Showing posts with label Хурим. Show all posts
Showing posts with label Хурим. Show all posts

2014/03/11

Хуримын Ариун Ёслол

Манай “Гэгээн Мариа Сүм” дээр 3 сарын 9нд Мөнхбат Стефано болон Нямсолонго Клара нарын “Гэрлэлтийн Ариун Ёслол”ын үйл ажиллагаа болсон билээ. Мисанд фр.Эрнесто, фр.Пиер болон фр.Чарлис нар хүрэлцэн ирж  оролцон, паришийн ахлах лам фр.Франциско ёслолыг удирдан явуулсан бөгөөд манай итгэгч ахан дүүс нар болон хосуудын ах дүү хамаатан садан бүгд хүрэлцэн ирсэн байв. Хос маань Христчин гэр бүлд зориулсан тусгай хичээлд орж, Тэнгэрбурханы сургаалийн дагуу зөвт амьдралаар хичээн амьдрахаа илэрхийлэн “Гэрлэлтийн Ариун Ёслол”д орсон билээ. фр.Пиер номлолдоо: “Энэ сайхан өдөр Мөнхбат болон Нямсолонго нар нэг гэр бүл болох шийдвэрийг өөрсдөө гаргасан байна, харин бид тэдний төлөө залбирч, тэдний амьдралыг дэмжиж байдаг. Амьд явах гэдэг бол хувь заяа биш, бидний сонгосон зам биш, энэ бол Тэнгэрбурханы гүн их таалал билээ. Бид ямар нэг автомат юмуу машин биш, харин Тэнгэрбурханаас амьд явах амьдралыг хүлээн авсан учраас бид ухаалаг, зөв сонголт хийх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл болон бие биеэ өмчлөх байдлаас болж гэрлэлтээс татгалзаж байна. Манай Католик шашин буюу сүсэгтнүүдийн хувьд хүчирхийлж өмчлөх ёс гэж байдаггүй. Учир нь Тэнгэрбурхан бидэнд үргэлж үнэнч байж үнэнийг сургадаг тул бид үнэн ба үнэнч байдлыг уламжлан авдаг юм. Ер нь амьдрал хэцүү бөгөөд амьдралын зам дээр олон бэрхшээл зовлон байдаг. Иймээс дараах 3 асуулт гардаг. 1. Би юу хийж чадах вэ? 2. Би юу хийх ёстой вэ? 3. Би юунд итгэж, хэнд найдах вэ? Энэхүү асуултад хариулахын тулд бид Есүс Христийн амьдралыг эргэцүүлэх боломжтой. Түүний амьдрал амархан байгаагүй бөгөөд Тэр бидэнд 3 гол зүйлийг зааж өгсөн билээ. 1. “Хайр” гэдэг бол өөрийнхөө төлөө амьд явах бус бусдын төлөө, ялангуяа хайртай хүмүүсийнхээ төлөө амьд явах гэсэн утгатай юм. Учир нь Есүс энэхүүү алтан сургаалийг бидэнд ойлгуулсан билээ. 2. Аз жаргалтай амьдралыг хүсэж байвал бардам зан бус харин даруу зангаар амьдрах хэрэгтэй. Даруу зан бол Тэнгэрбурханы мөн чанар юм. 3. Бусад хүмүүст үйлчлэх ялангуяа өвчтэй, зовлонтой, гэр оронгүй хүмүүст туслах хэрэгтэй. Энэ бол Тэнгэрбурханы зам, Есүс Христийн зам юм. 

2013/02/08

Хуримын ёслол



Шинэ оны хамгийн анхны хурим саяхан 2 сарын 4нд болсон билээ. Манай “Зуун Мод” бүлгэмийн итгэгч болох Батнасан Матилда болон Оюунгэрэл Карина нарын хуримын ёслолыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Хуримын ёслолыг фр.Ким ба фр.Хо нар удирдан явуулж, Ууганбаяр Доминик болон Азжаргал Карина нар гэрчээр оролцсон байна. Католик шашны хувьд хуримын ёслол бол томоохон чухал ёслолд тооцогддог бөгөөд итгэгчид ариун гэр бүлийн үлгэр жишээг даган амьдрахаар шийдэн, өөрсдийн итгэлээ гэрчлэн, Тэнгэрбурханы хайр ивээлийг хүлээн авдаг юм. Бүх итгэгчдийнхээ зүгээс Батнасан Матилда, Оюунгэрэл Карина болон охин Дэлгэрцэцэг нарт баяр хүргэж байна.