2014/04/18

Ариун Пүрэв Гариг




                                                        Манай Католик Шашинд Ариун долоо хоногийн Пүрэв гаригт "Сүүлчийн Зоог" буюу анхны Магтаал Талархлын Мөргөлийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр манай "Гэгээн Мариа Сүм" дээр хөл угаах ёслол, сүүлчийн зоогийн ёслол болон мисаны дараа "Гетсеманы Цэцэрлэг" дэх залбирал үргэлжилсэн билээ. Мисаг Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла болон фр. Франциско удирдсан бөгөөд Хамба лам итгэгчдээс сонгосон арван хоёр хүний хөлийг угаасан юм. Тэрээр хэлэхдээ Есүс Христ энэхүү ёслолоор дамжуулан бид бүхнийг бие биедээ даруухнаар, энэрэл хайраар үйлчилхийг зааж өгдөг билээ. Ингэснээр гэм нүгэлт хүн бүрийг угааж, шинэ амьдралд бэлтгэж байгаа тул энэхүү ёслолын үеэр хүрэлцэн ирсэн бүх хүмүүс ч бас зүрх сэтгэлээрээ Тэнгэрбурханаас өөрийн хөлийг угааж өгнө үү хэмээн залбираарай гэж хэлсэн юм. Ийнхүү өөрийн гэм нүглээ ухаарсан бусад хүмүүс ч бас хөлөө угаалгаж, гэм нүглээс ангижрах болсон нь гайхалтай байлаа. Хамба лам номлолдоо: хүн нэг бүр хүрэлцэн ирээд Тэнгэрбурхантай холбогдох нь Мисаны утга учир юм. Үүнд аль сүмийн ямар санваартан байх, надад таалагдаж байгаа эсэх нь ялгаагүй бөгөөд хамгийн гол нь та Тэнгэрбурхантай холбогдох нь чухал юм. Ингэснээр бусад ахан дүүстэйгээ энэрэл хайраар холбогдож тэдний төлөө залбирснаар илүү сайн харилцаа тогтдог. Мөн санваартнууд ба сүмийн төлөө үргэлж залбирснаар Мисаны ариун нандин мөн чанар бидний дунд оршиж байх болно. Бид хэдийгээр өөр хүмүүс боловч Мисагаар дамжуулан Тэнгэрбурхантай нэгдсэнээр нэгэн бие болж нэгддэг юм. Ийнхүү Хамба лам айлдалдаа олон зүйлийг зааж сурган, бүгд хамтдаа "Сүүлчийн Зоог" ёслолыг тэмдэглэсэн билээ. Мисаны дараа бүлгэм бүр ээлжээр залбирлын өрөөнд "Гетсеманы Цэцэрлэг"-т Христийг дурсан хамтдаа залбирч байлаа. Ариун Пүрэв гаргийн Мисанд хүрэлцэн ирж хамтдаа итгэл бишрэлээ хуваалцсан бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлж байна. 




             

No comments:

Post a Comment