Showing posts with label Баярын Миса. Show all posts
Showing posts with label Баярын Миса. Show all posts

2017/06/04

Пэнтикостын баярын өдөр

Пэнтикостын баярын өдөр бид бүхэн Тэнгэрбурханы Хүү Христийн амласан Ариун Сүнс буун ирсэн их баярын өдрийг ёслон тэмдэглэдэг. Аврагчийнхаа үхэл ба амилалтыг харсан дагалдагч нар хамтдаа цуглан залбирах үедээ хүлээн авсан Христийн бидэнд илгээсэн Туслагч нь дагалдагчдад үйлдсэний адил бид бүхэнд итгэл бишрэлийн гэрэл сайн мэдээний тунхаглалын хүчийг өгдөг гэдэгт бид итгэн найддаг. 

Сүмийн үүсэн бий болох суурийг тавьсан энэ өдөр сүсэгтэн ахан дүү нар маань ариун Угаал үндсэн ёслолыг хүлээн авч Тэнгэрбурханы хүүхэд болж, Гэгээн Эх Мариа сүмийн гишүүд нэмэгдлээ. 


Католик Шашны сургаал хийгээд Тэнгэрбуханы Үгийг хүлээн авсан эдгээр залуучуудын итгэлийн амьдралд Тэнгэрбурханы Ариун Сүнс үргэлж хамт байн ивээл хайраа дүүргэн өгөхийг хүсье. 


2016/12/24

Христийн мэндэлсэн их баярын өдрийг ёслон тэмдэглэлээ.

Амар тайван болон хайрыг авчрагч дэлхийн гэрэл болсон Есүсийг хүлээн авахын утгыг агуулсан цаг улирлын хамгийн том баяр Христийн мэндэлсэн баярын өдрийг ёслон тэмдэглэлээ. 


Хамгийн энгийн эгэл даруу Түүний мэндлэлт нь бидний итгэл бишрэлийг ахин сэргээх шинэчлэлийг авчирдаг билээ. Тиймээс энэхүү баярын өдөр Тэнгэрбурханы авралын дуудлаганд итгэл бишрэлээр хариулахаар шинэ сүсэгтнүүд мэндлэн гарсан юм. 


Итгэл бишрэлийн гэр бүлд нэгдэн ордог ариун угаал үндсэн ёслолыг хүлээн авсан шинэхэн итгэгч залуус өөрсдийн хүлээн авсан баптизмыг шинэ амьдралын эхлэл болгон хариуцлагатайгаар баяртайгаар батлан амьдрах тухайгаа гэрчлэн амласан юм. 


Мөн Мэндэлсэн баярын мөргөлийн үеэр сүсэгтэн гэр бүлийн эцэг эхийн зөвшөөрлөөр бяцхан сүсэгтнүүд маань ариун угаал үндсэн ёслолыг хүртсэн юм. Тэдний ирээдүйн амьдралд Аврагч Эзэний гэрэл, хайр хамт оршин нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байгаасай хэмээн эцэг эх загалмайлсан гэр бүл нь хүсэн ерөөлөө. 

Бидний дунд оршин байдаг Аврагчийнхаа мэндэлсэн их баяраар сүсэгтэн бүрд, тэдний гэр бүлд бяцхан Христ мэндэлсэн ба тэрхүү Христийн амар тайван, энэрэл хайр дүүрэн хүртэхийн төлөө Түүнд хүндэтгэн мөргөдөг билээ. 

2016/05/15

Пэнтэкост буюу Ариун Сүнс бууж ирсэн баярын өдөр

       
     

     Ариун Сүнс бууж ирсэн баярын өдөр


    Ариун Сүнс бууж ирсэн баярын өдөр бол сүмийн бүх итгэгчдийн хувьд томоохон баярын нэг юм. Ариун Сүнс бууж ирсэн баярын өдөр бусад өдрүүдээс нэгэн зүйлээс онцгой нь энэ өдөр Тэнгэрбурханы 7 билигт хишиг, мөн 12 үр жимс нэгэн дор хүн бүхэнд түгээгддэг юм. Мөн энэ өдөр бусад өдрүүдээс илүү Тэнгэрбурханаас хайр ивээлийг бусад хүмүүст түгээхийг гуйх нь маш тохиромжтой гэж үздэг.


Пэнтэкост

1.     Пэнтэкостийн баяр гэж юу вэ?
  Ариун сүнсний бууж ирсэн баярын өдөр. Мөн энэ нь Есүс үргэлж бидэнтэй хамт байна гэсэн амлалтаа биелүүлэн Туслагчийг илгээсэн өдөр юм.

2.     Пэнтэкостийн баяр нь таны хувьд ямар учир утгатай вэ?
 Энэ өдөр чуулганы эхлэл тавигдсан Сүмийн ойн баяр бөгөөд Есүс бидэнд өгсөн тушаалыг сэргээх болон биелүүлэх гэсэн томоохон утга учрыг агуулсан баяр юм.

3.     Өнөөдөр Ариун Сүнс буусан баярын өдрийг хэрхэн өнгөрүүлэв?
Манай итгэгчид баярын өдрийн тухай илүү сайн ойлгож Тэнгэрбурханы билигт хишиг  үр жимсийг дүүрэн хүлээн аваад явсан гэж бодож байна. 
                                                                            /Гэгээн Эх Мариа сүмийн ахлах лам Фр.Хо/

2015/11/22

Христ Хааны баярын өдөр

Литургийн хуанлийн дагуу жирийн цаг улирлын сүүлийн бүтэн сайн өдөр бол Христ Хааны баярын өдөр юм. Баярын өдрийн нэрийн дагуу, хүн төрөлхтнийг аврахаар ирсэн Есүс Христ нь “Хаан” болохыг дурсан санадаг өдөр юм. Есүс нь улс төрийн эрх мэдлийг гартаа аван ард олныг барьдаг хаан бус, Өөрийн амийг золиослон ард олныг хүндэлсэн Аврагчийн төрхөөр иржээ. Өөрийгөө даруу байлгаснаар өргөмжлөгдсөн юм. 1925 онд Пап 11-р Пиу жирийн цаг улирлын сүүлийн бүтэн сайныг "Христ Хааны баярын өдөр” болгон тогтоожээ.

