Showing posts with label Тэмдэглэлт өдөр. Show all posts
Showing posts with label Тэмдэглэлт өдөр. Show all posts

2017/05/31

Мариа Эхийн шөнө

Гэгээн Эх Мариагийн сарын хамгийн сүүлийн өдөр. Мариагийн шөнө. Энэ үдэш бид Тэнгэрбурханы Эх Мариа Елизабетийн гэрт очсон айлчлалыг тунгаан Магнификат буюу Магтагтун хэмээх Мариагийн дууг сонсдог. 

Сүмийн бүхий л бүлгэм цуглан Гэгээн Эхийн хамт сарнайн эрихний залбирал үйлдэн, сүсэгтэн ахан дүүсийнхээ Мариа Эхэд зориулан бэлдсэн урлагийн үзүүлбэрүүдийг үзэн сонирхлоо.






2017/05/20

Багш нарын өдөрлөг

Монгол дахь католик Шашны сургалтын багш нарын нэгдсэн өдөрлөг Монгол дахь католик шашны 25 жилийн ойн хүрээнд 5 сарын 20ны өдөр Петр Паул Гэгээнтнүүдийн катедрал дээр зохион байгуулагдлаа. Уг үйл ажиллагаанд  өмнө болон одоо багшилж байгаа нийт 60 гаруй багш оролцсоноос Гэгээн Эх Мариа сүмээс 22 багш оролцсон юм.

Католик Шашны сургалтын багш гэсэн сайн мэдээний нэгэн дуудлагын дор цуглан сүсэгтэн ахан дүү нартаа сүсэг бишрэлийн тухай заадаг бид өнгөрсөн үеийн туршлага ба өнөөгийн байдлын тухай, ирээдүйд шийдэх асуудлыг ярилцан нэгэн өдрийн хамтдаа өнгөрүүллээ.





2016/12/24

Христийн мэндэлсэн их баярын өдрийг ёслон тэмдэглэлээ.

Амар тайван болон хайрыг авчрагч дэлхийн гэрэл болсон Есүсийг хүлээн авахын утгыг агуулсан цаг улирлын хамгийн том баяр Христийн мэндэлсэн баярын өдрийг ёслон тэмдэглэлээ. 


Хамгийн энгийн эгэл даруу Түүний мэндлэлт нь бидний итгэл бишрэлийг ахин сэргээх шинэчлэлийг авчирдаг билээ. Тиймээс энэхүү баярын өдөр Тэнгэрбурханы авралын дуудлаганд итгэл бишрэлээр хариулахаар шинэ сүсэгтнүүд мэндлэн гарсан юм. 


Итгэл бишрэлийн гэр бүлд нэгдэн ордог ариун угаал үндсэн ёслолыг хүлээн авсан шинэхэн итгэгч залуус өөрсдийн хүлээн авсан баптизмыг шинэ амьдралын эхлэл болгон хариуцлагатайгаар баяртайгаар батлан амьдрах тухайгаа гэрчлэн амласан юм. 


Мөн Мэндэлсэн баярын мөргөлийн үеэр сүсэгтэн гэр бүлийн эцэг эхийн зөвшөөрлөөр бяцхан сүсэгтнүүд маань ариун угаал үндсэн ёслолыг хүртсэн юм. Тэдний ирээдүйн амьдралд Аврагч Эзэний гэрэл, хайр хамт оршин нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байгаасай хэмээн эцэг эх загалмайлсан гэр бүл нь хүсэн ерөөлөө. 

Бидний дунд оршин байдаг Аврагчийнхаа мэндэлсэн их баяраар сүсэгтэн бүрд, тэдний гэр бүлд бяцхан Христ мэндэлсэн ба тэрхүү Христийн амар тайван, энэрэл хайр дүүрэн хүртэхийн төлөө Түүнд хүндэтгэн мөргөдөг билээ. 

2016/12/23

"Цагаан үдэш" итгэлийн хуваалцлын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.


