2013/06/10

Семинар


Манай Католик итгэгч нарын хүсэлтээр долоо хоног бүр паришуудад Семинар зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн бүтэн сайнд буюу 6 сарын 9нд манай "Гэгээн Эх Мариа" сүм дээр "Гэгээн Паул"-ын тухай семинар зохион байгуулсан юм. Энэ нь маш том сэдэв бөгөөд Гэгээн Паул бол манай Католик шашны хувьд онцгой байр суурь эзэлдэг үлгэр жишээ итгэгч юм. Семинарыг Ганцэцэг Клара бэлтгэн нэг цагийн хугацаанд маш сонирхолтой явуулсан билээ. Семинар гурван хэсгээс бүрдсэн бөгөөд  1. Гэгээн Паулын амьдрал,  2. Гэгээн Паул өөрийн биеэр болон захидлаар дамжуулан сайн мэдээг түгээж байсан газрын маршрут  3. Захидлууд, ялангуяа Ромд бичсэн захидлаас дэлгэрэнгүй тайлбарлав. Ялангуяа Гэгээн Паул өөрийн итгэл бишрэл, амьдралаар зөвтгөлийг хэрхэн харуулж байгаа нь маш гайхалтай байсан юм. Энэ бүхнээс үзэхэд Гэгээн Паул өөрийн амьдралын цаг мөч бүхэнд Есүсийн заасан авралын замд хүрэх бүхий л боломжийг эрэлхийлж, түүндээ ч хүрдэг байсан явдал нь бидэнд зөвт амьдралаар амьдрах урам зориг, итгэл найдвар өгч байсан билээ. Энэхүү семинарт манай "Гэгээн Эх Мариа" сүмийн итгэгчид болон бусад паришийн итгэгч нар хүрэлцэн ирж идэвхитэй оролцон итгэлийн амьдралдаа үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Манай семинарт хүрэлцэн ирж, Гэгээн Паулаар дамжуулан сайн мэдээг хүлээн авсан бүх итгэгч нартаа талархаж байна.

2013/06/07

Бататгах Ариун Ёслол хүлээн авлаа

Манай Католик итгэгч нарын хувьд Бататгах Сакрамент бол их чухал баяртай мөч байдаг билээ.    Энэ жилийн хувьд "Христийн Бие ба Цусны Баярын өдөр буюу 6 сарын 2нд манай "Гэгээн Эх Мариа" сүмд 18 итгэгчид Бататгах ёслолд оролцсон юм.  Мисанд Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж ёслолыг удирдсан бөгөөд бүх итгэгч нартаа, ялангуяа  Бататгах ариун ёслолд оролцож буй итгэгч нарт "Христийн Бие ба Цусны баяр"ын бэлэг дэмбэрэлтэй өдөр ёслолд орж байгаад нь баяр хүргэсэн билээ. Тэрээр өнгөрсөн жил Израильд явж байхдаа Есүсийн 2 загас, 5 талх хүртээж байсан газар очсон тухайгаа хуваалцаж байхдаа: Есүс бидэнд сүнслэг амьдрал төдийгүй биеийн махбодид ч хэрэгцээт зүйлийг өгдөг. Энэ утгаараа Есүс бидэнд зөвхөн бие махбодийн бус амьдралын талхыг өгдөг болохыг хэлсэн билээ. Есүс ертөнцийн төгсгөл хүртэл бидэнтэй хамт байхыг амласан тул бид Мисанд санваартнаар дамжуулан Түүний бидэнд өгсөн амьдралыг байнга хүлээн авдаг юм. Есүс бидэнд "Би та нарт ямар их хайртай шиг /бие биенээ/ хөршөө хайрлаарай" гэж хэлсэн билээ. Миний хөрш бол миний нэг хэсэг бөгөөд би чиний дотор, чи миний дотор байдаг. Учир нь бид Тэнгэрбурханы төрхөөр бүтээгдсэн өөр өөр хүмүүс боловч итгэлээр нэг болдог хэмээн Хамба лам номлолоо айлдсан юм. Тэрээр Бататгах Сакрамент хүлээн авч буй итгэгч нарын төлөө хамтдаа залбирхыг хүсээд, ёслолыг удирдсан билээ. Энэхүү баярын өдөр хүрэлцэн ирж  Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авсан та бүхэндээ талархаж байна.             

