Showing posts with label Итгэл бишрэлийн Тулга. Show all posts
Showing posts with label Итгэл бишрэлийн Тулга. Show all posts

2017/01/26

Аливаа зүйлст санаачлага гаргаж, хийсэн ажлаа дуустал нь хийж, уйгагүй тууштай байвал тэр зүйл чамайг илэрхийлэх болно

Сайн байна уу? Та өөрийгөө бидэнд товч танилцуулаач. Залуучуудын бүлгийг хэдий их хугацаанд удирдаж байна вэ? Мөн Гэгээн Эх Мариа париш дээр өөр ямар ямар сайн дурын ажлуудыг гүйцэтгэж байна вэ? Энэ бүхнийг хийхэд өөрийн ажил цаг зав хувийн амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?
Баярлалаа. Сэтгүүлийн хамт олон болон нийт  уншигчиддаа  Есүс Христийн мэндэлсэн өдрийн мэндийг  хүргэе.
Намайг Жаргалсайханы Одонгоо гэдэг.  2012 онд баптизм авсан. Миний  Баптизмын нэр Анна. Гэгээн Эх Мариа Католик сүмийн үе үеийн залуучууд  удирдах бүлгээ сонгож  үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн. Одоо Залуучуудын  ерөнхий  удирдагчаар Фадер Томас  ажиллаж байгаа ба Петр, Анна, Хатанбаатар Пио болон миний  бие зөвлөх багийг бүрдүүлж  байна. Миний бие залуучуудын  бүлгэмийн туслах гишүүнээр ажиллаад ойролцоогоор 2 жил болж байна. Тухайн үед  зөвлөхийн гишүүд долоо хоног бүр уулзалдаж  ярилцаж  хийх ажлаа  төлөвлөдөг байсан. Би хичээлийн цаг заваараа чадах зүйлээрээ   туслахыг хичээдэг байлаа. Их сургуулиа төгсөж, ажилд орсноор цаг зав эрс багассан. Үүнээс эхэлж залуучуудын үйл ажиллагаанд ойроос биш алсаас туслах  боллоо.
 Энэ  нь ерөнхийдөө интернэтээр, зарим нэг зурагт үзүүлбэр, бичлэг гэх мэт зүйлсийг засварлах, санаа өгөх, дэм болох,  зарим нэг  бичвэр, текстийн алдаа, утгазүйг найруулж засах гэх мэт/Польш хүмүүс маань тэр үед монгол хэл гайгүй сайн мэддэг байсан./ ажил байлаа. Үүндээ ч чадахаараа тусалж, цаг явсаар ажилдаа албан тушаал зэрэг хашихаар болж  бүр ч завгүй болов. Яг үнэндээ энэ бүгдийн сүүлд нэг л зүйлийг ойлгосон. Залуучууддаа хандаж хэлэхэд: Аливаа зүйлст санаачлага гаргаж, хийсэн ажлаа дуустал нь  хийж, уйгагүй тууштай байвал тэр зүйл чамайг илэрхийлэх болно. Аливаа зүйлсээс зугталгүй аль болох санал санаачлагаа тултал нь гаргаж , чин сэтгэлээрээ хандаж чадах юм бол эхлүүлсэн ажил төдий чинээ урагштай  бүтэмжтэй сэтгэл хангалуун байх болно.

Итгэлийн амьдралд хөл тавихад танд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ? Баптизмийн нэрээ хэрхэн сонгосон эсвэл сонирхолтой дурсамж байвал бидэнтэй хуваалцаач.2012 онд Баптизм авахаар  болсон. Амилалтын баярын мисаны өмнөх өдөр  нь нэр сонгох ёстойгоо мэдэж библи эргүүлж эмэгтэй нэр хайж байснаа санаж байна.  Мисаны өмнөх бэлтгэлийн үеэр фадерууд баптизмын ээж аавуудаа сонгосон эсэхийг  асуухад нь  Аугустин ахыг гэж хэлж билээ. Миний бапитзмын ээж талийгаач Болороо Гератина.

Таныг Азийн залуучуудын уулзалтад явж байсан гэж сонссон. Энэ уулзалтаар бусад улс орны залуучуудтай итгэл бишрэлээ хуваалцах тэр агшинд танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?2014 онд Солонгос улсад зохиогдсон Азийн залуучуудын 6-р их наадамд нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн. Тухайн үед анх удаа олон орны /ойролцоогоор 25 гаруй улс/ төрөл бүрийн хэл соёлтой залуучуудтай уулзах, нэг баг хамт олон болох, хоорондоо ойлголцох гэх мэт зүйлсүүд тулгарсан. Гэвч 14 хоног хамт байсны эцэст олон олон найзуудтай болж өөрсдийн багахан ч болов итгэлээ хоорондоо хуваалцаж, түүгээр дамжуулан өөрсдийн итгэлээ улам батжуулсан гэдэгт итгэж байна. Үүний далимд сайн мэддэггүй таньдаггүй байсан монгол ахан дүүстэйгээ илүү ойр  хамтран ажиллах , хамт байх мөч тохиолдсонд маш их баярлаж явдаг

.
Монгол дахь Католик Сүмийн дүр төрх бол итгэгч залуучуудаас их шалтгаалдаг. Энэ талаар таны бодол юу вэ? Миний хувьд Залуучуудын өөрсдийнх нь идэвхи, санаачлага юм. Хамгийн чухал нь тэдний хийх хүсэл эрмэлзэл, хөдөлмөрөөс католик шашны ирээдүй шалтгаалж байна гэж боддог. Бид ямар байна, бидний үр хүүхэд эргэн тойрны найз нөхөд болон сүмд шинээр ирсэн хүмүүст Католик шашныг танилцуулах нүүр царай болно. Тиймээс бүхий л насны бүхий л залуучууд тэр дундаа гэр бүлтэй залуучуудаас бид дүү нартаа үзүүлэх үлгэр дууриалыг авдаг.Залуучуудын үйл ажиллагаанд нас харгалзахгүй бүх хүмүүсийн санал шүүмжлэл, тус дэмийг авах нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Харин түүнийг хүлээн авч хэрэгжүүлэх нь залуучууд бидний эв нэгдлээс шалтгаална. Иймд эв нэгдэл, санал санаачлага, хийж бүтээх хүсэл эрмэлзэл, хөдөлмөр байж л байвал тэр үед  Монголын Католик шашин хөгжсөөр л байна.


