Showing posts with label Ирэлтийн цаг улирал. Show all posts
Showing posts with label Ирэлтийн цаг улирал. Show all posts

2016/12/23

"Цагаан үдэш" итгэлийн хуваалцлын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.


Итгэл бишрэл нэгт ахан дүүс ах эгч нарынхаа хамт нэгэн үдшийг өнгөрүүллээ. 
Монгол дахь католик Шашны багш нарын зуны сургалт семинарын үеэр томилолт болгон хүлээн авсан уг арга хэмжээ нь гэр бүлтэй залуус хийгээд ахмад үеийнхнийхээ төлөөх үйл ажиллагаа байсан юм. 
Монголчууд бид эрхэмлэн дээдэлдэг бүхнээ цагаан ариун зүйлтэй зүйрлэн хүндэлдэг тул энэ үдэш цагаан хайр, цагаан хүсэл, цагаан мөрөөдөл, цагаан итгэл зэрэг сэдвийн хүрээнд өөрийн нандин дурсамж, гэгээн хүсэл мөрөөдлийн тухай онцгойлон ярилцсан хүндлэлийн үдэш болсон билээ. 
Хүүхэд залуусынхаа үлгэр дуурайл болдог ах эгч нар маань итгэл бишрэлээ хуваалцан хамтдаа талархал, хөөр баярыг шингээсэн өөрийн түүхээ хуваалцан гэрчлэл хийж, хөгжөөнт тоглоом таавар, магтан дуу бүжигтэй дурсамжит "Цагаан үдэш"ийг тэмдэглэн өнгөрүүллээ. 
Уг үйл ажиллагааг 6 сард нэг удаа зохион байгуулахаар шийдсэн ба Цагаан үдэш үйл ажиллагааны таксыг нийгмийн ажилд зориулахаар сүмдээ өргөн барьсан юм. 


2016.12.23

2015/12/22

Үйлчлэл, Уучлал, Талархал, Гэмшил

Ирэлтийн цаг улирлаар Хайрын сургуулийн хүүхдүүд маань "Үйлчлэл, Уучлал, Талархал, Гэмшил" хэмээх дөрвөн долоо хоногийг тэмдэглэн өнгөрөөлөө. 
Эхний долоо хоног болох "Үйлчлэл"-ийн долоо хоногоор бид сайн үйлсийг хийн өргөл болгон өргөсөн бол хоёр дахь "Уучлал" долоо хоногт уучлахад бэрх хэн нэгнийг уучлан, гурав дахь "Талархал" долоо хоногт бусдад баярлан талархсанаа илэрхийлсэн юм. Харин сүүлийн долоо хоногт хамгийн чухал сэтгэлийн бэлтгэл болох гэмшилд өөрсдийгөө дуудан, сайн хүүхэд болно гэсэн амлалтыг Тэнгэрбурхандаа өргөцгөөсөн юм. Дөрвөн долоо хоногт цаг улирал ч хэмээгддэг энэ Ирэлтийн цаг улиралд Хайрын сургуулийн хүүхдүүд дээрх дөрвөн сэдвийн дор хамтран Бяцхан Аврагчаа хүлээн авахад бэлдсэн билээ. 












Нийгмийн ажил үргэлжилсээр...


Ирэлтийн цаг улирлын сайн үйлс маань Төв аймгийн Зуун модонд хүртэл үргэлжилж байна. 

Манай нийгмийн ажлаас амжиргааны түвшин доогуур болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалж буй энэ үйл ажиллагаа маань зөвхөн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг төдийгүй Төв аймаг хүртэл хамран явагдаж байна. Энд одоогоор тус аймгийн нийт 6 багийн 14 айл хамрагдсан байна. 

Халуун хоол, эд зүйлсээс илүүтэйгээр өвлийн хүйтэн цагт гэртээ дулаан байхад тусалж байгаад их баяртай буйгаа олон хүн илэрхийлж байсан юм. Бидний Тэнгэрбурханы энэрэл нигүүлсэл ба хайрын хуваалцал илүү олон хүнд хүрч зөвхөн гэр орон төдийгүй сэтгэлийг дулаацуулах болтугай гэж хүсье. 


 Зураг: Нийгмийн ажилтан Отгонгэрэл Лүчиа, 
төв аймаг дахь сүсэгтнүүдийн төлөөлөгч Бямбацэдэн Иосеф нар иргэдийн хамт


2015/12/17

Назараас Бетлехем рүү "Мариа ба Иосефийн хамтаар"

"Ариун Гэр бүлийн айлчлал"


Бидний Аврагч Эзэн Есүсийн мэндэлсэн баярын өдрийг угтахаар бэлтгэж буй бид Ирэлтийн энэ цаг улиралд Назар хотоос Бетлехем хотыг зорин яваа залуу хос "Мариа ба Иосеф"-тэй уулзаж болох юм.







"Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу, жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бас бүртгүүлэхээр хамт явав."  
Лук 2,4-5










Ивээгдсэн Эмэгтэй ба түүний нөхрийн энэ аян замд хоноглох газар хэрэгтэй байсныг дурсаж бид гэртээ "Мариа ба Иосеф"-ийг урин, тэднээс үлгэр дууриал аван баяр хөөрийг хуваалцдаг юм. Энэхүү "Ариун гэр бүлийн айлчлал" нь 2001 оноос эхлэн 5 дахь жилдээ зохион явагдаж байгаа бөгөөд монгол дахь католик Шашин хийгээд монгол католик гэр бүлүүдийн хувьд утга учиртай өдрүүд билээ.

Зураг: "Ариун Гэр бүлийн айлчлал"ыг харуулсан ханын самбар, 
Гэгээн Эх Мариа Католик сүм, 2015.12.17

Аян замд нь Мариа ба Иосеф-д буудаллах газар ба тусламж хэрэгтэй байсныг дурсан энэ үеэр биднээс тусламж гуйн хандах хэн нэгэнд харамгүйгээр туслах нь Бяцхан Есүсийг хамтдаа хүлээж буй бидний бэлтгэлийн нэгээхэн хэсэг юм.  

Христийн мэндэлсэн баярын өдрийг угтахын өмнө Мариа ба Иосефтэй уулзан, аян замд хамтран явж, сэтгэл зүрхээ бэлтгэх нь энэхүү айлчлалын зорилго юм. 

Эзэний тааллын дагуу амьдарсан Ариун гэр бүл нь бидэнд гэр бүлийн амьдралын бахархал ба үлгэрлэлийг харуулдаг. Тиймээс бид өөрсдийн гэр бүлдээ Эзэн Тэнгэрбурханы ивээлийг хүсэн гэр бүлийн гишүүдийн эв нэгдэл, эрүүл мэнд, сайн сайхны төлөө хамтран залбирдаг.




Зураг: Ариун гэр бүлийн айлчлалын үеэр.
Гэгээн Эх Мариа сүмийн ахлах санваартан Франциско Хо, 
туслах санваартан Томас Ру, итгэгчдийн гэр бүлийн хамт