2016/04/02

Энхээ Иосеф: Тэнгэрбурхантай насан туршдаа хамт ойрхон амьдрахыг хүссэнээс болсон.


Сайн байна уу? Бидний ярилцлагыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө товчхон танилцуулаач.

Сайн байна уу? Намайг Баатар овогтой Энхээ гэдэг. Монгол олон улсын их сургуульд биотехнологийн мэргэжлээр сурсныхаа дараа Солонгосын Дэжоны Католик Их Сургуульд элсэн орж 7 жил гаруй сураад энэ жил Монголдоо буцаж ирсэн. Удахгүй 2016 оны 8 сарын 28нд ламын сахил хүртэх төлөвлөгөөтэй байгаа. 



Таны итгэлийн амьдралд хөл тавьсан дурсамжид хадгалж үлдсэн сэтгэгдэл байвал бидэнтэй хуваалцаач.

Бага эгч Оюун маань франц хэлний курсэд сууж байх үед франц хэлний багш нь Католик сахилт ах байсан болохоор анх сүмдээ эгчийг урьсан билээ. Тэр үеэс хойш би эгчийгээ даган 7 настайгаасаа сүмд явж эхэлсэн.

Таныг Солонгос улсын Дэжон хотын ламын сургуулийг амжилттай төгсөөд нутагтаа ирж ахан дүүстээ Тэнгэрбурханы Үгийг түгээн дэлгэрүүлж байгаад баяртай байна. Энэхүү 7-н жилийн урт хугацаанд Солонгос дахь сургалтын туршлага мөн тэнд амьдарч байсан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач.

Ер нь бол өөр ямар нэгэн хэлийг судалж, өөр яс үндэстэн, соёл заншилтай танилцана гэдэг бол хүний оюун санааг тэлж, шинэ ертөнцийг нээж өгдөг билээ.

 Мэдээж анхандаа хэлний болоод бусад бэрхшээлүүд байсан боловч Тэнгэрбурхан болоод итгэгч олны тусламжтайгаар маш олон зүйлсийг сурч мэдэрсэн билээ. Ялангуяа ламын сургуульд философи ба теологи(Бурхан судлал) судалснаар Тэнгэрбурхан болоод Католик шашны тухай илүү гүн мэдлэгийг олж авсандаа баяртай байна. 

Энэхүү санваартны амьдралыг та яагаад сонгох болов?, хэн нэгэн танд санал болгосон уу? эсвэл энэ амьдрал таны өөрийн хүсэл сонирхол байв уу? итгэлтэй холбоотой ямар нэгэн зүйлд хөтлөв үү? Энэ талаар бидэнтэй хуваалцаач.

Бага сургуульд байхад Иосеф гэдэг Словак лам надад ирээдүйд лам болохын төлөө залбирч өгнө гэж амласныг санаж байна. Тэр үеэс хойш Тэнгэрбурханы үг болоод сургаалыг сонсож итгэл минь илүү гүнзгийрсэн билээ. Үнэхээр Тэнгэрбурхан байгаа гэдэгт итгэж мэдэрсэн бөгөөд Түүний үг үнэн ба бидний амьдралд утга учир өгдгийг ухаарсан. Лам болохоор шийдсэн хамгийн том шалтгаан бол зүгээр л Тэнгэрбурхантай насан туршдаа хамт ойрхон амьдрахыг хүссэнээс болсон. Мэдээж лам биш байлаа ч гэсэн Тэнгэрбурхантай ойрхон хамт амьдарч болох ч миний хувьд бүх амьдралаа Түүнд зориулахыг хүссэн билээ. Үүнээс гадна миний ойлгож ухаарсан, амсаж мэдэрсэн тэр аз жаргал, үнэнийг бусад хүмүүстэй, ялангуяа сэтгэл ба сүнсээр ядуу хүмүүстэй  хуваалцахыг хүссэн. Мөн түүнчлэн бидний эргэн тойронд байгаа зовж шаналж буй хүмүүсийг хараад тэдний зовлонг үгүй хийхийн тулд би өөрийнхөө хүчээр юу ч хийж чадахгүйгээ мэдэрсэн. Гэсэн хэдий ч үр газарт унаад үхвэл 10, 30, 100 дахин их үр жимс ургуулдгийн адил хэрэв би өөрийгөө золиословол зовж шаналж буй хүмүүст бага ч гэсэн сайн үр жимс, итгэл найдвар өгч болох байх гэдэгт итгэн ламын амьдралыг сонгосон билээ.