 Дорнодын мэргэд Иерусалимд ирж "Саяхан мэндэлсэн Иудейчүүдийн Хаан хаана байна?"(Матай 2,2) гэж асуухад Херод бас нэгэн хаан төрсөн гэж ойлгон ихэд айдаг. 
Пилат Есүсээс 
-Та Иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд Тэр "Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш." гэж хариулдаг. Иудейчүүд "Цезариас өөр хаан бидэнд байхгүй" хэмээн эзэн хааны өмнө Өөрийгөө хаан гэгч энэ Хүнийг суллавал тэр хүн Цезарийн анд нөхөр биш гэж Пилатыг тас хорьдог. (Иохан 19 бүлэг)
Үүний дүнд Есүсийг "Иудейчүүдийн Хаан Назарын Есүс" гэсэн пайзтайгаар загалмайд цовдолдог. Үүний адил бидний илчилдэг "Христ Хаан" нь энэ ертөнцийн айдаг аюул занал хийгээд эрх хүчний хаан бус, загалмайд Өөрийгөө Өргөл болгон өргөсөн өрөвч зөөлөн, амар амгалангийн Хаан, энэрэл хайр ба үйлчлэлийн Хаан юм. 

2015.11.22

2015/08/18

Гэгээн Мариа Сүмийн баяр

Манай "Гэгээн Мариа Сүм" ойн баяраа жил бүрийн Мариа Эх Тэнгэрт заларсан тэмдэглэлт өдөр тэмдэглэдэг билээ. Энэ жил 8.16ны ням гаригт  тохиосон бөгөөд баярын арга хэмжээг миса болон яармаг худалдаа гэсэн хэлбэрээр явуулсан юм. Баярын миса 10.30д эхлэсэн бөгөөд мисанд Хамба лам Венсэслао Падилла, фр.Пиер болон фр.Иаков нар хүрэлцэн ирж фр.Томасын хамт удирдан явуулсан билээ. Мөн мисанд бүх бүлгэмийн итгэгч нараас гадна бусад паришийн итгэгч ахан дүүс ч мөн адил хүрэлцэн ирж хамтдаа залбирч, баярын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байв. Хамба лам номлолдоо Мариа Эх ямар хүн байсан тухай маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөд  түүнд Христчин хүний сайн сайхан зан чанар шингэсэн байгааг дурдаад, хүн бүр түүнээс үлгэр дуурайл авч амьдрахыг уриалсан билээ. Мариа бол итгэл бишрэлээр Тэнгэрбурхантай ойр дотно байсан учраас Тэнгэрт заларсан бөгөөд бид бүхэнд урам зориг өгч, бас биднийг үргэлж өөрийн Хүүгийн адил анхаарч, бидний төлөө залбирч, тайтгаруулж өгдөг билээ хэмээн бид бүхэнд  сургаалиа олонтаа хайрласан билээ. Мөн паришийн лам фр.Томас итгэгч ахан дүүс нартаа хандаж 2022 он хүртэл хамтдаа алхацгаая гэсэн уриаг дахин сануулж, урам зориг билэглэж байв. Ийнхүү мисаны дараа хүрэлцэн ирсэн итгэгч ахан дүүсээ  баярын бялуугаар дайлж, яармаг худалдаа эхэлсэн билээ. Яармаг худалдаанд итгэгч ахан дүүс маань Солонгос хоол болон бусад хоол, ундааг бэлтгэсэн нь хүрэлцэн ирсэн хүмүүс маш өргөн сонголттой амтархан идэх боломжтой байлаа. Бас нас насны хүмүүст тохирсон хувцасыг төрөл төрлөөр нь зарсан нь сонголт хийхэд хялбар байв. Яармаг худалдаанд оруулж буй энэ бүх орлого нь сүмийн нийгмийн ажилд хувь нэмэр оруулах зорилготой байлаа. Баярын Мисандаа оролцож, яармаг худалдаанд идэвхитэй оролцсон бүх хүмүүст, ялангуяа энэ бүх ажлыг зохион байгуулсан сүмийн хамт олондоо талархаж байна.                  

2015/06/30

Баярын Миса

 Уламжлал ёсоор “Гэгээн Петр ба Паулын баяр”ын өдөрт буюу 6.28нд бүх паришийн итгэгч нар Катедралд (их сүмд) хамтдаа цуглаж, баярын миса өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ үеэр Солонгос улсад суугаа төлөөлөгч Ниюнсо хүрэлцэн ирж баярын мисанд оролцохоор товлосон боловч, харамсалтай нь мерс өвчний улмаас айлчлалаа түр хойшлуулсан юм. Гэсэн хэдий ч элчин сайд Ниюнсо өөрийн захиагаар уламжлан итгэгч ахан дүүс нартаа хандаж баярын мэнд дэвшүүлэн, чин сэтгэлийн үгээ илэрхийлж буйг Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла уншиж танилцуулсан билээ. Хамба лам номлолдоо: Өнөөдөр дэлхий даяар, бүх сүмүүдэд Гэгээн Петр ба Паулын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Жил бүрийн энэ өдөр бид Пап лам Ариун Эцэгийн баяр буюу Гэгээн Петр ба Паулын баярыг ёслон тэмдэглэдэг юм. Энэ өдрийг тохиолдуулан Петр нь сүмийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болохыг ойлгож болно. Эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Петрийг өнөөг хүртэл Пап лам залгамжилж ирсэн билээ. Мөн бид бүхэн Пап ламаар уламжлан эвлэн нэгдэж, сайн мэдээний тунхаглалд урин дуудагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Тиймээс бид бүхэн Пап ламын хамт Тэнгэрлэг Эзэн Есүсийн айлдсан өнөөдрийн айлдалд хариуцлагатай хандах учиртай. Бид өөрсдөө Тэнгэрлэг Эзэн, Тэнгэрбурханыг тунхаглаж байна. 
Өнөөдөр бид Ариун Эцэгтээ талархаж, ялангуяа Петрээс залгамжилж ирсэн даатгалт мутрын төлөө залбирах хэрэгтэй. Бидний хайр хүндлэл болон залбирал нь маш чухал билээ. Бид өөрсдийнхөө төлөө, бид Тэнгэрбурханы өмнө зохистой нэгэн байж, энэхүү ажлыг хийж чадахын төлөө залбирах хэрэгтэй. Бүх хүмүүсийн төлөө ялангуяа удирдагч нарын, өөрсдийн хамба ламын төлөө, бүх санваартнуудын төлөө, сүсэгтнүүдийн төлөө залбираарай. Та бүхэндээ Гэгээн Петр ба Паулын баярын мэнд хүргэж байна хэмээн Хамба лам Венсэслао Падилла номлолоо өндөрлөв. Ийнхүү Мисаны дараа паришийн хүүхэд залуучууд өөрсдийн бэлтгэсэн тоглолтоо сонирхуулж, итгэгч ахан дүүсээ баярлуулсан билээ. Энэ бүхнийг бэлтгэсэн Гэгээн Петр ба Паул паришийн хамт олон, бүх хүмүүст талархаж байна.