Итгэл бишрэл нэгт ахан дүүс ах эгч нарынхаа хамт нэгэн үдшийг өнгөрүүллээ. 
Монгол дахь католик Шашны багш нарын зуны сургалт семинарын үеэр томилолт болгон хүлээн авсан уг арга хэмжээ нь гэр бүлтэй залуус хийгээд ахмад үеийнхнийхээ төлөөх үйл ажиллагаа байсан юм. 
Монголчууд бид эрхэмлэн дээдэлдэг бүхнээ цагаан ариун зүйлтэй зүйрлэн хүндэлдэг тул энэ үдэш цагаан хайр, цагаан хүсэл, цагаан мөрөөдөл, цагаан итгэл зэрэг сэдвийн хүрээнд өөрийн нандин дурсамж, гэгээн хүсэл мөрөөдлийн тухай онцгойлон ярилцсан хүндлэлийн үдэш болсон билээ. 
Хүүхэд залуусынхаа үлгэр дуурайл болдог ах эгч нар маань итгэл бишрэлээ хуваалцан хамтдаа талархал, хөөр баярыг шингээсэн өөрийн түүхээ хуваалцан гэрчлэл хийж, хөгжөөнт тоглоом таавар, магтан дуу бүжигтэй дурсамжит "Цагаан үдэш"ийг тэмдэглэн өнгөрүүллээ. 
Уг үйл ажиллагааг 6 сард нэг удаа зохион байгуулахаар шийдсэн ба Цагаан үдэш үйл ажиллагааны таксыг нийгмийн ажилд зориулахаар сүмдээ өргөн барьсан юм. 


2016.12.23

2015/04/04

Ариун Баасан гариг


Ариун долоо хоногийн Баасан гариг нь 4.3нд тохиосон бөгөөд энэ өдөр бол Миса болон бусад ёслол тэмдэглэдэггүй билээ. Учир нь Христ зовж тарчлан, загалмайд цовдлогдож нас барсан өдөр юм. Тиймээс энэ өдрийг ихэд хүндэтгэн "Загалмайн Зам" залбирал, Үгийн тунхаглал, Христэд хүндэтгэл үзүүлдэг. Энэхүү үйл ажиллагаанд фр.Пиер хүрэлцэн ирсэн бөгөөд ахлах лам фр.Франциско ба фр.Томас нар удирдан явуулсан билээ. Энэ удаагийн Загалмайн 14 зогсоол залбирлыг залуучууд бэлтгэсэн нь хүмүүсийн сэтгэлд нийцсэн өвөрмөц болсон байлаа. Тэд бүх зогсоолыг өөрсдийн биеэр хийж, хүн бүрт харагдахуйц, ойлгомжтой байдлаар үзүүлж чадсан юм. Мөн үгийн тунхаглалаар Түүний
хэрхэн зовж шаналан, нас барсныг  сонссож, Тэнгэрбурханы хайр энэрэл ямар агуу, үнэ цэнэтэй болохыг ойлгож, өөрсдийн гэм нүглээ гэмшин ухаарах боломж өгсөн билээ. Ингэснээр бүгд Есүс Христийг ихэд хайрлан, гэмшин харамсаж, Түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ бүх үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон бүх бүлгэмийн итгэгч ахан дүүс нартаа талархаж байна. Мөн сүмийн арга хэмжээнд идэвхитэй оролцож, үйлчилсэн бүх итгэгч нартаа байрлаж байна.           

