2015/06/02

Бататгах ёслол

Манай "Гэгээн Мариа Сүм" дээр 5.31 ний ням гаригт буюу "Туйлын Ариун Нандин Гурвал" Их баяр тохиосон давхар баярын өдөр манай итгэгч нар Бататгах ёслолд орсон билээ. Энэ өдөр Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла, фр.Эрнесто нар хүрэлцэн ирж, паришын ахлах лам фр.Франциско болон фр.Томас нарын хамт миса удирдсан юм. Хамба лам номлолдоо: хамтдаа Туйлын Ариун Нандин Гурвалын баяр буюу Эцэг Хүү Ариун Сүнсний баярын миса тэмдэглэж буйг илэрхийлээд, бид бүхэнд Ариун Гурвал буюу ганц Тэнгэрбурханы тухай маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн билээ. Мөн Бататгах ёслол буюу тосон адислалаар уламжлан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг учир бүгд Ариун Сүнсэнд итгэл бишрэлтэй байхыг хүссэн юм. Тэрээр үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд өөрт тохиолдсон зүйлийн талаар бидэнтэй хуваалцаж байгаад талархаж байлаа. Мөн өөрийнх нь төлөө залбирч байсан хүмүүст талархаж байв. Хамба лам биеэ эмчлүүлэхээр Солонгос улсад байх хугацаанд өөртөө санаа зовж, айдас төрж байсан хэдий ч уйгагүй залбирсны хүчээр хэрхэн итгэл бишрэлээ улам батжуулж болохыг бид бүхэнд сургасан юм. Мөн юу хийдэг, хэн байх нь хамаагүй өөрийн айдсаа нууж дарах бус харин ил гарган даван туулахын тулд хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гарган залбирснаар Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авах боломжтой болохыг номлосон билээ. Мисаны үеэр Монгол болон Солонгос итгэгч нар бататгах ёслолд орсон бөгөөд ёслолыг Хамба лам Венсэслао Падилла удирдан явуулсан билээ. Мисаны төгсгөлд фр.Франциско сүмийн зөвлөлийн гишүүдийг шинээр томилж байгааг зарлаж, тэдэнд томилолт гардуулах ёслол болсон юм.  Энэ өдөр мисандаа идэвхитэй оролцсон бүх итгэгч нар, ялангуяа шинээр Бататгах ёслолд орсон хүмүүст баяр хүргэж байна.
           

No comments:

Post a Comment