2014/05/12

Сайн Хоньчин буюу Ариун Дуудлагын өдөр

Өнгөрсөн 5.11нд манай “Гэгээн Мариа Сүм” дээр “Сайн Хоньчин”  буюу “Ариун Дуудлага”-ын баярын Мисаг тэмдэглэсэн юм. Мисанд фр.Эрнесто ба фр.Пиер хүрэлцэн ирж, паришийн ахлах лам фр.Франциско нар Миса удирдсан билээ. Мөн энэ үеэр манай итгэгч гэр бүл болох Удаанжаргал Анна ба Филип нарын шинэхэн төрсөн бяцхан хүү Бадарууган Исакын Ариун Угаал Хүртэх ёслол болж итгэгч биднийг баярлуулсан юм. Бяцхан хүү Бадарууган Исакын ёслол дээр төрсөн эцэг эх болон баптизмын эцэг эхийн хувьд Христчин гэр бүлийн жишгээр хүүгийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг Тэнгэрбурхан ба итгэгч ахан дүүсийнхээ өмнө хамтдаа гэрчлэн илэрхийлж байлаа. фр.Пиер энэхүү гэр бүлийг онцгойлон адислаад баяр хүргэн хамтдаа тэдний төлөө залбирхыг уриалсан юм. Тэрээр номлолдоо энэ сайхан “Сайн Хоньчин” баярын өдөр хүрэлцэн ирсэн итгэгч нарт баяр хүргээд, Эзэн бол биднийг ивээж, хамгаалагч Сайн Хоньчин юм, “Эзэн бол миний хоньчин, надад дутах зүйл нэг ч үгүй” хэмээгээд Христчин амьдралын замд Тэнгэрбурхантай хэрхэн амьдрах талаар олон зүйлийг зааж сургасан билээ. Мөн бүх итгэгч нар хамтдаа удахгүй сургуулиа төгсөөд ирэх гэж буй Энхээ Иосэф ба Санжаа Петр нарын төлөө, бас бусад ахан дүүсийнхээ төлөө залбирсан юм. Мисанд хүрэлцэн ирж, Тэнгэрбурханы ивээл хишиг, хамгааллыг хүлээн авсан ахан дүүс нартаа талархаж байна.   

No comments:

Post a Comment