2015/06/02

Бататгах ёслол

Манай "Гэгээн Мариа Сүм" дээр 5.31 ний ням гаригт буюу "Туйлын Ариун Нандин Гурвал" Их баяр тохиосон давхар баярын өдөр манай итгэгч нар Бататгах ёслолд орсон билээ. Энэ өдөр Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла, фр.Эрнесто нар хүрэлцэн ирж, паришын ахлах лам фр.Франциско болон фр.Томас нарын хамт миса удирдсан юм. Хамба лам номлолдоо: хамтдаа Туйлын Ариун Нандин Гурвалын баяр буюу Эцэг Хүү Ариун Сүнсний баярын миса тэмдэглэж буйг илэрхийлээд, бид бүхэнд Ариун Гурвал буюу ганц Тэнгэрбурханы тухай маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн билээ. Мөн Бататгах ёслол буюу тосон адислалаар уламжлан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг учир бүгд Ариун Сүнсэнд итгэл бишрэлтэй байхыг хүссэн юм. Тэрээр үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд өөрт тохиолдсон зүйлийн талаар бидэнтэй хуваалцаж байгаад талархаж байлаа. Мөн өөрийнх нь төлөө залбирч байсан хүмүүст талархаж байв. Хамба лам биеэ эмчлүүлэхээр Солонгос улсад байх хугацаанд өөртөө санаа зовж, айдас төрж байсан хэдий ч уйгагүй залбирсны хүчээр хэрхэн итгэл бишрэлээ улам батжуулж болохыг бид бүхэнд сургасан юм. Мөн юу хийдэг, хэн байх нь хамаагүй өөрийн айдсаа нууж дарах бус харин ил гарган даван туулахын тулд хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гарган залбирснаар Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авах боломжтой болохыг номлосон билээ. Мисаны үеэр Монгол болон Солонгос итгэгч нар бататгах ёслолд орсон бөгөөд ёслолыг Хамба лам Венсэслао Падилла удирдан явуулсан билээ. Мисаны төгсгөлд фр.Франциско сүмийн зөвлөлийн гишүүдийг шинээр томилж байгааг зарлаж, тэдэнд томилолт гардуулах ёслол болсон юм.  Энэ өдөр мисандаа идэвхитэй оролцсон бүх итгэгч нар, ялангуяа шинээр Бататгах ёслолд орсон хүмүүст баяр хүргэж байна.
           

2015/05/27

ПЭНТИКОСТЫН БАЯРЫН МИСА


5 сарын 24ны Ням гаригт манай "Гэгээн Мариа Сүм" дээр  Пентикостын баярын мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Мисанд фр.Эрнесто хүрэлцэн ирж, паришын ахлах лам фр.Франциско ба фр.Томас нар удирдсан юм. Пентикостын баяр бол манай Католик Шашны хувьд том баяр бөгөөд Тэнгэрбурханаас бидэнд хайр хишгээ буулгаж,  Ариун Сүнснийг өгсөн баярын өдөр билээ. Тиймээс энэ онцгой баярыг дэлхийн өнцөн булан бүрт их өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай Монгол итгэгч ахан дүүсийн хувьд ч мөн адил ихэд хүсэн хүлээдэг баярын нэг юм. фр.Франциско номлолдоо мисанд хүрэлцэн ирсэн ахан дүүст, онцгойлон Бататгах ёслолд орох гэж буй хүмүүст зориулан дөрөв дэх удаагийн хичээлээ хүргэсэн билээ. Ариун Сүнсийг хүлээн авахын тулд өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар, Бататгах Ариун ёслолын түүхэн үйл явц болон утга учрыг тайлбарлаж өгөөд, хэрхэн ямар нэг эргэлзээгүйгээр Тэнгэрбурханд итгэл төгс байхын утга чухлыг тайлбарлаж өгсөн билээ. Тэгвэл энэхүү итгэлээ өөрсдийн үйлдэл буюу Хайр, Тусламж, Хуваалцал гурваар илэрхийлдэг бөгөөд үүнд хэрэгтэй туслажийг Тэнгэрбурханаас буюу Ариун Сүнснээс гуйх хэрэгтэй. Тиймээс Ариун Сүнс бол бидний хамгаалагч, туслагч, удирдагч гэдэгт итгэлтэй байж, бие биендээ хуваалцахыг итгэгч ахан дүүстээ уриалсан юм. Энэ бол Бататгах ёслолд зориулсан дөрөв дэх удаагийн хичээл байлаа. Мөн баярын мисаны үеэр Солонгосын Ёоидуугаас ирсэн итгэгч нар өөрсдийн бэлтгэсэн дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Эдгээр итгэгч нар өөрсдийн сүмийн ахан дүүсээ төлөөлж Монголд ирсэн бөгөөд манай сүмийн төлөө "Сарнайн Эрхин залбирал" өргөсөн байлаа. талархал илэрхийлж Энэхүү 5000 удаа залбирсан өргөлөө фр.Францискод гардуулсан өгсөн юм. Энэ нь баяр дээр бас дахин баяр нэмж, итгэгч ахан дүүсийг баярлуулсан үйл явдал болсон билээ. Сэтгэл гарган "Гэгээн Мариа Сүм"-ийн төлөө залбирсан Солонгос ахан дүүстээ талархаж буйгаа илэрхийлж байна. Мөн мисандаа хүрэлцэн ирсэн бүх хүмүүст, бас удахгүй Тосон баталгаа хүлээн авах гэж буй итгэгч нартаа амжилт хүсээд,Тэнгэрбурханы хайр хишиг хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлж байна.  

