2015/05/27

ПЭНТИКОСТЫН БАЯРЫН МИСА


5 сарын 24ны Ням гаригт манай "Гэгээн Мариа Сүм" дээр  Пентикостын баярын мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Мисанд фр.Эрнесто хүрэлцэн ирж, паришын ахлах лам фр.Франциско ба фр.Томас нар удирдсан юм. Пентикостын баяр бол манай Католик Шашны хувьд том баяр бөгөөд Тэнгэрбурханаас бидэнд хайр хишгээ буулгаж,  Ариун Сүнснийг өгсөн баярын өдөр билээ. Тиймээс энэ онцгой баярыг дэлхийн өнцөн булан бүрт их өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай Монгол итгэгч ахан дүүсийн хувьд ч мөн адил ихэд хүсэн хүлээдэг баярын нэг юм. фр.Франциско номлолдоо мисанд хүрэлцэн ирсэн ахан дүүст, онцгойлон Бататгах ёслолд орох гэж буй хүмүүст зориулан дөрөв дэх удаагийн хичээлээ хүргэсэн билээ. Ариун Сүнсийг хүлээн авахын тулд өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар, Бататгах Ариун ёслолын түүхэн үйл явц болон утга учрыг тайлбарлаж өгөөд, хэрхэн ямар нэг эргэлзээгүйгээр Тэнгэрбурханд итгэл төгс байхын утга чухлыг тайлбарлаж өгсөн билээ. Тэгвэл энэхүү итгэлээ өөрсдийн үйлдэл буюу Хайр, Тусламж, Хуваалцал гурваар илэрхийлдэг бөгөөд үүнд хэрэгтэй туслажийг Тэнгэрбурханаас буюу Ариун Сүнснээс гуйх хэрэгтэй. Тиймээс Ариун Сүнс бол бидний хамгаалагч, туслагч, удирдагч гэдэгт итгэлтэй байж, бие биендээ хуваалцахыг итгэгч ахан дүүстээ уриалсан юм. Энэ бол Бататгах ёслолд зориулсан дөрөв дэх удаагийн хичээл байлаа. Мөн баярын мисаны үеэр Солонгосын Ёоидуугаас ирсэн итгэгч нар өөрсдийн бэлтгэсэн дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Эдгээр итгэгч нар өөрсдийн сүмийн ахан дүүсээ төлөөлж Монголд ирсэн бөгөөд манай сүмийн төлөө "Сарнайн Эрхин залбирал" өргөсөн байлаа. талархал илэрхийлж Энэхүү 5000 удаа залбирсан өргөлөө фр.Францискод гардуулсан өгсөн юм. Энэ нь баяр дээр бас дахин баяр нэмж, итгэгч ахан дүүсийг баярлуулсан үйл явдал болсон билээ. Сэтгэл гарган "Гэгээн Мариа Сүм"-ийн төлөө залбирсан Солонгос ахан дүүстээ талархаж буйгаа илэрхийлж байна. Мөн мисандаа хүрэлцэн ирсэн бүх хүмүүст, бас удахгүй Тосон баталгаа хүлээн авах гэж буй итгэгч нартаа амжилт хүсээд,Тэнгэрбурханы хайр хишиг хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлж байна.  

No comments:

Post a Comment