Паришд залуучуудын бүлгийг удирдаж байх явцад  ямар ямар асуудалтай тулгарч байв?
Жилийн өмнө би “Үе тэнгийн удирдагч” гэсэн сэдэв дор 2 шөнө, 3 өдрийн семинарт суусан юм. Тэр үеэр ойлгож авсан зүйлийн нэг нь аливаа юмыг эерэгээр харах ухаан. Эхэлж мууг нь биш сайныг нь түрүүлж харах явдал. Ямар ч хүнд асуудал тулгарсан бай арай өөр талаас нь харах шийдэх явдал юм. Бид бүгдээрээ л удирдагч, өөрсдийгөө удирдаж байж өөр хэн нэгний удирдагч байж чадна. Тиймээс залуучууд бид удирдагч хүний ёс суртахуун, мэдлэгийг эзэмшиж хэн нэг удирдагчийн үгийг хүлээх биш, өөрөө бид удирдагч юм шүү хэмээн түрүүлж сэтгэж, түрүүлж бодож, бусдаас түрүүлж хийсэн бүтээсэн үр шимээ харуулах нь таны өөртөө болон бусдад удирдагч байхын нэг гол үндэс болж өгдөг. 

Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл, Залуучуудын дуу хоолой булан




2017/01/17

Хүн зүрх сэтгэлээ нээж үнэн сэтгэлээсээ Тэнгэрбурханд үйлчилбэл Түүний хишиг ивээл дүүрэн ирнэ

АХМАД ИТГЭГЧ Р. ЭРДЭНЭЭ АЛЕКСАНДРТАЙ ЯРИЛЦЛАА 
Сайн байна уу? Юуны өмнө манай сэтгүүлд  ярилцлага өгч байгаад баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач.
Намайг Эрдэнээ Александр гэдэг. Би Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. Эхнэр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2 хүүхэд сургуульд сурч байна. 
  Миний итгэлийн амьдралд хөл тавихад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол Нямсүрэн Тереза билээ. Тэрээр надад анх католик шашны түүх, уламжлал, ёс жаягийг маш тодорхой ойлгомжтойгоор хэлж өгсөн ба тэр цагаас одоог хүртэл өөрийн итгэл бишрэлийнхээ хүчээр сайн сайхан явж байна. Католик шашинд орсноор би амар амгалан, хайр энэрэл, тэсвэр тэвчээр, бусдыг уучлах, хөршөө хайрлах зэрэг, Тэнгэрбурханаас өгсөн ивээлүүдийг авч байгаадаа маш их баяртай байдаг. Миний баптизмын нэрийг Александр гэдэг. Энэ гэгээн хүн нь Италийн нэгэн хамба лам байсан.


 Түүний нэрийн баярын өдөр нь миний төрсөн өдөртэй таардаг тул энэ нэрийг сонгосон. Миний итгэлийн амьдралд тохиолдсон дурсамжтай зүйл нь Монгол дахь Католик шашны 20 жил, Гэгээн Эх Мариа сүмийн 10 жилийн ойд зориулсан Эргэл мөргөл явган аялал байсан. Одоог хүртэл тэр үе сэтгэлд тодхон дурсамж болон үлджээ. Тэр аяллаар бид олон бэрхшээл саадыг огт ажрахгүйгээр давж Тэнгэрбурханы хүчээр зорьсон зорилгоо биелүүлсэндээ сэтгэл хангалуун байдаг. Хүн зүрх сэтгэлээ нээж үнэн сэтгэлээсээ Тэнгэрбурханд үйлчилбэл Түүний хишиг ивээл дүүрэн ирнэ гэж хэлмээр байна.

Та одоогоор ямар ажил эрхэлж байна вэ?
Би одоо өөрийн сүмд аж ахуй, тохижилт хариуцсан менежерээр 4 дэх жилтэйгээ золгож байна. Энэ мөчийг ашиглан сүмийн ахлах санваартан Хо. Францискод баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Анх ажилд орох санал тавьж одоо хүртэл ажиллаж байгаадаа маш их баярлаж байна.


Та мөн сайн дураараа хийж байгаа ажлаа танилцуулна уу?
Би өөрийн итгэл бишрэлийн гол цөм болсон Гэгээн Эх Мариа сүмдээ магтан дууны хөгжимчин бас Альфа бүлэгт сүмийн үйлчлэлийг хийж байна.

Та хэдэн жил Талархал магтаалын мөргөлд хөгжимчний үүрэг гүйцэтгэсэн. Хөгжим анх хаана  сурсан бэ? Сайн дурын энэ ажилдаа сэтгэл хир хангалуун байдаг вэ?
 2012 оны 8-р сараас хойш одоог хүртэл 5 жил хийж байна. Энэ сайн дурын ажлаа би маш их сэтгэл хангалуун баяр хөөртэйгөөр хийдэг.
Би 6-р ангид байхдаа гитар тоглодог ах нарыг харж, тэднийг дуурайн өөрийн авьяасаараа хөгжим тоглож сурсан. Ямар нэгэн багшаар заалгаагүй.




