Showing posts with label Ёслол. Show all posts
Showing posts with label Ёслол. Show all posts

2015/04/01

Ариун Нандин Түрхлэг адислах ёслол

Катедрал буюу Их сүмд 3.31ны мягмар гаригт уламжлал ёсоор Ариун Нандин Түрхлэг адислах ёслол болсон билээ. Ёслолд  Католик шашны бүх мишинерүүд болон итгэгч нар хүрэлцэн ирж оролцсон юм. Мисаг Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла бусад санваартнуудын хамт удирдсан юм. Хамба лам маань саяхан Пап лам Францисын зохион байгуулсан уулзалтанд оролцоод ирснийг та бүхэн санаж байгаа бизээ. Тэрээр номлолдоо: ариун долоо хоногоо хамтдаа угтаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд, Пап лам Францисын бидэнд өгч буй урам зориг, ивээл хишгийг дамжуулж байгаад талархаж байлаа. Мөн ариун долоо хоногтоо Тэнгэрбурхантай илүү ойр байхын тулд ариун амьрал дахь өөрчлөлтийг бий болгож чадах уу хэмээн өөрөөсөө асууцгаая. Хэрэв өөрчлөлтийг өөртөө бий болгохыг хүсэж байвал Тэнгэрбурханы авралд итгэх хэрэгтэй, хэрэв авралд итгэж байвал Түүний дахин амилалтанд ч мөн адил итгэх хэрэгтэй. Тиймээс ариун долоо хоногийн турш Тэнгэрбурханы хайр энэрлээр өөрсдийгөө ариун амьдралаар өөрчилцгөөе хэмээгээд, үргэлжлүүлэн олон сургаалийг Хамба лам маань итгэгч олондоо сургаж, номлосон билээ. Мисаны үеэр сахил санваарын түрхлэг, өвчний түрхлэг болон бататгах ёслолд зориулсан ариун түрхлэг адислах ёслолын үйл ажиллагаа болсон юм. Үүний дараа лам нарын тангараг өргөх ёслол болсон бөгөөд бүх лам нар маань оролцож, өөрсдийн сахил санваарын үүргээ биелүүлэх амлалт өгч байв.
Энэхүү ёслолыг Хамба лам Венсэслао Падилла удирдан явуулсан бөгөөд Тэнгэрбурханы өмнө, бүх итгэгчид ахан дүүсийнхээ өмнө амласан билээ. Мөн Хамба лам итгэгч нарт хандаж "Ариун үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа санваартнуудаа дэмжиж, хайрлаж байгаарай хэмээн Пап лам Францисын уриалгыг дахин уриалсан юм. Энэ өдөр хүрэлцэн ирж Ариун Нандин Түрхлэг адислах ёслолд оролцсон бүх ахан дүүстээ болон Мисаг удирдан явуулсан Хамба лам болон бусад лам нартаа талархаж буйгаа илэрхийлж байна.                    

2015/03/10

СОНГОХ ЁСЛОЛ

Жил бүр манай "Гэгээн Мариа Сүм"-д Ариун Угаалд бэлтгэж буй итгэгч нар амилалтын баяраас өмнө буюу наминчлалын улиралд Сонгох ёслолд ордог уламжлалтай билээ. Тэдний хувьд Католик шашны сургалтанд  сурч байгаа боловч өнгөрсөн хугацаанд өөрийн сурч мэдсэн зүйлс болон итгэл бишрэл дээр тулгуурлан, Христийн үлгэж  дууриалаар зөвт амьдралаар амьдрахад бэлэн эсэхдээ өөртөө дүн шинжилгээ хийж, тунгаан боддог юм. Тэнгэрбурханы өмнө, итгэгч ахан дүүсийнхээ өмнө Тэнгэрлэг баяр хөөрийн хуваалцагч болохоор шийдэж, сонголт хийж буйгаа гэрчилдэг билээ.  Мисаг паришийн ахлах лам фр.Франциско болон фр.Томас нар удирдсан бөгөөд, Баптизм хүлээн авахад бэлтгэж буй итгэгч нар тус тусын загалмайлсан эцэг эхийн хамт оролцсон юм. Тэдний төлөө залбирч, Мисанд хүрэлцэн ирсэн бүх итгэгч нартаа талархаж байна. Ялангуяа Сонгох ёслолд оролцон өөрсдийн итгэл бишрэлээ гэрчилсэн итгэгч нартаа баяр хүргэж байна.

