2016/04/10

Сэтгэлийн дуудлага

Дуудлагын тухайд

Амьдрал бол дуудлага. Хүнд өгсөн анхны дуудлага бол амьдрал ба үүнд ганцхан шалтгаан бий. Энэ шалтгаан нь таныг хүсэж, бодон, бүтээсэн Тэнгэрбурханы энэрэл хайранд байдаг.

Энэхүү дуудлаганд хүн юуны өмнө амьдралд "тийм" гэж хэлснээр анхныхаа хариултыг өгдөг. Тиймээс энэ дуудлага болон бэлгэний үнэ цэнийг мэдрэн ойлгож, утга учиртай амьдрах нь бид бүгдийн хувьд маш чухал юм.

Мөн түүнчлэн ариун гэгээлгээр амьдарч, Сайн Мэдээг дэлгэрүүлэх нь бүх Ариун угаал хүртэгсдийн дуудлага ба үүрэг билээ. "Та нар бас усан үзмийн талбай руу яв"(Матай 20,4) гэж Есүс сургасны дагуу Эзэний усан үзмийн талбайд ажиллахаар дуудагдсан хүмүүс бол зөвхөн лам гэлэнмаа, сахилт хүмүүс биш юм. Энэ нь бүх сүсэгтний дуудлага ба томилолт билээ. Тэнгэрбурхан хүн бүрийн амьдралд онцгой дуудлага ба төлөвлөгөөг өгдөг бөгөөд Тэнгэрийн Хаанчлалын төлөө хэнээр ч орлуулашгүй зөвхөн та л хийж чадах зүйлс гэж байдаг.

Энэ бол Тэнгэрбурхан танд өгөхийг хүсэж буй онцгой дуудлага томилолт юм. Энэхүү томилолт буюу төлөвлөгөө нь танд тулган шаардаж буй хүнд хүчир даалгавар бус харин танд болон таны эргэн тойронд байгаа хүмүүст аз жаргал бэлэглэх хүчтэй зүйл.



Дуудлагууд 

Хүн бүрийн дуудлагууд өөр байдаг ч дуудлагуудыг ерөнхийд нь гурван төрлөөр ангилж болно.


  1. Гэр бүлийн амьдрал: Гэрлэлт
  2. Сахилт амьдрал: Санваар ба сахил
  3. Ганц бие амьдрал

  • Гэр бүлийн амьдрал: Гэрлэлт
Эцэг эхээс мэндлээгүй хүн гэж байхгүй. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй, аз жаргалтай өсөхийн тулд тэдэнд эцэг эх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр халамж хэрэгтэй байдаг. 
Мөн гэр бүл бол нэгдлийн амьдралын анхны жишээ, итгэлийн хичээлийн анхны сургууль гэдэг утгаараа бяцхан сүм гэж хэлж болох бөгөөд гэрлэлт бол амьдралын маш чухал хариуцлагатай хэсэг юм. 
  • Сахилт амьдрал: Санваар ба сахил
Сахилт амьдрал бол Христээс ирдэг онцгой дуудлага бөгөөд үүнд хариулах нь хүн бүрийн эрх чөлөө билээ. Энэ нь сүм болоод бид бүхэнд хайрласан Тэнгэрбурханы онцгой бэлэг юм. Сахилт амьдралаар амьдрахын тулд бид Сайн Мэдээний зөвлөмжүүд болох бие журамт, ядуу даржин, дуулгавартай байдлыг баримтлах ёстой билээ.
  • Ганц бие амьдрал
Энэхүү амьдралын хэв маяг бол ямар ч шийдвэр гаргахыг хүсээгүй эсвэл шийдвэрээс айсан хүний сонголтоос ялгаатай билээ. Ганц биеэр амьдарч Тэнгэрбурханд үйлчлэх нь өөрийнхөө болон бусдын төлөө юу хийж, хэрхэн амьдрахаа ойлгож мэдсэн ухаалаг шийдвэр байж болно. Ганц бие амьдралын нэг онцлог нь журамт байдал юм. Энэ амьдралыг сонгохын өмнөТэнгэрбурхан үнэхээр надаас юуг хүсэн хүлээж, ямар амьдралаар амьдраасай гэж бодож байгааг асуун мэдэх нь чухал билээ.


Дуудлагаа дагах нь 

Та өөрийнхөө амьдралын дуудлагыг мэдэж дагах нь туйлаас чухал боловч сонголт нь таны эрх чөлөө билээ. Гэвч сонголтоо өгөхийн тулд танд арван сэтгэл судлаач хэрэггүй. Учир нь Тэнгэрбурханы дуудлагад өгөөмрөөр өөрийгөө зориулах тусам та эргэлзэлгүйгээр зөв сонголт хийж чадах болно. Хүн бүр амьдралдаа аз жаргал, ариун гэгээн байдлыг эрэн эрмэлздэг. Тэнгэрбурхан бид бүгдийг энэ амьдралд дуудсаны адилаар энэ цаг мөчид ч гэсэн таныг итгэл бишрэл, ариун байдал, мөнхийн амьдрал руу дуудаж байгаа тул сэтгэл зүрхээ нээн Түүний дуудлагад хариу өгцгөөе.

* Энэхүү гарын авлагыг КШСА болон Vocation Animation Team хамтран бэлтгэв.

No comments:

Post a Comment