Showing posts with label Сайн үйлс. Show all posts
Showing posts with label Сайн үйлс. Show all posts

2016/12/06

Нисэх, яармагт өдөр өнжүүлэх нээгдлээ


Сургуулийн насны хүүхдүүдийн ирээдүйн төлөө тэдний хичээл хийх орчинг бүрдүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 6 болон 16-р хороонд өдөр өнжүүлэх хичээлийн танхимыг нээн адислалаа.


Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээл хийх таатай орчинг бүрдүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд нь туслах зорилготой энэхүү хичээлийн байр нь  10:00-16:30 гэсэн цагийн хуваарьтайгаар ажиллаж эхэлсэн байна. 

Багш болон харилцан бие биенээ хүндэтгэх ганцхан дүрэм бүхий энэ танхим нь хүүхдүүдийн боловсролд багахан боловч тус болохын тулд гэрийн даалгавар хийхэд нь туслах ба цаашдаа хүүхдийн идэвхи болон сурах байдлыг харгалзан англи болон солонгос хэлний сургалт явуулах төлөвлөгөөтэй байгаа юм. 


Сүсэгтэн ахан дүүс та бүхэн энэхүү үйл ажиллагааг дэмжин сайн дурын үйлчлэл хийхийг хүсвэл сүмийн нийгмийн ажилтантай холбоо барина уу. 


Өдөр өнжүүлэх хаяг:
  1. ХУД Нисэх 16-р хороо Тайнийн 1-24
  2. ХУД Яармаг 6-р хороо Нүхт29 ХБЗ 3-1
Холбоо барих: 9993-4992 /Н.Отгонгэрэл Нийгмийн ажилтан/


2015/12/22

Нийгмийн ажил үргэлжилсээр...


Ирэлтийн цаг улирлын сайн үйлс маань Төв аймгийн Зуун модонд хүртэл үргэлжилж байна. 

Манай нийгмийн ажлаас амжиргааны түвшин доогуур болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалж буй энэ үйл ажиллагаа маань зөвхөн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг төдийгүй Төв аймаг хүртэл хамран явагдаж байна. Энд одоогоор тус аймгийн нийт 6 багийн 14 айл хамрагдсан байна. 

Халуун хоол, эд зүйлсээс илүүтэйгээр өвлийн хүйтэн цагт гэртээ дулаан байхад тусалж байгаад их баяртай буйгаа олон хүн илэрхийлж байсан юм. Бидний Тэнгэрбурханы энэрэл нигүүлсэл ба хайрын хуваалцал илүү олон хүнд хүрч зөвхөн гэр орон төдийгүй сэтгэлийг дулаацуулах болтугай гэж хүсье. 


 Зураг: Нийгмийн ажилтан Отгонгэрэл Лүчиа, 
төв аймаг дахь сүсэгтнүүдийн төлөөлөгч Бямбацэдэн Иосеф нар иргэдийн хамт


2015/12/11

Тохижолт үйлчилгээний компаний ажилчидтай уулзлаа.


Христийн мэндэлсэн баярын өмнө бид Ирэлтийн цаг улирлаар Аврагч Эзэнээ хүлээдэг билээ. Энэ жилийн Ирэлтийн баярын ээлжит сайн үйлс маань Хан-Уул дүүргийн тохижолт үйлчилгээний компанийг зорьсон юм. Жил бүр уламжлал болгон нийгмийн ажлаас явагддаг үйл ажиллагаа тул биднийг тухайн байгууллагын ахлагч дотноор угтан авсан юм. 


Манай хотыг эрүүл аюулгүй байлгахын тулд цаг агаарын байдлыг үл тоон өдөр бүр ажиллаж байдаг ах эгч нартаа өдрийн хоол, халуун аарцаар талархсан сэтгэлээ хуваалцан ярилцлаа. 

Хэдий багахан тус боловч сэтгэлийн томоохон хуваалцал ярилцлага байлаа. 







2015/12/09

Хан-Уул дүүргийн 2-р хорооныхоо хүүхдүүдэд туслав.







Манай Гэгээн Эх Мариа сүмийн залуучуудын санаачлагаар өөрсдөдөө байгаа зүйлсээ цуглуулан нийгмийн ажилд оролцлоо.