Монголд ирсэн анхны сэтгэгдэл мөн Сайн мэдээг түгээхийн тулд хамгийн эхэнд яг юу хийхийг зорьж байна? /Таны өөрийн үзэл бодол/

7 жилийн дараа Монголдоо буцан ирэхэд Монгол улс гаднах төрхөөрөө маш их өөрчлөгдсөн байхыг харлаа. Гэсэн хэдий ч баян ядуугийн ялгаа улам ихсэж, ард түмний амьдрал төдийлөн сайжраагүй байгааг хараад харамсалтай санагдсан. Нийгэм ба ард түмний хөгжил хэр их мөнгөтэй байна, хэр олон өндөр барилга барьсан байна, техник технологи хэр хэмжээгээр хөгжсөнөөс зөвхөн хамаардаггүй билээ. Харин ч үүний зэрэгцээ бид ард түмний оюун ухааны, ёс суртахууны, сэтгэл бодлын дотоод хөгжилд илүү анхаарах ёстой цаг үе ирчихээд байна.

 Үүнд Католик шашны хувь нэмэр маш чухал хэмээн хувьдаа бодож байна. Сайн Мэдээг түгээхийн тулд гаднаас биш дотроосоо эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Есүс дэлхий даяар сайн мэдээг түгээхийн тулд эхлээд 12 шавиа бэлдсэний адил бид эхлээд сүмд ирж буй итгэгчдийнхээ итгэлийн амьдралд анхаарах ёстой. Сайн Мэдээ бол зөвхөн лам гэлэнмаа нарын асуудал биш харин усан баталгаа авсан хүн бүрийн үүрэг бас хариуцлага гэдгийг бид бүхэн сайн ойлгож амьдралдаа  хэрэгжүүлэх нь тун чухал гэж бодож байна.  

Лам болмоор байгаа хүсэл тэмүүлэлтэй залуучуудад хандаж юу хэлмээр байна вэ?
Тэнгэрбурхан та нарыг дуудаж байна. Бүү ай. Тэр туслах бөгөөд үргэлж чамтай хамт байх учраас чи харамсахгүй. Энэхүү амьдрал хэдий хэцүү ба олон золиослолыг шаарддаг ч үнэхээр утга учиртай ба аз жаргалтай амьдрал билээ. Зүрх сэтгэлээ сонсож Тэнгэрбурхан чамаас юу хүсэж байгааг асуун гуйгаарай. Тэгвэл тэр заавал хариу өгөх болно. Тэнгэрбурхан чамайг аз жаргалтай байхыг хүсдэг учраас энэ амьдралдаа хамгийн аз жаргалтай амьдарч болох тэр амьдралыг сонгоорой гэж хэлмээр байна.

Танд дотроо бодож явдаг ч юм уу? эсвэл хэлэх дуртай үг хэллэг бий юу? Таны итгэлтэй холбоотой ч юм уу?
Ялангуяа энэ наманчлалын улирал, ариун долоо хоногийн үеэр үргэлж бодож тунгаасан зүйл бол бид дахин амилахын тулд, шинэ амьдралтай болохын тулд бидэнд заавал загалмай хэрэгтэй зүйл билээ. Загалмайгүй дахин амилалт гэж огт байхгүй. Зовлон жаргал хосолдгийн адил зөвхөн загалмайгаар дамжуулан л бид дахин амилалт ба мөнхийн амьдралд орох боломжтой билээ. Гэхдээ бид өдөр тутмынхаа амьдралд дахин амилалтын алдар хүнд ба аз жаргалыг хүсдэгч жижиг том загалмайнуудаас зугтаж зайлсхийхийг хичээдэг. 
Иймд бидэнд Есүс “Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага” хэмээн айлдаж байна. Энэ нь Эзэний дахин амилалтыг хуваалцаж, Түүний замаар замнах цор ганц зам билээ. Бид загалмайнуудаас зугтаж зайлсхийх бус харин дуулгавартайгаар хүлээн авч, хайрлаж сурах ёстой билээ.

Баярлалаа танд. Таны ажил болон амьдралд чинь чин сэтгэлийн амжилт хүсье!

 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл2016/03/26 №4

No comments:

Post a Comment