Та залуу хөгжмийн шавьтай юу? Энэ талаар таны бодол юу вэ?
Одоогоор надтай хөгжим заалгах хүсэлтэй хүн нэг ч ирээгүй байна. Үүнд харамсах сэтгэл төрдөг. Миний хүсэл мөрөөдөл бол магтаалын дууны залуучуудаас бүрдсэн амьд хөгжмийн баг бий болгох. Энэ тал дээр анхаарал сайн хандуулаагүй миний буруу их байгаа. Гэхдээ залуучууд маань үнэхээр хүсэл сонирхолтой суръя гээд ирвэл баяртайгаар хүлээн авах болно.

2017/01/10

Хайр, сайхан сэтгэл, үнэнч байдал, шударга ёсыг хүүхдүүдээс сурах хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Сандра Гарая

ШАШИН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ САНДРА ГАРАЯ БИДЭНТЭЙ ИТГЭЛИЙН АМЬДРАЛАА ХУВААЛЦЛАА
Сайн байна уу? Юуны өмнө манай сэтгүүлийн сайн мэдээ дэлгэрүүлэгч гэсэн буланд бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа.
Та өөрийгөө бидэнд товч танилцуулаач. Монголд хир удаан хугацаагаар ажиллаж, амьдарч байна вэ?
              Би Аргентин улсын Мендоса мужид төрсөн. Миний нутгийг нарны орон гэж нэрлэдэг. Учир нь үүл маш хурдан нүүж өнгөрдөг. Үүлэрхэг өдөр бараг байдаггүй. Ямагт цэлмэг хөх тэнгэртэй байдгаараа Монголтой адил гэж хэлж болно. Би Монголд 2003 онд ирсэн. Эхлээд хэл сурахаар Улаанбаатарт амьдарсан. Дараа нь 2006 онд Арвайхээр уруу явсан. 2010 онд эргэн ирж Улаанбаатар хотод амьдарч байгаад Зөвлөгч мэргэжлээр Итали улс уруу сурахаар яваад энэ жил буцаж ирсэн. Ингээд бараг 10-аад жил Монголд ажиллаж амьдарч байна

Монголд шашин дэлгэрүүлэх энэхүү үйлсийг хийхэд хэн танд зөвлөсөн вэ? эсвэл энэ нь таны санаа байв уу? юу таныг энд хөтөлж ирүүлэв.
Тэнгэрбурхан бол хайраар дүүрэн, нигүүлсэнгүй гэдэгт би итгэдэг. Хүүхэд байхдаа зарим хүмүүсийг хараад Тэнгэрбурханы хайрыг мэддэг бол тэд сайн сайхан амьдарч чадна гэж боддог байлаа. Энэ бодол намайг хөтлөн сайн мэдээг дэлгэрүүлэгч болгосон. Хүмүүс Тэнгэрбурхан бол Эцэг, Тэрээр биднийг хайрладаг.

 Ялангуяа хэцүү байх үед ямагт бидэнтэй ойрхон байдаг гэдгийг мэдвэл баяр баясгаланг авах болно. Иймээс би дэлхийн хаана ч хамаагүй Сайн Мэдээг мэдээгүй сонсоогүй байгаа тэр газарт амар амгалан болон хайрын илгээмжийг түгээхээр Consolata  (Тайтгаруулагч) бүлгэмийн шашин дэлгэрүүлэгч болсон.
Энд ирэхээс өмнө надаас дэлхийн хаана ч сайн мэдээг түгээж чадах уу гэж тэд асууж байсан. Би ч мөн ялгаагүй энэ асуултанд бэлэн байсан. Тэд намайг Монголд илгээхийг санал болгосон төдийгүй би ч үнэхээр баяртай байсан. Учир нь энд Есүсийг мэддэг хүмүүс цөөхөн шүүдээ.



Ариун библи бидэнд “Тэнгэрбурхан Эзэнээ бүх бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” гэж хэлсэн байдаг. (Матай 22,37)

Үүнийг биелүүлээд амьдарцгаая! 

Энэ үйлсийг хийх явцад ямар ямар асуудалтай тулгарч байв? мөн сэтгэл ханамжтай үеүд байсан уу? Та өөрийн сэтгэгдлээ харамгүй хуваалцаач.
Мэдээжийн хэрэг баяр баясгалантай хамт бэрхшээл ирж байдаг. Энэ нь хүн бүрийн амьдралд тулгардаг. Амьдрал бол жаргал зовлон, жаргал зовлон, жаргал зовлон... гэж ямагт ээлжилдэг. Шашин дэлгэрүүлэгчдийн амьдрал бас ийм л хэмнэлтэй. Мөн амьдрал зөвхөн жаргаж байдаггүйтэй адил зөвхөн зовлонтой байдаггүй. Өөрийн хэцүү байдлаа хүмүүстэй хуваалцмаар байвч чадахгүй байгаа нь миний монгол хэлээр сайн ярьж чадахгүйтэй холбоотой. Маш их зүйлийг яримаар байвч миний өчүүхэн хэлний мэдлэг энэ бүхнийг сайн тайлбарлаж чаддаггүй. Заримдаа хэлж чадахгүй зүйлээ дотроо үлдээдгээс ганцаардсан мэдрэмжийг авдаг. Энэ бол монгол дахь миний хэцүү зүйлийн нэг гэж би бодож байна. Мэдээж баяр баясгалантай дурсамжууд их бий. Олон хүмүүсийг таньдаг болсон. Мөн Монголын амьдралаас их зүйлийг сурч мэдсэн. Юуны өмнө Есүс, Түүний хайрыг хүмүүст түгээж, танин мэдэхэд нь тусалж байгаадаа хамгийн их баяртай байдаг.   