Тусламжаа хэрэгтэй хүнд нь хүргэхийн тулд тухайн Хан-Уул дүүргийн хорооны нийгмийн ажилтанд хандсан ба нийтдээ 25 хүүхдэд хувцас эд зүйлс ба хичээлийн хэрэглэлээр тусалсан юм. 


Нүүрс тараав.



       Манай Гэгээн Эх Мариа сүмийн нийгмийн ажил нь Ирэлтийн цаг улирлын энэ үеэр уламжлал болгон өрх толгойлсон гэр бүл болон өрхийн орлого доогуур айл өрхүүдэд нүүрсний тусламж үзүүлдэг билээ. 

Энэ жилийн нийгмийн ажлаас одоогийн байдлаар нийт 5 тонн нүүрс тараагаад байгаа бөгөөд нийт 20 гаруй өрх айлуудад тусламж болон очих юм. 

Хүйтний эрч чангарч буй энэ үед гэр бүлд нь багахан боловч тус болно гэж найдаж байна. Мөн энэхүү боломжийг олгосон Тэнгэрбурхандаа талархъя.




2015/03/13

Наминчлалын улиралын үйл явдал

Наминчлалын цаг улиралаар манай итгэгчид залбирал, мацаг барих болон буяны үйлс үйлдэх замаар Христийн амилалтыг угтаж өөрсдийгөө бэлтгэдэг уламжлалтай билээ. Энэ цаг үед сүмээс баасан гариг бүр мисаны өмнө "загалмайн зам" залбирал зохион байгуулж байна. Үүнээс гадна нийгмийн албанаас буяны үйлсэд зориулан итгэгчдийн өгсөн хувцас, хоол хүнс зэргийг цуглуулж бэлтгээд, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тараан өгч байна. Тэд долоо хоногт хоёр удаа хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй байгаа, хүнд амьдралтай олон хүүхэдтэй айл, өндөр настан хүмүүс дээр очиж тусламж үзүүлэхийн хамт, тэд нарын төлөө Тэнгэрбурханд залбирч байгаа билээ. Энэ бол сайн үйлсийн төлөө мацаг барьж, золиос гаргаж буй бүх хүмүүсийн сэтгэлийн илэрхийлэл юм. Мөн энэ хугацаанд залбирахыг хүссэн хүн бүхэнд сүмийн үүд хаалга нээлттэй байгаа тул та бүхэн наминчлалын улиралд идэвхитэй оролцоно уу. 

2014/12/11

Нийгмийн ажил буюу сайн үйлс

Жил бүр манай 'Гэгээн Мариа Сүм'-ээс хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан, тусламж хэрэгтэй айлуудад дэмжлэг өгөх зорилгоор нүүрс бэлтгэж, гэрт нь хүргэж өгдөг билээ. Энэ жил сүмийн ахлагч фр.Франциско болон нийгмийн ажлын албанаас 4тонн нүүрс бэлтгэн, сүмийн ажилчид  шуудайлж сонгосон айлуудад тарааж өгсөн юм.
Нэг айлд 10 шуудай буюу 250кг нүүрс өгсөн нь олон хүмүүсийн талахлыг хүлээсэн үйл хэрэг болсон билээ. Итгэгч бидний хувьд буяны ажил хийх, бусдад туслах нь хамгийн чухал үйлс байдаг.  Ялангуяа угтлага улирлаар аль болох бусдыг уучилж, бусдад  туслах  буюу буян үйлдэх, гэм нүглээ ухаарах  замаар хүн бүр өөрсдийгөө цэвэр ариун байдалд бэлтгэдэг билээ. Энэхүү нүүрс тараах ажил ч бас ирэлтийн улирлаа угтаж буй сайн үйлсийн нэг юм. Эдгээр хүйтэн өдрүүдэд нүүрс хүлээн авсан айл бүр даарч хөрөлгүй, Тэнгэрбурханы хайр ивээлээр амар тайван байж, баяр хөөртэй байгаа гэдэгт найдаж байна. Ахан дүүс та бүхэн ч мөн адил Тэнгэрбурханы хайр ивээлээр, чин сэтгэлээсээ бусдад туслаж сайн үйлс бүтээхийг уриалж байна.  