2014/03/26

Сонголт хийх Ёслол

Манай “Гэгээн Мариа Сүм” дээр 2014 оны 3 сарын 16нд “Сонгох Ёслол”ын үйл ажиллагаа болсон билээ. Ёслолыг “Гэгээн Мариа Сүм”ийн ахлах лам фр.Франциско удирдан явуулсан бөгөөд 2 дахь удаа зохион байгуулж байна. Эхний ёслолд Бэлгүүн оролцож байсан бол энэ удаа Бямбадорж ах оролцсон бөгөөд одоо Ариун Угаалд Бэлтгэх Сургалтанд сурч байна. Манай Католик Шашны хувьд итгэгч нарынхаа чөлөөт сонголтыг эрхэмлэн хүндэлдэг тул тодорхой хэмжээний мэдлэг олсны дараа өөрсдийн сүнслэг амьдралын талаар тунгаан, дахин бодох боломж өгдөг онцлогтой билээ. Тиймээс энэ бол өөрсдийн Католик Итгэл Бишрэлтэй хамт олны идэвхитэй оролцогч байхыг бүрэн дүүрэн хүсэж эрмэлзэж байгаа албан ёсны тунхаглал билээ. Энэхүү ёслол нь Наминчлалын улирлын эхний ням гаригаас баптизм хүлээн авах хүртэлх хугацаанд багтдаг бөгөөд ариун угаалд бэлтгэх сонголт гэж нэрлэдэг. Сонгох ёслолд оролцсон Бямбадаш ахдаа баяр хүргээд, массанд хүрэлцэн ирсэн бүх итгэгчиддээ сүмийн зүгээс талархаж байна.

2013/10/02

ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ЦЭЦЭРЛЭГ



Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс санаачлан яармаг хороололд хүүхдийн өдөр өнжүүлэх цэцэрлэг 9.19нөөс эхлэн нээн ажиллуулж байгаа билээ. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд зориулан адислах ёслолыг фр. Франциско удирдсан бөгөөд бусад мишинерүүд болон итгэгчид оролцсон байна. Одоогоор 10 хүүхэд 2 багштай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байгаа иргэдээ дэмжих зорилготой юм. Манай Монгол улсаас хүн амын өсөлтийг дэмжиж байгаатай холбогдуулан хүүхэд багачуудад зориулсан үйл ажиллагаа явуулахыг олон нийтэд уриалсан байгаа билээ. Аливаа улс орныг хүүхэддээ хандах хандлага, хүүхдэд зориулсан орчин болон тоглоомоор нь шинждэг гэдэг үг байдаг билээ. Үүнтэй холбогдуулан манай хүүхэд багачуудын боловсрол, хүмүүжил өсөн нэмэгдэж, нийгэм бүхэлдээ боловсролын уур амьсгалд ухамсартайгаар шилжиж байгаа нь хэн бүхний амьдралд харагдаж байна. Энэхүү өдөр өнжүүлэх цэцэрлэгт хамрагдаж буй арван хүүхдийн эцэг эхчүүд сэтгэл хангалуун ажил хөдөлмөр эрхлэн, амьдрал нь дээшлэх болсон тухайгаа илэрхийлж байлаа. Эдгээр гэр бүлүүдийн сайн сайхны төлөө үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх хүмүүст талархал илэрхийлж байна.   
  

2013/06/07

Бататгах Ариун Ёслол хүлээн авлаа

Манай Католик итгэгч нарын хувьд Бататгах Сакрамент бол их чухал баяртай мөч байдаг билээ.    Энэ жилийн хувьд "Христийн Бие ба Цусны Баярын өдөр буюу 6 сарын 2нд манай "Гэгээн Эх Мариа" сүмд 18 итгэгчид Бататгах ёслолд оролцсон юм.  Мисанд Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж ёслолыг удирдсан бөгөөд бүх итгэгч нартаа, ялангуяа  Бататгах ариун ёслолд оролцож буй итгэгч нарт "Христийн Бие ба Цусны баяр"ын бэлэг дэмбэрэлтэй өдөр ёслолд орж байгаад нь баяр хүргэсэн билээ. Тэрээр өнгөрсөн жил Израильд явж байхдаа Есүсийн 2 загас, 5 талх хүртээж байсан газар очсон тухайгаа хуваалцаж байхдаа: Есүс бидэнд сүнслэг амьдрал төдийгүй биеийн махбодид ч хэрэгцээт зүйлийг өгдөг. Энэ утгаараа Есүс бидэнд зөвхөн бие махбодийн бус амьдралын талхыг өгдөг болохыг хэлсэн билээ. Есүс ертөнцийн төгсгөл хүртэл бидэнтэй хамт байхыг амласан тул бид Мисанд санваартнаар дамжуулан Түүний бидэнд өгсөн амьдралыг байнга хүлээн авдаг юм. Есүс бидэнд "Би та нарт ямар их хайртай шиг /бие биенээ/ хөршөө хайрлаарай" гэж хэлсэн билээ. Миний хөрш бол миний нэг хэсэг бөгөөд би чиний дотор, чи миний дотор байдаг. Учир нь бид Тэнгэрбурханы төрхөөр бүтээгдсэн өөр өөр хүмүүс боловч итгэлээр нэг болдог хэмээн Хамба лам номлолоо айлдсан юм. Тэрээр Бататгах Сакрамент хүлээн авч буй итгэгч нарын төлөө хамтдаа залбирхыг хүсээд, ёслолыг удирдсан билээ. Энэхүү баярын өдөр хүрэлцэн ирж  Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авсан та бүхэндээ талархаж байна.