Жил бүрийн "Амилалтын Баярын Өдөр" манай Католик Шашны Христчин хамт олонд шинээр элсэн орох итгэгчид маань Ариун Угаалын Ёслолд оролцдог билээ. Энэ жил "Гэгээн Мариа Сүм"-д шинээр элсэн орохоор арванхоёр хүн "Ариун Угаалд Бэлтгэх Сургалт"-нд сурч байна. Манай Католик Шашин бол хувь хүний эрх чөлөөг хүндэтгэн үзэж, тэдэнд шаардлагатай мэдлэг олгох замаар хоёр жилийн хугацаанд зохих ёсны боловсрол олгосны эцэст өөрийнх нь сонгох шийдвэрийн дагуу ёслолд оролцуулан, Католик Сүмийн оролцоот гишүүнээр хүлээн авдаг юм. Тиймээс "Ариун Угаал Хүртэх Ёслол"-оос өмнө шинээр элсэн орох итгэгчиддээ зориулан фр.Франциско болон багш нар маань Бясалгал зохион байгуулсан билээ. Энэхүү үйл ажиллагаа нь 4 сарын 11ний баасан гаригт, 18 цагаас "Загалмайн Зам" залбирлаар эхлээд, Магтаал Талархлын Мөргөлөөр үргэлжлэн, оройн хоолоо идсний дараа Бясалгалын үйл ажиллагаандаа оролцсон юм. Бясалгалаар хамтдаа Тэнгэрбурхандаа залбирч, тунгаан бясалгахын хамт Түүний Үгээс хуваалцан, бямба гаргийн өглөө "Загалмайн Зам" залбирлаар нисэхийн чиглэлд алхан залбирснаар үйл ажиллагаа өндөрлөсөн билээ. Энэ өдөр шинээр элсэн орж буй итгэгчид маань сүнслэг амьдралдаа Христийн сайн мэдээний үр жимсийг суулгаж, Тэнгэрбурханы тааллаар тэнгэрлэг амьдралаас хуваалцах ивээл хишгийг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэдэг цаг мөч байлаа. Бясалгалд оролцсон болон зохион байгуулсан бүх хүмүүст "Гэгээн Мариа Сүм"-н зүгээс талархаж байна.
No comments:
Post a Comment