2014/10/21

Баярын Миса


10 сарын 19ны өдөр бол Дэлхийн Сайн Мэдээ дэлгэрүүлэх ням гариг билээ. Энэ өдөр дэлхий даяар манай Католик Шашны итгэгч нар өөр хоорондоо итгэл бишрэлээ хуваалцахын хамт энэхүү сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын төлөө хамтдаа нэг сэтгэлээр залбирч, тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Манай "Гэгээн Мариа Сүм"-н баярын мисаг паришийн ахлах лам фр.Франциско Хо удирдан явуулсан бөгөөд манай итгэгч нарын хүүхдүүдэд Ариун Угаал хүртээх ёслолыг гүйцэтгэж, баяр дээр давхар баяр нэмсэн билээ. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй баярын өдөр Баптизм хүлээн авсан бяцхан хүүхдүүддээ хүрэлцэн ирсэн бүх хүмүүс  баяр хүргэн, тэдний төлөө хамтдаа залбирч байлаа.

Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла бүх паришийн итгэгч нартаа хандаж Дэлхийн Сайн Мэдээ дэлгэрүүлэх ням гаригийн баярын мэнд хүргээд, Сайн Мэдээ Дэлгэрүүлэх ажил болон мишинерүүдийн төлөө залбирхыг энэ өдөр уриалсан юм. Монгол  улсад анх мишинерүүд үйл ажиллагаа эрхэлээд 20 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд сүмийн байгууллага, өндөр настанд зориулсан халамжийн төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, сувилал гээд олон талаар ажилласаар ирсэн билээ.
Ариун Эцэг, Пап лам Францис Дэлхийн Сайн Мэдээ дэлгэрүүлэх ням гаригт зориулан дэлхийн бүх итгэгчдэд хандаж: "Тэнгэрлэг Эзэний шавь нар түүний оршихуй болоод тааллыг танин мэдэх үедээ, бусдад өөрсдийн итгэл найдвар болон  буяны үйлсийг  түүний тааллын дагуу баяр хөөртэйгөөр хуваалцахын тулд шаргуу зүтгэдэг билээ." хэмээн бичиж итгээсэн захиаг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. 
Ариун Угаал хүртсэн хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн, бүх мишинерүүддээ баяр хүргэж байна. Мөн Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгчид ба мисаг бэлтгэхэд хариуцсан Комбинат бүлгэмийн ахан дүүстээ талархаж байна.
  

2014/07/16

Бэсрэг наадам

Манай Тулгар төр байгуулагдсны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Их баяр наадмыг угтан "Гэгээн Мариа Сүм" дээр гурав дахь жилдээ "Бэсрэг наадам" зохион байгуулж байгаа билээ. Энэ жилийн хувьд Хээрийн Мисаг давхацуулан бэсрэг наадмаа хотоос зайдуу сайхан газар хийснээр онцлогтой байлаа. Эхлээд "Хээрийн Миса"хамтдаа  өргөн, дараа нь наадмын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд нисэх бүлгэм, яармаг бүлгэм, зуун мод бүлгэм болон комбинат бүлгэм гээд нийт 150 орчим итгэгч нар хүрэлцэн ирсэн байв. Наадамд бөхийн барилдаан, шагай харваа, дэмбээ болон морь уралдаан (шоо шидэж уралдах) гэсэн төрлөөр итгэгч нар уралдан хурд хүчээ сорьж аваргаа тодруулжээ. Үүнд бөхийн барилдаанд Зуун мод бүлгэмийн Энхтөр түрүүлж, моринд Төгсөө Анастасиа  /нисэх / түрүүлж, Цэенноров Моника /комбинат/ удаалсан бол шагай харваанд Болдэрдэнэ /Зуун мод/ түрүүлэн Халиунаа Мариа /Яармаг/ удаалж, дэмбээгээр Отгонбаяр /Зуун мод/ түрүүлэн Бямбадаш Петр удаалан тус тус шагнал хүртсэн юм. Үүнээс гадна хүүхэд багачууддаа зориулсан наадам болон тоглоом зохион байгуулсан бөгөөд залуучууд өөрсдийн бэлтгэсэн ардын бүжиг үзүүлж наадамчин олноо баярлуулсан билээ. Мөн сүмээс наадамчин олондоо зориулан хуушуур болон сүүтэй цай, бас айраг, ааруул зэргийг бэлтгэсэн бөгөөд наадмын үйл ажиллагааг зохион байгуулах бүлэг удирдан явуулж байв. Энэ бүх үйл ажиллагаанд оролцсон бүх итгэгч нартаа талархаж буйгаа илэрхийлж байна. 

