2014/04/18

"Ариун Нандин Түрхлэг" адислах ёслол

"Ариун Нандин Түрхлэг Адислах Ёслол" бол Католик Шашны хувьд чухал тэмдэглэлт үйл явдлуудын нэг юм. Тиймээс жил бүр манай бүх паришийн итгэгч нар болон мишинерүүд "Гэгээн Петр ба Паул" катедралд цуглан хамтдаа Мисаг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тиймээс Ариун Долоо Хоногийн мягмар гариг буюу 4.15ны өдөр Сахил санваарын ёслол, Өвчтөний түрхлэг, Бататгах ёслолд зориулсан Ариун тосыг адисласан бөгөөд бас энэ үеэр санваартнууд маань тангарга өргөх ёслолд орцгоосон юм. Мисанд Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж ёслолыг удирдаж, бусад санваартнууд болон итгэгчид хүрэлцэн ирсэн байлаа.  Хамба лам Венсэслао Падилла цугласан бүх хүмүүст мэнд хүргээд, ялангуяа хол Дарханаас ирсэн итгэгчиддээ талархаж буйгаа илэрхийлсэн билээ. Тэрээр Наминчлалын улирал бол бидний амьдралд Тэнгэрбурханаас өгөгдсөн хайр ивээл бөгөөд бидний гэм нүглийн өмнөөс зовж шаналж, амилсан Христээр дамжуулан бид шинэ амьдралыг хүлээн авдаг юм. Тиймээс энэхүү Ариун долоо хоногт идэвхитэй оролцон Амилалтын баяраа угтахыг хүсэж байна. 
Есүс Христ бол Тэнгэрбурханаар тослогдсон онцгой нэгэн бөгөөд аливаа санваартны бүлгэмийн тэргүүн ч юмуу хэн ч түүнтэй зэрэгцэж чадахгүй. Харин санваартнууд түүгээр дамжуулан тослогддог бөгөөд ингэснээр түүний ариун нандин мөн чанар, Сайн Мэдээг хүргэдэг билээ. Мэдээж санваартан ч бас бусдын адил хүн учраас сул дорой, алдаа дутагдал байдаг тул бидний төлөө залбирч, өршөөхийг хүсэж байна. Хүн бүр алдаа дутагдлаа гэмшин, шинэ амьдралд орохын төлөө залбирч, сүмд болж буй үйл ажиллагаа болон бусад ёслолд оролцон бясалгах хэрэгтэй. Эдгээр онцгой цаг мөч бид бүхэнд зориулагдсан тул зөвхөн гаднаас ажиглах бус өөрсдийн биеэр амьдралдаа оруулаарай. Инэгснээр Христийн амилалтаар хүн бүр дотроосоо гэрэлтэж, бас бусдыг гэрэлтүүлээрэй. Ийнхүү Хамба лам Венсэслао Падилла бидэнд их зүйлийг ойлгуулж өгөн, маш дэлгэрэнгүй тайлбарлан Сайн мэдээ хүргэж байгаад талархаж байна.    

No comments:

Post a Comment