Таныг багахан хугацаанд гадаад оронд суралцаад ирсэн гэж сонссон. Яг ямар мэргэжлээр суралцсан вэ? цаашид та ямар ажил эрхлэх зорилготой байна вэ?
Итали улсад Зөвлөгөө өгөх чиглэлээр суралцах боломж надад олдсон. Энэ мэргэжил нь ямар нэг асуудалтай хүмүүст туслах зорилготой. Ялангуяа гэр бүлийн дотор, хосуудын дунд, эцэг эх ба хүүхдүүдийн хоорондын харилцаа холбоонд асуудал байгаа бол үүнд зөвлөгөө өгч туслахаар суралцсан. Мөн энэ мэргэжил хүмүүсийг илүү амар тайван, аз жаргалтай болгоход тусалж чадна. Учир нь амьдралын зарим нэг хүнд хэцүү зүйлийг даван туулах арга замыг тэндээс суралцдаг. Товчхон хэлбэл зөвлөгчийн мэргэжил нь хүмүүсийн асуудлуудыг сонсож, тэдэнд асуудлаа хэрхэн даван туулах арга замыг олоход нь тусалдаг.
 Миний мөрөөдөл бол залуу гэр бүлүүдтэй ажиллахыг хүсдэг. Учир нь тэд өөрсдийн бэрхшээлүүдтэй тулгарч, түүнийг даван туулснаар илүү амар амгаланг олдог. Энэ туршлага нь бусад асуудалтай хосуудад тусалж чадна. Учир нь тэд залуу хүмүүс. Тэд энэхүү арга замыг мэдсэнээр бусдын харилцааг сайжруулж, илүү бүрэн дүүрэн аз жаргалтай хүн болгон урагшлахад тусална.

Монголд төдийгүй дэлхий нийтэд үүсэж байгаа Шашны тулгамдсан асуудалд өнөөгийн таны үзэл бодол юу вэ?
Хүн болно гэдэг үнэхээр цогц бүтээл. Хайрлаж бас хорсож, сайн ба мууг үйлдэж, бүтээж бас нурааж чадна. Мөн сул дорой байдгаас хүн сайн муу, үнэн худал, шударга ба шударга бус байдлыг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Хайр, сайхан сэтгэл, үнэнч байдал, шударга ёсыг хүүхдүүдээс сурах хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Эдгээр нь бидэнд амьдрал ямагт хэцүү байдаггүй юм шүү гэдгийг мэдрүүлж амьдралын утга учир болсон сайн сайхан, аз жаргал, баяр баясгаланг олоход тусалдаг. Энэхүү амьдралын үнэ цэнэ нь гэр бүл, ёс заншил, шашинд ч гэсэн дамжуулагддаг. Харамсалтай нь манай нийгэм өнөөдөр “үнэ цэнэгүй” эсвэл “үнэ цэнийн эсрэг” нийгэм болж хувираад байна. Аль нь сайн эсвэл муу гэдгийг зааж чадахаа больсон. Энэ үүднээс залуучуудын бодоод байгаа, эндүүрээд байгаа сайн сайхан нь бодит амьдрал дээр хор хөнөөл болж байгаатай холбоотой. Бид ч гэсэн адилхан хүмүүс. Ухаантай бол ухаантай, хүч чадалтай бол хүч чадалтай, толгой эсвэл зүрх сэтгэл адилхан өвддөг. Мөн муу зүйлийг сайн гэж итгэж үнэмшиж, эндүүрэх явдал. Жишээ нь Тэнгэрбурханыг хүчирхийлэгч гэж итгэн Түүний хүсэл бол үхэл хэмээн хүний алтан амийг хороох нь хамгийн аймшигтай, хамгийн худал хуурмаг үзэл суртал. Ингэж дайныг эхлүүлж байгаа хүмүүсийн хувьд үүнийг үнэн гэж итгэснийх юм. Мөн зарим хүмүүс Тэнгэрбурханы нэрийг барьж муу зүйлийг хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ үнэхээр аймшигтай бас эмгэнэлтэй зүйл.
Тэнгэрбурхан гэж хэн бэ гэдгийг итгэгч хүн өөрөө ойлгоогүй нь Шашны том асуудал гэж би хувьдаа боддог. Хүмүүс үнэхээр Тэнгэрбурханыг танин мэдэх юм бол энэ дэлхий дайн дажингүй, ядууралгүй бас шударга бус явдал  байхгүй байсан байх.

Танд Христийн Мэндэлсэн  Баярын мэндийг хүргэе! Таны ажил, амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье. Дахин баярлалаа.

Ганцэцэг Клара
Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл №5, 
Сайн мэдээ дэлгэрүүлэгч булан

2017/01/03

“Ахлах Санваартан Франциско сүсэгтэн олонд хандаж үг хэллээ”

С


айн байна уу? Хайрт ахан дүүс нараа


2016 он болох энэ жил Монгол дахь Католик Шашны хувьд үнэхээр утга учиртай сайхан жил болж өнгөрлөө.
Энэхүү Онцгой Ариун жилд Монгол ахан дүүсийн маань хүсэл мөрөөдөл болсон анхны санваартан төрж бид бүгд хамтдаа өршөөл нигүүлслээр дүүрэн энэ жилийг үдлээ.  

Онцгой жилийн хишиг ивээл, нигүүлсэл нь БИДНИЙ амьдралд нөлөөлж чадах эсэх нь хувь хүний итгэл бишрэл зүрх сэтгэлээс хамаарна. Зүрх сэтгэлээ нээж Тэнгэрбурханы хишиг ивээлийг хүртэх нь сүсэгтэн бидний хүсэл зорилго билээ. Тэрхүү хишиг ивээл бид бүгдэд харилцан адилгүй ирдэгч Түүний хайр, энэрэл бид бүгдтэй үргэж хамт байдгийг санах хэрэгтэй.


           Ирэх жилд Монгол Католик Шашны 25-н жилийн ой, манай Гэгээн Эх Мариа сүмийн 15-н жилийн ой тохиох гэж байна.
Өнгөрөн одож буй 2016 ондоо бид амьдралынхаа бүхий л аз жаргал, уйтгар гуниг, зовлон шаналлаа аврагч Эзэн нялх Есүст өргөн барьж 2017 ондоо мөн адил хишиг ивээлээр дүүрэн жил байхын төлөө хамтдаа хичээцгээе!