2014/04/18

Ариун Пүрэв Гариг




                                                        Манай Католик Шашинд Ариун долоо хоногийн Пүрэв гаригт "Сүүлчийн Зоог" буюу анхны Магтаал Талархлын Мөргөлийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр манай "Гэгээн Мариа Сүм" дээр хөл угаах ёслол, сүүлчийн зоогийн ёслол болон мисаны дараа "Гетсеманы Цэцэрлэг" дэх залбирал үргэлжилсэн билээ. Мисаг Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла болон фр. Франциско удирдсан бөгөөд Хамба лам итгэгчдээс сонгосон арван хоёр хүний хөлийг угаасан юм. Тэрээр хэлэхдээ Есүс Христ энэхүү ёслолоор дамжуулан бид бүхнийг бие биедээ даруухнаар, энэрэл хайраар үйлчилхийг зааж өгдөг билээ. Ингэснээр гэм нүгэлт хүн бүрийг угааж, шинэ амьдралд бэлтгэж байгаа тул энэхүү ёслолын үеэр хүрэлцэн ирсэн бүх хүмүүс ч бас зүрх сэтгэлээрээ Тэнгэрбурханаас өөрийн хөлийг угааж өгнө үү хэмээн залбираарай гэж хэлсэн юм. Ийнхүү өөрийн гэм нүглээ ухаарсан бусад хүмүүс ч бас хөлөө угаалгаж, гэм нүглээс ангижрах болсон нь гайхалтай байлаа. Хамба лам номлолдоо: хүн нэг бүр хүрэлцэн ирээд Тэнгэрбурхантай холбогдох нь Мисаны утга учир юм. Үүнд аль сүмийн ямар санваартан байх, надад таалагдаж байгаа эсэх нь ялгаагүй бөгөөд хамгийн гол нь та Тэнгэрбурхантай холбогдох нь чухал юм. Ингэснээр бусад ахан дүүстэйгээ энэрэл хайраар холбогдож тэдний төлөө залбирснаар илүү сайн харилцаа тогтдог. Мөн санваартнууд ба сүмийн төлөө үргэлж залбирснаар Мисаны ариун нандин мөн чанар бидний дунд оршиж байх болно. Бид хэдийгээр өөр хүмүүс боловч Мисагаар дамжуулан Тэнгэрбурхантай нэгдсэнээр нэгэн бие болж нэгддэг юм. Ийнхүү Хамба лам айлдалдаа олон зүйлийг зааж сурган, бүгд хамтдаа "Сүүлчийн Зоог" ёслолыг тэмдэглэсэн билээ. Мисаны дараа бүлгэм бүр ээлжээр залбирлын өрөөнд "Гетсеманы Цэцэрлэг"-т Христийг дурсан хамтдаа залбирч байлаа. Ариун Пүрэв гаргийн Мисанд хүрэлцэн ирж хамтдаа итгэл бишрэлээ хуваалцсан бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлж байна. 

