2016/04/07

Энэхүү айлдлыг бичих явцад Тэнгэрбурханы Үг бүр маш их утга агуулгатай, үнэтэй байлаа.

 БИБЛИ БИЧИХ УРИАНД НИЙТ 42 ИТГЭГЧИД НЭГДЭЖ БИЧИЖ ЭХЭЛСЭН БӨГӨӨД БИЧИЖ ДУУССАН ИТГЭГЧДИЙН ЯРИЛЦЛАГАД ӨНӨӨДӨР ОДОНЧИМЭГ АНЖЕЛЛА, БОЛОР ГРЕЦИНА, ОТГОНБАЯР НАР ОРОЛЦЛОО.  ТЭД САЙН МЭДЭЭНИЙ НЭГ АЙЛДЛЫГ СОНГОН АВЧ ӨӨРСДИЙН  ГАРААР БИЧСЭН ЮМ.


Ганзаяа Сүсанна       
Тэнгэрбурханы Үгийг бичиж байх явцад төрсөн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач!    
Миний нэрийг Анжелла гэдэг. Би 2016 оны энэ жил Амилалтын баярыг угтан Наманчлалын улирлаар  Ариун библи-ээс Маркийн айлдлыг сонгон бичсэн.  Библийн хэсэг бүр нь урт, бичих явцад цаг хугацаа их хэрэгтэй. Би өдөр ажил төрлөө амжуулан, орой гэртээ ирж хоолоо хийгээд 19-21 цаг хүртэл өдөр бүр 3-4 бүлэг бичдэг байсан. Маргааш маргааш гэж хойш нь тавилгүй аль болох өдөр бүрийн хоол талх шиг библийн Үгийг шимтэрхэн бичдэг байсан. Бичиж байх явцад үйл явдал, утга санаа нь үнэхээр сайхан. Одоо хүртэл бичиж уншиж байсан зүйлүүд сэтгэлд үлдсэн. Энэ нь миний амьдралд маш том бүтээн байгуулалт болж өгсөн. Би хувьдаа Библийг дэлхий дээрх хамгийн эртний ном, урьд хэзээ ч яригдаж байгаагүй хамгийн агуу түүхийг өгүүлдэг гэж боддог . Библийг бичих явцад хүмүүс бид жинхэнэ Тэнгэрбурханыг таньж, дэлхий дээр хэрхэн амьдарч бие биетэйгээ харьцан, ажил төрлөө ялуулж, гэр бүлээ хэрхэн босгон байгуулах мөн Түүний мэргэн ухааныг олж, Түүний хайрын хүчээр ядууст энэрэнгүй хандан, өөрийн хөршөө хэрхэн хайрлах талаар илүү ихийг мэдэж авсан.
 Энэ дундаас миний сэтгэлд хамгийн их буусан зүйл нь Энэрэнгүй сэтгэл байлаа. Хүнд уурлан хилэгнэхээсээ өмнө тунгаан бодож, хүлээцтэй хандаж түүнийг уучилахыг хамгийн түрүүнд тавих ёстой юм гэдгийг ойлгосон.
              Итгэгчдээ хандаж юу хэлмээр байна?
              Наманчлалын энэхүү цаг улирлаар библийн айлдал бичсэн болон шинээр баптисм авах гэж байгаа болон бүх итгэгчиддээ халуун баярын мэнд хүргэе! Та бүхний итгэлийн амьдрал улам гүнзгийрч, үргэлж Тэнгэрбурханы хайрыг улам илүү мэдэрч, Библи байнга уншин өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж байгаасай гэж хүсье! Бид бүхэн Дээдийн Дээд Тэнгэрбурханы хайрыг мэдэрч байгаа азтай хүмүүс шүү!

Болороо эгч та бидэнд мөн библи бичиж байсан сэтгэгдлээ хуваалцаач!
Сайн байна уу? Ахан дүүс нар минь. Амилалтын баярын мэнд хүргэе. Намайг Болор Грецина гэдэг. Би ирж буй Амилалтын баярыг тохиолдуулаад Наминчлалын улиралд Шинэ Гэрээний хамгийн эхний айлдал болох Матай айлдлыг сонгон бичлээ. Энэхүү айлдлыг бичих явцад Тэнгэрбурханы Үг бүр маш их утга агуулгатай, үнэтэй байлаа. Мөн Үг бүр надад хандаж шантралгүй зоригтой, хүчтэй бай гэж хэлж байгаа юм шиг байсан. Ер нь нэг үзэг бариад суухаар дуустал бичмээр санагддаг байлаа. Бичих тусам тэрхүү Үг сэтгэлд бууж Тэнгэрбурхантай илүү ойр дотно юм шиг сэтгэгдэл төрж байсан.
Библийн үйл явдлууд ер нь маш сонирхолтой.  Бичих явцад өөртэйгөө ярьж дотроо бясалгах үе зөндөө гарсан. Мөн бичих тусам Тэнгэрбурханд илүү ойртож, илүү дотно санагдаж байсан. Тэнгэрбурханы хайрыг харуулсан тэрхүү Библийн үг бол надад өгсөн хамгийн том бэлэг байлаа. Матай айлдалын хамгийн сүүлчийн ишлэл болох «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай хамт байх болно» гэсэн үг нь миний сэтгэлд хамгийн их буусан.

 Өдөр бүр цайны зааланд нэг ах Библи бичиж суудаг юм. Бид түүний уйгагүй зүтгэл, итгэл бишрэлийг нь хараад ярилцлага авахгүй өнгөрч чадсангүй!
              Намайг Отгонбаяр гэдэг. Би Матайн айлдал бичиж байгаа. Мисан дээр фадер айлдал уншиж номлол хийж байхыг сонссон үеэс эхлэн Тэнгэрбурханы Үг ямар гоё, сайхан гэдгийг ойлгон бодож эхэлсэн. Одоо бол айлдал бичиж байх явцад амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй зүйлүүд энд их байна.
    Би гэр оронгүй хэцүү амьдралтай болохоор хүмүүс надад туслаасай гэж их боддог байсан. Гэтэл Матайн 7-р бүлгийн 12-т алтан дүрмийн тухай айлдахдаа:
«Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд»
гэсэн байна. Хүний хүү үйлчлүүлэхийн тулд биш үйлчлэхийн тулд ирсэн байдаг. Тиймээс бусдад тэгж хандах хэрэгтэйг ухаарсан. Мөн Библийн Үг бүр нь чухал санагдлаа. Очих гэр орон байхгүй  болохоор  СБД-н эмнэлгийн цонхон дээр ч бас бичиж байсан. Тэнд хөл хөдөлгөөн ихтэйгээс гадна зогсоогоороо бичиж байхад хөл өвдөөд бэрхшээлтэй байсан. Харин сүм дээр ирээд бичихээр саад болох зүйлгүй тайван тухтайгаас гадна бичиж дуусаад мисанд суувал бүр илүү сайхан байдаг хэмээн тэрээр яриагаа өндөрлөв. 

Ярилцлага өгсөн итгэгч бүрдээ баярлалаа! Та бүхний маань ажил амьдрал үргэлж өөдрөг байх болтугай!


Ганзаяа Сүсанна
 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл2016/03/26 №4





No comments:

Post a Comment