2015/04/07

Амилалтын баярын Миса



Манай  "Гэгээн Мариа Сүм" дээр Амилалтын баярын Миса, 4.5ны ням гаригт өглөө эхэлсэн бөгөөд Мисанд Хамба лам Венсэслао Падилла болон фр.Эрнесто, фр.Пиер нар хүрэлцэн ирж, паришийн ахлах лам Франциско болон фр.Томас нар удирдсан билээ. Мисаны үеэр хүүхдийн Баптизм хүртэх ёслол болсон ба нийт долоон хүүхэд хүртсэн юм. Ёслолыг Хамба лам Венсэслао Падилла удирдан явуулсан бөгөөд тэрээр итгэгч нартаа хандаж Амилалтын баярын мэнд хүргээд, өөрийн номлолдоо: Бид Амилалтын баяраар дамжуулан нууцыг тэмдэглэж байхдаа өөрсдөө сайн мэддэггүй билээ. Энэ нь бид нар Ариун долоо хоногийн ёслолууд, үгийн тунхаглалд оролцсоноор өөрсдийн амьдралын утга учрыг эргэцүүлэн бодохыг хэлж байгаа юм. Хэдийгээр бүрэн дүүрэн ойлгоогүй ч, бидэнд өөрийн эрхгүй нөлөөлж байдаг бөгөөд энэ нь биднийг эгэл даруу, хүнлэг байхыг сургадаг. Бид эгэл даруу хүнлэг байснаараа, биднийг гэм нүглээс чөлөөлөхийн тулд зовж шаналан нас барж, дахин амилсан Христийн нууц болон гэрчлэлийг хүлээн зөвшөөрдөг юм. Энэ бүхнээс бид айж эмээх бус харин энэхүү нууцлаг байдлыг мэдэж, өөрийн амьдралын нэг хэсэг болгох зоригтой байх хэрэгтэй. Энэ бол Есүсээр уламжлан өөрсдийн гэм нүглийн хавчлагаас чөлөөлөгдөх явдал билээ. Тиймээс биднийг гэм нүглийн харанхуйгаас чөлөөлөн, Амилалтын сүр жавхлант амьдрал өөд хүргэж буй Есүсийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Хамгийн чухал зүйл бол бид Түүний хэлж, үйлдсэнийг даган дуурайх зоригтой байхыг хэлж байна. Гэхдээ та бүхэн энэхүү нууцыг зөвхөн яриад зогсох бус нүднийхээ өмнө бусдад дэлгэн, хуваалцсан гэдэгт би найдаж байна. Есүсийн хадан булшны дэргэд байсан бүсгүйчүүдийн нэгэн адил  бид Есүс үнэхээр үхлээс амилсан хэмээн сайн мэдээг хүргэдэг байх хэрэгтэй. Тэдгээр эмэгтэйчүүдийн Есүс үнэхээр амилсан, Тэр амьд  хэмээн тунхаглахыг хичээж байсан тэрхүү эр зоргийг нь дуурайн, зарлан тунхаглах учиртай. Тэдний нэгэн адил өөрсдийн эргэн тойронд буй хүмүүст Амилалтын баярын мэндийг хүргэцгээе. Учир нь амилсан Есүс Христ бидэнд энэхүү амьдралыг өгсөн билээ. Тиймээс цааш үргэлжлүүлэн дамжуулаарай хэмээн Хамба лам хэлсэн юм. Тэрээр Ариун угаал хүртэх гэж буй хүүхдүүдийн эцэг эх, загалмайлсан эцэг эхэд хандаж: Эдгээр хүүхдүүдийг гэрэл гэгээтэй амьралд оруулан, гэм нүглийн харанхуйгаас чөлөөлсөн Тэнгэрлэг Эзэний амилалтанд итгэх итгэлийн боловсролд нь та бүхэн хариуцлагатай байгаарай. Тэднийг зөвхөн бие махбодийн хувьд нь өсгөж анхаарал тавих бус бас сэтгэл санааны хувьд нь анхаарал тавьж, тэдэнд итгэлтэй болгож сургахыг хичээгээрэй. Тэнгэрлэг Эзэн Есүс эдгээр хүүхдүүдийг хүлээн авч, гэм нүглийн харанхуйгаас чөлөөлөөсэй хэмээн залбирцгаая хэмээн Хамба лам номлолоо өндөрлөж, Ариун Угаалын ёслолыг үргэлжлүүлсэн билээ. Энэхүү баярын Мисандаа хүрэлцэн ирсэн итгэгч ахан дүүстээ болон миса удирдсан Хамба лам болон бусад лам нартаа талархаж байна. Онцгойлон баптизм хүртсэн бяцхан хүүхдүүд, тэдний гэр бүлийхэнд баяр хүргэж байна. 





      

Амилалтын Шөнийн Миса


Манай "Гэгээн Мариа Сүм" дээр 4.4ны Бямба гаргийн орой 20 цагт Амилалтын баярын Мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Мисанд фр.Пиер хүрэлцэн ирсэн бөгөөд паришийн ахлах фр.Франциско болон фр.Томас нар удирдан явуулсан юм. Уламжлан ёсоор баярын Миса маань гэрлийн ёслол болон үгийн тунхаглалаар эхлэснээр бүгд аврагч Эзэний амилалтыг баяртайгаар угтан авлаа. Мисаны үеэр манай паришаас  12  хүн Баптизм хүлээн авч, шинээр мэндэлснээр, итгэгч ахан дүүс нараа баярлуулсан юм. Энэхүү ёслолыг ахлах лам Франциско удирдсан ба ёслолд орсон итгэгчид маань Амилалтын баярын өдөр Тэнгэрбурханы хүүхдүүд болж мэндэлж байгаад баярлан, сэтгэл  догдолж буйгаа илэрхийлсэн билээ.  Шинээр мэндэлсэн итгэгч нарынхаа төлөө бүгд хамтдаа залбирч, сүмийн хамт олны нэг болсонд баяр хүргэн, халуун дотноор хүлээн аван, талархал дэвшүүлж байсан билээ. Мөн энэ өдрийн бас нэгэн чухал ёслол бол бүх итгэгч нарт зориулсан баптизмийн шинэчлэх ёслол байлаа. Энэ ёслолоор дамжуулан бүх хүмүүс ариусал ба өршөөлийг хүлээн авч, дахин шинэчлэгдсэндээ баяртай буйгаа илэрхийлсэн билээ. Баярын Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгч нартаа болон Мисанд үйлчилсэн ахан дүүс нартаа талархаж буйгаа илэрхийлж байна. Ялангуяа Ариун Угаал хүлээн авсан итгэгч нартаа баяр хүргэж байна.         

         

  

2015/02/03

Шинэ лам хүлээн авах ёслол


Саяхан манай париш дээр нэгэн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тэрээр Солонгос улсаас хүрэлцэн ирсэн бөгөөд түүний нэр фр.Томас билээ.  2.1ний баярын мисагаар уламжлан түүнийг хүлээн авах  үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тэрээр "Гэгээн Мариа Сүм" дээр мишинерээр ирсэн бөгөөд цаашид ахлах лам фр.Франциско-той хамтран ажиллах юм. Сүмийн итгэгчид маань түүнийг онгоцны буудал дээр тосон, сүмдээ баяртайгаар хүлээн авсан билээ. Мөн Яармаг бүлгэмийн итгэгч ахан дүүс маань фр.Томосыг хүлээн авч, хамтдаа Миса өргөсөн юм. Сүмийн хүүхэд багачууд болон бүх итгэгчид хүрэлцэн ирсэнд баярлаж буйгаа илэрхийлж байлаа. Тэнгэрбурханы сайн мэдээг дэлгэрүүлэхээр Монголд хүрэлцэн ирсэн фр.Томасд талархлаа илэрхийлээд, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж байна.  