"Ариун Нандин Түрхлэг" адислах ёслол

"Ариун Нандин Түрхлэг Адислах Ёслол" бол Католик Шашны хувьд чухал тэмдэглэлт үйл явдлуудын нэг юм. Тиймээс жил бүр манай бүх паришийн итгэгч нар болон мишинерүүд "Гэгээн Петр ба Паул" катедралд цуглан хамтдаа Мисаг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тиймээс Ариун Долоо Хоногийн мягмар гариг буюу 4.15ны өдөр Сахил санваарын ёслол, Өвчтөний түрхлэг, Бататгах ёслолд зориулсан Ариун тосыг адисласан бөгөөд бас энэ үеэр санваартнууд маань тангарга өргөх ёслолд орцгоосон юм. Мисанд Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж ёслолыг удирдаж, бусад санваартнууд болон итгэгчид хүрэлцэн ирсэн байлаа.  Хамба лам Венсэслао Падилла цугласан бүх хүмүүст мэнд хүргээд, ялангуяа хол Дарханаас ирсэн итгэгчиддээ талархаж буйгаа илэрхийлсэн билээ. Тэрээр Наминчлалын улирал бол бидний амьдралд Тэнгэрбурханаас өгөгдсөн хайр ивээл бөгөөд бидний гэм нүглийн өмнөөс зовж шаналж, амилсан Христээр дамжуулан бид шинэ амьдралыг хүлээн авдаг юм. Тиймээс энэхүү Ариун долоо хоногт идэвхитэй оролцон Амилалтын баяраа угтахыг хүсэж байна. 
Есүс Христ бол Тэнгэрбурханаар тослогдсон онцгой нэгэн бөгөөд аливаа санваартны бүлгэмийн тэргүүн ч юмуу хэн ч түүнтэй зэрэгцэж чадахгүй. Харин санваартнууд түүгээр дамжуулан тослогддог бөгөөд ингэснээр түүний ариун нандин мөн чанар, Сайн Мэдээг хүргэдэг билээ. Мэдээж санваартан ч бас бусдын адил хүн учраас сул дорой, алдаа дутагдал байдаг тул бидний төлөө залбирч, өршөөхийг хүсэж байна. Хүн бүр алдаа дутагдлаа гэмшин, шинэ амьдралд орохын төлөө залбирч, сүмд болж буй үйл ажиллагаа болон бусад ёслолд оролцон бясалгах хэрэгтэй. Эдгээр онцгой цаг мөч бид бүхэнд зориулагдсан тул зөвхөн гаднаас ажиглах бус өөрсдийн биеэр амьдралдаа оруулаарай. Инэгснээр Христийн амилалтаар хүн бүр дотроосоо гэрэлтэж, бас бусдыг гэрэлтүүлээрэй. Ийнхүү Хамба лам Венсэслао Падилла бидэнд их зүйлийг ойлгуулж өгөн, маш дэлгэрэнгүй тайлбарлан Сайн мэдээ хүргэж байгаад талархаж байна.    

2014/03/26

ТАНГАРГА ӨРГӨХ ЁСЛОЛ

Манай “Гэгээн Мариа Сүм”ийн “Лежио Мариа” буюу “Мариагийн Цэрэг” залбирлын бүлгэмийг та бүхэн сайн мэдэх билээ. “Лежио Мариа” бүлгэмийн гишүүд жил бүр тангарга өргөх ёслолоор гишүүний үүрэг хариуцлагаа улам бүр ухамсарлан, өөрсдийн шинэ гишүүдээ хүлээн авдаг баярын өдөр билээ.  Ёслолыг фр.Франциско удирдан явуулж Монгол ба Солонгос ахан дүүс маань оролцсон юм. Ёслолын үйл ажиллагаа нь 1. өөрсдийн бүлгэмийн гишүүний үүрэг хариуцлага болон итгэл бишрэлийн талаар ярилцаж, 2.Мариа Эхийн хамт “Сарнайн Эрхин Залбирал” залбираад, 3. Тангарга өргөх ёслол гэсэн үе шаттай болсон бөгөөд мисагаар өндөрлөсөн билээ. Энэхүү бүлгэмийн гишүүд маань хэдийгээр ажил төрөл, ар гэртээ анхаарал тавьдаг хэдий ч яг л цэрэг шиг залбирал хэрэгтэй үед үргэлж бэлэн байдаг. Тэд өөрсдийн сайн дурын үндсэн дээр Тэнгэрбурханы энэрэл хайрын сайн мэдээг бусдад хүргэхийн тулд Зуучлагч, Залбирлын Хатан буюу Мариа Эхийн тусламжтайгаар биелүүлдэг билээ. Ингэснээр тэд өөрсдийн сүнслэг амьдралаа бусадтай хуваалцаж, маш их тэвчээр болон золиослолын дүнд тэнгэрлэг баяр хөөрийг хүлээн авч Тэнгэрбурханы сайн мэдээний гэрчлэгч болдог. Лежио Мариа бүлгэмийн гишүүддээ сүмийн бүх гишүүдийн зүгээс баяр хүргээд бидэнд урам зориг өгч байгаад талархаж байна.    