2014/06/14

"Лежио Мариа Бүлгэм"-н сайн үйлс

"Лежио Мариа Бүлгэм"-н гишүүд маань долоо хоног бүр хамтдаа цуглаад Залбирлын Хатан Мариа Эхээр зуучлуулан сүмийн ахан дүүс болон бусад хүмүүсийн төлөө залбирлаа өргөдөг уламжлалыг та бүхэн мэдэх бизээ. Үүнээс гадна гишүүд маань өөрсдөө итгэгч нарыг зорин очиж тэдний амьдрал ахуй, итгэлийн амьдралын талаар хуваалцах, өвчтэй зовлонтой хүмүүсийг зорин очиж залбирах гээд бусдад сайн үйлс бүтээн олон ажил хийдэг юм. Тэгвэл энэ удаа "Лежио Мариа Бүлгэм"-ийн гишүүд маань "Гэгээн Тэреза"-н нэрэмжит халамжийн төвд 6 сарын 9нд очиж хамтдаа "Сарнайн Эрхин залбирал"-аа залбирч, тэдний сэтгэл санаа ба эрүүл мэндэд их хувь нэмэр оруулсан байна. Энэхүү халамжийн төвд голдуу өвчтэй зовлонтой, гэр оронгүй хөгшин буурлууд амьдардаг билээ. Тэдний зарим нэг нь ямар ч хамаатан садангүй буюу орхигдсон байдаг тул Тэнгэрбурханы хайр энэрлийг ийнхүү хүргэж байгаа явдал нь тэдэнд урам зориг, хүч хайрлаж байгаа нь гарцаагүй юм. Тэнгэрбурханы хайр энэрлийг гэрчлэн ийнхүү сайн үйлс бүтээж буй "Лежио Мариа Бүлгэм"-н гишүүд болох Гүнчээ Жоржио болон Болор Гресина нартаа талархаж байна.

2013/12/11

Сайн Үйлс


Жил бүр манай “Гэгээн Эх Мариа” сүмээс хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан нэн ядуу айлд нүүрс тараах буяны ажил зохион байгуулдаг билээ. 12.10нд болсон энэ бүх ажилд сүмийн ажилчид идэвхитэй оролцож, нүүрс савлах ба хүргэж өгөх ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ бол угтлага улирал буюу Христосын ирэлийг угтан өөрсдийгөө бэлтгэж, Тэнгэрбурханы хайр ивээлийг түгээж буй томоохон үйл хэрэг болсон юм. Энэ удаа ажилчид 5 тн нүүрсийг савлан тэдгээр айл тус бүрт 5 шуудай буюу 250 кг нүүрс хүргэж өгсөн юм. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед хөгшин настан болон бяцхан хүүхдүүдээ дулаан хонуулах болсондоо тэд баяртай байлаа. Ялангуяа нэн ядуу амьдралтай, олон хүүхэдтэй айлууд хог түүж дулаацан өдөр хоногийг өнгөрөөж байгааг олонтаа харсан билээ. Тэдгээр айл өрхүүдэд сэтгэлийн дэм, итгэл найдвар, баяр баяслыг төрүүлсэндээ бид ч бас сэтгэл хангалуун байсан юм.


2013/08/02

ЯАРМАГ ХУДАЛДАА



Манай “Гэгээн Эх Мариа” сүм дээр 7 сарын 28 нд нийгмийн ажилд зориулсан “Яармаг Худалдаа” зохион байгуулсан билээ. Нийгмийн ажил бол Хрисчин хүний хувьд өөрийн итгэл бишрэл, Тэнгэрбурханы хайр энэрлийн бодит амьдрал дахь илэрхийлэл, амьдралын утга учир хэмээн ихэд чухалчилж авч үздэг  билээ. Тиймээс зовж шаналсан, тусламж эрж буй хүмүүст чадлын хэрээр тусалж, тэдэнд итгэл болон урам зориг хайрладаг юм. Энэ үйл ажиллагаанд манай итгэгчид өөрсдийн сайн дураар оролцож, оюун санаа ба эд материалын тусламж үзүүлж ирсэн билээ. Энэ удаагийн яармаг худалдаанд итгэгчид хувцас болон хоол хийж оролцсон бөгөөд ялангуяа манай Солонгос итгэгчид чанартай сайн хувцас хунар цуглуулан, бас амттай хоол хийж оролцсон нь олон хүнийг баярлуулж, манай нийгмийн ажлын албанд чухал хувь нэмэр оруулсан юм. Энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцож өөрийн хувь нэмрээ оруулан Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авсан бүх хүмүүст талархал илэрхийлж байна.