    

2015/01/02

АРИУН ГЭР БҮЛИЙН БАЯРЫН МИСА

Жил бүр манай Католик шашны итгэгчид “Ариун Гэр Бүлийн баяр”-ыг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тиймээс 12.28нд бүх паришууд “Гэгээн Петр ба Паул” париш дээр цуглан, хамтдаа баярын миса өргөсөн бөгөөд Мисаг хамба лам Венсэслао Падилла болон бусад санваартнууд удирдсан юм. Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирсэн бүх хүмүүст Христмасын баярын мэнд хүргээд, “Зарим хүмүүс яагаад жил бүр Христийн мэндэлсэн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг талаар гайхаж, асуудаг. Бид Гэрэл болон газар дээр мэндэлсэн бяцхан Христ, Тэнгэрбурханыг хүлээн авч, Христмас баярыг тэмдэглэж байхдаа
Түүнийг хайрлан, Түүнийг дуурайж, Түүнтэй улам бүр адилхан болж байдаг. Пап лам Францис хэлэхдээ “Гэр бүл бол үргэлж хамт байдаг” хэмээн хэлсэн билээ. Гэр бүлээсээ хол амьдардаг олон хүмүүс байдаг. Тэдний хувьд орчин үеийн техник технологи хөгжсөн нөхцөлд нүүр нүүрээ хараад холбоо барьж, харилцахад амархан болсон билээ. Гэвч гэр бүлтэйгээ нүүр тулан уулзах нь хамаагүй илүү чухал, дотно харилцааг бий болгож байдаг. Өнөөдөр бид бүхэн нэг дор хамтдаа цуглаад, Тэнгэрбурханы хаанчлалын нэгэн гэр бүл гэдэг утгаар “Ариун Гэр Бүлийн Баяр”-ын Мисаг тэмдэглэхээр нүүр тулан уулзаад байна.
Мэдээж гэр бүлд олон бэрхшээл, асуудлууд тулгарч байдаг. Тэр бүрт хамтдаа байж, Христийн авралын гэрлийг хүлээн авснаар баяр хөөртэй амьдардаг.” хэмээн Хамба лам Венсэслао Падилла номлолоо үргэлжлүүлэн, олон чухал зүйлийг сургасан юм. Мөн Мисаны үеэр 2015 онд хэрэгжүүлэх “Пасторал төлөвлөгөөг” гардуулах ёслол болсон бөгөөд Хамба лам паришийн лам нар болон төлөөлөгчдөд үүрэг болгон өгсөн билээ. Мисаны төгсгөлд олон гэр бүлүүд урагш гарч, Хамба ламаас онцгой адислал хүлээн авсандаа ихэд талархалтай буйгаа илэрхийлж байв. Мисаны дараа цай уух зуур париш бүрээс бэлтгэсэн дуу, жүжиг зэрэг урлагийн үзүүлбэр үзэж, баярын үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Энэхүү баярын өдөр биднийг сүмдээ урин, сонирхолтой тоглолт зохион байгуулж, өдрийн цай бэлтгэсэн Гэгээн Петр ба Паул паришдаа талархаж байна.        

2014/12/31

БАЯРЫН МИСА


Христмас буюу бидний хэлж заншсан Зул сарын баяр бол хүн бүрийн хүсэн хүлээдэг хамгийн сайхан баяр бөгөөд ялангуяа итгэгч бидний хувьд маш гүн утга учиртай билээ. Манай “Гэгээн Мариа Сүм” дээр 12сарын 24, 25ны баярын Мисаг паришийн ахлах лам фр.Франциско Хо болон фр.Эрнесто, фр.Пиер нар хүрэлцэн ирж удирдан явуулсан бөгөөд бүх бүлгэмийн итгэгч ахан дүүс маань хамтдаа тэмдэглэв. Миса гэрлийн ёслолоор эхлэсэн бөгөөд хамгийн түрүүнд хоньчин хүүхдүүд маань бяцхан Есүсийг угтан авч буйг үзүүлсэн жүжигчилсэн тоглолтын дараа хүн нэг бүр бяцхан Есүстэй мэндлэх хамгийн баяртай цаг мөч байсан юм. фр.Франциско номлолдоо: ‘Христчин хүний хувьд зөв байдлаар амьдрахад бидний хэвшсэн амьдрал маань саад болдог. Учир нь амьдралын хүнд хэцүүг даван туулах мөчид архи, мурийтай тоглоом болон мөнгийг сонгодог уу, эсвэл Тэнгэрбурхантай хамт байж, бэрхшээлээ даван туулахыг сонгодог уу? Хэрэв үргэлж бидэнтэй хамт байдаг Тэнгэрбурханы хайр ивээлийг 2014 онд биеэр мэдэрч, итгэлийн амьдралдаа туршлагатай болсон бол, хамгийн сул дорой байдлаар бидэн дээр хүрэлцэн ирсэн бяцхан Есүс, аврагч Эзэнийг баяртайгаар угтан авах болно’ хэмээн фр.Франциско өнгөрч буй 2014 онд тохиолдсон онцгой үйл явдлуудын талаар дүгнэн, олон зүйлийг тайлбарлаж өгсөн билээ. Мөн 12.25ны Мисаны үеэр Төрболд Самуел баптизм хүлээн авсан бөгөөд ёслолыг фр.Франциско удирдсан юм. Баптизм хүлээн авсан Төрболд Самуелд бүх итгэгч нарын зүгээс баяр хүргэж, улам их амжилт хүсэж байна. Хэдийгээр цаг орой байсан ч сүмдээ ирж, хамтдаа баярын мисанд оролцсон бүх итгэгч нартаа болон миса бэлтгэхэд оролцсон бүх бүлгэмийн ахан дүүс нартаа талархаж байна. 
Та бүхэн баярын Мисаны номлолыг дараах хуудаснаас сонсоно уу.
http://gegeenmariasumnomlol.blogspot.com/2014/12/2014-12-24_26.html
http://gegeenmariasumnomlol.blogspot.com/2014/12/2014-12-25.html

