээр оршин тогтнож байсан Японы Католик итгэгчдийн түүхийг тэмдэглэсэн юм. Эцэст нь мишинерүүдийг эргэн ирэхийг зөвшөөрөх үед, тэд сүм дотроос бүхэл бүтэн баптизм хүртсэн, категист, гэрлэсэн гээд бүхий л хамт олон  бүрэлдсэн байхыг олсон байдаг.

Өнөөдөр энгийн итгэгчид “баптизмын хүч”-р итгэлтэй хэвээр байгаа эсэхийг Пап лам асуусан юм. Бүхий л баптизм хүртэгчид “өөрсдийнхөө амьдралаар, өөрсдийнхөө гэрчлэлээр, өөрсдийн үгээрээ Есүсийг тунхаглах” ёстой хэмээн Пап лам хэлсэн юм.

“Бид ийнхүү үйлдэх үед сүм маань хүүхдүүдээ төрүүлж буй ээж сүм болдог, харин бид үүнийг хийхгүй бол сүм маань ээж биш харин унтуулахаар хэвтүүлдэг хүүхдийн асрагч болдог юм.” хэмээн айлдсан билээ  

2013/04/23

Бинчэшиү бүлгэмийн үйл ажиллагаа



Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчдийн байгуулсан Бинчэшиү бүлгэм нь долоо хоног бүр нэн ядуу амьдралтай хүүхдүүдэд зориулан номын сан ажиллуулж, тэдэнд хичээл заахаас гадна хоол унд бэлтгэн өгч бас хувцаслаж, тэдэнтэй ярилцах замаар Тэнгэрбурханы хайр хишгийг хүргэдэг билээ. Мөн энэхүү ажлын хажуугаар нэн ядуу, өвчтэй, тахир дутуу хоол хүнсээ авах чадваргүй айл өрхүүдэд хүнсний зүйлсийг хүргэж өгдөг болсон нь үнийн хөөрөгдлөөс болж дарамтанд орж буй өнөө үед цагаа олсон буянтай ажил юм. Энэхүү ажлын хажуугаар Бинчэшиү бүлгэмийн гишүүд долоо хоног бүр цуглан, хийсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, тусламж хэрэгтэй олон хүнд өөрсдийн хийж буй сайн үйлсийг хэрхэн хүргэх талаар ярилцаж тэдний эрүүл мэнд, гэр бүл, сайн сайхны төлөө Тэнгэрбурхандаа залбирдаг юм. Манай Бинчэшиү бүлгэм энэ бүх ажлыг маш үр дүнтэй, таслалгүй явуулж байгаа гол үндэс бол Тэнгэрбурханы нэрээр нэгдэж бие биенээ хүндэтгэн нэгдмэл хамт олон болж бүрдсэн явдал билээ. Итгэгч та бүхэн энэ хамт олонтой нэгдэн Бинчэшиү бүлгэмийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна. 

2013/04/05

Амилалтын баяр


Манай Католик шашны хувьд Амилалтын баярыг маш өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг том баяр билээ.  Энэ баяр бол Тэнгэрбурхан өөрийн хайрын илэрхийлэл болгон бидэнд авралын замыг өгсөн гайхамшигт хайрын баяр билээ. Манай "Гэгээн Эх Мариа" сүмийн итгэгчид энэхүү агуу хайр хишгийг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэн, Ариун долоо хоногоо ариунаар өнгөрөөхийн төлөө хичээж байлаа. 14 зогсоол ба загалмайн хүндэтгэх ёслолд манай Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж оролцсон бөгөөд бусад Миса болон ёслолыг фр. Франциско болон фр. Чарлиз, фр.Эрнесто нар удирдсан юм. Энэ жил манай итгэгчдээс 20 орчим хүн шинээр баптизм хүлээн аван Хрисчин амьдралыг сонгосон юм. Үүнээс гадна баптизм авахаар бэлтгэж байгаа итгэгчдэд зориулсан ёслолыг зохион байгуулсан нь итгэгчдийн хувьд шинэлэг бас үр өгөөжтэй байлаа. Бүлгэм бүр тогтсон цагийн хуваарийн дагуу наминчлалын ёслолд оролцон, бас сүмийн бэлтгэл ажилд туслах гээд олон үйл ажиллагаанд  оролцож байв. Ариун долоо хоног болон амилалтын баярын Мисандаа идэвхитэй оролцсон бүх итгэгч нартаа талархаад, “Гэгээн Эх Мариа” сүмийн зүгээс Амилалтын баярын мэнд хүргэж байна.