Эзэн, бидний Эзэн Таны нэр бүх газар дэлхийд юутай суу алдартай вэ?” Дуулал 8,9

Фр. Хо Франциско




2016/04/07

Энэхүү айлдлыг бичих явцад Тэнгэрбурханы Үг бүр маш их утга агуулгатай, үнэтэй байлаа.

 БИБЛИ БИЧИХ УРИАНД НИЙТ 42 ИТГЭГЧИД НЭГДЭЖ БИЧИЖ ЭХЭЛСЭН БӨГӨӨД БИЧИЖ ДУУССАН ИТГЭГЧДИЙН ЯРИЛЦЛАГАД ӨНӨӨДӨР ОДОНЧИМЭГ АНЖЕЛЛА, БОЛОР ГРЕЦИНА, ОТГОНБАЯР НАР ОРОЛЦЛОО.  ТЭД САЙН МЭДЭЭНИЙ НЭГ АЙЛДЛЫГ СОНГОН АВЧ ӨӨРСДИЙН  ГАРААР БИЧСЭН ЮМ.


Ганзаяа Сүсанна       
Тэнгэрбурханы Үгийг бичиж байх явцад төрсөн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач!    
Миний нэрийг Анжелла гэдэг. Би 2016 оны энэ жил Амилалтын баярыг угтан Наманчлалын улирлаар  Ариун библи-ээс Маркийн айлдлыг сонгон бичсэн.  Библийн хэсэг бүр нь урт, бичих явцад цаг хугацаа их хэрэгтэй. Би өдөр ажил төрлөө амжуулан, орой гэртээ ирж хоолоо хийгээд 19-21 цаг хүртэл өдөр бүр 3-4 бүлэг бичдэг байсан. Маргааш маргааш гэж хойш нь тавилгүй аль болох өдөр бүрийн хоол талх шиг библийн Үгийг шимтэрхэн бичдэг байсан. Бичиж байх явцад үйл явдал, утга санаа нь үнэхээр сайхан. Одоо хүртэл бичиж уншиж байсан зүйлүүд сэтгэлд үлдсэн. Энэ нь миний амьдралд маш том бүтээн байгуулалт болж өгсөн. Би хувьдаа Библийг дэлхий дээрх хамгийн эртний ном, урьд хэзээ ч яригдаж байгаагүй хамгийн агуу түүхийг өгүүлдэг гэж боддог . Библийг бичих явцад хүмүүс бид жинхэнэ Тэнгэрбурханыг таньж, дэлхий дээр хэрхэн амьдарч бие биетэйгээ харьцан, ажил төрлөө ялуулж, гэр бүлээ хэрхэн босгон байгуулах мөн Түүний мэргэн ухааныг олж, Түүний хайрын хүчээр ядууст энэрэнгүй хандан, өөрийн хөршөө хэрхэн хайрлах талаар илүү ихийг мэдэж авсан.
 Энэ дундаас миний сэтгэлд хамгийн их буусан зүйл нь Энэрэнгүй сэтгэл байлаа. Хүнд уурлан хилэгнэхээсээ өмнө тунгаан бодож, хүлээцтэй хандаж түүнийг уучилахыг хамгийн түрүүнд тавих ёстой юм гэдгийг ойлгосон.
              Итгэгчдээ хандаж юу хэлмээр байна?
              Наманчлалын энэхүү цаг улирлаар библийн айлдал бичсэн болон шинээр баптисм авах гэж байгаа болон бүх итгэгчиддээ халуун баярын мэнд хүргэе! Та бүхний итгэлийн амьдрал улам гүнзгийрч, үргэлж Тэнгэрбурханы хайрыг улам илүү мэдэрч, Библи байнга уншин өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж байгаасай гэж хүсье! Бид бүхэн Дээдийн Дээд Тэнгэрбурханы хайрыг мэдэрч байгаа азтай хүмүүс шүү!

Болороо эгч та бидэнд мөн библи бичиж байсан сэтгэгдлээ хуваалцаач!
Сайн байна уу? Ахан дүүс нар минь. Амилалтын баярын мэнд хүргэе. Намайг Болор Грецина гэдэг. Би ирж буй Амилалтын баярыг тохиолдуулаад Наминчлалын улиралд Шинэ Гэрээний хамгийн эхний айлдал болох Матай айлдлыг сонгон бичлээ. Энэхүү айлдлыг бичих явцад Тэнгэрбурханы Үг бүр маш их утга агуулгатай, үнэтэй байлаа. Мөн Үг бүр надад хандаж шантралгүй зоригтой, хүчтэй бай гэж хэлж байгаа юм шиг байсан. Ер нь нэг үзэг бариад суухаар дуустал бичмээр санагддаг байлаа. Бичих тусам тэрхүү Үг сэтгэлд бууж Тэнгэрбурхантай илүү ойр дотно юм шиг сэтгэгдэл төрж байсан.
Библийн үйл явдлууд ер нь маш сонирхолтой.  Бичих явцад өөртэйгөө ярьж дотроо бясалгах үе зөндөө гарсан. Мөн бичих тусам Тэнгэрбурханд илүү ойртож, илүү дотно санагдаж байсан. Тэнгэрбурханы хайрыг харуулсан тэрхүү Библийн үг бол надад өгсөн хамгийн том бэлэг байлаа. Матай айлдалын хамгийн сүүлчийн ишлэл болох «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай хамт байх болно» гэсэн үг нь миний сэтгэлд хамгийн их буусан.