2013/06/03

Мариа Эхийн Шөнө



Жил бүр манай итгэгчид “Мариагийн Шөнө” буюу Адислагдсан Цэвэр Охин Мариагийн Зочлолтын баярын өдрийг ёслон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн хувьд уламжлал ёсоор 19 цагийн мисаны дараа гадаа Мариагийн хөшөөний дэргэд цуглан, сарнайн эрхин залбирлаа залбирч бүлгэм бүрээс бэлтгэсэн урлагийн тоглолтоо итгэгчиддээ толилуулсан юм. Энэ үйл ажиллагаанд Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж ёслолыг нээн итгэгчдэд баяр хүргэсэн билээ. Итгэгчид маань маш идэвхитэй оролцож таван сарын турш Мариа Эхийн хамт залбирч, Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авч байгаадаа баяртай байлаа. Ялангуяа манай “Лежио Мариа” бүлгэмийн хувьд залбирлын үйл ажиллагааг идэвхитэй явуулж, итгэлийн амьдралаа улам бүр хөгжүүлдэг юм. Энэ удаагийн Мариагийн Шөнийн ёслолд Лежио Мариа бүлгэмийн дарга Өлзий /Фэлисиа/ их хувь нэмэр оруулж зохион байгуулагчаар ажилласан билээ. Ингээд Өлзий /Фэлисиа / болон энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авсан та бүхэндээ талархаж байна.


Пап лам Анжэлүс: Ариун Гурвал бол Тэнгэрбурханы дүр юм



Тэнгэр элчийн магтаал, Эзэний өдөрт зориулан мөргөлчид болон жуулчид Пап лам Францистай нэгдэн, Гэгээн Петрийн талбайгаар дүүрсэн байлаа. Мариагийн залбирлын өмнө Гэгээн Эцэг маань Туйлын Ариун Нандин Гурвалын Баярын өдрийг сануулсан юм.  “Амилалтын баяр ба Пентекостын гэрэл гэгээ нь бидний дотор Тэнгэрбурхан бол ямар нэг тодорхойгүй хийсвэр зүйл биш, харин “Тэнгэрбурхан бол Хайр” гэдэг нэртэй болохыг сануулан, бидний итгэлийн баяр хөөр болон гайхамшгийг жил бүр шинэчилдэг билээ.” Туйлын Ариун Нандин Гурвал бол хүн төрөлхтнөөс шалтгаалсан бүтээгдэхүүн биш, харин өөрийгөө гэрчлэн, хүн төрөлхтөнтэй алхаж байгаа Тэнгэрбурханы нүүр царай юм хэмээн Пап лам Францис тайлбарласан билээ. Пап лам Тэнгэр элчийн магтаалыг уншсаны дараагаар хагас сайнд хутагтаар тодорсон, итгэлээсээ болж алагдсан санваартан, Фадер Жусэпэ Пуглисийг дурссан юм. Ерөөлт Жүсэпэ 1993 онд Мафийханд алагдсан бөгөөд түүнийг үлгэр жишээч ялангуяа залуучуудын хороонд зориулагдсан санваартан хэмээн Пап лам Францис тодорхойлжээ.
Ариун Эцэг “нийгмийн маш их дарамтанд байгаа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, тэр ч байтугай хүүхдүүд хүртэл харамсалтайгаар мафиудад ашиглуулж байгаа”. “Тэд ажлаа хүчлэн хийлгэх явдал нь хүмүүсийг боол, биеэ үнэлэгчтэй адил  болгодог бөгөөд энэ бүх боолчлолын ард нь мафи байна.” Пап лам Францис “боолчлогдон ашиглагдаж буй хүмүүсийн” төлөө Мафийн гишүүдийг хүчтэй шүүмжилж тэднийг гэмшил наминчлалд дуудсан юм.
Мөн Хрисчдийн Туслагч Мариагийн зуучлалыг дуудан, Хятад дахь Сүмийнхээ төлөө залбирхаар Ромд байгаа Хятадын Католик итгэгчдийн бүлэгт зориулан Пап лам мэндчилсэн билээ.   
Эцэст нь Пап лам Францис уламжлал болж ирсэн Туйлын Ариун Нандин Гурвалын Баярын өдөрт зориулан Талбайд байгаа бүх хүмүүст Эзэний өдрийг таатай өнгөрөөж, өдрийн зоогоо амтархан идэхийг хүссэн юм.