2014/09/16

Пап лам Францис:Гэрлэлт бол хуурамч биш, хосуудад Христийн хайр тусладаг

Ятгын аялгуунд хорин сүйт залуус ээж нарынхаа хамт Гэгээн Петрийн Ордны гол тулгуурын чимэг болон зогсож, цагаан даашинзтай сүйт бүсгүйчүүд  аав нарынхаа хамт дагалдан явж байлаа. Эдгээр бүх хосууд Ром дахь шашны хүрээнийх бөгөөд энэхүү Ариун Нандин Загалмайг Алдаршуулах Баярын өдөр хурим хийхээр, Пап лам дээр биечлэн хүрэлцэн ирсэн юм.  
Ариун Эцэг маань Гэрлэлтийн Ёслолд ач холбогдол өгөн, өөрийн Айлдалдаа, гэрлэлтийн амьдралын дүр зураг бол жинхэнэ бөгөөд хуурамч биш хэмээн өглөөний уншлагаас иш татаж сануулсан билээ.
Тооллого Номноос авсан эхний уншлагаас, бид элсэн цөлөөр уламжлан Мосегээр удирдуулсан гэр бүлүүдийг төсөөлөн бодож болно. Гэр бүл бол “биднийг хүнийх нь хувьд бүрэлдэн бий болгодог анхдагч газар бөгөөд мөн тэр үедээ “нийгмийг босгон байгуулахад зориулагдсан “тоосго” болдог хэмээн тэрээр тэмдэглэн хэлсэн билээ. 
Гэр бүлүүд ба гэрлэгсэд маань өөрсдийн гэр бүлийн амьдрал буюу гэрлэлтийн аян замдаа тэвчээр алдрах явдал тохиолдож болдог.                                                         “Тэрээр нэмж, аян замын хүнд харилцаа нь” дотоод ертөнцдөө эцэж туйлдахыг биеэр амсаж туулсан тэдгээр хүмүүсээс шалтгаалдаг; тэд гэрлэлтийн амтыг алдаж, Ариун Ёслолын худгаас ус татахаа зогсоодог. Өдөр бүрийн амьдрал нь гай зовлонтой, цаашлаад бүр “огиудас хүргэм” болно.
Урам хугарах, урвалт, муу зуршил болон хаягдах зэрэг сорилтын аюулаас болж бууж өгсөн тэдгээр хосуудад зориулагдсан эмчилгээ бол Христийн хайр юм гэдгийг Пап лам Францис тайлбарласан билээ.
Ариун Эцэг санаа зовинон, энэ нь “ерөөж адислагдсан эхнэр ба нөхрийн нэгдэлд, хүний ёсоор үг хэлэх явдал алдагдаж, шархалж ядарсан үед нь тэдний хайранд туслаж, шинэчлэх боломжтой тийм хайр юм.
Пап лам үргэлжлүүлэн, Христийн Хайр бол эхнэр нөхөр хоёр хамтдаа аян замд явахад нь баяр хөөрийг нь сэргээж өгч чаддаг юм.” Гэрлэлт гэдэг нь бүхэлдээ, “эрэгтэй эмэгтэй хоёр хамт алхахыг хэлдэг бөгөөд, нөхөр нь эхнэртээ илүү сайн эмэгтэй болоход нь үргэлж тусладаг, эхнэр нь нөхөртөө илүү сайн залуу болоход нь үргэлж туслах үүрэгтэй байх явдал хэмээн тэрээр хэлэв.”
Мөн гэрлэлт бол шаардлага тавьж байдаг аялал бөгөөд “хуурамч” биш хэмээн тэмдэглэн хэлсэн юм!  Энэ бол Шашин ба Христийн хайрын Ариун Ёслол бөгөөд Загалмайгаар олж авч байдаг хамгаалалт буюу баталгааны хайр билээ.
Тэрээр номлолоо дүгнэж, хэрэв хосууд маргалдвал тэд бие биедээ амар тайванг бий болголгүйгээр тухайн өдрийг хэзээ ч дуусгахгүй байсан хэмээн хосуудад зориулан олон дахин зөвлөв.
Пап ламын өмнө суугаад тангарга өргөж буй сүйт бүсгүй ба сүйт залуу бүр дээр олны анхаарал туссан байлаа. Тэдний олонхийн сэтгэлийг хөдөлгөж байсан мөч бол Пап лам Францисын сүлд тэмдгийг сийлсэн зөөлөн дэрэн дээрээс хуримын бөгжөө авч хоорондоо солилцох мөч байсан билээ.
Баярын ёслол өндөрлөж, тэднийг орган хөгжмийн аянд Ордноос гарахаар алхаж явахад, шинэхэн хосуудад зориулан эргэн тойронд нь дүүрэн алга ташиж байлаа. Тэгээд хосууд Ватиканы Цэцэрлэгт хүрээлэнгүүдээр явж, өөрсдийн мартагдашгүй өдөрт зориулан зураг дарсан бөгөөд бүхий л чухал гэсэн эдгээр зургуудаа өөрсдийн үр ач нартаа үзүүлэн, Пап ламаар уламжлан гэрлэсэн болохоо хэлэх боломжтой болсон билээ.      

2014/09/09

БАЯРЫН МИСА

9 сарын 8нд Төгс Жаргалант Цэвэр Охин Мариагийн мэндэлсэн баярын өдрөөр ургацын баяр таарсан бөгөөд манай “Гэгээн Мариа Сүм” дээр баярын Мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Мисаг фр.Франциско удирдан явуулсан бөгөөд Солонгос ахан дүүс бэлтгэн явуулж байлаа.   Цэвэр Охин Мариа бол манай Шашны эх буюу бидний үлгэр дууриал, халамжлан хүмүүжүүлэгч юм. Тиймээс энэ баярын өдөр Тэнгэрбурхандаа талархал өргөхөөр олон хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд ургацын баяр тохиосон давхар баярын өдөр болсон билээ. Ургацын баяр бол Тэнгэрбурханы хайрласан арвин их ургац болон хишиг ивээлд талархаж буйгаа илэрхийлэн баяр хөөрөө хуваалцдаг том баярын өдөр билээ. Мөн энэ өдөр Солонгос ахан дүүс маань өвөг дээдэстээ мөргөн, тэдний ач буяныг дурсан санаж хүндэтгэн, сургааль үгсийг нь даган нэр төртэй амьдрахыг эрхэмлэн дээдэлдэг уламжлалтай. Тиймээс Мисаны үеэр тахилын ширээний өмнө ширээ засан, идээ будааныхаа дээжийг Тэнгэрбурхан, өвөг дээдэсдээ өргөн барьж байлаа. Солонгос хүмүүс энэ баярын өдрүүдэд бүгд өөр өөрсдийн нутаг усандаа цуглан, ах дүүстэйгээ хамтдаа энэхүү ургацын баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Монголд амьдарч буй Солонгос итгэгч ахан дүүс маань хэдийгээр төрсөн нутгаасаа хол байгаа ч гэсэн баярын Мисагаар дамжуулан өвөг дээдэстээ зориулан мөргөж, Тэнгэрбурхандаа талархаж байлаа. Энэ баярын өдөр хүрэлцэн ирж өөрсдийн баяр хөөрөө хуваалцсан бүх хүмүүст талархаж байна.         