 Өдөр бүр цайны зааланд нэг ах Библи бичиж суудаг юм. Бид түүний уйгагүй зүтгэл, итгэл бишрэлийг нь хараад ярилцлага авахгүй өнгөрч чадсангүй!
              Намайг Отгонбаяр гэдэг. Би Матайн айлдал бичиж байгаа. Мисан дээр фадер айлдал уншиж номлол хийж байхыг сонссон үеэс эхлэн Тэнгэрбурханы Үг ямар гоё, сайхан гэдгийг ойлгон бодож эхэлсэн. Одоо бол айлдал бичиж байх явцад амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй зүйлүүд энд их байна.
    Би гэр оронгүй хэцүү амьдралтай болохоор хүмүүс надад туслаасай гэж их боддог байсан. Гэтэл Матайн 7-р бүлгийн 12-т алтан дүрмийн тухай айлдахдаа:
«Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд»
гэсэн байна. Хүний хүү үйлчлүүлэхийн тулд биш үйлчлэхийн тулд ирсэн байдаг. Тиймээс бусдад тэгж хандах хэрэгтэйг ухаарсан. Мөн Библийн Үг бүр нь чухал санагдлаа. Очих гэр орон байхгүй  болохоор  СБД-н эмнэлгийн цонхон дээр ч бас бичиж байсан. Тэнд хөл хөдөлгөөн ихтэйгээс гадна зогсоогоороо бичиж байхад хөл өвдөөд бэрхшээлтэй байсан. Харин сүм дээр ирээд бичихээр саад болох зүйлгүй тайван тухтайгаас гадна бичиж дуусаад мисанд суувал бүр илүү сайхан байдаг хэмээн тэрээр яриагаа өндөрлөв. 

Ярилцлага өгсөн итгэгч бүрдээ баярлалаа! Та бүхний маань ажил амьдрал үргэлж өөдрөг байх болтугай!


Ганзаяа Сүсанна
 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл2016/03/26 №4





2016/04/02

Энхээ Иосеф: Тэнгэрбурхантай насан туршдаа хамт ойрхон амьдрахыг хүссэнээс болсон.


Сайн байна уу? Бидний ярилцлагыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө товчхон танилцуулаач.

Сайн байна уу? Намайг Баатар овогтой Энхээ гэдэг. Монгол олон улсын их сургуульд биотехнологийн мэргэжлээр сурсныхаа дараа Солонгосын Дэжоны Католик Их Сургуульд элсэн орж 7 жил гаруй сураад энэ жил Монголдоо буцаж ирсэн. Удахгүй 2016 оны 8 сарын 28нд ламын сахил хүртэх төлөвлөгөөтэй байгаа. 



Таны итгэлийн амьдралд хөл тавьсан дурсамжид хадгалж үлдсэн сэтгэгдэл байвал бидэнтэй хуваалцаач.

Бага эгч Оюун маань франц хэлний курсэд сууж байх үед франц хэлний багш нь Католик сахилт ах байсан болохоор анх сүмдээ эгчийг урьсан билээ. Тэр үеэс хойш би эгчийгээ даган 7 настайгаасаа сүмд явж эхэлсэн.

Таныг Солонгос улсын Дэжон хотын ламын сургуулийг амжилттай төгсөөд нутагтаа ирж ахан дүүстээ Тэнгэрбурханы Үгийг түгээн дэлгэрүүлж байгаад баяртай байна. Энэхүү 7-н жилийн урт хугацаанд Солонгос дахь сургалтын туршлага мөн тэнд амьдарч байсан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач.

Ер нь бол өөр ямар нэгэн хэлийг судалж, өөр яс үндэстэн, соёл заншилтай танилцана гэдэг бол хүний оюун санааг тэлж, шинэ ертөнцийг нээж өгдөг билээ.

 Мэдээж анхандаа хэлний болоод бусад бэрхшээлүүд байсан боловч Тэнгэрбурхан болоод итгэгч олны тусламжтайгаар маш олон зүйлсийг сурч мэдэрсэн билээ. Ялангуяа ламын сургуульд философи ба теологи(Бурхан судлал) судалснаар Тэнгэрбурхан болоод Католик шашны тухай илүү гүн мэдлэгийг олж авсандаа баяртай байна. 

Энэхүү санваартны амьдралыг та яагаад сонгох болов?, хэн нэгэн танд санал болгосон уу? эсвэл энэ амьдрал таны өөрийн хүсэл сонирхол байв уу? итгэлтэй холбоотой ямар нэгэн зүйлд хөтлөв үү? Энэ талаар бидэнтэй хуваалцаач.

Бага сургуульд байхад Иосеф гэдэг Словак лам надад ирээдүйд лам болохын төлөө залбирч өгнө гэж амласныг санаж байна. Тэр үеэс хойш Тэнгэрбурханы үг болоод сургаалыг сонсож итгэл минь илүү гүнзгийрсэн билээ. Үнэхээр Тэнгэрбурхан байгаа гэдэгт итгэж мэдэрсэн бөгөөд Түүний үг үнэн ба бидний амьдралд утга учир өгдгийг ухаарсан. Лам болохоор шийдсэн хамгийн том шалтгаан бол зүгээр л Тэнгэрбурхантай насан туршдаа хамт ойрхон амьдрахыг хүссэнээс болсон. Мэдээж лам биш байлаа ч гэсэн Тэнгэрбурхантай ойрхон хамт амьдарч болох ч миний хувьд бүх амьдралаа Түүнд зориулахыг хүссэн билээ. Үүнээс гадна миний ойлгож ухаарсан, амсаж мэдэрсэн тэр аз жаргал, үнэнийг бусад хүмүүстэй, ялангуяа сэтгэл ба сүнсээр ядуу хүмүүстэй  хуваалцахыг хүссэн. Мөн түүнчлэн бидний эргэн тойронд байгаа зовж шаналж буй хүмүүсийг хараад тэдний зовлонг үгүй хийхийн тулд би өөрийнхөө хүчээр юу ч хийж чадахгүйгээ мэдэрсэн. Гэсэн хэдий ч үр газарт унаад үхвэл 10, 30, 100 дахин их үр жимс ургуулдгийн адил хэрэв би өөрийгөө золиословол зовж шаналж буй хүмүүст бага ч гэсэн сайн үр жимс, итгэл найдвар өгч болох байх гэдэгт итгэн ламын амьдралыг сонгосон билээ.