2013/10/14

“Ариун Сарнайн Эрх”-н сар



Манай Католик шашны хувьд 10 сарыг “Ариун Сарнайн Эрхин” сар хэмээн нэрлэдэг бөгөөд энэ онцгой мөчийг Мариа эхийн хамт залбиран өнгөрөөдөг юм. Энэ бол Тэнгэрбурханы хайраа илэрхийлж буй хишиг ивээл тул талархан хүлээн авч бусадтайгаа хуваалцах мөч болдог билээ. Тиймээс Мариа Эхийн хамт ойр дотны хүмүүс болон найз нөхөд гээд бусад залбирал хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө залбирхаар сүмд ирдэг. Мөн сүмд ирэх боломжгүй байгаа хүмүүсийн хувьд хаана ч байсан итгэл бишрэлээр Мариа Эхтэй хамт байж, Сарнайн Эрхин залбирлаар залбирах боломжтой байдаг билээ. Бас олон хүмүүс хамт олон, найз нөхөд ба гэр бүлээрээ хамтдаа залбирах дуртай байдаг. Бид өдөр тутмын амьдрал болон залбирлаар Тэнгэрбурханд хариу өгдөг. Харин Мариа эхийн бидэнд заасан Сарнайн Эрхин залбирал бол тэрхүү хичээл зүтгэлийн хариуд шагнал болгон өгч буй Тэнгэрбурханы хишиг ивээл юм. Та бүхнийг “Ариун Сарнайн Эрхин” залбирлын сард урьж байна.

2012/11/23

Энгийн итгэгч нарын өдөр



Манай Католик шашны хувьд 11 сарын 18-д "Энгийн итгэгч нарын өдөр"-г тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. "Гэгээн Эх Мариа" сүмд баптизм хүртсэн итгэгчдээ төлөөлөн Нямсүрэн Терэза эгч маань өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.   
Ёс журамт гишүүд буюу чуулганаас зөвшөөрөгдөж сахил хүртсэн, паришийн гишүүдээс бусад бүх Хрисчин хүмүүсийг энгийн итгэгч хэмээн ойлгож болно. Өөрөөр хэлбэл усан баталгаа/баптизмаар Христтэй нэг бие болж Хрисчин нэгдлийн гишүүн болсноор, тахилч ба зөнч мөн хааны албанд өөрөө бие даан оролцож буй хүмүүс болсноороо Христчин нэгдлийн бүхий л бүтээн байгуулалт дундаас өөрийн хувь нэмрийг чуулган ба дэлхий дахинд хэрэгжүүлж буй Хрисчин хүмүүсийг хэлнэ.
Энгийн итгэгчдийн үүрэг нь өөрийн дуудлагын дагуу өнөөгийн нийгэмд ажил хөдөлмөр эрхлэн Тэнгэрбурханы хаанчлал өөд эрмэлзэн тэмүүлэх явдал юм. Энгийн итгэгчид нь нийтэд уламжлал болсон дэлхийн бүх үүрэг хариуцлагатай ажил хөдөлмөр дунд тус тусдаа, зөвхөн өөрсдийн амьдралтай хэлхэгдсэн гэж үзсэн нийгмийн нөхцөл байдал дотор өдөр тутмын гэр бүлийн амьдралаар амьдарч явна. Үүгээр Тэнгэрбурханы дуудлагыг хүлээн авч өөрийн гэсэн өнгө төрх бүхий үүргээ гүйцэтгэн, айлдлын оюун санааг хэрэгжүүлэн, дэлхийн хөгжил цэцэглэлтэд гичийн үр мэт дотроосоо хувь нэмрээ оруулж, мөн ингэснээр юу юунаас илүү өөрийн амьдралын баталгаа болж, итгэл ба хүсэл мөн хайраар гэрлийг олж нээн Христийг бусад хүмүүст тодорхой үзүүлж өгдөг. Тиймээс энгийн итгэгчдийн онцгойлон хийх ёстой зүйл бол өнөөгийн нийгэмд өөрсөдтэйгөө дотно хамааралтай бүх эд зүйлсийг гэрэлтүүлэн хөтөлж, ингэснээр бүх ажил хэрэг үргэлж Христийн тааллаар биелэн хөгжисний дүнд алдаршуулал нь Бүтээгч Эзэн ба Аврагч Эзэнд байх юм.

