Showing posts with label Наминчлалын улирал. Show all posts
Showing posts with label Наминчлалын улирал. Show all posts

2014/03/13

АРИУН ЭЦЭГ ФРАНЦИСЫН “ДӨЧ ХОНОГТ ЦАГ УЛИРАЛД” ЗОРИУЛАН АЙЛДСАН ҮГ 2014



Хайрт ахан дүүс нараа,
миний бие та бүхэндээ Дөч хоногт цаг улирлыг тохиолдуулан эрс өөрчлөлтийн хувийн болон бүлгийн аян замд хэрэгтэй байж болох зарим эргэцүүллийг өргөн барьж байна. Би Гэгээн Паулын хэлсэн үгнээс иш татан эхэлье. «Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний хоосролоор баян болсоноо та нар мэдэх билээ» (2 Коринт 8:9). Элч маань Коринт хотын сүсэгтнүүдийг тарчиг амьдралтай Иерусалимийн итгэгч нарт туслах өгөөмөр сэтгэлтэй байхад урамшуулахаар тэдэнд хандан хэлж байна. Гэгээн Паулын эдгээр үгс өнөөгийн сүсэгтнүүд болох бидэнд юуг хэлж байна вэ? Өнөөдрийн хувьд Сайн Мэдээн дэх ядуу амьдрал, хоосон байдлын уриалга нь бидэнд юу хэлж өгч байна вэ?
Христийн нигүүлсэл
Нэн тэргүүнд бидэнд Тэнгэрбурханы хэв маягийн талаар хэлж өгч байна. Тэнгэрбурхан өөрийгөө ертөнцийн эд баялаг ба хүч чадлаар дамжуулан биш харин хоосон, сул дорой байдлын арга замуудаар илчлэн харуулдаг: «баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон...». Тэнгэрбурханы мөнхийн Хүү, хүч чадал ба сүр жавхлангаараа Эцэгтэйгээ адилхан Христ өөрийгөө ядуу болгож, бидний дунд буун ирж, бидний нэг бүрэнтэй ойртож, бүх зүйлээрээ бидэнтэй адилхан болохын тулд өөрөөсөө тайлсан “хоосолсон” (харьц. Филиппой 2:7; Еврей 4:15). Тэнгэрбурханы бие махбод болсон үйл явдал нь үнэхээр аугаа нууц! Гэхдээ энэ бүхний утга учир нь нэгэн хайр буюу хишиг ивээл, өгөөмөр сэтгэл, ойр дотно байх хүсэл тэмүүлэл ба хайртай бүтээлүүдийнхээ төлөө өөрийгөө өргөх, золиослохоос буцдаггүй тэнгэрлэг энэрэл хайр юм. Энэрэл болон хайр гэдэг нь хайртай нэгнийхээ амьдралд бүх зүйлээрээ нэгдэхийг хэлнэ. Хайр нь аливааг төсөөтэй болгодог, ижил байдлыг бүтээдэг, алслагдсан зай ба ханануудыг нураадаг. Харин Тэнгэрбурхан яг ингэж л бидэнд хандсан. Үнэндээ Есүс «хүний  гараар ажиллаж, хүний оюун ухаанаар бодож, хүний дур зоригоор үйлдэж, хүний зүрх сэтгэлээр хайрласан. Цэвэр Охин Мариагаас мэндэлж гэм нүглээс бусад бүх зүйлээрээ адил үнэхээр бидний нэг болсон» (Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдаан, Баяр баясал ба горьдол найдвар (латинаар Gaudium et spes) хэмээх Ягшмал Үндсэн Хууль, н.22).

2014/03/09

НАМИНЧЛАЛЫН УЛИРАЛ


Манай Католик шашны хувьд "Дөч хоногт цаг улирал" бол итгэгчдийг Наминчлалын зам мөрт хөтлөдөг бөгөөд “Гэгээн Мариа Сүм”д 3 сарын 5нд буюу Үнсэн Лхагва гаригт эхэлсэн билээ. Энэ бол гэмшил, залбирал ба эрс өөрчлөлтийн цаг үе тул итгэгчдийн маань хувьд амар тайван зүрх сэтгэлээр гэмшиж, өглөг буян, мацаг барилт, даатгал залбирлын цаг мөч болдог юм. Ингэснээр Есүсийн хайр энэрлийг ухааран, зүрх сэтгэлээрээ Эзэнд өөрчлөгдөж, бусад ахан дүүстэйгээ эвлэрдэг билээ. Энэ хугацаанд итгэгчид маань сүм дээр ирж аль болох Тэнгэрбурхантай ойр байж, тунгаан бясалган, “Лежио Мариа” залбирлын бүлгэмтэй нэгдэн залбирах буюу “Винсэнт” бүлгэмд нэгдэж бусдад туслан сайн үйлсэд гар бие оролцдог. Мөн мацаг барих болон золиослол хийх замаар өөрсдийн хичээл зүтгэлийн дүнд цуглуулсан эд зүйлсээ бусадтай хуваалцдаг. Бас олон итгэгчид сүмийн нийгмийн албаар дамжуулан бусдад туслах нь ч бий. Үүнээс гадна нийгмийн албанаас халуун усаар үйлчилэх болон үсийг засах, хоол хүнсээр тусламж үзүүлэх гэх мэт тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Та бүхнийг сүмээс зохиогдож буй үйл ажиллагаанд хамрагдан, Наминчлалын улиралдаа ивэдхитэй оролцохыг урьж байна.          

2013/02/18

Наминчлалын Улирал эхэллээ

Манай Католик шашны итгэгчдийн хувьд наминчлалын улирал гэдэг бол Тэнгэрбурханы хайр хишгийг илүү ихээр хүлээн авч, Тэнгэрбурхантай илүү ойр байхын тулд аливаа муу үйлийг тэвчих буюу мацаглах, бусдыг энэрч бусадтай хуваалцах болон өглөг өгөх зэргээр бүхнийг өөрөөсөө эхлэснээр өөрийгөө ялан дийлж, өөрийгөө шинэчилдэг үе юм. Энэ жилийн хувьд "Үнсэн лхагва гараг" шинийн 3нд таарч наминчлалын үе "Цагаан Сар"-н баяртай давхцсан билээ. Монголчууд бид цагаан сараар бэлэг дэмбэрлийг эрхэмлэн сүүн цагаан сэтгэлээр өвөг дээдсээ хүндэлж сургааль үгийг нь сахин, идээ ундаагаа бэлтгэн, аливаа саад бэрхшээлийг эв зүйгээр даван туулж, алив муу үйлийг тэвчин цээрлэдэг уламжлалтай байдаг. Тиймээс энэ жилийн наминчлалын улиралд итгэгчид маань илүү хүндлэлтэй, ариун байдлаар буюу сүүн цагаан сэтгэлээр оролцсон тул Тэнгэрбурхантай илүү ойр байсан юм. Харин тэвчих буюу мацаг барих ёсны хувьд онцгой баяр ёслолыг тохиолдуулан хойшлуулдаг билээ.