Монголд ирсэн анхны сэтгэгдэл мөн Сайн мэдээг түгээхийн тулд хамгийн эхэнд яг юу хийхийг зорьж байна? /Таны өөрийн үзэл бодол/

7 жилийн дараа Монголдоо буцан ирэхэд Монгол улс гаднах төрхөөрөө маш их өөрчлөгдсөн байхыг харлаа. Гэсэн хэдий ч баян ядуугийн ялгаа улам ихсэж, ард түмний амьдрал төдийлөн сайжраагүй байгааг хараад харамсалтай санагдсан. Нийгэм ба ард түмний хөгжил хэр их мөнгөтэй байна, хэр олон өндөр барилга барьсан байна, техник технологи хэр хэмжээгээр хөгжсөнөөс зөвхөн хамаардаггүй билээ. Харин ч үүний зэрэгцээ бид ард түмний оюун ухааны, ёс суртахууны, сэтгэл бодлын дотоод хөгжилд илүү анхаарах ёстой цаг үе ирчихээд байна.

 Үүнд Католик шашны хувь нэмэр маш чухал хэмээн хувьдаа бодож байна. Сайн Мэдээг түгээхийн тулд гаднаас биш дотроосоо эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Есүс дэлхий даяар сайн мэдээг түгээхийн тулд эхлээд 12 шавиа бэлдсэний адил бид эхлээд сүмд ирж буй итгэгчдийнхээ итгэлийн амьдралд анхаарах ёстой. Сайн Мэдээ бол зөвхөн лам гэлэнмаа нарын асуудал биш харин усан баталгаа авсан хүн бүрийн үүрэг бас хариуцлага гэдгийг бид бүхэн сайн ойлгож амьдралдаа  хэрэгжүүлэх нь тун чухал гэж бодож байна.  

Лам болмоор байгаа хүсэл тэмүүлэлтэй залуучуудад хандаж юу хэлмээр байна вэ?
Тэнгэрбурхан та нарыг дуудаж байна. Бүү ай. Тэр туслах бөгөөд үргэлж чамтай хамт байх учраас чи харамсахгүй. Энэхүү амьдрал хэдий хэцүү ба олон золиослолыг шаарддаг ч үнэхээр утга учиртай ба аз жаргалтай амьдрал билээ. Зүрх сэтгэлээ сонсож Тэнгэрбурхан чамаас юу хүсэж байгааг асуун гуйгаарай. Тэгвэл тэр заавал хариу өгөх болно. Тэнгэрбурхан чамайг аз жаргалтай байхыг хүсдэг учраас энэ амьдралдаа хамгийн аз жаргалтай амьдарч болох тэр амьдралыг сонгоорой гэж хэлмээр байна.

Танд дотроо бодож явдаг ч юм уу? эсвэл хэлэх дуртай үг хэллэг бий юу? Таны итгэлтэй холбоотой ч юм уу?
Ялангуяа энэ наманчлалын улирал, ариун долоо хоногийн үеэр үргэлж бодож тунгаасан зүйл бол бид дахин амилахын тулд, шинэ амьдралтай болохын тулд бидэнд заавал загалмай хэрэгтэй зүйл билээ. Загалмайгүй дахин амилалт гэж огт байхгүй. Зовлон жаргал хосолдгийн адил зөвхөн загалмайгаар дамжуулан л бид дахин амилалт ба мөнхийн амьдралд орох боломжтой билээ. Гэхдээ бид өдөр тутмынхаа амьдралд дахин амилалтын алдар хүнд ба аз жаргалыг хүсдэгч жижиг том загалмайнуудаас зугтаж зайлсхийхийг хичээдэг. 
Иймд бидэнд Есүс “Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага” хэмээн айлдаж байна. Энэ нь Эзэний дахин амилалтыг хуваалцаж, Түүний замаар замнах цор ганц зам билээ. Бид загалмайнуудаас зугтаж зайлсхийх бус харин дуулгавартайгаар хүлээн авч, хайрлаж сурах ёстой билээ.

Баярлалаа танд. Таны ажил болон амьдралд чинь чин сэтгэлийн амжилт хүсье!

 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл2016/03/26 №4

2016/03/30

Ариун долоо хоног

Дал модны баярын Ням гарагт бид Есүс Иерусалим уруу орж байгаа үйл явцыг тэмдэглэдэг. Энэхүү үйл явдлаар дамжуулан Ариун долоо хоног эхлэх бөгөөд энэ нь биднийг Христийн үхэл, зовлон шаналал мөн амилалтын  үйл явдлууд дунд авч ирдэг. 
 Сүм нь Даваа, Мягмар, Лхагва гарагуудад  Бетан дахь тосон түрхлэг, Иудасийн урвалт мөн  Петрийн үгүйсгэл болон дээгүүр өнгөрөх баярын бэлтгэлийн тухай дурсдаг.
 Ариун Пүрэв гараг. Энэ өдрийн орой Эзэний Оройн Зоогийн миса болдог ба энэ нь Эзэний үхэл болон булшлагдаад амилах хүртлэх үйл явцын эхлэл юм. Иоханы айлдалд Есүс шавь нарынхаа хөлийг угаадаг бөгөөд энэ нь Түүний амьдрал бол өөрийгөө бусдад зориулсан үйлчлэгч гэдгийн харуулсан тэмдэг юм. Үүнийг даган ёслолын удирдагч хөл угаах ёслолыг үйлддэг байна. Евхаристын оролцоо нь Есүсийн үйлчилгээг заавал үйлдэх хэрэгтэйг сануулдаг. 


 Ариун Баасан гарагт Эзэний зовлон шаналалыг тэмдэглэдэг бөгөөд Литургийн Үг үргэлжилсэн урт байдаг ба  Нэгдлэл болон Загалмайн хүндэтгэлийн ёслолыг хийдэг.