Христийн тааллаар зарим нэг нь бусдын төлөө Категизмийн багш юмуу эвхарист нэгдлийг удирдагч буюу хоньчин (дагуулагч) болсон боловч Христийн биеэр биелэж буй олны мэдэх сүр жавхлант үйл явдлаас бүх итгэгч үнэхээр бүгд адил тэгш болдог. Тэнгэрбурхан шашны ариун ажилтан ба үлдсэнийг нь Тэнгэрбурханы хүмүүс хэмээн ялгасан боловч тэрхүү зааг нь тухайн үедээ эв нэгдлийг авч ирдэг. Хоньчид болон бусад итгэгчид нийтлэг зайлшгүй харилцаагаар хоорондоо зангилагддаг учиртай. Чуулганы хоньчид нь Эзэний үлгэр жишээг дагаад өөр хоорондоо болон бусад итгэгчдэд сайн дураараа үйлчлэх ёстой бол итгэгчид ч бас хоньчид /дагуулагч/ болон /категист/сурган хүмүүжүүлэгчидтэй  баяртайгаар харилцан холбоотой байх хэрэгтэй. Энэхүү олон шинж чанараас, бүх зүйлс Христийн биеэр биелэгдэж буй гайхамшигт нэгдлийн тухай баталгааг харуулж өгч байна. Бодит байдалд хишиг ивээл бүхий сайн дурын үйлчилгээ болоод үйл ажиллагааны олон шинж чанар нь өөрөө Тэнгэрбурханы хүүхдүүдийг нэг болгон цуглуулдаг билээ.   
    

2012/10/23

Сайн мэдээг түгээх Эзэний өдөр



Марк 16:15  “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун”.
Манай Католик шашны хувьд 10 сарын 21 бол сайн мэдээг түгээх баярын өдөр буюу мишинерүүдийн өдөр юм. Тэнгэрбурхан хүн нэг бүрийг хайрлан, гайхамшигт хайраа зориулж Тэнгэрбурханы хаанчлалдаа урисан билээ. Тиймээс ч мишинерүүд баяртайгаар энэхүү амьдралыг сонгоод Тэнгэрбурхантай хамт байхдаа ажил үйлс, залбирал, амьдралаараа орчин тойрноо гэрэлтүүлэн, хөрслөг газар унасан гичийн үр мэт сайн мэдээг үржин дэлгэрүүлж байдаг юм. Ялангуяа манай Монгол дахь Католик шашны мишинерүүд өөрийн гэр бүл, эх нутгаа орхин Тэнгэрбурханы сайн мэдээг хүргэхэд өөрсдийгөө зориулан бидний итгэлийн амьдралд үгээр хэлшгүй хувь нэмэр оруулж байгаад талархаж байдаг билээ. Сайн мэдээг дэлгэрүүлэх энэ өдөр “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчид маань бүх мишинерүүдийн төлөө хамтдаа залбирч байлаа.