2016/07/29

Энэ зуны сургалт семинаруудаас ...

 Нарлаг зуны өдрүүд ар араасаа хөвөрсөөр нэг мэдэхэд долоон сар дуусаж байна. Зуны саруудад сүмийн сүсэгтэн ахан дүүс маань ч гэр бүл найз нөхдийн хамт зугаалсаар.

Сүмийн зүгээс зохион байгуулсан хэд хэдэн семинар болон зуслангийн тухай товч танилцуулъя


      1.      Гэгээн Эх Мариа сүм буюу манай сүм 6 сарын 23-26ны хооронд Зуны Хайрын сургуулийн нэрэмжит хүүхэд залуучуудын зуны зусланг Төв аймагт зохион явууллаа. Энэхүү зусланд бид хүүхэд залуусынхаа хамт өөрсдийн итгэл бишрэл хийгээд эв нэгдлийг чухалчлан, хамтдаа дуу шүлэг болон эргэцүүлэл, залбирал, тоглоом гэх мэт  хөгжилтэй хөтөлбөрийн хамт байлаа.
 
2.       Католик Шашны багш нарын сургалт. Энэхүү сургалт семинар нь 7 сарын 1-3ны хооронд Хандгайт зусланд Монгол дахь католик Шашны нийт багш нарын төлөө Шашны хариуцлагатны багийн дор зохион байгуулагдаж өнгөрлөө. Энд бид Эгэл сүсэгтний үйлс гэсэн сэдвийн дор:
a.       Эгэл сүсэгтэн гэж хэн бэ, түүний үүрэг хариуцлага
b.      Шинэ гэрээн дэх эгэл сүсэгтнүүд
c.       Сүмийн үйлчлэл
d.      Монгол дахь католик Шашин
e.      Харилцаа ба заах арга барил
f.        Нийгэм дэх эгэл сүсэгтнүүд гэсэн сэдвүүдээр сургалт явагдав.
Монгол дахь католик шашны томоохон үүрэг хариуцлагыг үүрсэн багш нарын хамт хийсэн семинар маань Эзэний бидэнд өгсөн томилолтыг ахин сануулсан, сэргээн шинэчилсэн арга хэмжээ байсан юм.




3.       Монгол дахь католик Шашны залуучуудын хорооноос өсвөр үеийн залуучуудын төлөө 7 сарын 20-22нд нийт 100 орчим залуусын хамт зуны сургалт зусланг амжилттай зохион байгууллаа. Энд Монгол дахь бүх сүмүүдээс залуучууд маань цуглан уулзаж хамтдаа өөрийн Эзэнд талархал магтаалын залбирлыг өргөн Тэнгэрбурхантай тогтоох харилцаа ба дуудлагын тухай семинар сонссон юм. Хүүхэд залуус маань бие биентэйгээ танилцан нөхөрлөхийн зэрэгцээ авьяас чадвар, инээд хөөрөө хуваалцсан сайхан өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэн юм.


 
4.       Гэгээн Эх Мариа сүм болох манай сүмийн хайрын сургуулийн зүгээс үргэлжлүүлэн  7 сарын 23-24нд өсвөр насны охидынхоо төлөө “Охидын өдөр” өдөрлөгийг явууллаа. Энд манай сүмийн өсвөр насны охид хамрагдсан ба багш нарынхаа хамт өсвөр насны охидын төлөөх хуваалцал ба Би хэн бэ? нэртэй эргэцүүлэл хичээлийг хүлээн авсан юм. Найз нөхөрлөл, үерхэл хайр ба ирээдүйн мэргэжил гэх мэт олон олон зүйлийг багцлан агуулсан богинохон авч хэрэгтэй цагуудыг хамтдаа өнгөрүүлсэн юм.


Энэ бүх үйл ажиллагааг Монгол дахь католик Шашны хороо ба багуудаас мөн манай сүмээс нийт итгэгч ахан дүүсийнхээ төлөө зохион байгуулсан бөгөөд хурэлцэн ирж оролцсон багш, хүүхэд залуучууддаа талархсанаа илэрхийлэхийн хамт биднийг идэвхтэйгээр дэмжин оролцуулсан сүмийнхээ ахлах санваартан Франциско Хо болон туслах санваартан Томас Ру нартаа талархсанаа илэрхийлье. 

Удахгүй ахин хөгжилтэй, дурсамж дүүрэн мөн илүү хөгжин дэвших олон арга хэмжээ та биднийг хүлээж байгаа шүү.