Хээрийн загалмайн зам 
Гэгээн Эх Мариа сүм нь гурав дахь жилдээ Морингийн даваанд загалмайн замын залбиралд явж байна. Энэхүү хээрийн загалмайн замаар бидний гэм нүглийн төлөө Христийн үүрсэн зовлон шаналалыг дурсан санаж бид ч бас уул өөд загалмайгаа ээлжлэн үүрч хамтдаа залбирсан юм. Есүс Христээс үлгэр дууриалал аван өөрт тулгарсан загалмайг шантралгүй үүрэн явахын төлөө урам зоригтой байцгаая. Есүс Христ та бидний төлөө зовлон үүрсэн тэрхүү өдрүүдийг эргэн санан, энэ боломжын бидэнд өгсөн Тэнгэрбурхандаа талархья.




 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл2016/03/26 №4

2016/03/07

Харин залбирахыг сурсан цагаас хойш тэр уйтгартай зүйл үгүй болсондоо. Д.Балсан


Юуны өнмө бидэнтэй ярилцлага өгсөн танд баярлалага. Өөрийгөө бидэнд товч танилцуулаач.
Би Хангайдээд сургуулийн 1-р курсын хэвлэлийн дизайн ангийн оюутан. Ам бүл дөрвүүлээ амьдардаг.

Манайх 2004-н онд орон нутгаас хотруу шилжэн сууришсан. 
Миний сурч байгаа анги бол маш сонирхолтой. Би энэ ангийг өөрөө хайж олсон. Одоогоор potoshop прогромман  дээр ажиллахыг сурч байгаа.    

Таныг бас Католик Скаут гэж сонссон энэ тухай бидэнтэй хуваалцаач.
Скаут гэдэг үгийн орчуулбал хэзээд бэлэн бай! гэсэн уриа. Би 2008-нд Скаутад гишүүнээр элсэн орж одоог хүртэл  үйл ажиллагаанд нь оролцож байгаа. Скаутад элссэнээр хүүхэд бусадтай зөв боловсон харьцаж мөн өөрийгөө авч явах чадварыг эзэмшдэг.  

 Жишээ нь аялал зугаалгаар явах ч юмуу эсвэл ямар нэгэн үйл ажиллагаанд бүх зүйлийг хийж сурдаг: хоол хийх, цэвэрлэгээ, ус авах, түлээ бэлтгэх гэх мэтчилэн бүх юмыг өөрсдөө хийдэг. Үүнд шантрах үе байдаг ч маш их тэсвэр тэвчээр хатуужил хэрэгтэй. 


Хэзээнээс Католик шашныг мэддэг болов? сүмд ирж байсан анхны сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцаач. 
Лусиа гэлэмаагаар дамжуулан сүмийг мэддэг болсондоо.
Анх сүмд ирэхэд тэр орчин нөхцөл, уур амьсгал дөнгөж шинэ ирж байгаад ч тэр үү бага зэрэг эвгүй мэдрэмж төрж байсан. Харин дуу нь сонирхолтой маш их таалагдаж байсан.

Энэ хоёр жилийн хугацаанд шашны сургалтанд хэрхэн суралцсан вэ? 
Одоо бүгдийг нь санаж дурдаж чадахгүй ч маш олон зүйлийг багш нараасаа сурсан. Жишээ нь: анхан шатны сургалт болох Алфа курстАриун Сүнс гал, тагтаа мэт бууж ирсэн тухай. Мөн Түүний хишиг ивээл гэх мэтчилэн. 
Мөн Ариун угаал бэлтгэл”-ийн ангид нүдэнд үзэгдэх Тэнгэрбурханы хайрын 7-н сакраментын тухай маш сонирхолтой хичээлүүдийг үзсэн.
Ер нь багш нар маань их зүйлийг заажээ. Анх яаж залбирахаа мэддэггүй байлаа. Зүгээр нүдээ аниад л суудаг байсан. Маш уйтгартайгаар. Харин залбирахыг сурсан цагаас хойш тэр уйтгартай зүйл үгүй болсондоо.
Итгэлийн амьдралаасаа бидэнтэй хуваалцаач?
 Ер нь итгэлийн амьдралд хөл тавьснаар миний амьдралд нэг том өөрчлөлт гарсан. Энэ нь хувь хүний хувьд бусадтай илүү нээлттэй болж бусдыг илүү ойлгох, бусдад туслаж, өөрөө өөрийгөө нээж чадсан гэж хэлж болно.

Таны цаашдын зорилго юу вэ?
Дизайн нь гэдэг чинь ер нь маш авъяас шаардсан мэрэгжил. Хүнд дандаа гоё сайхан мэдрэмжийг төрүүлэх зорилготой. Миний мөрөөдөл бол сургуулиа сайн сурч төгсөөд дараа нь гадаадын их дээд сургуулиудад өөрийнхөө мэргэжлийг ахиулан сурах сонирхолтой байгаа.
Мөн намайг төрүүлж өсгөсөн ээжийгээ баярлуулах юмсан гэж дандаа боддогдоо.

Танд дотроо бодож явдаг ч юм уу эсвэл хамгийн хэлэх дуртай үг бий юу?
«Хүнд туславал өөрт тус,
Эвлүүл нэгийг бүтээнэ,
Ховловол нэгийг гутаана.»
Би бага байхдаа үсэглэлийн баяраар «Х» үсэг болж байсан. Энэ үсэгний хэлдэг үгийг хэзээ ч марддагүй миний дотор байнга бодогдож явдаг.
Ийнхүү өндөрлөснийхөө дараа тэрээр Скаутын талаар нилээн зүйлыг ярьж өгсөн. 

Ярилцлага өгсөн Балсандаа баярлалаа. Танд сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж. Гэр бүлд тань эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!  

 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл2015/08/16 №2