2013/09/30

БЯСАЛГАЛ



Сар бүрийн сүүлийн бүтэн сайнд манай “Гэгээн Эх Мариа” сүм дээр итгэгч нарт зориулан Бясалгал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа Эзэний Өдөр буюу 9 сарын 29нд Магтаал Талархлын мөргөлийн дараа 12 цагаас бясалгал зохион байгуулсан билээ. Бясалгалыг фр. Чарлиз удирдсан бөгөөд нэг цаг орчим үргэлжилсэн бөгөөд гуч гаруй хүн оролцож байв. Энэхүү бясалгалаар дамжуулан итгэгчид өөрсдийн сэтгэлээ нээж, Есүстэй чин сэтгэлээсээ  ярилцахаас гадна өөрсдийн хувийн амьдрал болон ойр дотно хүмүүс, гэр бүлийнхээ төлөө залбирах явдал байв. Мөн энэ үеэр хүн бүрийг наминчлалын ёслолд орохыг урисан юм. Хэдийгээр бид сүм дээр Есүстэй уулзахаар ирдэг хэдий ч олон шалтгааны улмаас анхаарал төвлөрөлгүй байх нь ч бий. Харин бясалгалд орсноор хүн бүр сэтгэлээ нээн Түүнтэй ярилцан, амар амгаланг хүлээн авч, баяр баяслыг олж авч байсан юм.
Тиймээс энэ өдөр итгэгчид маань тайвширлыг олохоос гадна наминчлалын ёслолд орж, бас хувийн залбиралаа өргөх гээд хүн бүрийн итгэлийн амьдралд маш үнэ цэнэтэй цаг байлаа. Та бүхнийг хүрэлцэн ирж идэвхитэй оролцлсонд талархаж байна.  

   

Баптизм Хүртэх Ёслол



9 сарын 22 ны Магтаал Талархлын Мөргөлөөр манай итгэгчид өөрсдийн бяцхан хүүхдүүдээ Баптизмийн ёслолд оруулсан баярын өдөр тохиосон билээ. Ёслолыг фр. Франциско болон фр.Эрнесто, фр.Маенг Са Юунг нар удирдаж байлаа. Энэхүү ёслолд зургаан хүүхэд оролцож Тэнгэрбурханы онцгой ивээл хишгийг хүлээн авсан юм. Манай Католик шашинд Ариун Угаал Хүртсэн хүнийг “гэрлийн хүү” болсон тул “гэгээрэл”-д хүрсэн хэмээн үздэг. Ялангуяа төрүүлсэн эцэг эх, загалмайлсан эцэг эхчүүд үүнд ихээхэн анхаарч тэднийг ариун амьдралаар амьдрахад нь туслан, гэрчлэгч болдог билээ. Манай итгэгч эцэг эхчүүд хүүхдүүдээ ариун болоод зөвт амьдралаар хүмүүжүүлж, сайн иргэн болон төлөвшихөд нь анхаарч энэхүү ёслолоор дамжуулан сайн эцэг эх байх ивээл хишгийг мөн адил хүлээн авдаг юм. Манай ирээдүй болсон хүүхдүүд маань ийм ариун, гэгээн замаар амьдарч аз жаргалтай гэр бүлийн гишүүн болж байгаад хүн бүр баяртай байдаг билээ. Энэ өдөр хүрэлцэн ирж итгэлийн амьдралдаа хувь нэмэр оруулсан бүх итгэгч нар болон Баптизм хүлээн авсан бяцхан үрс болоод тэдний гэр бүлийнхэнд “Гэгээн Эх Мариа” Сүмийн зүгээс талархаж байна.

“Фокулариа”-н Семинар



Манай сүмийн итгэгч нарт зориулан “Фокулариа” байгууллагын Солонгос ахан дүүс маань семинар зохион байгуулсан билээ. Энэхүү семинарт тэд монгол хэл дээр бэлтгэсэн дуугаа дуулсан бөгөөд итгэлийн амьдралаа хуваалцан, өөрсдийн хувийн амьдралаас гэрчлэл хийж бидний санаа бодлыг сонсож, асуусан асуултанд хариу өгч байлаа. “Фокулариа” бол энгийн итгэгч нарын байгууллага бөгөөд итгэл бишрэлийн хүчээр Тэнгэрбурханы үгийг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэх замаар сайн мэдээг дамжуулдаг билээ. Энэ удаагийн семинарт гэр бүлийн гурван хос хүрэлцэн ирж манай бүх паришийн ахан дүүс нарт сайн мэдээ хүргэсэн юм. Эдгээр хосууд өөрсдийн гэр бүлдээ Тэнгэрбурханыг хүлээн авснаар ямар их өөрчлөлт, баяр жаргалыг хүлээн авсан тухай ярьж байлаа. Мөн тэдний амьдралд Тэнгэрбурханы үг ямар холбоотой байдаг, Түүний үгийг хэрхэн баяртайгаар дагадаг талаар сонссон юм. Тэд энэ бүх итгэлийн амьдрал, баяр жаргалыг зөвхөн өөрсдөө бус гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцаж, аливаа саад бэрхшээлийг Тэнгэрбурханы хайр энэрлээр даван туулж байгааг сонсоод бид ч бас баяртай байлаа. Ялангуяа эхнэр нөхөр нэг сэтгэлээр Тэнгэрбурханы үгийг даган зөвт байдлаар амьдрахад ямар их хичээл зүтгэл, хөдөлмөр шингэж байж гэр бүлийн бүх гишүүдэд аз жаргалтай болох нь тэдний ярианаас ойлгогдож байлаа. Цаашлаад тэд зөвхөн өөрсдийн гэр бүл төдийгүй бусад гэр бүлийн хосуудад ч сайн дураар туслан сайн мэдээ хүргэснээр олон хүмүүсийн амьдралд баяр хөөрийг бэлэглэж байгаа юм. Энэ бүх баярт мэдээг бидэнтэй хуваалцсан бүх Фокуларичууд ялангуяа бидэнд өөрсдийн гэрчлэлээр сайн мэдээ хүргэсэн хосууддаа бүх итгэгчдийн өмнөөс талархал илэрхийлж байна.