2014/08/11

“Гэгээн Мариа Сүм”-н баяр


Манай “Гэгээн Мариа Сүм”-ийн 12 жилийн ойн баяраа 8.10ны ням гаригт тэмдэглэсэн билээ. Баярын Мисанд Монгол кахь Католик Шашны тэргүүн хамба лам Венсэслао Падилла болон фр.Пиер нар хүрэлцэн ирж паришийн ахлах лам фр.Францискотой Миса удирдсан юм. Мөн энэ өдөр Азийн Католик залуучуудын наадамд оролцохоор Солонгос улсыг зорьж буй залуучууд ч мөн адил цугласан байв. Тиймээс энэ өдөр паришийн баяр, зөвшөөрөх ёслол ба Азийн Католик Залуучуудын наадамд оролцогчдыг үдэх гээд гурван чухал үйл явдал болж баяр дээр баяр нэмж байлаа. Хамба лам номлолдоо: Мариа Эхийн Тэнгэрбурханд за хэмээн хэлсэн итгэл бишрэлийн дуулгавартай байдлыг магтаад, Тэнгэрбурханы хүүхдүүд бид ч мөн адил түүний үлгэр дууриаллаар Тэнгэрбурхандаа томоос том за хэмээн хэлцгээе. Энэхүү хариултын илрэл бол Есүсийг амьдралынхаа төв болгон, өдөр бүрийн амьдралдаа ЗА гэж хэлж чаддаг байхыг хэлдэг. Бид шаналж буй нэгний сэтгэлийг нь хуваалцаж, өвдөж зовсон нэгэнд туслаж байхдаа, бага багаар өдөр бүр за гэж хэлж байдаг. Христчин хүний мөн чанар бол Христэд төвлөрөн, цаг мөч бүхэнд за хэмээн хариулж, үргэлж урагшилж байх явдал билээ. Азийн Залуучуудын наадамд оролцож буй залуус маань ч мөн адил За хэмээн хэлэхээр явж байгаа. Ариун Эцэг маань залуучуудын наадамд гурван зорилгоор оролцох болсон бөгөөд нэгдүгээрт: Залуучууд бол сүмийн  төдийгүй улс орны, дэлхийн хөгжлийн тулгуур багана мөн. Сүмийн залуус та бүхний үүрэг маш чухал юм. Хоёрдугаарт: Солонгост итгэл бишрэлийнхээ төлөө зовж шаналан нас барсан 24 хүнийг гэгээнтнээр ёсчлох арга хэмжээ, гуравдугаарт: бүх дэлхийн амар тайвны төлөө ялангуяа өмнөд ба хойт Солонгосын эв нэгдлийн төлөө залбирах явдал юм. Тэрээр үгийнхээ төгсгөлд нь бүх итгэгч нарыг бүх дэлхийн залуусын төлөө, мартируудын төлөө болон дэлхийн энх тайвны төлөө залбирч байхыг хүсээд Азийн залуучуудын наадамд бүгд сэтгэл зүрхээрээ оролцохоо илэрхийлсэн билээ. Мөн энэ өдрийн бас нэгэн чухал үйл явдал бол Ариун Угаал Хүртэх Бэлтгэл сургалтанд орох гэж буй хүмүүст зориулсан зөвшөөрөх ёслолын үйл ажиллагаа юм. Энэхүү ёслол бол өөрсдийн итгэл бишрэлийн амьдралдаа том алхам хийж буйгаа зөвшөөрч, нөгөө талаас сүмийн хамт олон дэмжиж байгааг илэрхийлдэг. зөвшөөрөх ёслолд Солонгос-3, Монгол- 4 хүн оролцсон бөгөөд хэрэв ёслолын талаар мэдээлэл авч амжаагүй хүмүүс байвал Ариун Угаал Хүртэх Бэлтгэл сургалт хариуцсан багш нартай холбоо барихыг урьж байна. Баярын мисандаа идэвхитэй оролцсон бүх итгэгч нартаа талархаж буйгаа илэрхийлээд, зөвшөөрөх ёслолд оролцсон хүмүүс болон Азийн наадамд оролцож буй залуустаа амжилт хүсэж байна.    






2014/07/01

Баярын Миса

Уламжлал ёсоор “Гэгээн Петр болон Гэгээн Паул нарын баяр”-ын өдөр бүх паришийн итгэгч ахан дүүс маань хамтран “Гэгээн Петр ба Паул”-н нэрэмжит Катедрал дээр Магтаал Талархлын Мөргөлөө тэмдэглэдэг уламжлалтай билээ. 6.29ны Баярын мисанд баяр хүргэхээр Солонгос улсад суугаа Нюнсио, ахлах Хамба, эрхэм хүндэт Освалдо Падилла хүрэлцэн ирж Хамба лам Венсэслао Падилла болон бусад лам нарын хамт Миса удирдан, номлол айлдсан билээ. Тэрээр номлолдоо: паришийн баярыг тохиолдуулан бүх хүмүүст, онцгойлон Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падиллад баярын мэнд хүргэлээ. Мөн энэ өдөр Пап ламын өдөр болохыг тэмдэглээд, Пап лам Францисын төлөө хамтдаа залбирхыг уриалж байлаа. Пап лам Францис Сайн мэдээ түгээх үйлсдээ дэлхий дахиныг уриалан дуудаж, өөрийн амьдралаар Тэнгэрбурханы хайр энэрлийг үзүүлснээр түүний нэр алдар өндөрт танигдсан юм. Удахгүй Солонгос улсад болох “Азийн Католик Залуучуудын Наадам”-д Пап лам маань хүрэлцэн ирж, оролцох гэж буйг дурдаад, үргэлж түүний төлөө залбирч байхыг сануулсан билээ. Пап лам бол Есүс Христийн бие төлөөлөгч, гэгээн Петрийн залгамжлагч юм. Бид өөрсдийн амьдралдаа Гэгээн Петр ба Гэгээн Паул нарын итгэл бишрэлээс суралцан, үлгэр дууриал авснаар гэм нүглийн боолчлол болоод гуниг гутралын боолчлолоос чөлөөлөгдөж чаддаг. Тиймээс бидний хүсэн хүлээж байдаг мөнхийн аз жаргал бол өөрийн амьдралаараа Есүс Христтэй хамт байх явдал билээ. Ийнхүү Эрхэм хүндэт Нюнсио номлолдоо олон зүйлийг тайлбарлаж, үүний дараа Хамба лам Веснэслао Падилла шинэхэн мэндэлсэн хүүхдэд Ариун Угаал хүртээх ёслол үйлдэн баяр дээр бас дахин баяр нэмсэн юм. Итгэгч ахан дүүстээ зориулж олон шагнал урамшуулал гардуулан, концерт ба өглөөний цай бэлтгэсэн “Гэгээн Петр ба Паул” паришийн итгэгч ахан дүүстээ талархаж байна.       

2014/06/25

“Христийн Туйлын эрдэнэт бие ба цус” баярын миса

Зургадугаар сар бол манай Католик Шашны итгэгч нарын хувьд олон баяр давхацсан чухал өдрүүдээр дүүрэн өнгөрдөг билээ. 6.22ны ням гаригт манай “Гэгээн Мариа Сүм” дээр “Христийн Туйлын эрдэнэт бие ба цус” баярын мисаг тэмдэглэсэн юм. Мисаг фр.Эрнесто болон паришийн ахлах лам фр.Франциско нар удирдаж зөвлөлийн гишүүд маань бүх бэлтгэлийг зохион байгуулсан билээ. фр.Франциско номлолдоо энэхүү Христийн Туйлын эрдэнэт бие ба цусны утга учир болон хүмүүс хэрхэн бие ба цусыг хүндэтгэн үзэж, сургаж ирсэн талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм. Бид энэхүү ариун нандин бие ба цусыг хүндэтгэн үзэж, хүлээн авснаар зөвхөн Тэнгэрбурханы тааллын дагуу зөвт байдалд зориулах ёстой болохыг олон жишээгээр тайлбарлаж, номлосон билээ. Мөн Мисаны үеэр Солонгос улсаас Монголд хүрэлцэн ирсэн оюутнууд маань бид бүхэнд зориулан саш сайхан дуу дуулж өгсөнд бүгд баяртай байлаа. Тэд нар Монголд байх хугацаандаа сүмийн засварын олон янзын ажилд ихээхэн тус нэмэр оруулсанд бүх итгэгчдийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна. Мөн Мисаны сүүлд Аманда эгч маань маш сонирхолтой түүх ярьж өгөн, сүмийн зөвлөлөөс итгэгчиддээ хандаж сайн санааны үйлсд зориулан хандив өргөхийг уриалсан билээ. Баярын мисандаа хүрэлцэн ирж, идэвхитэй оролцсон бүх итгэгч нартаа талархаж байна.      

2014/06/10

Пентекостын Баярын Миса

Манай "Гэгээн Мариа Сүм" дээр 6.8ны ням гаригт Пентекост буюу Ариун Сүнс буун ирсэн баярын Мисаг тэмдэглэсэн билээ. Энэ өдөр бол манай Католик Шашны хувьд том баяр бөгөөд дэлхий дахинд өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Баярын Мисаг фр.Эрнесто хүрэлцэн ирж удирдсан бөгөөд тэрээр хүрэлцэн ирсэн хүмүүст Пентикостын баярын мэнд хүргээд,  номлолдоо: Тэнгэрбурхан Ариун Сүнсээр хэрхэн шашныг үүсгэн бий болгосон, Шашны үүсэл хөгжилд Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тайлбарлав. Мөн Ариун Сүнсний ариун нандин, халуун дотно, хүчирхэг, энэрэл хайрын мөн чанараар Тэнгэрбурханыг бид хэрхэн мэдэж болохыг ойлгуулж өгсөн юм. Тиймээс бид Ариун Сүнсний заан сургаж буй зүйлсийг анхааралтай сонсож, дуулгавартай байх хэрэгтэй. Хэрэв бид Ариун Сүнсийг таниж мэдээд, түүнд дуулгавартай байвал, Ариун Сүнсний бэлэг болон үр жимсийг хүлээн авч, бусадтайгаа хуваалцах боломжтой билээ. Бидний хүн нэг бүр Католик Шашны итгэгч болох хүсэл эрмэлзэлтэй учраас сонголт хийгээд энд хүрэлцэн ирсэн. Харин бидний энэхүү хүсэл эрмэлзэл маань Ариун Сүнсний дуудлагаас урган гардаг юм. Тиймээс Ариун Сүнс ажиллаж буй газар Сүм ба Шашин оршин тогтнодог билээ хэмээн фр.Эрнесто номлолдоо олон зүйлийг тайлбарлаж өгсөн юм. Дараа нь хамтдаа Ариун Сүнсийг дуудан залбираад, сүмээс итгэгчдэд зориулан бэлтгэсэн Ариун Сүнсний бэлгүүдийг тараан өгч байлаа. Ариун Сүнсний буун ирсэн баярын Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгч нартаа болон Мисаг бэлтгэсэн Нисэх бүлгэмийн ахан дүүстээ талархаж байна.  

2014/05/12

Сайн Хоньчин буюу Ариун Дуудлагын өдөр

Өнгөрсөн 5.11нд манай “Гэгээн Мариа Сүм” дээр “Сайн Хоньчин”  буюу “Ариун Дуудлага”-ын баярын Мисаг тэмдэглэсэн юм. Мисанд фр.Эрнесто ба фр.Пиер хүрэлцэн ирж, паришийн ахлах лам фр.Франциско нар Миса удирдсан билээ. Мөн энэ үеэр манай итгэгч гэр бүл болох Удаанжаргал Анна ба Филип нарын шинэхэн төрсөн бяцхан хүү Бадарууган Исакын Ариун Угаал Хүртэх ёслол болж итгэгч биднийг баярлуулсан юм. Бяцхан хүү Бадарууган Исакын ёслол дээр төрсөн эцэг эх болон баптизмын эцэг эхийн хувьд Христчин гэр бүлийн жишгээр хүүгийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг Тэнгэрбурхан ба итгэгч ахан дүүсийнхээ өмнө хамтдаа гэрчлэн илэрхийлж байлаа. фр.Пиер энэхүү гэр бүлийг онцгойлон адислаад баяр хүргэн хамтдаа тэдний төлөө залбирхыг уриалсан юм. Тэрээр номлолдоо энэ сайхан “Сайн Хоньчин” баярын өдөр хүрэлцэн ирсэн итгэгч нарт баяр хүргээд, Эзэн бол биднийг ивээж, хамгаалагч Сайн Хоньчин юм, “Эзэн бол миний хоньчин, надад дутах зүйл нэг ч үгүй” хэмээгээд Христчин амьдралын замд Тэнгэрбурхантай хэрхэн амьдрах талаар олон зүйлийг зааж сургасан билээ. Мөн бүх итгэгч нар хамтдаа удахгүй сургуулиа төгсөөд ирэх гэж буй Энхээ Иосэф ба Санжаа Петр нарын төлөө, бас бусад ахан дүүсийнхээ төлөө залбирсан юм. Мисанд хүрэлцэн ирж, Тэнгэрбурханы ивээл хишиг, хамгааллыг хүлээн авсан ахан дүүс нартаа талархаж байна.